Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03622

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..................тоот хаягт оршин байх М ХХК /РД:..../-ийн хүсэлттэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А а /РД:......../-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцов.

(Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эзгүйд нь хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А аг эрэн сурвалжлуулахыг хүссэн ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Иргэн М.А а нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Микро кредит ББСБ ХХК-тай 2201-1054 тоот зээлийн гэрээг байгуулж 1,949,900 төгрөгийг 24 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй, С ХХК-аас 48К02РА маркийн Laptop худалдан авах зориулалтаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээлийг сар бүрийн 20-ны өдөр 115,000 төгрөгөөр эргэн төлж, зээлийг хуваарийн дагуу 2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төлж дуусгах ёстой ч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг төлж дуусгаагүй. Тодруулбал зээлдэгч М.А а нь 2022 оны 2, 3, 6, 8 дугаар саруудад нийт 94,213.12 төгрөгийн үндсэн төлөлт, 231,599.48 төгрөгийн, хүүгийн төлөлт, 4,187.40 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийсэн. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгч М.А агийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,855,686.88 төгрөг, хүүгийн төлбөр 1,381,449.32 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 146,725.50 төгрөг, нийт 3,383,861.70 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлж гэрээний үүргийг ноцтой зөрчиж, зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж, М.А агаас 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2201-1054 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 3,398,361.7 төгрөг гаргуулахаар ББСБ-д бүртгэлтэй хаягаар нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийг тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд М.А аг эрэн сурвалжлуулахаар 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс зээл хүсэгчийн анкетаас гадна зээлийн гэрээнд Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээл 18 гудамж, 02 тоот гэсэн хаяг тусгагдсанаас үзвэл нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрыг олж тогтооход бүхий л арга хэмжээг авсан гэж үзэхээргүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргад хандаж хаягийн бүртгэлийн лавлагааг авахад М.А а нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолт бүхий хариу өгсөн болно. Нэхэмжлэгчийн зүгээс өөр ямар хаяг дээр байгааг мэдэх боломжгүй юм.

Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А /РД:......../-г эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2024/12068 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, зээл хүсэгчийн анкетын хуулбар, М.А атай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №2201-1054 дүгээр Зээлийн гэрээний хуулбар /хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь/, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2024/14915 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хувилсан хувь /хх 3-13/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А аг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

1. М.А а нь М ХХК -тай 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №2201-1054 дүгээр Зээлийн гэрээний хуулбар хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Хариуцагч нь гэрээнд заасан Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамж, 02 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч М ХХК -ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А аг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар М.А /РД:......../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.А аг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.А агийн оршин суугаа хаягийг олж тогтоон М ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, Н.Б , Б. утас: ...., ......./-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН