Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03611

 

даа 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 30 181/ШШ2024/03611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух Т овогт А.Ү /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......дүүрэг, ...........хороо, ........давхар, ..... байрлах А ХК /РД:........./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 18,556,695.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Ү нь хариуцагч А ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Миний төрсөн эцэг Х овогтой А нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 35 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн Ү-2204000830 дугаартай 29 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авах санхүүжилтийн зорилгоор ХХ-тай №ЗГ-ВСС2016042022-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ (8 хувь) гэрээ байгуулж, 180 сарын хугацаатай, жилийн 0.8 хувийн хүүтэй, 40,000,000 төгрөг зээлж авсан.

Х.А нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д заасны дагуу А ХК-тай Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ., 432 дугаар зүйлийн 432.1 дэх хэсэгт Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна. гэж тус тус заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 4АSSR20221222029 тоот Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ, 4АSSR20221222026 тоот Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг тус тус байгуулсан.

Миний эцэг Х.А 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зүрх нь гэнэт зогссоны улмаас Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод нас барж даатгалын эрсдэл үүссэн. Амь даатгалын гэрээний 3.2 дахь хэсэгт Зүрх гэнэт зогсох амь насны нэмэлт эрсдэлийг сонгож 0.02 хувиар даатгалын хураамж төлж тооцуулан даатгалын хураамжийг төлсөн.

А.Ү би Нийслэлийн тойргийн Нотариатч Б.Т 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр №0003 Өвлөх эрхийн гэрчилгээ, 527.1 дэх хэсэгт Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. 531.3 дахь хэсэгт Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө олгож болно. гэж зааснаар хууль ёсны өвлөгч юм.

Даатгуулагч нас барсан тохиолдолд түүнийг нас барах өдрийн байдлаар төлвөл зохих зээлийн үлдэгдлийн тооцоог ХХ тооцож, А ХК руу хүргүүлдэг ажил хэргийн тогтсон жишигтэй аж.

Дээрх жишгийн дагуу талийгчийн төлвөл зохих зээлийн үлдэгдэл 32,171,517.06 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт банкнаас 2023 оны 10 дугаар сарын эхээр А ХК руу хүргүүлснийг тус банкны Даатгалын хэлтсээс надад утсаар мэдэгдсэн.

А ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 13,835,467 төгрөг олгосон ба энэ үндэслэлээ тайлбарлахаас татгалсзан тул би Санхүүгийн Зохицуулах Хороонд ..., 4АSSR20221222029 тоот Амь даатгалын гэрээний 7.10 дахь хэсэгт Даатгуупагч нь нэмэлт эрсдлүүдийг сонгож даатгуулсан бөгөөд зүрх судасны эмчийн байнгын хяналтад байдаг. Зүрх болон тархины цус хомсрох өвчнөөр оношлогдож байсан иргэн даатгуулсан эхний жилдээ цус харвах, зүрх зогсох эрсдлийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн 50 хувиар олгоно. Даатгуулагч даатгуулсан 2 дахь жилдээ эсвэл уг хугацаанаас хойш даатгалын тохиолдол гарсан бол нөхөн төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн 100 хувиар олгоно гэж заасны дагуу А ХК-иас нөхөн төлбөрийг 100 хувиар гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гаргасан.

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай 9/4888 тоот албан бичгээр ...гэрээний 7.10 дахь хэсэгт даатгуулагч даатгуулан 2 дахь жилдээ эсвэл уг хугацанаас хойш даатгалын тохиолдол гарсан бол нөхөн төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн 100 хувиар олгоно. гэж заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн байх тул даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгох нь зүйтэй байна. гэсэн хариуг А ХК-д хүргүүлсэн.

А ХК-иас 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 1/24/26 тоот албан бичгээр ..., даатгуулагч 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан байх бөгөөд даатгалын тохиолдол гарах үед зээлдэгчийн зээлийн үлдэгдэл төлбөр 27,670,934.67 төгрөг байсан тул дүнгийн 50 хувь төлбөрийг олгож шийдвэрлэсэн, нэмж олгох даатгалын нөхөн төлбөр байхгүй гэж хариу мэдэгдсэн.

Дээр дурдсанчлан талийгчийн зээлийн үлдэгдэл 32,171,517.06 төгрөг тул А ХК нь үлдэгдлийн 50 хувиар тооцох бол 16,085,758.53 төгрөг даатгалын нөхөн төлбөр олгох ёстой байсан. Гэвч 13,835,467 төгрөг олгосон нь 2,250,291.53 төгрөгөөр дутуу байдаг.

А ХК-ийн зүгээс Амь даатгалын гэрээний 3.2, 7.7, 7.10 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг 100 хувиар олгох гэрээний зохицуулалтыг зөрчиж нөхөн төлбөрийг 50 хувиар тооцож олгосон нь үндэслэлгүй. Мөн тус компани даатгалын нөхөн төлбөрийг зохих ёсоор олгоогүйгээс үүдэн зээлдэгчид өнөөдрийн байдлаар 220,644.90 төгрөгийн хүүгийн төлбөр үүссэн буюу гэрээний үүргийн зөрчлөөс хохирол учирсан.

А ХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн нөхцөл болон Монгол Улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нъ даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 208.1-д Үүргийг хуулъ буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж хохирол учруулж байна.

Иймд талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 4АSSR20221222029 тоот Амь даатгалын гэрээ-ний 3.2, 7.7, 7.10 дахь хэсэгт зааснаар зохих ёсоор олгоогүй нөхөн төлбөрийн үлдэгдэл 18,336,050 төгрөг, хүүгийн төлбөр 220,644.90 төгрөг, нийт 18,556,695.5 төгрөгийг хариуцагч А ХК-иас гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Иргэн Х.А нь А ХК-тай даатгалын зуучлагчаар дамжуулж 4АSSR20221222029 дугаар бүхий Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгааны гэрээ байгуулсан байна. Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний эхлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар байгуулсан байна.

2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр даатгуулагчийн зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барж даатгалын тохиолдол үүссэн. Амь даатгалын гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагч нь Зүрх гэнэт зогсох, Цус харвах, Зүрх гэнэт зогсох-цус харвах гэсэн нэмэлт эрсдэлийг сонгон даатгуулсан ба энэ нь даатгуулагчийн нас барсан өвчний шалтгаантай таарч байгаа.

Нэхэмжлэгч нь А ХК-иас даатгалын нөхөн төлбөрийг тавин хувиар тооцож олгосон нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Хариуцагч нь дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

а/ Нэхэмжлэгч нь даатгуулагчийг хамтран зээлдэгчгүй гэж маргаж байна. ХХтай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээнээс үзэхэд даатгуулагч нь урт хугацааны зээлийг хамтран зээлдэгчгүй авсан байна. Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгалын тохиолдол үүсвэл зээлийн үлдэгдлээс зээлдэгч нарын үүргийн гүйцэтгэлийг 50:50 хэмжээтэйгээр бодож даатгуулагчид ногдох үүргийн гүйцэтгэлийг тодорхойлж хохирлыг нөхөн төлдөг. Тодруулбал хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгалын тохиолдол үүсэхэд зээлийн үлдэгдэл 10,000,000 төгрөгөөс даатгуулагчийн үүрэгт ногдох хэсгийн буюу 5,000,000 төгрөгийг 100% гэж ойлгох ба үүргийн гүйцэтгэлийг уг үнийн дүнд ногдох хэсгээс тооцон олгодог. Дээрх тохиолдлын хувьд зээлдэгч нь хамтран зээлдэгчгүй тул учирсан хохирлын хэмжээг тус зээлийн үлдэгдэл болох 27,670,934 төгрөгөөс 100 хувиар тооцсон ба даатгуулагч нь 50 буюу түүнээс дээш насны даатгуулагч байх тул уг үнийн дүнгийн 50 хувийг гэрээний дагуу барагдуулсан байна.

б/ А ХК-д нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэсэн. Ингэхдээ гэрээний 7.11 дэх хэсэгт 50-аас дээш насны /календарийн огноогоор/ даатгуулагч нь нэмэлт эрсдэлээр даатгуулсан бөгөөд зүрх зогсох, цус харвах эрсдэлээр нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нэхэмжилсэн дүнгийн 50 хувиар нөхөн төлбөр олгоно гэж заасныг үндэслэн даатгуулагчийн зээлийн үлдэгдлээс нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэсэн.

в/ Нөхөн төлбөрийг тавин хувиар тооцон олгохдоо 2,250,291,53 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байна. Нөхөн төлбөрийг олгохдоо тухайн даатгалын үнэлгээнээс тооцдог. Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний 10.7 дахь хэсэгт Даатгалын үнэлгээ гэж амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зээлийн үлдэгдэл байна гэж заасан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу даатгуулагчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,670,934,67 төгрөг байсан ба уг зээлийн үлдэгдлээс нөхөн төлбөрийг 50 хувиар бодож олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай даатгалын компани нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг хууль болон даатгалын гэрээний дагуу бодитойгоор барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Т ын үйлдсэн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүртгэлийн 0003 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ /Х.А ийн нас барсны гэрчилгээ, А.Үийн иргэний үнэмлэх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000830 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар, А.Үийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Х.А ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ХХны Сөүл салбар болон Х.А ийн хооронд байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №ЗГ-ВСС2016042022-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ (8 хувь), мөн өдрийн №ЗГ-ВСС2016042022-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ (5 болон 8 хувь), 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ-ВСС2016042022-1-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээний хуулбарууд, А ХК болон Х.А ийн хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №4АSSR20221222026 дугаартай Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа, мөн өдрийн 4АSSR20221222029 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгааны хуулбарууд, Х.А ийг нас барсны гэрчилгээний хуулбар, Алтан цэгцүүхэй ӨЭМТ эмнэлгийн тодорхойлолтын хуулбар, СХДЭМТ-ийн нэгдсэн лабораторийн шинжилгээний хариуны хувилсан хувь, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтийн хувилсан хувь, Санхүүгийн зохицуулах хорооноос А ХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9/4888 дугаартай Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичгийн хуулбар, А ХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/24/26 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн хувилсан хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хувилсан хувь /хх 4-28/-ийг,

 

3.2. Хариуцагч талаас: А ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.Хонгорт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, А ХК болон Х.А ийн хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4АSSR20221222029 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгааны хуулбар, №ЗГ-ВСС2016042022-1-1 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, А ХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/23/1102 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх 31-32, 38-44/-ыг тус тус гаргаж өгсөн.

 

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2024/05642 дугаар захирамжийн дагуу:

- ХХ дахь Х.А ийн эзэмшлийн 409040921 дугаартай зээлийн дансны хуулга /2020.8.10-2023.8.10/, 409034361 дугаартай депозит дансы хуулга /2021.11.28-2021.11.29/, А ХК болон Х.А ийн хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №4АSSR20211114168 дугаартай Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгаа, мөн өдрийн 4АSSR20211114167 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгааны хуулбарууд,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх 56-61, 65-69/-ыг тус тус бүрдүүлсэн.

 

3.4. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт үгүй болно.

 

3.5. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Х.А нь А ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээг байгуулсан. Ингэхдээ зүрх гэнэт зогсох амь насны нэмэлт эрсдлийг сонгож, даатгалын хураамжийг төлсөн. Даатгуулагч Х.А нь 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зүрх гэнэт зогссоны улмаас нас барж даатгалын тохиолдол үүссэн. Иймээс гэрээний 7.7, 7.10-т заасны дагуу нөхөн төлбөрийг зээлийн үлдэгдлээс 100 хувиар тооцон, хүүгийн хамт гаргуулж хууль ёсны төлөөлөгч А.Үид олгож өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...дээрх тохиолдлын хувьд зээлдэгч нь хамтран зээлдэгчгүй, мөн 50 буюу түүнээс дээш насны даатгуулагч байх тул гэрээний 7.11-д заасны дагуу нөхөн төлбөрийг зээлийн үлдэгдлээс 50 хувиар тооцож олгосон. Өөрөөр хэлбэл, манай компани нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, хууль болон гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийг барагдуулсан... гэжээ.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зээлдэгч Х.А нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ХХтай №ЗГ-BCC2016042022-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 40,000,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байр, 35 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн болон амь даатгал хийлгэх, зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу сар бүр зээлийн төлбөр, жил бүр даатгалын хураамж төлөх үүрэг хүлээжээ. /хх 9-13/

 

4.2. Талууд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №ЗГ-BCC2016042022-1-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээгээр хугацааг 186 сар болгон сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилжээ. /хх 11/

 

4.3. Зээлдэгч Х.А нь ХХтай байгуулсан Зээлийн гэрээний үндсэн дээр даатгагч А ХК-тай 2016 оноос хойш даатгалын гэрээг жил бүр сунган байгуулж ирсэн гэх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №4ASSR20211114167, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №4ASSR20221222029 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээгээр даатгуулагч Х.А гэрээний 3.2-т зааснаар зүрх гэнэт зогсох, цус харвах, зүрх гэнэт зогсох-цус харвах нэмэлт эрсдлийг даатгуулсан байна. /хх 14-15, 38-39, 58-59/

  

4.4. Талийгаач Х.А нь 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зүрхний булчингийн томролт, хавхалгийн хатууралт бүхий архаг хууч өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай дүгнэлт, зохигчийн маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх 16, 66-68/

 

4.5. Нийслэлийн тойргийн нотариатч Б.Т нь өвлүүлэгч Х.А ийн төрсөн охин болох өвлөгч А.Үид түүний өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэхээр 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн бүртгэлийн 0003 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хх 5-8/

 

4.6. Банкнаас 2023 оны 10 дугаар сард даатгалын нөхөн төлбөр олгуулах хүсэлтийг холбогдох материалын хамт даатгагчид хүргүүлэхэд нөхөн төлбөрт 13,835,467 төгрөгийг олгож, энэ талаар нэхэмжлэгчид үндэслэлээ тайлбарлахаас татгалзсан гэжээ.

 

4.7. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасныг тус хороо хянаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9/4888 дугаартай албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн 100 хувиар олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. /хх 24/

 

А ХК нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч тухайн зүйл, хэсэгт заасны дагуу шүүхэд давж заалдаагүй байна.

 

 

4.8. Талийгаач Х.А ийн нас барсан үеийн буюу 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 32,062,304.98 төгрөг байсан болох нь шүүхийн журмаар бүрдүүлсэн ХХны 409040921 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 57/

 

5. Зохигчид даатгалын гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, хураамж төлөгдсөн эсэх, даатгалын тохиолдол үүссэн эсэх, нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй эсэхэд маргаагүй.

 

Харин даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөл, хэмжээний талаар маргаж байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр даатгуулагч Х.А зүрхний булчингийн томролт, хавхалгийн хатууралт бүхий архаг хууч өвчний улмаас зүрх гэнэт зогсож нас барсан болох нь дээр дурдсан баримт, зохигчийн маргаагүй тайлбараар тогтоогдсон ба тэрээр оршин суугаа хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаагүй болохыг их эмч Л.Ууганбаяр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тодорхойлсон байна. /хх 17/

 

Нэхэмжлэгч А.Ү нь талийгаач Х.А ийн төрсөн охин болохынхоо хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно. гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх; гэж заасны дагуу хариуцагч А ХК-иас даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана:, 2.1.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдалт;, 2.2-т Даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа түр алдах, ажилгүй болох болон бусад нэмэлт эрсдэлийг гэрээний үндсэн дээр даатгагчтай харилцан тохиролцож, даатгуулж болно. гэж заасан байх бөгөөд А ХК нь ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх 31/

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-122 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд зааснаар зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд хөрөнгийн даатгал, зээлийн даатгал буюу амь насны даатгалд заавал даатгуулахаар заасан бөгөөд Х.А нь ХХтай байгуулсан зээлийн гэрээнд заасан гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд амь насны даатгалд даатгуулах үүргийн дагуу А ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч зүрх гэнэт зогсох, цус харвах, зүрх гэнэт зогсох-цус харвах нэмэлт эрсдэлийг даатгуулсан.

 

Ингэхдээ ХХ нь Ипотекийн зээлийн болон даатгалын үйл ажиллагааны журам, А ХК-тай байгуулсан Хамтран ажиллагааны гэрээнд заасны дагуу даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгуулагчид түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг танилцуулж, талуудын хооронд зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний 7.11-д 50-аас дээш насны /календарын огноогоор/ даатгуулагч нь нэмэлт эрсдэлээр даатгуулсан бөгөөд зүрх зогсох, цус харвах эрсдэлээр нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нэхэмжилсэн дүнгийн 50 хувиар нөхөн төлбөр олгоно. гэж заасан бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ талийгаач 51 насандаа нас барсан тул нэхэмжилсэн дүнгийн 100 хувиар нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж тайлбарладаг.

 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн хувьд Даатгалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

 

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно. гэж, 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна. гэж тус тус заасан.

 

Хэрэгт цугларсан Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээ, түүнд даатгуулагчийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй байдал болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл А ХК нь жил бүр гэрээг шинэчлэн байгуулахдаа даатгуулагчид гэрээний нөхцөл шаардлагын талаар танилцуулах буюу гэрээний заалт түүний агуулгыг тайлбарлан ойлгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, даатгагчийн хууль хэрэгжүүлээгүй гэм буруу нь даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй ба даатгуулагчийн хохирлыг даатгагч хариуцан төлөх үр дагавар үүсгэнэ.

 

Иймээс нэхэмжлэгч нь Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын гэрээний 7.7-д Хамтран зээлдэгчгүй зээлийн хувьд зээлдэгч нас барсан (хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдсан) тохиолдолд нас барсан (хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар хугацаагүй алдсан) өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр нөхөн төлбөрийг банканд 100 хувь нөхөн төлнө., 7.10-т Даатгуулагч нь нэмэлт эрсдэлүүдийг сонгож даатгуулсан бөгөөд зүрх судасны эмчийн байнгын хяналтад байдаг, зүрх болон тархины цус хомсрох өвчнөөр оношлогдож байсан иргэн даатгуулсан эхний жилдээ цус харвах, зүрх зогсох эрсдэлийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг 50 хувиар олгоно.

 

Даатгуулагч даатгуулсан 2 дахь жилдээ эсвэл уг хугацаанаас хойш даатгалын тохиолдол гарсан бол нөхөн төлбөрийг нэхэмжилсэн үнийн дүнгийн 100 хувиар олгоно. Даатгуулагчийн даатгалын гэрээнд тасалдал үүсэх буюу өөр даатгалын компаниар даатгуулж байгаад дахин даатгуулсан бол даатгуулсан хугацаанаас эхлэн даатгалын хугацааг тооцно. гэж заасны дагуу нөхөн төлбөрийг 100 хувиар олгохоор шаардсаныг буруутгах үндэслэлгүй тул 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 32,062,304.98 төгрөгийн зөрүү 18,226,837.98 төгрөг /32,062,304.98-13,835,467=18,226,837.98/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 220,644.90 төгрөг хуримтлагдсан, түүнийг төлсөн гэх тайлбараа нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлж чадаагүй болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 329,857.52 төгрөг /109,212.62+220,644.90/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХК-иас 18,226,837.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Үид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 329,857.52 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН