Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 422

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Золзаяа,

Улсын яллагч Ц.Сүхбат,  

Шүүгдэгч Э.Бадамдарь нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуутайхан овгийн Элдэв-Очирын Бадамдарьд холбогдох эрүүгийн 1709000000137 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 82-р гудамжны 1а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чулуутайхан овгийн Элдэв-Очирын Бадамдарь /РД: УП99012906/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Бадамдарь нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн хоолны газар дахь ажлын байран дээрээ үйлчлүүлэгч Япон улсын иргэн Кочи Кэнтарогийн гээгдэл эд хөрөнгө олж завшсаны улмаас Япон улсын иргэн Кочи Кэнтарод бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Бадамдарь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй…” гэв.

Эрүүгийн 201725020898 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Э.Бадамдарь нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр нэг эрэгтэй хүн хоол захиалж идээд гараад явсан. Тэгээд би 10-15 минутын дараа хоол идсэн ширээг нь цэвэрлэж байгаад бор өнгийн түрийвч олсон. Тэгээд би тэр түрүүвчийг текэн доороо хийсэн. Тэгтэл 30 орчим минутын дараа хоол идсэн хүн орж ирээд “миний түрийвчийг харсан уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хараагүй гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 40-50 минутын дараа нөгөө эрэгтэй хүн цагдаа дагуулж орж ирсэн. Тэгээд цагдаа миний эд зүйлийг нэгжээд миний цүнхэн дотроос нөгөө эрэгтэйгийн түрийвчийг гаргаж ирээд нөгөө хүнд үзүүлэхэд миний түрийвч мөн гэж таньсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 14 дугаар хуудас/,

            Хохирогч Кочи Кэнтаро мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн хоолны газарт орж хоол идчихээд гараад явсан. Гарч яваад би түрийвчээ алдсан гэдгээ мэдээд буцаад түргэн хоолны газар очиж кассчин эмэгтэйд хандан “миний түрийвчийг харсан уу” гэж асуухад “хараагүй мэдэхгүй” гээд байсан. Гэртээ очоод тэр охин руу мессежээр “чи миний түрийвчийг олж өгөх юм бол мөнгө өгнө шүү” гэсэн. Тэгээд хариу өгөхгүй байхаар нь цагдаагийн хэсэг рүү очоод цагдаатай хамт түргэн хоолны газар очоод тэр эмэгтэйгээс миний түрийвчийг гаргаж авсан. Миний түрийвч бол бор өнгийн арьсан түрийвч /хэтэвч/ дотор нь 100 долларын 3 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, номин бонус карт 1 ширхэг, Голомт банкны карт 1 ширхэг, Монгол улсад түр оршин суух үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 12-13 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Адъяацэрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…би уг түргэн хоолны газарт 7 хоногт 4 өдөр ажилладаг байсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж өдөр бүр ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай түргэн хоолны газар цагдаа нар нэг үл таних эрэгтэйгийн хамт ирээд тэр эрэгтэй нь манайд хоол идэж байгаад түрийвчээ алга болгосон гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр цагдаад “юу шалгаж байгаа юм” гэж хэлэхэд шалгаж байгаад Бадамдарийг аваад явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

                

            Эд зүйлийн үнэлгээ: “…

  • Түрийвч - 100.000 төгрөг,
  • Оршин суугчдын карт - үнэлэхгүй,
  • Жолооны үнэмлэх - үнэлэхгүй,
  • Голомт банкны карт - үнэлэхгүй,
  • Номин бонус карт - үнэлэхгүй…” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл:

Элдэв-Очир овогтой Бадамдариас япон улсын иргэн Кентаро гэгчийн түрийвчийг хулгайлсан зөрчил гаргасан тул доорх эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэв.

  • Хүрэн өнгийн хэтэвч - 1 ширхэг
  • Голомт виза карт – 1 ширхэг
  • Номин карт – 1 ширхэг
  • Жолооны үнэмлэх – 1 ширхэг
  • Оршин суух үнэмлэх – 1 ширхэг
  • 100 доллар -3 ширхэг
  • 20.000 төгрөг -7 ширхэг
  • 10.000 төгрөг – 1 ширхэг
  • 1000 төгрөг – 1 ширхэг
  • 500 төгрөг -1 ширхэг
  • 100 төгрөг 1 ширхэг…” гэжээ /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

 Гэрч Л.Жадамбаагийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Э.Дайриймаагийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Э.Бадамдарийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/, валютын ханшийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 28-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Бадамдарь нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн хоолны газарт ажлын байран дээрээ үйлчлүүлэгч Япон улсын иргэн Кочи Кэнтарогийн санамсаргүй байдлаас болж мартаж явсан түрийвчтэй эд зүйл болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж олж завшсаны улмаас 988.400 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Бадамдарийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Кочи Кэнтаро, гэрч б.Адъяацэрэн нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл, баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бадамдарьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүх шүүгдэгч Э.Бадамдарийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

  

Шүүх шүүгдэгч Э.Бадамдарийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлын эд хөрөнгийг буцаан өгч хохиролгүй болгосон/, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Э.Бадамдарьд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэв.

Хэрэгт авагдсан хохирогч Кочи Кэнтаро бичгээр гаргасан хүсэлтдээ “....бид өөрсдийн санаачилгаар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 36/ гэсэн баримтуудаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Бадамдарь нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Чулуутайхан овгийн Элдэв-Очирын Бадамдарийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бадамдарийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Бадамдарь нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бадамдарь нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бадамдарьд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН