| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00422/И |
| Дугаар | 136/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 136/ШШ2024/00393
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: ...........тоотод оршин суух, Э. овогт Р. Б.,
Хариуцагч: *тоотод оршин суух, С* овогт Б* А*,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Б*2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сайншанд сумын 4 замын уулзвараас Дэнж явах замаар хойноос урагшаа чиглэлтэй * дугаартай приус-41 маркийн машинаа жолоодоод явж байтал шүүхийн зүүн талын уулзвар ойролцоо миний ард явж байсан *улсын дугаартай приус-20 маркийн машины жолооч Б.А* нь манай машины араас нэлээн хүчтэй мөргөж, манай машинд эвдрэл гэмтэл үүсгэсэн.
Тэгээд бид нар цагдаа дуудахад Замын цагдаагийн байцаагч Ч.У*ирээд А*г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэхэд А*нь миний машин даатгалгүй, цагдаагаар яваад яах вэ дээ, би танай машины хохирлыг асуудалгүй барагдуулаад өгнө өө, мөнгө төгрөгт санаа зоволтгүй гээд гуйгаад байхаар нь би итгээд тохиролцохоор болоод цагдаагаар шалгуулаагүй. Замын цагдаагийн байцаагч Ч.У*нь та нар хоорондоо тохиролцвол манайхаас заавал хэмжилт хийх шаардлагагүй, хэрвээ тохиролцохгүй гэвэл бид нар зохих журмын дагуу шалгана гэсэн. Тэгэхэд А* болон түүний Э* нар ирээд тохиролцъё, машины эвдрэл дээр үнэлгээ гаргуулаад машин засуулах мөнгийг өгье гээд үнэлгээний компани дуудаад Хөрөнгө Эстимэйнт Үнэлгээ ХХК-ийн ажилтан А* гэх эмэгтэй ирээд зураг аваад явсан. А* бид 2-ыг хоорондоо тохиролцсон гээд цагдаа У* яваад өгсөн. Тэгээд Хөрөнгө Эстимэйнт Үнэлгээ ХХК үнэлгээ хийгээд манай машинд 3,590,000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээг гаргаж өгөхөд А*, эхнэр Э* хамт үнэлгээг аваад явсан. Үүнээс хойш бид удаа дараа машинаа янзалж өгөхийг хэлж асуусан боловч маргааш нөгөөдөр гээд хойшлуулаад байсан. Би 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор янзалж өгөөч ээ гэж хэлэхэд тэгье гэсэн боловч огт утсаа авахаа больсон. 1 удаа утсаа аваад намайг би чиний машиныг албаар мөргөсөн юм уу гээд загнасан Үүнээс хойш утсаа огт авахгүй, холбоо барьж чадахгүй байгаа.
Машинаа одоо болтол огт янзлуулж чадаагүй байгаа, хичээл сургууль эхэлсэн учраас хүүхдүүдээ сургуульд зөөх, ажил төрлөө амжуулах гэх мэт хүйтрэхээс өмнө машинаа яаралтай янзлах шаардлагатай байна.
Ийм Б.А*н машин мөргөж гэмтэл учруулсан гэм хорын хохирол 3,590,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.А*шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.А* миний бие Р.Б*н нэхэмжлэлтэй 3,590,00 төгрөгийн нэхэмжлэлээс 1,200,000 өгсөн байсан. Үүнийг хасаад 1,195,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх 1,195,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Р.Б*н нэхэмжлэлтэй Б.А*д холбогдох 3,590,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,690,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Б*ын нэхэмжлэлтэй Б.А*д холбогдох 3,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,690,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,900,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Р.Б*н нэхэмжлэлтэй Б.А*д холбогдох 3,590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,690,000 төгрөгийг татгалзаж, үлдэх 1,900,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,390 төгрөгөөс 36,195 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,195 төгрөгийг, 36,195 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ