Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 112/ШШ2024/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: “Б” хоршоо, хууль ёсны төлөөлөгч Ч.Д

Нэхэмжлэгч: “Д ” ХХК, хууль ёсны төлөөлөгч Ц.Ч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарын хооронд үүссэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Д ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч М.О /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж /цахимаар/, гэрч Н.С, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч нар нь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О-н 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843, 0043844 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д ” ХХК-ийн Б хүнсний дэлгүүрийг “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл,

-мөн өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б” хоршооны “Х” хүнсний дэлгүүрийг “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулжээ.

 

2.2. Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрүүдийг нэхэмжлэгч нар нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч “Д ” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэгч “Б” хоршоо нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус шүүхэд хандан гомдол гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-н хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 112/ШЗ2024/0054 дугаартай захирамжаар тус хэргүүдийг нэгтгэсэн байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ........ аймгийн ......... сумд үйл ажиллагаа явуулж байгаа “Д ” ХХК-ийн Б 8 нэрийн дэлгүүрт 2024 оны 02-р сарын 27-ны өдрийн 0043843 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24-р зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10,000.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн Шийтгэлийн хуудсыг 2023 оны 03-р сарын 06-ны өдөр хүлээн аваад гомдол гаргаж байна.

Учир нь иргэн Ц.Ч миний бие нь 2024 оны 01-р сарын 28-ны өдөр н.Б гэдэг хүн ирж уулзаад эмчилгээндээ хэрэглэх гэсэн юм аа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь цагаан сараар гэртээ ашиглачихъя гээд 3 шил виски авсан байсан. Аваад лангуун дороо аваад тавьчихсан байсныг манай худалдагч эгч аваад лангуун дээр тавьчихсан байсан гэтэл 29-ний орой цагдаа орж ирээд аваад гараад явсан.

Манай дэлгүүр тухайн вискиг борлуулаагүй худалдаагүй учир тухайн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч “Д ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Татварын улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. 01 дүгээр сарын 28-ны өдөр бараа тараагаад агуулахын өрөөнд сууж байхад Б.Б гэдэг залуу орж ирээд "эгч мөнгөний хэрэг болоод байна, 3 вискиг мөнгөөр аваадхаач” гэхээр нь би жоохон завгүй байна, авмааргүй байна гээд жаахан ууртай байхад манай нөхөр ирээд гурвууланг нь авчихъя, цагаан сардаа хэрэглэе гээд мөнгийг нь өөрөө бэлэн өгчихсөн. Тэр 3 шил вискиг цагаан сараар хэрэглэх архитай нийлүүлээд амрах өрөөнд тавьчихсан байсныг худалдагч бараа янзалж цэгцэлж байгаад өрчихсөн байсан юм. Тэрийг нь мэдээгүй байж байтал 29-ний 9 цаг 30 минутад С.Э цагдаа орж ирээд хуурамч архи виски зарагдахтай холбоотой шалгалт үзлэг хийх гэж байгаа гэхээр нь тэг тэг гээд бүх архиа гаргаж тавьсан чинь нөгөө 3 шил вискиг вискиний лангуун дээр тавьчихсан байсан юм. Тэгээд би өчигдөр хүнээс авсан юм, үүнийг манай худалдагч тавьчихсан байна гэхэд аваад гарсан. Тэгээд ажлын цаг биш, амрах цаг нь болчихсон байсан учраас худалдагч руу яриагүй.  Маргааш нь "чи миний хэрэглэх гэж байсан вискиг аваад лангуу дээр тавьчихсан байна шүү дээ. Цагдаа хураагаад авчихлаа" гэхэд хэлэхгүй яасан юм мэдээгүй шүү дээ гэсэн. Худалдагчтай ярих завгүй байсан. Урд өдөр нь аваад л маргааш орой нь хураалгасан гэв.

 

3.3. Нэхэмжлэгч “Б” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай хоршоо нь 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 оноос хойш Х хүнсний дэлгүүрт архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Ингээд “Б” хоршооны дарга нь Ч.Д гэх хүн байдаг бөгөөд 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсаар торгосон болохыг манай дэлгүүрийн худалдагч Н.С нь хоршоог төлөөлөх итгэмжлэх өгөөч торгуулсан асуудлаар шүүхэд хандах гэсэн юм гэх үед нь буюу 2024 оны 03-р сарын 20-ны өдөр мэдсэн байна. Түүнээс өмнө нь буюу зөрчлийн хэрэг бүртгэх үед хоршоог төлөөлөх эрх бүхий этгээдэд шийтгэл торгууль зөрчлийн талаар цагдаа, татварын байцаагчаас Шийтгэлийн хуудсын талаар мэдэгдээгүй, “Б” хоршооны зүгээс тус акцгүй архи согтууруулах ундааг худалдаж аваагүй, дэлгүүртээ нийлүүлээгүй байна. Тус дэлгүүрийн худалдагч Н.С нь хувьдаа авсан байсан гэх тайлбарыг өгч байгаа болно. Иймээс хоршоог торгож байгаа шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О-н 2024 оны 02-р сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Нэхэмжлэгч “Б” хоршооны хууль ёсны төлөөлөгч Ч.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б хоршоо нь “Х”  хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч, 2002 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. “Б” хоршооны худалдагч Н.С хувийн архийг хоршооны нэрийг барьж нэхэмжлэх гаргаж байгааг хоршоонд торгууль ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгүүрийн худалдагч Н.С-г хувьдаа авсныг гэрчилж өгнө үү. Худалдагч Н.Сг виски хувьдаа авсан хоршоонд хамааралгүй байхад торгууль оногдуулж байгааг хүлээх боломжгүй байна. Энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай “Б” хоршоонд холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудас. Мөн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0043843 дугаартай “Д” ХХК-д холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Холбогдогчид өгсөн хувь нь 02 дугаар сарын 27-ны өдрөөр ирсэн

“Б” хоршоо юу гэж үзэж байгаа вэ гэхээр өнөөдөр тухайн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар “Б” хоршооны холбогдох эрх бүхий хариуцах эзэнд нь энэ талаар ямар ч тайлбар, мэдүүлэг, шийтгэлийн хуудсыг гардуулсан зүйл байдаггүй. Шүүх дээр ирээд нэхэмжлэл явж байх хугацаатай холбоотойгоор итгэмжлэл авах үед нь “Б” хоршооны эзэн Ч.Д гэж хүн мэдсэнээр энэ ажиллагаа зөв голдиролдоо орж явж эхэлсэн байгаа. Түүнээс зөрчилтэй холбоотой асуудлыг Ч.Д гэж хүн огт мэдээгүй. Тэгэхээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зөрчилд шийтгэл оногдуулах бөгөөд холбогдох албан тушаалтан холбогдогчоо зөв тодорхойлж чадаагүй. Энэ зөрчлийн бодит байдлыг мөн тогтоож чадаагүй нөхцөл байдлаас үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан юм байна гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байгаа. “Д ” хувьцаат компанийн тухайд мөн хэргийн бодит байдал, зөрчлийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Ерөнхийдөө яагаад ингэж үзэж байна гэхээр Ц.Ч гэж хүнээс анх эхлээд …… аймгийн ......... сумын хэсгийн төлөөлөгч тайлбар мэдүүлэг авсан юм шиг байгаа боловч Ц.Ч-ээс мэдүүлэг огт аваагүй. Татварын байцаагч мөн тайлбар мэдүүлэг авахдаа ерөнхийд нь асуугаад явчихсан болохоос яг ямар үйл баримт болсон талаар дэлгэрэнгүй асуугаагүйгээс болоод тухайн шийтгэл оногдуулах субъектийг нь зөв тодорхойлж чадаагүй байна гэж харахаар ийм нөхцөл байдлууд байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан байгаа. “Б” хоршооны тухайд зөвхөн худалдагч энэ асуудлыг хийгээд явчихсан. Түүнээс “Б” хоршооны эзэн буюу Ч.Д гэж хүн акцгүй архи худалдаж авч дэлгүүртээ тавьсан, нийлүүлсэн ийм асуудал огт байдаггүй. Тэгэхээр худалдагч нь тухайн архийг авсан ийм үйл баримт тогтоогдож байна гэж харж байгаа. Мөн “Д ” ХХК тухайд Ц.Ч-ийн нөхөр нь гэрч Б.Б-с вискиг худалдаж авдаг, тэгээд дэлгүүртээ тавьчихсан байсныг нь худалдагч мөн лангуун дээр өрчихсөн ийм процесс болдог. Тэрийг нь анзааралгүй байж байгаад хураалгасан ийм процессууд болсон. Тэгэхээр ерөнхийдөө субъект нь зөв тодорхойлогдоогүй байна. Тийм учраас “Д ” ХХК, “Б" хоршоонд холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.

Өнөөдрийн энэ хэрэгт 2 зөрчлийн материал нэгдэж орж ирсэн байгаа. Би эндээс харьцуулах маркаар 1, 2 мэдүүлгийг голчилж шинжлэн судалъя гэж бодож байна. Нэгдүгээрт Т.П-н Н.С Ц.Ч хоёрын мэдүүлэг байгаа. Н.С-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 28 дээр, Ц.Ч-ийн мэдүүлэг 76 дээр байна. Юуг нь шинжлэн судлах вэ гэхээр Ц.Ч, Н.С хоёрын мэдүүлэг үг үсгийн зөрүүгүй. Н.С-аас авсан мэдүүлгийн үг үсгийн алдааг тэр чигээр нь хуулаад Ц.Ч-ийн мэдүүлэг дээр тавьчихсан. Ц.Ч-ийн мэдүүлгээс уншиж танилцуулъя. 2024 оны 1 сарын 17-ны өдөр иргэн Б.Б манай дэлгүүрт орж ирэхдээ надаас танайх архины тусгай зөвшөөрөлтэй юм чинь эгч надад 3 шил виски 50,000 төгрөгөөр зараад өгөөч гэж орж ирсэн тул би өвчин зовлонтой байгааг нь бодож авсан гэсэн байгаа. Ингээд Ц.Ч гэсэн нэрний доор нь зөвлөх тэмдгүүд тавигдаж эхэлсэн. Тэгээд яасан гэхээр Ц.Ч гэж хүн Т.П-т огт мэдүүлэг өгөөгүй. Тэгээд Б.Б гуйж байгаад надаар ирээд гарын үсэг зуруулаад аваад явсан. Би зурахгүй гэхэд та зураад өгчихөөч энэ чинь намайг шалгаж байгаа юм гэдэг байдлаар гуйж сууж байгаад зуруулаад аваад явсан юм гэдэг. Тэгэхээр Б.Б-н мэдүүлэгт юу гэж байгаа вэ гэхээр надад 3, 4 хуудас өгсөн. Тэгээд би Ч эгчийг уурлаад байхаар нь гуйж байгаад зуруулсан юм гэдэг байдлаар өгсөн. Мэдүүлгийн ард 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлийг үйлдсэн байгаа. Энэ тэмдэглэлийг үйлдэхдээ мөн Ц.Ч-ийн нэр дээр зөвлөсөн тэмдэг тавьчихсан. Тэгэхээр сая орж ирсэн С.Э-н мэдүүлэгт яг хураан авсан хүн нь хэн бэ гэхээр С.Э 2 дэлгүүрээс хоёуланг нь хурааж авч явсан. Тэгэхээр зөрчлийн хэргийн материалуудад Т.П хураан авсан тэмдэглэлийг өөрөө хурааж авсан мэтээр үйлдэж хийсэн ийм нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Тэгэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтан ямар ямар тохиолдолд эд зүйлийг хураан авах вэ, хураан авахдаа яаж, яаж, ямар баримтыг бүрдүүлэх вэ, юуг тэмдэглэх вэ гэдэг нь маш дэлгэрэнгүй байдаг. Гэтэл 1 хоногийн өмнө хураагаад аваад явчихсан. Энэ дээр нөхөж 1 хоногийн дараа хураан авсан тэмдэглэлийг үйлдэж байгаа ийм нөхцөл байдлууд байгаа. Мөн Н.С, Ц.Ч хоёроос авч байгаа энэ мэдүүлгүүдийг гэрчийн мэдүүлэг гэж авсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор Б.Б гэж хүнийг шалгаж байгаа ийм нөхцөл байдлууд энд байгаа. Тэгэхээр холбогдогчийн эрх үүрэг, гэрчийн эрх үүрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөр өөр онцлогтой байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахаар тухайн эрхийг нь ч хангаагүй ийм нөхцөл байдлууд харагдаж байгаа. Мөн мэдүүлэгт юуг дурдсан байдаг вэ гэхээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Б манай дэлгүүрт ирэхдээ гэдэг байдлаар мэдүүлгүүдийг зохиогоод биччихсэн. Тэгэхээр 01 дүгээр сарын 17-нд биш ээ. Энэ нь 28, 29-нд бичигдсэн байдаг. Б.Б гэдэг хүнтэй та нар уулзаад асуугаач ээ гэсэн чинь Б.Б гэж хүн 01 дүгээр сарын 17-ны үеэр Улаанбаатар хотод эмчилгээнд явж байсан ийм тохиолдол байгаа юм байна лээ. Тэгэхээр үүнийг шаардлагатай гэж үзэх юм болбол Б.Б-н эмчилгээний карт дээр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ийм нөхцөл байдлууд байдаг. Б.Б гэж хүн яг хэзээ, хэзээ өгснөө өөрөө маш тодорхой дэлгэрэнгүй мэдүүлгийг шүүхийн шатад өгсөн байгаа. Тэгэхээр өмнөх зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ерөнхийдөө хууль зөрчсөн ийм нөхцөл байдлууд тогтоодож байна. Зөрчлийн яг бодит байдал бүрэн тогтоогдож орж ирж чадаагүй учраас эдгээр хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж миний зүгээс харж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг нарийвчлан шинжлэн судлуулж оролцож байна. Тэгэхээр энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар зөрчлийг хэн хүлээх, энэ зөрчлийг хэн үйлдээд байгаа юм, үүнийг нарийвчлан тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. “Б хоршоо”, “Д ” хувьцаат компанид оногдуулаад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Үүнийг тухайн яг дэлгүүрийн худалдагч нар ийм зүй зохисгүй ийм нөхцөл байдлыг үүсгэсэн байна гэж үзэж байна. Гэрчээр мэдүүлэг өгсөн тухайн дэлгүүрт худалдагчаар зогсож байсан М “би мэдэхгүйгээс ийм байдал үүсчихлээ, тухайн үедээ чи ийм акцгүй виски тавьчихсан байна. Өөрсдөө хэрэглэхээр худалдаж авсан зүйлийг тавьчихлаа гэхээр нь ямар сүртэй юм бэ гэж бодож байсан. Тэгсэн чинь яалт ч үгүй үнэхээр аргагүй байсан байна. Одоо хариуцлагыг нь би хүлээхэд бэлэн” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Н.С-ийн хувьд ч гэсэн үүнийг бүхэл бүтэн хоршоог торгуулж байхаар үүнийг би ч гэсэн өөрөө хариуцлагаа үүрэхэд бэлэн гэдэг байдлаар явж байгаа гэдгийг Ч.Д бас хэлсэн байгаа гэв.

 

3.6. Хариуцагч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Татварын газарт 2024 оны 01-р сарын 29-ний өдөр Цагдаагийн газраас 102 дугаартай зөрчлийн дугаартай Онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх “Д " ХХК -тай холбоотой зөрчлийг харьяалалын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагааг явуулахад Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Татварын бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч М.О Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 0073343 дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 /арван мянган нэгж/-тэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ тооцсон. Зөрчил үйлдэгч “Д ” ХХК -ийн захирал Ц.Ч нь Цагдаагийн газрын алба хаагч болон Татварын улсын байцаагчид мэдүүлсэн мэдүүлэгт, хурааж авсан Вlаск нэртэй 3 ширхэг виски зэргээр нотлогдож, өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөерч байгаагаа дурьдан, гарын үсгээ зурсан байдаг. Иймд нэхэмжлэгч “Д ” ХХК-ны захирал Ц.Ч-т оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн “Д ” ХХК-ны захирал Ц.Ч-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн энэ тайпбарыг хүргүүлэв.

 

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ 2 зөрчил шалган шийдвэрлэх ажлаар 2 шийтгэлийн хуудас үйлдсэн. Энэ хэрэгт авагдсан гол нотлох баримтууд нь мэдүүлгүүд байгаа. Яг ямар байдлаар мэдүүлэг авсан бэ? 2 эрх бүхий албан тушаалтан авсан мэдүүлгүүд энэ зөрчлийг нотолж байгаа гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1-д хэргийн үйл баримтыг тогтоох ач холбогдол бүхий баримт олох зорилгоор эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авдаг. Зөрчил мөн үү, үгүй юү гэдгийг холбогдогчоос гэрчээр мэдүүлэг авдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой холбогдогч нараас буюу яг энэ тухай зөрчлийг цагдаагийн албан тушаалтныг илрүүлээд цагдаагийн хэлтэс дээр зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад өгч байсан мэдүүлгүүд болон татварын улсын байцаагчид зөрчлийн этгээд нь шилжиж ирээд тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх тухай ажиллагаа хийж байсан мэдүүлгүүд хоорондоо таардаг. Цагдаа дээр Н.С болон Ц.Ч гэдэг 2 этгээдийн гэрчээр өгсөн мэдүүлэг дээр Б.Б гэж этгээд өвчтэй, хорт хавдартай хүн байсан болохоор нэг ёсондоо сайн санааны үүднээс архийг нь худалдаж борлуулж өгье гэдэг үүднээс архийг нь худалдан аваад дэлгүүрийнхээ лангуун дээр буюу архи тавьдаг хэсэг дээрээ тавьсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Үүнийг нь татварын улсын байцаагчийн өмнөх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай холбогдогч нараас авсан мэдүүлэг дээр адил мэдүүлсэн байдаг. 2 эрх бүхий албан тушаалтанд өгсөн мэдүүлгүүд таарч байгаа. Ерөнхий асуусан гээд байгаа. Зөрчлийг нотлоход тухайн архи буюу акцгүй архийг худалдан борлуулах зориулалттай лангуун дээр тавьсан үйлдэл эс үйлдэхүйг тогтоох зорилгоор асуулт тавьсан. Тэгэхээр тухайн мэдүүлэг дээр үнэн зөв, танилцсан гэдэг хэсгүүд дээр холбогдогч нар гарын үсэг зурж цагдаа дээр өгсөн нэг мэдүүлэг дээр, гэрчээр өгч байсан мэдүүлэг дээр танилцсан, үнэн зөв гэж гарын үсэг зурсан. Гэтэл шүүх ажиллагаа эхлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилуулаад Б.Б гэх этгээд буюу акцгүй архийг худалдаж өгөөч гэж гуйсан этгээдийг гэрчээр асуусан байгаа. Тэгтэл Б.Б-ын мэдүүлгүүд дээр хуурай дүү маань 6 шил акцгүй архиа худалдан борлуулаад эмчилгээндээ хэрэглэ гэж өгсөн болохоор сумынхаа 2 дэлгүүрт байршуулахаар 3, 3-аар өгсөн. Сумын 2 дэлгүүр тухайн нөхцөлд хүлээн зөвшөөрөөд лангуун дээрээ тавьсан гэдэг мэдүүлгээ өгсөн боловч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ нөхөрт нь хүчээр 50,000 төгрөгийг бэлнээр авсан гэж мэдүүлгүүд зөрөөд байгаа. Тэгэхээр үүн дээр нотлох баримтуудыг буюу мэдүүлгүүдийн хоорондын нотлох ажиллагааг эргэлзээгүй талаас нь үнэлэх үүднээс өмнө нь буюу хэрэг үүсэж бий болсон зөрчил үйлдэгдсэн өдөртөө хамгийн ойр өгсөн 2 эрх бүхий албан тушаалд өгсөн мэдүүлгийг бол яг энэ нотлох баримтаар голлож харах нь чухал гэж үзэж байгаа. Мөн энэ зөрчлийн зүйлчлэл дээр акцгүй буюу тэмдэггүй архи согтууруулах ундааг худалдан борлуулсан гэж байгаа. Тэгтэл үүнийг худалдсан, мөнгө бэлнээр авсан үйлдэл эс үйлдэхүй байхаасаа илүүтэй Онцгой албан татварын тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, согтууруулах ундааны эргэлт, хяналт тавих, архидан согтуурах тэмцэх тухай хуульд бол энэ онцгой албан татварын акт буюу тэмдэггүй архийг зах зээлд худалдан борлуулахыг хориглосон зохицуулалтуудыг тусгасан. Тэгэхээр худалдан авах боломжийг нь хангаад худалдах зорилгоор лангуун дээрээ тавьж байгаа үйлдлийг зөрчил гэж үзэх ёстой гэж сүүлийн үед шүүхийн шийдвэрүүд болоод хууль зүйн үзэл баримтлалынх нь тайлбарт зөрчил яг таг үйлдсэн, нотлох баримт эргэлзээгүй талаасаа үнэлэгдсэн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй болсон гэдэг тайлбарыг өгч байна гэв.

 

3.8. Гэрч С.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр ……… аймгийн Цагдаагийн газраас хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдсан. Архи согтууруулах ундаа акцгүй үйлдвэрлэгдсэн зөрчил илэрсэн учраас сум орон нутаг хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаа нар сум орон нутагтаа хяналт шалгалтыг зохион байгуулж ажилла гэсэн үүрэг чиглэлийн дагуу сум орон нутагтаа дэлгүүрүүдээр нь оройны 9 цагаас хойшоо хяналт шалгалтыг хийж ажилласан. Ажиллах хугацаанд энэ 2 дэлгүүрээс лангуун дээр нь болон лангууны доод хэсгээр тавьсан байсан 3 ширхэг вискиг хурааж авч үзлэг шалгалтыг хийсэн. Тухайн үед зургийг нь дарж авсан. Хурааж авахдаа тэмдэглэлийг үйлдсэн байгаа …эхлээд “Х” хүнсний дэлгүүр лүү хяналт шалгалтаар ороход худалдагч Н.С эгч өөрөө байсан. Хяналт шалгалтаар явж байгаагаа хэлж үзлэг шалгалтаа хийсэн. Лангуун доор 3 шил виски илэрсэн. Яг худалдаж байгааг хараагүй. Лангуун доор тавьсан байсан. Архины хэсэг нь тасаг тасгаар байдаг юм. Тэрний доор байсныг хурааж авсан. “Д ”-д ороход Ц.Ч эгч өөрөө байсан. Хяналт шалгалтаар явж байгаагаа хэлсэн. Лангуу биш ундаа хийдэг шилэн хаалгатай хөргөгч дотор нь 3 шил виски байсныг хурааж авсан. Архины лангуун дээр биш өөр хэсэгт байсан…” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийг оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагч М.О нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б” хоршоог, мөн өдрийн 0043843 дугаар шийтгэлийн хуудсаар “Д ” ХХК-ийг тус тус 10,000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

3. “Б” хоршооны “Х” хүнсний дэлгүүр болон “Д ” ХХК-ийн “Б” хүнсний дэлгүүр нь онцгой албан татварын тэмдэггүй /татварын акцгүй/ 3 шил виски буюу архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх зөрчилд тус бүр шийтгэлийн хуудсаар арван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Шүүх хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийтгэл тус бүрт нь дүгнэлт өгөх шаардлагатай байна.

4. “Б” хоршоонд оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дугаартай шийтгэлийн хуудасны тухайд:

4.1.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан холбогдогч Н.С-с мэдүүлэг авсан тэмдэглэлд “...асуулт: “Х” хүнсний дэлгүүр нь иргэнээр явдаг уу эсвэл аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдээр явдаг уу? хариулт: “Б” хоршоогоор явдаг, ...асуулт: за та тухайн “Б” хоршоо эзэн учраас танийг тухайн зөрчлийн хэрэгт холбогдогч гэж үзэн мэдүүлэг авч байна, ...асуулт: “Б” хоршоо Х хүнсний дэлгүүр нь хэдэн ажилтантай вэ? Ямар ээлжээр явдаг вэ? хариулт: нэг ээлжээр явдаг. Нийт 2 ажилтантай” гэсэн;

4.2.Аймгийн Засаг даргаас 2022/... дугаартай ......... сумын “Б” хоршоонд спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон;

4.3.Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 161 дугаар албан бичгийн хавсралтаар “Б” хоршооны захирал Ч овогтой Д буюу гүйцэтгэх удирдлагын мэдээллийн лавлагааг гаргаж ирүүлсэн;

4.4. Гомдол гаргагч “Б” хоршооны захирал Ч.Д “ Б хоршоо нь Х хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг авч 2002 оноос өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна ...дэлгүүрийн худалдагч Н.С виски хувьдаа авсан хоршоонд хамааралгүй байхад торгууль оногдуулж байгааг хүлээх боломжгүй байна...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

5. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4-т “"оролцогч" гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг”, хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасан.

6. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахдаа тухайн зөрчилд холбогдогч “Б” хоршооны хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр “Б” хоршоонд шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

7.Тодруулбал: Холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.5-т “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.7-т “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах”, 2.9-т “зөрчлийн хэрэгтэй танилцах” зэрэг холбогдогчийн эрхийг зөрчсөн байна.

8. “Д ” ХХК-д оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 дугаартай шийтгэлийн хуудасны тухайд:

8.1.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зөрчлийн материалд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан холбогдогч Ц.Ч-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл: “...асуулт: “Б” хүнсний дэлгүүр нь иргэнээр явдаг уу эсвэл аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдээр явдаг уу? хариулт: ААН-ээр явдаг, асуулт: та архины зөвшөөрөлтэй байж акцгүй архи яагаад лангуун дээр байрлуулсан юм бэ? хариулт: хорт хавдар туссан Б.Б гэдэг иргэн эгч 3 шил виски мөнгө болгоод өгөөч гэхээр нь авсан, хайрцагтай болохоор акцыг нь үзээгүй, 1 ширхэгийг ч зараагүй хураалгасан, ...акцгүй виски гэдгийг мэдээгүй хайрцагтай нь үзэлгүй тавьсан ...вискиний лангуунаас хураалгасан, ...тухайн өдөр би өөрөө зогсож байсан” гэсэн;

8.2.Аймгийн Засаг даргаас 2022/... дугаартай ......... сумын “Д ” ХХК-д спиртийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн худалдах аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон;

8.3. “Д ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ........ дугаар гэрчилгээнд “Д ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц овогтой Ч гэсэн нотлох баримт авагдсан байна.

9. Харин Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хэсгийн төлөөлөгч Т.П-т мэдүүлэг өгөөгүй. 02 сард намайг Н.С эгчтэй ирж мэдүүлэг өг гэхээр нь мэдүүлэг өгч чадахгүй гэж хэлсэн. Б.Б намайг гарын үсэг зураад өг гэхээр нь гүйлгэж харсан. Бүгд худлаа байсан. Тэгээд зөвлөсөн хэсэгт гарын үсэг зураад өгсөн. Миний регистрийн дугаарыг буруу бичсэн байхаар нь би зөв болгоод явуулсан…” гэсэн тайлбар, гэрч Б.Б “…хэсгийн төлөөлөгч Т.П нь 3, 4 хуудас цаас тоог нь яг санахгүй байна, надаар өгч явуулаад Ц.Ч-ээр гарын үсэг зуруулсан. Овоо хэдэн гарын үсэг зуруулсан. Зурах газар нь зөвлөчихсөн байсан. Тэр цаасан дээр вискиний талаар юм бичсэн байсан. Би уншсан боловч сайн ойлгоогүй. Тэгээд ингэх ёстой юм болов уу гэж бодоод аваачиж Ц.Ч-ээр гарын үсэг зуруулсан” гэж мэдүүлсэн.

10. “Б” хоршоо болон “Д ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.П-н Н.С Ц.Ч хоёроос авсан мэдүүлэг байгаа. Н.С-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 28 дээр, Ц.Ч-ийн мэдүүлэг 76 дээр байна. Юуг нь шинжлэн судлах вэ гэхээр Ц.Ч, Н.С хоёрын мэдүүлэг үг үсгийн зөрүүгүй. Ц.Ч-ийн мэдүүлгээс уншиж танилцуулъя. 2024 оны 1 сарын 17-ны өдөр иргэн н.Б манай дэлгүүрт орж ирэхдээ надаас танайх архины тусгай зөвшөөрөлтэй юм чинь эгч надад 3 шил виски 50,000 төгрөгөөр зараад өгөөч гэж орж ирсэн тул би өвчин зовлонтой байгааг нь бодож авсан гэсэн байгаа. Н.С-с авсан мэдүүлгийн үг үсгийн алдааг тэр чигээр нь хуулаад Ц.Ч-ийн мэдүүлэг дээр тавьчихсан. Ингээд Ц.Ч гэсэн нэрний доор нь зөвлөх тэмдгүүд тавигдаж эхэлсэн. Тэгээд яасан гэхээр Ц.Ч гэж хүн Т.П-т огт мэдүүлэг өгөөгүй. Тэгээд Б.Б гуйж байгаад надаар ирээд гарын үсэг зуруулаад аваад явсан. Би зурахгүй гэхэд та зураад өгчихөөч энэ чинь намайг шалгаж байгаа юм гэдэг байдлаар гуйж сууж байгаад зуруулаад аваад явсан юм гэдэг. Тэгэхээр Б.Б-н мэдүүлэгт юу гэж байгаа вэ гэхээр надад 3, 4 хуудас өгсөн. Тэгээд би Ч эгчийг уурлаад байхаар нь гуйж байгаад зуруулсан юм гэдэг байдлаар өгсөн…Мөн Н.С, Ц.Ч хоёроос авч байгаа энэ мэдүүлгүүдийг гэрчийн мэдүүлэг гэж авсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор Б.Б гэж хүнийг шалгаж байгаа ийм нөхцөл байдлууд энд байгаа. Тэгэхээр холбогдогчийн эрх үүрэг, гэрчийн эрх үүрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өөр өөр онцлогтой байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас харахаар тухайн эрхийг нь ч хангаагүй ийм нөхцөл байдлууд эндээс харагдаж байгаа. Мөн мэдүүлэгт юуг дурдсан байдаг вэ гэхээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б манай дэлгүүрт ирэхдээ гэдэг байдлаар мэдүүлгүүдийг зохиогоод биччихсэн. Тэгэхээр 01 дүгээр сарын 17-нд биш ээ. Энэ нь 28, 29-нд бичигдсэн байдаг. Б гэдэг хүнтэй та нар уулзаад асуугаач ээ гэсэн чинь Б.Б гэж хүн бүүр 01 дүгээр сарын 17-ны үеэр Улаанбаатар хотод эмчилгээнд явж байсан ийм тохиолдол байгаа юм байна лээ. Тэгэхээр үүнийг бүүр шаардлагатай гэж үзэх юм болбол Б.Б-ын эмчилгээний карт дээр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ийм нөхцөл байдлууд байдаг. Б.Б гэж хүн яг хэзээ, хэзээ өгснөө өөрөө маш тодорхой дэлгэрэнгүй мэдүүлгийг шүүхийн шатанд өгсөн байгаа...” гэх тайлбаруудыг гаргасан байгаагаас дүгнэхэд шүүх хэсгийн төлөөлөгч Т.П-н холбогдогчоор Б.Б, гэрчээр Ц.Ч-г асуусан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй.

11.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж шударга ёсны зарчмыг баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

12. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т зааснаар татварын улсын байцаагч харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх бөгөөд “Д ” ХХК-д 10,000.000 төгрөгний шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг зөрчсөн байна.

13. Тухайн зөрчлийн хэрэгт холбогдуулан вискиг анх Ц.Ч-т худалдсан Б.Б гэрчээр шүүхэд мэдүүлэхдээ: “Би уг нь хувьдаа хэрэглэх гэж хотоос 8 шил виски авчирсан ...хот руу эмчилгээнд яваад мөнгөгүй болчихсон учраас 2-ыг нь цагаан сараар хэрэглэнэ гэж авч үлдээд үлдсэн 6-г зарсан. Эхлээд 3 шилийг нь Я гээд айлд аваачиж өгөх гээд очсон гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь хойшоо гараад Д-д 3 шилийг нь хүчээр өгсөн. Эхнэр Ч нь жоохон дургүй байсан. Би нөхөрт нь өгчихсөн. Тэгээд карманаасаа мөнгө гаргаад өгөхөөр нь тэрийг нь аваад явсан ...” гэсэн,

Ц.Ч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... 01 дүгээр сарын 28-ны өдөр бараа тараагаад агуулахын өрөөнд сууж байхад Б.Б гэдэг залуу орж ирээд "эгч мөнгөний хэрэг болоод байна, 3 вискиг мөнгөөр аваадхаач” гэхээр нь би жоохон завгүй байна, авмааргүй байна гээд жаахан ууртай байхад манай нөхөр ирээд гурвууланг нь авчихъя, цагаан сардаа хэрэглэе гээд мөнгийг нь өөрөө бэлэн өгчихсөн. Тэр 3 шил вискиг цагаан сараар хэрэглэх архитай нийлүүлээд амрах өрөөнд тавьчихсан байсныг худалдагч бараа янзалж цэгцэлж байгаад өрчихсөн байсан юм…” гэсэн,

Гэрч Н.М  “…тэр 3 вискиг авгай нөхөр 2 өөрсдөө авсан гэсэн. Аваад складанд тусад нь хайрцганд хийгээд архи ундаатайгаа нийлүүлээд тавьчихсан байсан юм байна лээ. Тэгээд дэлгүүрийн эзэд 25-дын үеэр ирээд хаврын ноолуурын гэрээгээр гээд цагаан сарын бэлтгэл хийж байгаа хүмүүст бараагаа өгөөд лангуу хоосорсон байсан учраас би складанд байсан бараануудыг гаргаж лангуун дээр өрж тавьсан. Тэр бараан дунд тэр 3 виски байсныг би аваачаад лангуун дээр тавьсан. Дөнгөж ачаа ирсэн, хүн ихтэй ачаалалтай байсан, би өөрөө хөдөө гэр лүүгээ явах гээд яарч байсан учраас явахаасаа өмнө гээд бараануудыг өрж тавьсан. Шинэ ирсэн ачаан дунд ч архи, виски ирсэн байсан. Агуулахад тэр 3 виски бол тусдаа хайрцагтай байсан. Би хайрцаг савтай байсан болохоор зарах бараа юм болов уу гэж бодоод лангуун дээр тавьсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч ......... сумын цагдаа С.Э-н “…Тухайн өдөр ……  аймгийн Цагдаагийн газраас хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдсан. Архи согтууруулах ундаа акцгүй үйлдвэрлэгдсэн зөрчил илэрсэн учраас хэсгийн төлөөлөгч, цагдаа нар сум орон нутагтаа хяналт шалгалтыг зохион байгуулж ажилла гэсэн үүрэг чиглэлийн дагуу сум орон нутагтаа дэлгүүрүүдээр нь оройны 19 цагаас хойшоо хяналт шалгалтыг хийж ажилласан …”Д ”-д ороход Ц.Ч эгч өөрөө байсан. Хяналт шалгалтаар явж байгаагаа хэлсэн. Лангуу биш ундаа хийдэг шилэн хаалгатай хөргөгч дотор нь 3 шил виски байсныг хурааж авсан. Архины лангуун дээр биш өөр хэсэгт байсан…” гэх мэдүүлгээс тухайн зөрчлийн нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна.

14.Тодруулбал: Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа буюу виски худалдсан, эсхүл борлуулсан зөрчил үйлдэгдсэнийг шүүх үгүйсгэхгүй, гэхдээ эрх бүхий албан тушаалтан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөрчлийн нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг бүрдүүлэх, хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг бүрэн тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулах байтал Ц.Ч-ээс мэдүүлэг авснаар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

15. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тэмдэггүй согтууруулах ундаа …бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, борлуулсан …бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээд хэрхэн, ямар ашиг сонирхлын төлөө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр шийтгэлийг оногдуулахаар байна.  

16. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчийн 0043844, 0043843 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 3, 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7, 2.9,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.О-н “Б” хоршоог 10,000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043844 дүгээр шийтгэлийн хуудас, “Д ” ХХК-ийг 10,000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0043843 шийтгэлийн хуудсыг  тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д заасныг баримтлан “Б” хоршоо болон Д ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ