Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/1046/З |
Дугаар | 128/ШШ2024/0408 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И******* ХХК
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар нарын хоорондын архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
Хэргийн индекс: 128/2023/1046/3
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч И******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: И******* ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах гэж тодорхойлжээ.
2. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1 Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар И******* ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 40000 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 00******* дугаартай гэрчилгээг олгосон байна.
2.2. Нэхэмжлэгч И******* ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 23/108 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх тухай албан бичгээр Хот байгуулалт хөгжлийн газарт ханджээ.
2.3. Үүний дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4/2321 дүгээр албан бичгээр ...Иймд тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн урт хугацааны тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 110.06 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах хил хязгаарт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 1******* нэгж талбарын дугаартай 39968 м газар багтаж байгаа тул Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй болохыг уламжилъя. гэх хариуг хүргүүлжээ.
2.4. Нэхэмжлэгч И******* ХХК нь дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч И******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:
3.1. Манай компани Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 40000 м.кв газрыг эзэмшдэг. Бид дээрх газар дээрээ зориулалтын дагуу орон сууц барих холбогдох зөвшөөрлөө 2022 оноос эхлэн хөөцөлдөж өнөөдрийг хүрсэн. Гэвч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газраас манай барилга барих хүсэлтийг шийдэхгүй, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болоогүй гэх амаар хариу өгсөөр өдийг хүрсэн. Иймд манай компаниас хот байгуулалт хөгжлийн газарт 2023 оны 04 дүгээр сараас эхлэн удаа дараа Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтээ гаргаж, сүүлд 2023 оны 08 дугаар сарын сүүлээр Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтээ гаргасан байдаг.
3.2. Тус албан бичгийн хариу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай" албан бичигт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн урт хугацааны тогтвортой хэрэгжилтийг хангах" зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 110.06 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын хил хязгаарт тухайн нэгж талбар орсон тул Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй болохыг уламжилъя" гэсэн байна.
3.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 39 дүгээр тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/4649 дугаартай захирамжаар уг акт газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн агуулгатай, харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж зааснаар захиргааны актын шинжгүй, тодорхой саналыг дэмжсэн агуулгатай байх тул нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтын шинжтэй,.....захиргааны актын зохицуулалтгүй, үр дагаваргүй шийдвэр" гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/ШТ2023/0528 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3.4. Манай компани Газрын тухай хууль, газрын гэрээнд заасны дагуу үүргээ тухай бүр нь биелүүлж ирсэн бөгөөд 2020 оноос хойш ашиглах гэсэн боловч дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 91 дүгээр тогтоолоор "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 70, 234, 178, 238, 239, 2021 оны 1, 27, 154, 226, 259 тогтоолуудаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх, хугацааг сунгах, хилийн боомтын талаар хил хаах зэрэг арга хэмжээнүүдийг авснаар хөрөнгө оруулалтын асуудал хойшлогдож орон сууцны барилгын төслөө эхэлж чадахгүй явсаар байна.
3.5. Гэвч Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар нь дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 39 дүгээр тогтоолыг үндэслэн Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй гэх хариуг ирүүлсэн нь хуульд нийцээгүй бөгөөд манай хүсэлтийг хэлэлцүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм. Ийнхүү татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, эзэмшил газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Иймд И*******" ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийн дагуу Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгаж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. Тус газарт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Э*******" ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 40.000 м.кв газарт 2022 онд Барилга байгууламж барих хүсэлтийг судлан, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Барилга байгууламж барих хүсэлтийг судалж 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/618 дугаартай албан бичгээр, 08 дугаар сарын 31-ний өдрийн Барилга, байгууламж барих хүсэлтийг судалж 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.
4.2. Монгол Улсын Их хурлын 2021 оны "Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" 106 дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай" 39 дугаар тогтоолоор баталсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын зүүн урд талын нутаг дэвсгэрийн хавсралтад дурдсан солбицол бүхий 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолд хамрагдаж байгаа юм.
4.3. Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд /концепц/-д мөн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны уйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1. дэх заалтад Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, гол ба үндсэн авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөн шинэчилж, олон түвшний уулзварыг байгуулан хүртээмжийг нэмэгдүүлж, авто замын түгж*******ийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий "Шинэ тойрог зам"-ыг барьж байгуулах нийт 71.5 км урттай, 11 олон түвшний уулзвартай "Шинэ тойрог зам"-ын сүлжээг бий болгож, авто замын түгж*******ийн индексийг 15-20 хувиар бууруулахаар үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолоор 420 тэрбум төгрөгийг түгж*******д зарцуулахаар төлөвлөж, зам, замын байгууламж, гүүрэн байгууламж, хөнгөн галт тэрэг /LRT/ зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж, газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөж, мөн LRT-ийн техник эдийн засгийн үндэслэл, дугуйн зам, уулзварыг дахин инженерчлэх зардлуудыг тооцож төлөвлөсөн байна.
4.4. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хоёрдугаар дэд бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад "Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ.", 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтад "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн" гэж тодорхойлж, 35 дугаар зүйлийн 35.1.8 дах заалтад заасан "нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого, жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах" бүрэн эрхийг хэрэгжүүлж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтад "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална." мөн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтад хурлын шийдвэрийг Бүх шатны Засаг дарга тухайн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй" гэх заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны Дүрэм шинэчлэн батлах тухай А/115 дугаар захирамжийн хавсралтаар баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар Монгол Улсын Засгийн газрын уйлахад Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хот байгуулалт, төлөвлөлт, барилгын талаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн." тул тус газар нь чиг үүргийн дагуу дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэж албан бичгээр хариу хүргүүлсэн.
4.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 39 дүгээр тогтоолыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 128/ШШ20203/4649 дугаартай захирамжаар уг акт газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн агуулгатай, нутгийн Захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтын шинжтэй, эрх зүйн үр дагаваргүй шийдвэр гэж үзсэн боловч дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг зөрчиж Барилга байгууламж барих хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм.
4.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 03/3005 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн захирамжаар хэрэг үүсгэж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32023/0608 дугаартай шүүгчийн захирамжаар "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн газар нь одоо ч НИТХ-ын 39 дугаар тогтоолд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газрын эрх зөрчилгүй, давхцалгүй байх тохиолдолд газрын зориулалтын дагуу Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах боломжтой. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамж, 00******* дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий орон сууцны зориулалттай, 39968 мкв газартаа орон сууц барихаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/108 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх тухай албан бичгээр /хх-130 тал/ архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргасан.
2. Үүний дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дүгээр албан бичгээр Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоол батлагдсан. Танай компаниас дээрх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн "Захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай" 4649 дүгээр захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн тухай" 0528 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Иймд тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн урт хугацааны тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 110.06 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах хил хязгаарт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 1******* нэгж талбарын дугаартай 39968 м газар багтаж байгаа тул Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй болохыг уламжилъя. гэх хариуг нэхэмжлэгч компанид өгчээ.
3. Нэхэмжлэгч компани нь дээрх татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч И******* ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гарган маргаж байна.
4. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоох шаардлагын тухайд,
5.1. Хариуцагч захиргааны байгууллагын архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахаас татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгж*******ийг бууруулах чиглэлээр шинэ төрлийн Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төслийн урт хугацааны тогтвортой хэрэгжилтийг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Чингис хаан олон улсын нисэх буудлын зүүн урд талын нутаг дэвсгэрийн хавсралтад дурдсан солбицол бүхий 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн байна.
5.2. Нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий газар нь уг тогтоолын хавсралтад заасан газрын солбицолд бүхэлдээ давхцалтай болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн кадастрын зураг, /хх-91 тал/ Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/765 тоот албан бичиг зэргээр тогтоогдох боловч уг тогтоол нь газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, харин тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн тогтоол байна.
5.3. Тодруулбал, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна: ...16.1.13.үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл хэрэгжүүлэх газар; 18 дугаар зүйлийн 18.1-т Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, ...18.1.2.энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14, 16.1.16, 16.1.17, 16.1.18-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх; гэж тус тус зааснаар үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр дэд бүтцийн хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй байхаар хууль тогтоогчоос хуульчилсан.
5.4. Дээрх 39 дүгээр тогтоолд дурдсан тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх төсөл нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т заасан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр дэд бүтцийн хөтөлбөр хэрэгжүүлэх газарт хамаарах талаар, мөн тусгай хэрэгцээнд авсан тухай газрын мэдээллийн санд бүртгэлгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/573, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/765 тоот албан бичгүүдээр /хх-79, 168 тал/ нотлогдож байна.
5.5. Мөн нэхэмжлэгч компани нь дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2023/4649 дүгээр захирамжаар ...дээрх тогтоол нь нэхэмжлэгчийн субьектив эрхэд шууд чиглээгүй, тодорхой саналыг дэмжсэн агуулгатай байх тул нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтын шинжтэй, улмаар эрх бүхий этгээдээс уг саналыг үндэслэн И******* ХХК-ийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авах эсэх, эсхүл авсан эсэх нь тодорхойгүй байх тул захиргааны актын зохицуулалтгүй, үр дагаваргүй шийдвэр байна гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШТ2023/0528 дугаар тогтоолоор ...уг тогтоолоор тодорхой нэг тохиолдлыг шууд нэг мөр зохицуулж эцэслэн шийдвэрлээгүй буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд чиглэсэн тодорхой эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шийдвэр биш байх тул анхан шатны шүүх "захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны актын зохицуулалтгүй, үр дагаваргүй" гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн "тус тогтоолын "И*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна. гэж дүгнэн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
5.6. Эдгээрээс дүгнэхэд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 39 дүгээр тогтоол нь газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн агуулгатай бөгөөд эрх зүйн үр дагаваргүй буюу захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь нэхэмжлэгч И******* ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39968 м.кв талбай бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 дүгээр тогтоолд дурдсан 110.06 га газрын солбицолд орсон үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгох эсэх асуудлыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр, Ерөнхий архитектороор шийдвэрлүүлэхгүйгээр буцааж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд орон сууцны зориулалтаар, 39968 мкв газрыг эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа нэхэмжлэгч компанийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; гэж заасан газраа зориулалтын дагуу эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гэж дүгнэхээр байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлтэй.
6. Харин архитектур төлөвлөлтийн даалгавар батлахыг даалгах шаардлагын тухайд, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар баталсан Аймаг, Нийслэл, хотын Ерөнхий Архитекторын дүрэм-ийн 3.1.3.-д ...архитектур төлөвлөлтийн шаардлагыг мэргэжлийн албадын оролцоотойгоор тодорхойлон шийдвэрлэх, 3.1.8-д Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн хот, тосгонд шинээр барих, өргөтгөл, шинэчлэлт хийх барилга байгууламжийн байршлыг сонгож шийдвэрлүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж, барилга байгууламжийн зураг төсөлд тусгуулан хянаж, зөвшөөрөлцөх;, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 3.4-т Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална. гэж тус тус зааснаар нийслэлийн Ерөнхий архитектор нь архитектур төлөвлөлтийн даалгавар батлах эрхтэй субьект байна.
6.1. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн дүрмээр мэргэжлийн зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон бөгөөд дүрмийн 1.1-т Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөл (цаашид "Мэргэжлийн зөвлөл" гэх) нь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хот байгуулалтын баримт бичгийн боловсруулалт, хэрэгжилт, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, авто зам, замын байгууламж, инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн төлөвлөлтийн даалгавар боловсруулах үйл ажиллагаанд санал дүгнэлт гарган Нийслэлийн Ерөнхий архитектор (цаашид "Ерөнхий архитектор" гэх)- ын шийдвэр хууль ёсны байх эрх зүйн үндсийг хангахад оршино., 2.1.2-т Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламж, тохижилт, авто зам, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн асуудал хэлэлцэж санал дүгнэлт гаргаж, Ерөнхий архитектораар шийдвэрлүүлнэ., 4.2-т Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг холбогдох нэгжийн Хот байгуулалтын мэргэжилтэн (цаашид "мэргэжилтэн" гэх) хянаж, Архитектур төлөвлөлтийн даалгавар (цаашид "даалгавар" гэх), загвар зургийн батлагдсан шаардлагыг хангуулан Зөвлөлийн хуралд төлөвлөлтийн хувилбарт шийдэл болон шийдвэрлэх саналын хамт танилцуулна. 4.4-т Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: ...4.4.2. инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн төлөвлөлт; 4.4.3.барилга байгууламжийн төлөвлөлт; ..., 4.12-т Зөвлөлийн хурлаас гарсан санал, шүүмж, зөвлөмж, дүгнэлтийг даалгавар, Загвар зурагт туссан эсэхэд Ерөнхий архитекторын ажлын албаны дарга хяналт тавьж, Ерөнхий архитектороор батлуулна. гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдээс архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай хүсэлтийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал дүгнэлтийг гаргуулж, батлах эсэх асуудлыг Ерөнхий архитектор шийдвэрлэхээр байна.
6.2. Энэхүү маргааны тохиолдолд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр, цаашлаад Ерөнхий архитектороос ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр шууд буцааж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд ийнхүү мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй, Ерөнхий архитектор шийдвэрлээгүй тохиолдолд шүүх захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг шууд даалгах боломжгүй.
6.3. Шүүхээс хариуцагчийн татгалзсан шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийж, хууль бус болохыг тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь архитектур төлөвлөлтийн даалгавар авахад бусад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсэн эсэх дээр талууд маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй.
6.4. Иймд нэхэмжлэгч И******* ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлтийг бусад бичиг баримтын бүрдлийг шалган дүрэмд зааснаар мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, нийслэлийн Ерөнхий архитекторт танилцуулан шийдвэрлэхийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4/2321 дүгээр тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, И******* ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах тухай хүсэлтийн бичиг баримтын бүрдлийг шалган, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Нийслэлийн ерөнхий архитекторт танилцуулан зохих журмаар шийдвэрлүүлэхийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И******* ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ