| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/04927/И |
| Дугаар | 181/ШШ2024/03624 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/03624
2024 09 30 181/ШШ2024/03624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... хороо, ........ давхарт байрлах А ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н /РД:..../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.
(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Зээлдэгч Б.Н нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 7104694726 тоот Цахим зээлийн гэрээ- г байгуулж 2,398,909 төгрөгийн зээлийг 2.35 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 7102509619 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/132024/03516 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжласан.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/03516 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, А ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, А ХХК -иас үйлчилгээ авах хүсэлт, Б.Н-тэй байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн P20173822 дугаар Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-12/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
1. Б.Н нь А ХХК -тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн P20173822 дугаар Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд тэрээр хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/03516 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа 3-133 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
3. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон дээрх захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүх дахин нотлохгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч А ХХК -ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Н эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Н /РД:..../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Н эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Нийн оршин суугаа хаягийг олж тогтоон А ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М, Э.Б, Х.А утас: ...., ...., ..../-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН