Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0190/З |
Дугаар | 128/ШШ2024/0333 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0333
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, ХХ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, сонгон шалгаруулалт ирүүлсэн үнийн саналын зөрүүг төлөхийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Т.У******* тус шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр ирүүлсэн татгалзалдаа: Х******* ХХК-ийн захирал миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь бид санхүүгийн хувьд хүнд байдалд орсонтой холбоотой дээрх нэхэмжлэлээс татгалзаж байна. гэжээ.
Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Т.У******* тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлээсээ татгалзсанаас үүсэх үр дагаврыг ойлгож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Тус шүүх нэхэмжлэл гаргагч Х******* ХХК-иас, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, сонгон шалгаруулалт ирүүлсэн үнийн саналын зөрүүг төлөхийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2024/1690 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заажээ.
3.Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х******* ХХК-ийн төлөөлөгч Т.У******* нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, сонгон шалгаруулалт ирүүлсэн үнийн саналын зөрүүг төлөхийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Мөнхбатад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ