Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Э.Халиун,  

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Д.Дашдорж /ҮД: 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овгийн Батын Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1709008930138 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд урамшуулалт эргүүлийн ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Сүхбаатар дуүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороололын 2а байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Урианхай овгийн Батын Пүрэвсүрэн /РД:ХЕ73081077/,  

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цаг 30 миутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос-Монголын хамтарсан ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж байсан хохирогч Д.Тайваны Самсунг галакси эс-8 плас загварын гар утсыг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 201725021396 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн хажууд 10 цагийн үед бичгийн цаас авах гээд явж байтал 3 дугаар сургуулийн хашаан дотор нэг залуу согтуу хэвтэж байсан ба тэр залуугийн хажууд байсан шаргалдуу өнгөтэй нохой гурван хүүхэд рүү дайраад байхаар нь би хашааны хаалгыг хаагаад тэр гурван хүүхдийг зам гаргаж өгөөд тэгээд би тэр залуу руу ойртоод сэрээх гэж хоёр хацар руу нь 2, 3 удаа алгадсан гэтэл тэр залуу сэрэхгүй гар утас нь хажууд нь газар хэвтэж байхаар нь би гар утсыг нь аваад гэртээ аваачаад тавьсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Тайван мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 30 минутын орчим би нохойгоо салхилуулаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Орос 3 дугаар сургуулийн хашаан дотор явж байгаад хэсэг зуур унтаад сэрэхэд миний өмдний баруун халаасанд байсан “Самсунг галакси эс-8 плас” маркийн гар утас алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “…

  • “Самсунг галакси эс 8 плас” гар утас – 2.000.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Э.Мөнхнарангийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Б.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 дүгээр хуудас/, амьжиргааны түвшин тогтоосон тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Пүрэвсүрэн нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цаг 30 миутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос-Монголын хамтарсан ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унтаж тухайн болж буй орчны үйл явдлыг мэдрэхгүй байсан хохирогч Д.Тайваны “Самсунг галакси эс-8 плас” загварын гар утсыг хулгайлж бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Тайвангийн мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

   Иймд шүүх шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

  

Шүүх шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Тайван бичгээр гаргасан хүсэлтдээ “...гар утсаа олж авсан тул ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 23/ гэсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх9/ зэрэг баримтуудаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

            1. Урианхай овгийн Батын Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пүрэвсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН