Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/71

 

 

 

 

 

 

 

 

 

2022       10           06                                        2022/ДШМ/71

 

 

 

...............-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор М.Одгэрэл

            Шүүгдэгч ...............-

            Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга /цахим/

            Хохирогч ................, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг /цахим/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ................-ын өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч ...............-ид холбогдох эрүүгийн 2034000000643 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, регистрийн дугаар /................/

 

...............- нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр ................УАА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодон явж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, мөн дүрмийн 3.7 а-д заасан “...Жолоочид жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ................ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, явган зорчигч ................ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ...............-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ................-ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар ...............-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч ...............-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, ...............-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдэж, хохирогч ................ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы сэтгэл санааны хохирол 21.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...............-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........ы өмгөөлөгч С.Мөнхтулга гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч ...............- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үзэгдэх орчин хязгаарлагдмал үед буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 21 цагийн үед хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож Төв аймгийн Баянчандмань сумын Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан замын хөвөөгөөр алхаж явсан ................, ................ хоёрыг мөргөж ................ы амь насыг хохироож, ................ын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан баруун богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялаар шийтгэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэсэн.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ............... нь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай тооцогдсон бөгөөд ямар үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, мөн хохирогч нарыг гэмт хэрэг гарахад буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэн тухайн зүйл ангид оногдуулахаар заасан хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд байгаа нь ойлгомжгүй, уг дүгнэлт, шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эрүүгийн хариуцлагыг үндэслэлгүй хөнгөрүүлсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы өмгөөлөгч С.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Хохирогчийн амь нас хохирсон асуудал дээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Шүүхээс ...............-ийн хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлсэн гэдэг. Гэтэл энэ нь ямар нотлох баримтыг үндэслэсэн гэдэг нь тодорхойгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг ямар үндэслэлээр хэрэглээд хөнгөрүүлээд байгаа талаар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэнд гомдолтой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө давж заалдах гомдлыг гаргасан. Гэтэл хуульд өөрчлөлт орж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл муутай гарсан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ...............- нь надаар тохуурхан, намайг доромжилж байгаад гомдолтой байна. Надад хохирол төлнө хэмээн бичиг хийж гарын үсэг зурж өгчхөөд шүүхээс хорих ял авалгүйгээр гарч ирээд хохирлоо төлөхөө больсон гэв.

 

Хохирогч ................ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осолд орсноос хойш эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг авсан. 10 сарын сүүлээр дахин хагалгаанд орох ёстой, энэ зардлаа гаргуулж авмаар байна гэв.

 

Хохирогч ................ын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор хохиролд тохирсон байх ёстой. Гэтэл ...............-ид 2 жил хорих ял оногдуулаад уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өршөөн хасаж байна. Гэмт хэрэг үйлдвэл ямар хор аюулд хүрэх талаар ухамсарлуулж, нийгэмшүүлэх үүднээс эрүүгийн хариуцлага оногдуулдаг гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд одоо болтол эмчдээ үзүүлээд хагалгаанд орж чадаагүй явж байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял хэт хөнгөдсөн гэв.

 

Шүүгдэгч ...............- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч  нь тугалтай үнээ, машины моторын үнэ өгчихвөл давж заалдах гомдол гаргахгүй гэсэн атлаа гомдол гаргасан учир би хохирол төлөөгүй байгаа гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...............- нь гэм буруу дээрээ маргадаггүй учир анхан шатны шүүх 2 жил хорих ял оногдуулан түүнийгээ 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Мөн хохирогч ................т 2022 оны 8 дугаар сард 1.200.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ...............-ид холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.000.000 төгрөг төлсөн, хохирогч ................ нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч эмнэлэгт үзүүлсэн болон унааны зардал зэргийг ...............-ийн хувьд төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч ...............-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх болон бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч ...............- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр ................УАА улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д “...тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, мөн дүрмийн 3.7 а-д “...жолоочид жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч ................, ................ нарыг мөргөж, ................ын эрүүүл мэндэд хүндвэртэр хохирол учруулж, ................ы амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 5-13-р тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы “...орой 20 цагийн үед миний хүү гэрээс ................тай хамт сумын төв рүү дэлгүүр орно гээд гарсан, эргэж ирээгүй удаад байсан. ................... бэр дүү рүүгээ залгаад би Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж эмчийн утсаар дүүдээ хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би тэр эмчийнх нь утасны дугаарыг аваад залгасан ба ................тай хамт явсан хүн нь цуг явна уу гэж асуутал тэр эмч орхисон эгчээ биеийн байдал нь хүнд байгаа учраас гэж хэлсэн ба хүүгээ нас барсан талаар нь мэдсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 20-21-р тал/,

 

Хохирогч ................ын “...Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн пост өнгөрөөд явж байсан. Нэг мэдэхэд хүн намайг чирч гулдчаад би хоёрын хоёр хүн алчихлаа гээд орилж байсан. Би Чука ах /................/ гээд орилсон чинь тэр п... дээрээ оч гээд нөгөө хүн намайг хоёр алгадсан. ................ ах замаас хол шороон дээр хэвтэж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд ................ бид хоёрыг аваад Баянчандмань сумын эрүүл мэндийн төв дээр ирсэн...” гэх /хх-ийн 1-р хавтас 95-97 тал/,

 

Гэрч Г.Мягмархишигийн “..................-ийг ирж байгаа байх гэж бодоод утас руу залгатал Мягмардорж утсаа аваад би хүн дайрчихлаа шүү дээ гэж орилж байсан. Би буцаж эргээд хүн мөргөсөн  газар нь ирэхэд замын хажууд ...............- нэг залууг тэвэрчихсэн сууж байсан, яав юу болов гэж асуухад энэ урдуур ороод мөргүүлчихлээ гэсэн. Миний гар хугарчихсан гэж тэр залуу хэлж байсан. Би тэгэхээр нь наадуул чинь хоёулаа байсан, нөгөө хүн нь хаана байна гэж асуусан..., ...би нөгөө залууг нь хайхад замаас 5 орчим метр зайд хар савхин куртиктэй залуу доош харсан байдалтай хэвтэж байсан...” гэх /хх-ийн 1 дүгээр хавтас 26-27 тал/,

 

Гэрч Т.Гантуяагийн “...Замын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал замын голд 2 хүн гэнэт гараад ирсэн. Миний сууж явсан машины жолооч Г.Мягмархишиг жолоогоо дараад нөгөө 2 хүнийг тойроод гарсан. Ард манай нөхрийг явж байгаа гээд утсаар залгаж хэлтэл манай нөхөр өөдөөс нь хүн дайрчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид нар буцаад очтол манай нөхөр хүн дайрчихлаа шүү дээ гээд орилоод байж байсан...” гэх /хх-ийн 1 дүгээр хавтас 31-32 тал/,

 

Гэрч Ж.Батмөнхийн “...................УАА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл 2 хүн мөргөж ................ газар дээрээ нас барж ................ нь гэмтсэн гэх гомдол мэдээлэлд тээврийн хэрэгслийг жолоодож явсан ...............-ийг согтуурал хэмжигч багаж ашиглан согтуурлыг шалгахад 0.47 хувийн согтолттой байсан...” гэх /хх-ийн 1-р хавтас 199 тал/ мэдүүлгүүд болон,

 

Хохирогч ................ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор хийсэн “...................ын биед баруун богтос ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 1-р хавтас 35-36 тал/,

 

Хохирогч ................ы цогцост нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор хийсэн задлан шинжилгээний “...гавал яс, суурь яс, дагз ясны хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх /САК/ тархмал цус харвалт, Сээрний 2 дугаар нугалмын их биеийн салсан хугарал, нугас няцрал, цус хуралт, баруун 4 дүгээр хавирга суганы дунд шугамаар 6, 7, 8, 9 дүгээр хавирга далны дунд шугамаар, зүүн 5, 6, 7 дугаар хавирга далны дунд шугамаар зөрүү бүхий хугаралтай. Чацархайд цус хуралт, хуйханд цус хуралт, нүүрэнд шарх зулгаралт, хуйханд зулгаралт, цээж, нуруу, баруун өгзөг, гуя, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цуснаас 2.1% промилли спиртийн агууламж илрэв. Энэ согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 91, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 176 тоот шинжээчийн дүгнэлтүүд,

 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/01 дугаар “...Хьюндай Портер маркийн ................УАА улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, 3.7/а заалт буюу “...жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 181-183-р тал/, ...............- нь тухайн хэрэг учрал болох үед 0.47 хувийн согтолттой байсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 14-р тал/, мөн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эрхээ хасуулсан талаарх жолоочийн лавлагаа, мэдээлэл, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 2-р хавтас 73-74-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос ...............-ийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” хэмээн заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал байдаг. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч ...............-ид прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан төрөл хэмжээний буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулан, уг хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүх, шүүгчийн бүрэн эрх мэдлийн асуудал бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогддог болно.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад, эсхүл дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах эрх давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй болно.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан “...анхан шатны шүүх ...............-ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч ...............-ийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг буруу бичсэн, энэ нь цаашид шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй тул энэ талаар шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй хэмээн шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч ................-ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг

 

“...Шүүгдэгч ................-ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧИД                                                   Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                                                       М.МӨНХДАВАА