Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2024/0281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х ХК /РД:/,

Хариуцагч: Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Эд холбогдох,

Маргааны төрөл: тайлан, мэдээ мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, Т.Э, хариуцагч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Х ХХК-иас Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Эгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Э*******ээс Х ХХК нь SCV загвараар мэдээлэл ирүүлэх тухай албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч банк корпорацид шаардлагатай мэдээ, мэдээлэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, тус газраас 11 дүгээр сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллаа явуулжээ.

2.2.Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/05 дугаартай актаар Х ХХК SCV загварын дагуу мэдээллийг 6 удаа ирүүлээгүй, 2023 оны 4 дүгээр сард 1 удаа ирүүлсэн мэдээлэл нь алдаатай болох нь холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасан арга хэмжээ авахыг мэдэгдэж, SCV загварын дагуу мэдээ бэлтгэж ирүүлэхийг даалгасан байна.

2.3.Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Х ХХК корпорацид шаардлагатай мэдээ, мэдээлэл хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.4.Гомдол гаргагч Х ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Гомдол гаргагчаас нэг харилцагчийн зарчим SCV загвар нь Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор батлагдсан боловч уг акт нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй гэж, хариуцагчаас банк нэг харилцагчийн зарчим SCV загварын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй гэж гэж хариуцагчаас банкуудаас талаар санал авсны үндсэн дээр нэг харилцагчийн зарчим буюу SCV загварыг баталсан, Хадгаламжийн даатгалын корпораци хууль болон журамд заасны дагуу банк тайлан мэдээ болон мэдээлэл ирүүлэх үүрэгтэй, SCV загвар нь журмын хүрээнд уялдуулан гаргасан зөвхөн мэдээлэл бэлтгэх загвар аргачлал бөгөөд ямар нэгэн харилцааг зохицуулсан, захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй гэж тайлбарлан маргаж байна.

3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно гэж, 7.2.9 дэх заалтад Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагчид гаргаж өгөхөөр байна. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1 дэх заалтад энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан тайлан, мэдээ, мэдээллийг банкнаас гаргуулан авах гэж, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмыг Үндэсний хороо батална гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам-ыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаарт бүртгүүлсэн байна. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоол нь Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам, Харилцах, хадгаламж эзэмшигчдийн тайлан, Тайлан болон мэдээ, мэдээллийг хүлээн авсан бүртгэл гэсэн 3 хавсралттай бөгөөд банкнаас хуульд заасны дагуу хавсралт 2-ын дагуу сар тутамд Хадгаламжийн даатгалын корпораци руу тайлангаа явуулдаг. Харин Хадгаламжийн даатгалын корпорациас удаа дараа Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар-аар тайлан мэдээлэл бэлтгэн ирүүлэхийг шаардсаар байгаа бөгөөд тухайн Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар нь Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор батлагдсан боловч захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд одоог хүртэл бүртгэгдээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гэж заажээ. Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д бүрэн эхээр нь нийтлүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг зөрчсөн байх тул захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй юм.

Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад мэдээлэл хариуцагч гэж хуульд заасны дагуу, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэлнэ гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Мэдээлэл хариуцагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авна гэж тус тус хуульчилжээ. Дээрхээс үзвэл Банк нь мэдээлэл хариуцагч бөгөөд харилцагчийн мэдээллийг хуулиар хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тул Хадгаламжийн даатгалын корпораци нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар-аар тайлан авахыг банкнаас шаардаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иймд Хадгаламжийн даатгалын корпорацийн Хянан шалгагч, улсын байцаагч Т.Эгийн 2023 оны 12 дугаар 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай даалгаврыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.3.Хариуцагч хариу тайлбартаа: Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Э миний бие Х ХХК-д SCV загвараар мэдээлэл бэлтгэн ирүүлээгүй зөрчилд үүсгэсэн ******* дугаартай зөрчлийн хэргийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэсэн. Х ХХК-иас гаргасан нэхэмжлэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхой үндэслэлээр нэхэмжлэх гаргасан тухай дурдсан байна. Дээрх заалт нь нэхэмжлэх гаргах үндэслэл бус, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх тухай заалт байна. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор батлагдаж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам-ын 1, 2 дугаар хавсралтад тусгасан арга аргачлалаар банк тайлан мэдээг бэлтгэсэн эсэхийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 25.1.2 заалтын дагуу хянах зорилгоор тус журмын 2.2, 3.5, 4.3 заалтын дагуу Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар-аар мэдээллийг авдаг тул банк тус загвараар тайлан мэдээллийг бэлтгэж ирүүлэхгүй байгаа нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон дээрх журмын дагуу Зөрчлийн арга хэмжээ авах үндэслэл болж байна. Нэг харилцагчийн зарчим буюу SCV загвар нь Банкны тайлан мэдээ болон мэдээлэл ирүүлэх журмын хүрээнд уялдуулан гаргасан зөвхөн мэдээлэл бэлтгэх загвар аргачлал бөгөөд ямар нэгэн харилцааг зохицуулахгүй тул тус загварыг захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлэх шаардлагагүй юм. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу дотоод мэдээллийн нууцыг хадгалах зохицуулалттай байдаг бөгөөд үүний дагуу Нэr харилцагчийн зарчим буюу SCV загвараар бэлтгэсэн мэдээллийг холбогдох нууцлалын SSL (Secure Sockets Layer Интернет нууцлалын протокол) ашиглан АРІ (Application Programming Interface)-р, мөн dmp өргөтгөлтэй өгөгдлийн баазын файлыг vpn (Virtual Private Network)-ээр дамжуулан авдаг. Мөн эдгээр мэдээллийг хүлээн авдаг албан тушаалтан нь холбогдох журмын дагуу нууцлалыг ханган ажилладаг болно гэжээ.

3.2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хадгаламжийн даатгалын корпораци нь банкин дахь мөнгөн хадгаламжийн албан даатгалын журмын үйл ажиллагаа эрхэлдэг. Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн 2 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд тайлан мэдээлэл авах эрхтэй, банк үүнийг нь хүргүүлэх үүрэгтэй. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасны дагуу корпорацийн  хүсэлтээр шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүрд нь банк гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нарийвчилсан журмыг Үндэсний хороо батална. Үндэсний хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тогтоолоор баталсан Банкны тайлан мэдээ мэдээлэл ирүүлэх журмын 2.1-д хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу банк тайлан мэдээллийг 1, 2 дугаар хавсралтаар сар бүр тогтмол бэлтгэн ирүүлэхээр, 2.2-т хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу банк нэмэлт мэдээллийг корпорацын хүсэлтээр тогтоосон хугацаа, загварын дагуу ирүүлэхээр зохицуулсан. Үүний дагуу мэдээлэл ирүүлэх загварыг Х ХХК-д хүргүүлсэн боловч одоог хүртэл ирүүлээгүй байгаа. Үндэсний хорооноос гарч байгаа бүх тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт болох юм шигээр тайлбарлаж байна. Захиргааны хэм хэмжээний акт нь тодорхой шинжийг хангасан байх ёстой. Тогтоосон загвар нь Хадгаламжийн даатгалын корпорац руу чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, банкнаас мэдээлэл авах гэж байгаа бол энэ загвараар аваарай гэдгийг тогтоогоод бид үүний дагуу банкнуудаас шаардаж авдаг. Гэтэл Х ХХК-иас мэдээллийг одоо хүртэл ирүүлээгүй, журмын 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, уг зөрчилд тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахаар заасан тул хянан шалгагч улсын байцаагчаас торгууль ногдуулж шийтгэлийн арга хэмжээ авсан нь үндэслэлтэй.

Гомдол гаргагчаас мэдээллийг бусад этгээдэд дамжуулахыг хориглосон заалт байдаг гэж хэллээ.  Уг зохицуулалт нь аль ч салбарын хуульд байдаг. Тэгэхээр энэ хуулийг баримталж бусад салбарууд ч мөн адил өгөхгүй байх эрхтэй байна гэж ойлгогдохоор байна. Хуульд зааснаар мэдээллийг шаардаж авах эрхтэй байгаа учраас банк өгөх үүрэгтэй. Ямар этгээдэд мэдээллийг дамжуулж байгаа эсэхээ ялгаж салгах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг.Хадгаламжийн даатгалын корпорацийн Хянан шалгагч, улсын байцаагч Б.Эгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгч талаас Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардсан тайлан, мэдээллийг банк хүргүүлэх үүргийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ корпораци хуульд заасан үндэслэлээр мэдээллийг шаардах эрхтэй, хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл шаардсан Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул банк мэдээлэл гаргаж өгөх үүрэг хүлээхгүй гэж, хариуцагч талаас SCV загвар нь захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулахгүй, корпораци хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нэмэлт мэдээллийг банкнаас шаардан авах эрхтэй, банк өгөх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул Х ХХК-д шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргажээ.

1.2.Хэрэгт авагдсан баримтаар Хадгаламжийн даатгалын корпорациас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *******, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *******, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *******, мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Х ХХК-д Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар-аар тайлан мэдээ ирүүлэхийг тусгайлан мэдэгдсэн, Х ХХК-иас 2023 онд 1 удаа тайлан мэдээг тус загвараар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

1.3.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци /цаашид Корпораци гэх/ гэж энэ хуульд заасан банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг ойлгох бөгөөд чиг үүргээ гүйцэтгэхэд мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

1.4.Тодруулбал, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Корпораци дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 21.1.1-д хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаарх сар, улирлын тайлан, бусад мэдээллийг банкнаас авах, 21.1.2-т банкны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт, санхүүгийн үзүүлэлт, бусад мэдээллийг банкнаас авах, 29 дүгээр зүйлийн 29.1-д Корпорацийг энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг банк тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлнэ, 29.2-т Корпорацийн хүсэлтээр банк Корпорацийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгнө гэж тус тус заажээ.

1.5.Дээрх хуулийн хэм хэмжээнээс судлан үзэхэд, Корпораци банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хадгаламж болон хадгаламж эзэмшигч, банкны талаарх тайлан, мэдээ, мэдээллийг банкнаас гаргуулан авах эрхтэй, банк шаардсан тайлан, мэдээ, мэдээллийг тогтоосон хэлбэрээр, хугацаанд корпорацид хүргүүлэх үүрэгтэй бөгөөд банк корпорацийн шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүр гаргаж өгөх үүргийг хүлээж байна.

1.6.Түүнчлэн банкнаас Корпорацид тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан журмыг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо батлах ба тус хорооны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолын хавсралтаар Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам-ыг баталсан, талууд уг тогтоолтой маргаагүй.

1.7.Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын 2.1-д Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь тайланг нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтын дагуу бэлтгэн, сар бүр энэхүү журамд заасан хугацаанд Хадгаламжийн даатгалын корпорацид хүргүүлнэ, 2.2-т Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу банк нь нэмэлт мэдээллийг Хадгаламжийн даатгалын корпорацийн хүсэлтээр тогтоосон хугацаа, загварын дагуу бэлтгэн хүргүүлнэ. гэж заасан ба мөн журмын нэгдүгээр хавсралтаар Даатгалын хураамж тооцох тайлан-ийн загвар, хоёрдугаар хавсралтаар Харилцах хадгаламж эзэмшигчдийн тайлан-ийн загварыг тус тус баталсан байна.

1.8.Журмын дээрх зохицуулалт, хавсралтаас үзвэл банкнаас хууль болон журамд заасны дагуу Корпорацид тогтмол хүргүүлэх хадгаламж, хадгаламж эзэмшигч, банкны талаарх тайлан, мэдээ, мэдээлэл нь дээрх журмын 1, 2 дугаар хавсралтаар баталсан тайлангийн загвараар тодорхойлогдоно.

1.9.Өөрөөр хэлбэл, банкнаас шаардаж буй Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар-аар авч байгаа мэдээлэл нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан Корпораци хуулийн дагуу чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэлд хамаарахгүй байна.

1.10.Учир нь нэмэлт мэдээлэл гэдэгт Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журмын хавсралтаар баталсан Даатгалын хураамж тооцох тайлан болон Харилцах хадгаламж эзэмшигчдийн тайлан-д хамааралтай мэдээллийг ойлгоно.

1.11.Гэтэл Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар нь банкны мэдээлэл, валютын ханш, хадгаламж эзэмшигч, хаяг, утас, хадгаламжийн данс, хадгаламжийн дансны хуулга, зээлийн данс, зээлийн дансны хуулга, хамтран зээлдэгч, нөхөн төлбөр олгохгүй хадгаламж зэрэг нийт 12 төрлийн багц, 144 хүснэгт бүхий харилцагч, хадгаламж эзэмшигч, банкны дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байгаагаас үзвэл Даатгалын хураамж тооцох тайлан болон Харилцах хадгаламж эзэмшигчдийн тайлан-д хамааралтай нэмэлт мэдээлэл гэж үзэхгүй, харин харилцагч, хадгаламж эзэмшигч иргэн, хуулийн этгээд, банкны дэлгэрэнгүй мэдээлэл гэж үзэхээр байна.

1.12.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. гэж, хуулийн тайлбарт Гадагш чиглэсэн гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно. гэж тус тус заасан.

1.13.Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д Банк нь Үндэсний хорооноос баталсан банкны тайлан, мэдээ, мэдээлэл ирүүлэх журам зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.

1.14.Маргаан бүхий энэ тохиолдолд Корпорацийн банкнаас шаардаж буй Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар-т тусгасан мэдээлэл нь хуульд заасан нэмэлт мэдээлэл-д хамаарахгүй бөгөөд уг загвараар банкнаас мэдээлэл шаардсан, ирүүлээгүй тохиолдолд шийтгэл ногдуулах үр дагавар үүсгэсэн шинжээрээ захиргааны хэм хэмжээний акт байна.

1.15.Хэрэгт авагдсан баримтаар Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хорооны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тогтоолоор баталсан Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүргэгдээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/25 дугаартай лавлагааны хуудсаар тогтоогдож байна.

1.16.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ., 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ., 67.3-т Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй. гэж тус тус заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар-аар банкнаас мэдээлэл шаардаж, улмаар уг загварын дагуу мэдээлэл ирүүлээгүй үндэслэлээр гомдол гаргагч Х ХХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хоёр.Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын тухайд:

2.1.Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Эгийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/05 дугаартай актаар SCV загвараар 6 удаа мэдээлэл ирүүлээгүй, 1 удаа алдаатай ирүүлсэн нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж, SCV загварын дагуу мэдээлэл бэлтгэж ирүүлэхийг үүрэг болгожээ.

2.2.Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй загварыг үндэслэн мэдээлэл шаардсан нь хууль бус, уг загварын дагуу мэдээлэл ирүүлээгүй нь хуулийн этгээдэд үүрэг ногдуулах үндэслэл болохгүй тул гомдол гаргагчийн Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гурав.Процессын тухайд:

3.1.Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б******* уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А-1/ дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийг үндэслэн тус Корпорацийн Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулж, хэргийг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3 дахь хэсэг, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Эгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хадгаламжийн даатгалын корпорацид мэдээлэл ирүүлээгүй тухай даалгаврыг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хадгаламжийн даатгалын корпорацийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Эгаас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ