| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0501/э |
| Дугаар | 424 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч Ж.Ширэндэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Жамбаралын Ширэндэвд холбогдох эрүүгийн 201725021396 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, эмнэлгийн 25 дугаар гудамжны 695 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугчин овогт Жамбаралын Ширэндэв /РД:ТЯ57100714/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Ширэндэв нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Зуслангийн задгай тоотод И.Уламдэлгэртэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Ширэндэв нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 201725021396 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.Ширэндэв нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний орой 16:00 цагийн үед бид хоёр архи ууж эхэлсэн ба хоёулаа согтсон. Тэгээд би Уламдэлгэрийг “тамхи олоод өг” гэсэн чинь “чадахгүй” гээд бид хоёр зууралдаж би түүний биеийн хэсэгт болон хөл гар хэсэгт нь гэмтэл учруулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 26 дугаар хуудас/,
Хохирогч И.Уламдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Ширэндэв надаас тамхи асуухаар нь “би яаж мэдэх юм” гэсэн чинь уурлаад бид хэрүүл маргаан хийсэн юм. Би согтуу байгаа бичлэгийг чинь хийж байгаад маргааш эрүүл болохоор чинь үзүүлнэ гэсэн чинь гэнэт уурлаад үснээс зулгаасан. Цээж хэсэгт нэг хоёр удаа цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13494 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Гэрч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, Ж.Ширэндэвийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Ширэндэв нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Зуслангийн задгай тоотод өөрийн найз И.Уламдэлгэрээс “тамхи байна уу” гэж асуухаар “Уламдэлгэр нь “би яаж мэдэх юм” гэж хэлж улмаар согтуу бичлэгийг чинь хийнэ” гэх мэтчилэн ярьж, хоорондоо зүй зохисгүй харьцсаны улмаас Ж.Ширэндэв нь И.Уламдэлгэрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Ширэндэвийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч И.Уламдэлгэрийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №13494 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ширэндэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Ширэндэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Тус гэмт хэрэг нь шүүгдэгч Ж.Ширэндэв, хохирогч И.Уламдэлгэр нар хоорондоо согтууруулах ундааны зүйл хэрэглэн И.Уламдэлгэрийн зүгээс Ж.Ширэндэвийг “согтуу бичлэг хийлээ” гэсэнд ундууцаж, шүүгдэгч хохирогчийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ж.Ширэндэвийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар /гэм хорын хохирлоо нөхөн төлсөн/, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Ж.Ширэндэвт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт авагдсан хохирогч И.Уламдэлгэрээс бичгээр гаргасан хүсэлтэд “Ж.Ширэндэв нь хохирлын мөнгө төлсөн тул ямар нэг гомдол саналгүй, эвлэрсэн” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 33 дугаар хуудас/
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Ширэндэв нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тугчин овогт Жамбаралын Ширэндэвийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ширэндэвийг 460 /дөрвөн зуун жар/ нэгжээр буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Ширэндэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ширэндэвт оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ширэндэв нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Ширэндэвд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ширэндэвд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН