| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0504/э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Б.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярмөнхийн Золзаяад холбогдох эрүүгийн 1709008650142 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 1-р курсын оюутан, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Төв аймаг, Эрдэнэ сум, 2-р баг Чулуут гэх газар оршин суух оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Баярмөнхийн Золзаяа /РД:УК97110822/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Золзаяа нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клуб 24” бааранд үйлчлүүлж байсан Батмөнгөний Золзаяагийн гээгдэл эд хөрөнгө болох “Айфоне 6 эс рөүз” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Золзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709008650142 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Золзаяа нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...манай хажуу талын ширээний буйдан дээр утасны гэрэл харагдсан. Тэгээд би утсыг очиж аваад эзнийг нь орж ирэхээр өгнө гэсэн бодолтой байсан учраас утсыг аваад гарсан. Тэгээд “Клаб 24 эс” пабаас гарах гээд явж байтал утасны эзэн утсаа хайгаад орж ирсэн. Тэр үед би тулгамдаад утсыг нь өгөлгүй шууд гараад явсан. Тэгээд сар гарны дараа фэйсбүүк дээр миний зурагтай “Клаб 24” гэх газраас гар утас авч гарсан гэсэн мэдээлэл байхаар нь уг мэдээлэлийн дагуу тухайн хүнтэй холбогдож гар утсыг нь хүлээлгэж өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Хохирогч Б.Золзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би 4 цагийн орчим найзууд болох Рэнцэн, Мөнгөнтуяа, Батчимэг, Анхбаяр нартай “Клаб 24” гэдэг бааранд орсон. Тэгээд Рэнцэнгийн гэрт очоод би бааранд гар утсаа мартсанаа санаад залгахад 5-6 удаа дуудаж байгаад холбогдохгүй болсон. Тэгээд би 06 цаг 20 минутын орчим очоод камерийн бичлэг шүүхэд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүсийн нэг эмэгтэй нь нь авч байгаа харагдсан. Тэгээд би цагдаад хандсан. Би гар утсаа эргүүлж авсан, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Б.Баяраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…бид нар бааранд ганц хоёр пиво ууж байтал Анука ариун цэврийн өрөө рүү явна гээд орсон. Тэгээд Золзаяа хамт босоод хажуу талын буйдан дээр байсан “Айфоне 6” утсыг аваад над дээр ирээд ийм утас оллоо гэхээр нь би наад утас чинь ашиглаж болохгүй хүнд нь буцаагаад өг гэж хэлсэн. Тэгэхэд Золзаяа сууж байхад хүн нь орж ирвэл буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд бид нар 30 орчим минут пиво ууж байгаад өглөө болж байсан болохоор гарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч А.Анударь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Золзаяа надад хажуу талын буйдан дээр утас байна гэж хэлсэн. Тэгээд Золзаяа бид хоёр зэрэг босоод би бие засах өрөө рүү ороод буцаад ширээн дээрээ иртэл Золзаяа “Айфоне 6” маркийн гар утас бариад сууж байсан. Тэгээд бид нар баарнаас гараад Золзаяа бид 2 нэг такси бариад хамт яваад би гэрийнхээ гадаа буугаад Золзаяа цаашаа явсан…” гэсэн мэдүүлгээр /хх-ийн 12 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ: “…
- “Айфоне 6 эс рөүз” маркийн гар утас – 700.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хэрэгт тооцох: “…Хохирогч Б.Золзаяагаас гаргаж өгсөн хяналтын камерийн бичлэг гэх цагаан саарал өнгийн, дээр нь Золзаяа гэж бичсэн сидиг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “…Клаб 24 гэх газрын цонхон талын ширээн дээр 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн юм яриад сууж байх бөгөөд хяналтын камерийн цагаар 06 цаг 04 минутанд 2 эмэгтэй нь босож ирээд хяналтын камерийн зүгт явах бөгөөд цагаан хувцастай эмэгтэй нь /Анударь/ чигээрээ явж өнгөрөх бөгөөд саарал хувцастай /Золзаяа/ нь цаад талд байсан ширээ рүү явж ширээний цаад талын сандал дээрээс гар утас мэт зүйл авах бөгөөд гартаа барьж харж байгаад ширээн дээрээ ирж суугаад уг камерийн бичлэг дуусав…” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Б.Пүрэвбаярын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Б.Золзаяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 29-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Золзаяа нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клуб 24” бааранд үйлчлүүлж байсан Батмөнгөний Золзаяагийн гээгдэл эд хөрөнгө болох “Айфоне 6 эс рөүз” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа авч завшсаны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Золзаяагийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Золзаяагийн мэдүүлэг, гэрч Б.Баяраа, А.Анударь нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хэрэгт тооцох тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Золзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Золзаяаг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Золзаяа нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Б.Золзаяад ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Б.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 9/, түүнд хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 35/-д “гар утсаа эргүүлж авсан, ямар нэг гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Золзаяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Баярмөнхийн Золзаяаг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Золзаяаг 500 /таван зуун/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Золзаяад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Золзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Золзаяа нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Золзаяад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН