Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/74

 

 

 

 

 

 

 

 

   2022        10            21                                        2022/ДШМ/74

 

 

 

................д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Г.Энхбат 

            Яллагдагч ................гийн өмгөөлөгч Ж.Батбаяр /цахим/ 

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/971 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч ................ий өмгөөлөгч Ж.Гантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ................д холбогдох эрүүгийн 2134002650180 дугаар 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

................ нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг “Чигчий толгой” гэх газар буюу Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 233/198 дахь км шонгийн орчимд 2021 оны 8 дугаар сарын 12-ноос 2021 оны 8 дугаар сарын 13-нд шилжих шөнө “Тоёота карина” маркийн ................УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж А.Бат-Эрдэнийн жолоодож явсан “Тоёота клугер” маркийн ................ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас ................ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. “Тоёота клугер” маркийн ................ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн, гэтэл зургаас харахад зүүн урд талын машины кабины дотор тал руу чихэгдэж, цөмөрсөн гэмтэл үүсгэсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна.

 

Тэгээд ч яллагдагч ................ шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч гэх хүн тухайн зам тээврийн осол болсон цаг хугацаанд машинаас гарч ирэхдээ нэг хөлдөө сандаал өмсчихсөн, нөгөө хөлдөө түрийтэй гутал өмсчихсөн байсан...” гэх мэдүүлэг өгснийг дахин тодруулж шалгах шаардлагатай байна.

 

Жолооч сольсон, солиогүй талаар ярьсан. ................гэх залуу Лүн сумын постын наана би машинаа ................д өгсөн, өөрөө үнэмлэхгүй байсан гэх асуудал яригдсан. Энэ талаар прокурор дахин тодруулах шаардлагатай байна.

 

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд прокурор хэргийг “прокурорт буцааж өгнө үү, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай” хүсэлтийг гаргасан.

 

Улмаар дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, шалгах шаардлага бий болсон тул прокурорын “прокурорын шатанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах боломжгүй, харин хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, зөвтгөх гэсэн хүсэлтийг хэсэгчлэн хангах нь зүйтэй байна гэж үзэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Хохирогч ................ий өмгөөлөгч Ж.Гантуяа гаргасан давж заалдах гомдолдоо: “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг “...хохирогч...” эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах эрхтэй” гэсний дагуу хохирогчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

 

1. Шүүгчийн захирамжийн 2 дугаар талд: “...Тоёота клугер” маркийн ................ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талаас мөргөсөн, гэмтэл зургаас харахад зүүн урд талын машины кабины дотор тал руу чихэгдэж, цөмөрсөн гэмтэл үүсгэсэн гэх нөхцөл байдал харагдахгүй байна...” гэж шийдвэрлэсэн.

 

Хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд “Тоёота клугер” маркийн ................ӨВЕ улсын дугаартай машины гэрэл зургууд авагдсан байгаа бөгөөд зургаас харахад тухайн зүүн урд талаасаа гаднын хүчин зүйлийн нөлөөллөөр мөргөгдөж цөмөрсөн нь илтэд харагдаж байна. Иймд танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий нотлох баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

 

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7446 дугаартай, Төв аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Ш.Анхбаярын 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай “................” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээ хийсэн 11843 дугаартай “Эй Жэй Жэй Эм” ХХК-ний 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 06/59 дугаартай дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

 

2. Шүүгчийн захирамжийн 2 дугаар талд: “...яллагдагч ................ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гэх хүн тухайн зам тээврийн осол болсон цаг хугацаанд машинаасаа гарч ирэхдээ нэг хөлдөө сандаал, нөгөө хөлдөө түрийтэй гутал өмсчихсөн байсан гэх мэдүүлэг өгснийг дахин тодруулж шалгах шаардлагатай...” гэж шийдвэрлэсэн. Энэ тухай нөхцөл байдлыг тодруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийг яллагдагч Д.Х нь үйлдсэн байж болзошгүйг тогтооход шууд хамааралгүй, ач холбогдолгүй юм.

 

Нотлох баримт өөрөө тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий байх ёстой.

 

3. Шүүгчийн захирамжийн 2 дугаар талд: “...Жолооч сольсон, солиогүй талаар ярьсан. ................гэх залуу Лүн сумын постын наана би машинаа ................д өгсөн өөрөө үнэмлэхгүй байсан гэх асуудал яригдсан. Энэ талаар прокурор дахин тодруулах шаардлагатай байна...” гэж шийдвэрлэсэн.

 

Яллагдагч Д.Х нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чигчий толгой” гэх газар асфальтан замд 2021 оны 8 дугаар сарын 12-ноос 1-нд шилжих шөнө Тоёота Карина маркийн ................дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эсрэг урсгалд зорчиж явсан ................ миний өмчлөлийн Тоёота Клугер маркийн ................ӨВЕ дугаартай машиныг мөргөсөн. Тухайн үед Д.Х нь Тоёота Карина маркийн ................дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явснаа өөрөө надад хэлж байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч ................ нарын мэдүүлгээр нотлогдоно. Эдгээр нотлох баримтууд нь зохих журмын дагуу бэхжүүлэн авагдсан нотолгооны чадвартай баримтууд юм.

 

4. Шүүгчийн захирамжийн 3 дугаар талд: “...прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан гэж үзэж байх тул анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын зүгээс зүйлчлэлийг зөвтгөхөөр хэргийг прокурорт буцааж өгөх талаар хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч ажиллагаа явуулах тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагч ................гийн өмгөөлөгч Ж.Батбаяр /цахим сүлжээгээр/ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч машин жолоодох эрхгүй, тухайн үед машиныг хэн жолоодон явсан гэдэг нь эргэлзээтэй байгааг зайлшгүй тодруулах шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх ................д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантуяагийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.

 

Хавтаст хэргийн 19-20-р тал хохирогч ................ий биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7446 тоот “...................ий зүүн тавхайн 3, 4 дүгээр шивнүүрийн хугарал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдсон, ...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт авагдсан байдаг.

 

Гэтэл анхан шатны шүүхийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд “...хохирогч нь тухайн зам тээврийн осол болох үед нэг хөлдөө сандаал, нөгөө хөлдөө түрийтэй гутал өмсчихсөн байсан...” гэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул хохирогч ................ нь өмнө хөлдөө гэмтэл авч эрүүл мэндийн байгууллагаар эмчлүүлж байсан эсэх талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авч хэрэгт хавсаргаж, энэ талаар мэдэж болзошгүй этгээдүүдээс асууж тодруулах,

 

Мөн уг зам тээврийн осол болох үед Тоёота Карина маркийн ................УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан болох талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд хоорондоо эрс, ноцтой зөрүүтэй байх тул уг мэдүүлгүүдийн зөрүүг арилгах шаардлагатай байна.

 

            ................ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдэг нь хавтаст хэргийн 140-141-р талд авагдсан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-ээр нотлогдон тогтоогдсон байхад прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн түүнийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн нь буруу болжээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн түүнийг уг зам тээврийн ослыг гарган бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзвэл Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн үндэслэл бүхий шийдвэр гарган түүнийг гэм буруутайд тооцон хуульд заасан ял оногдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн, энэ талаар дурдсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй зөв байна.

 

Харин хохирогч ................ий өмчлөлийн Тоёота Клугер маркийн ................ӨВЕ улсын дугаартай авто машинд учирсан гэх эвдрэл, гэмтэл нь тусгай мэдлэгийн хүрээнд тухайн тээврийг хэрэгслийг биет байдлаар үзэн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул уг шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хэрэгт авагдсан гэрэл зурагт тулгуурлан үндэслэлгүй, тухайн гэмтэл нь учраагүй байна гэж үзэн нэмэлт эсхүл, дахин шинжээч томилох хууль зүйн боломжгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй гэж заасан байхад шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийнхаа “Захирамжлах нь” хэсгийн 4 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч”-ийн гомдол гаргах эрхийг дурдалгүйгээр бичсэн нь тэдгээрийн хуульд заасан эрхийг хязгаарласан мэт үйлдэл болжээ.    

 

Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж зэргийг хүчингүй болгох эрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдоогүй болно.

 

Иймд хохирогч ................ий өмгөөлөгч Ж.Гантуяагийн гаргасан давж заалдсан гомдлын 1, 4 дэх хэсгийг энэ магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн ................д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/971 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч ................ий өмгөөлөгч Ж.Гантуяагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг энэ магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧИД                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                М.МӨНХДАВАА