Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2024/0005/З |
Дугаар | 112/ШШ2024/0019 |
Огноо | 2024-05-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 112/ШШ2024/0019
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... аймгийн .............. сумын иргэн П.У
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг дарга М.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 18089180 / арван найман сая наян есөн мянга нэг зуун наян / төгрөг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.У шүүх хуралдаанд хэлсэн хүсэлтдээ: Би нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01 хүртэл нэхэмжилсэн байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалингийн 10%-ийн нэмэгдэл орсон байгаа. Ерөнхийдөө бол би нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх үндсэн цалин 1,597,000 төгрөгөөр ТЗ шатлалаар цалинждаг. Орон нутгийн нэмэгдэл гэж 40% авсан. Тамгын газрын даргын ахлах түшмэлийн шалгалт өгч 28%-ийн цалингийн нэмэгдэл авдаг. Нууц хамгаалах ажилтны шалгалт өгөөд 20%-аар нууц хамгаалах ажилтны нэмэгдэл авдаг. Аймгийн хууль эрх зүйн хэлтсээс ХАСХОМ хариуцсан ажилтныг 40 хүртэл хувиар цалин олгоно гэдгээр би 20% авдаг. Тэгээд энэ улсад ажилласан хугацааны өмнөх 23 онд бол бол би 23%-аар авдаг байсан. Одоо 2024 он гараад би 24%-аар нэмэгдлээ авах хууль журмын дагуу үндсэн цалин болон нэмэгдэл урамшууллаа нэхэмжилсэн. Мөн Засаг даргын Тамгын газрын дотоод журамд байгууллагын ажилчдыг одоо өдөрт 6000 төгрөгөөр тооцож хоолны мөнгийг олгодог. Ерөнхийдөө жилд хагас, бүтэн жилээр олгогддог. Би 6 сараас хойш хоолныхоо мөнгийг аваагүй байгаа. 6 сарын хугацааны хоолныхоо мөнгийг нэхэмжилж байна. Байгууллагын албан газрын дарга нарын ажлын гүйцэтгэлийг хагас бүтэн жилээр одоо гүйцэтгэлийн үнэлгээг үнэлж урамшуулал олгодог. Тэрэнд нь би бүтэн 2023 оныхоо ажлын гүйцэтгэлийг үнэлүүлээгүй байсан. Өмнөх Засаг дарга 6 сард хот явсан учраас Тамгын газрын даргынхаа ажлыг үнэлүүлээгүй байсан. 2023 оны 11 дүгээр сарын 13-нд аймгийн Засаг даргын нэрэмжит архив, бичиг хэргийн шалгалт ирсэн. Түүн дээр Тамгын газар ажлаараа 94%-аар, сумын нийт дүнгээрээ 89,9%-аар амжилттай дүгнэгдсэн учраас би ажлын гүйцэтгэлийнхээ урамшууллыг авах хууль журамтай гэж бодож байгаа. Засгийн газрын 2023 оны Засгийн газрын 12 дугаар сарын 23-ны 52 дугаар тогтоол дээр төсвийн хэмнэлттэй ажилласны урамшуулал болгож Тамгын газрын бүх албан хаагчдад 13 дахь сарын цалин гэж олгогдсон байгаа. Цалин нэхэмжлэлүүдийг би авах хүсэлтэй байна. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчдын цалин 10%-аар нэмэгдсэнтэй холбогдуулаад урамшуулал, хувь, үндсэн цалингууд тэр хэмжээгээрээ нэмэгдсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж хуулийн хүрээнд авъя гэж хүсэлт гаргаж байна. Мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу байгууллагын албан хаагчдад хоолны мөнгө олгогдсонтой холбогдуулаад 1-5 сар хүртэлх буюу 2024 оны 1 дүгээр улирлын хоолны мөнгө, урамшууллыг авахаар нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрэх хүсэлтдээ: Нэхэмжлэгч П.У, хариуцагч М.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар харилцан тохиролцож үр дүнгийн урамшууллын болон хоолны мөнгө нэмэгдлийг 2355,800 хасаж 2024 оны 03 дугаар сарын цалин 3,532,800 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 19,266,180 төгрөгийг (НД болон ЭМДаатгалын төлбөрийг төлөх) 2024.05.27-ны дотор хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
…………. аймгийн ........ сумын иргэн П.У-аас тус сумын Засаг дарга М.Б-д холбогдуулан “2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 18089180 төгрөг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.
Үүний дагуу нэхэмжлэгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар нь харилцан тохиролцож 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч П.У, хариуцагч М.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар харилцан тохиролцож үр дүнгийн урамшууллын болон хоолны мөнгө нэмэгдлийг 2,355,800 хасаж 2024 оны 03 дугаар сарын цалин 3,532,800 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 19,266,180 төгрөгийг (нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөх) 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Хэргийн оролцогч нар бүгд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/27 дугаар захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...28 дугаар зүйлийн ... 28.2.5-д зааснаар эвлэрэх эрхийг олгосон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг дарга М.Б-н 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.У-г Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон учир түүний цалин хөлсийг тус сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгох нь зүйтэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, ........ аймгийн ………. сумын иргэн П.У-аас тус аймгийн Тайшир сумын Засаг дарга М.Б-д холбогдуулан гаргасан “2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 18089180 төгрөг гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН