Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 449

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,  

Шүүгдэгч Д.Доктор, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр /ҮД: 1314/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Дашдоржийн Докторт холбогдох эрүүгийн 201525022489 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Улаан толгой, төмөр зам 5 дугаар гудамж 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржгон овгийн Дашдоржийн Доктор /РД:ФВ 84092119/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Доктор нь Б.Баттөмөртэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Жиндэ" барилгын материалын дэлгүүрээс радиаторын дундын хаалт 40 ширхэгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэж бусдад нийт 340.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Доктор нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Баяндавааны 4-24 тоотод оршин суух иргэн Д.Бямбаагийн байшинд нэвтрэн орж 1.094.500 төгрөгний үнэ бүхий эд зүйлс хулгайлж бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Доктор нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Эрүүгийн 201525022489 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Доктор нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн орчим Баттөмөртэй хамт явж байгаад сантехникийн материал аваад өөр хүнд зарвал яах бол гэж ярилцаж байгаад Бид хоёр “Жиндэ” гэдэг материалын дэлгүүр рүү ороод худалдагчтай нь хаалт авъя гэж яриад эхний ээлжинд 40 ширхэгийг өгчих араас хүн ирээд тооцоо хийнэ гэж хэлээд 40 ширхэг паарны хаалтыг аваад Баттөмөр ахад өгч гаргаад араас нь би 40 минут зогсож байгаад нөгөө хүнээ дуудаад ирье гээд гараад явсан... 2015 оны 12 дугаар сарын эхээр Бямбаа гуайг нүүхэд нь өөрөө нүүлгэлцсэн, байшин хүнгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд нүүснээс хойш 2 хоногийн дараа хүү нь болох Батсүхийнд очиж архи уусан. Тэгэхэд Хишгээ, Энхбаяр гэх хүмүүс хамт уусан. Би тэднийд архи ууж байгаад нэлээн орой гарсан. Тэгээд би гарахдаа Бямбаа гуайн байшин руу очоод хаалгыг нь татахад түгжээтэй байсан. Тэгээд гадна талын урагшаа харсан цонх нь онгорхой байхаар нь уг цонхоор ороод дотроос нь куртик, гутал, өмднүүд зэрэг зүйлүүдийг аваад гэрт нь байсан дугуйтай чемоданд хийгээд аваад гарсан. Тэгээд төмөр замын вокзал яваад тэр хавьд хүмүүст зараад архи уусан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн  35-36, 130-142 дугаар хуудас/,

   Хохирогч И.Жаргалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дэлгүүр дээрээ байж байтал 13 цагийн үед нэг залуу гартаа цаас барьж орж ирээд "энэ юмнуудыг авна" гэхээр нь би падаан бичиж өгсөн...тэгээд байж байтал нөгөө залуу гаднаас бас нэг хүн дуудаж оруулж ирээд "эгчээ надад 40 ширхэг хаалтыг нь өгчих" гэхээр нь би гайхаад нөгөө бараагаа лангуун дээрээ тавиад “тооцоогоо хийгээрэй” гэхэд хүн ирж хийх юм гэж хэлсэн...Тэгээд нөгөө гаднаас орж ирсэн хүндээ энийг аваад ажлаа очоод хийж бай гэж хэлээд авсан. Би  бараагаа өгөөд явуулсан...тэгээд анх орж ирсэн нөгөө залуу манай дэлгүүрт үлдээд байж байгаад алга болчихсон байсан...тэгэхээр нь би бараагаа алдсанаа мэдээд ижил бараа зардаг хүмүүст анхааруулаад байж байтал Батцэцэг гэдэг худалдагч над руу яриад "радиаторын хаалт авах уу” гэж хоёр хүн орж ирээд надад нэг хаалтыг нь 4500 төгрөгөөр зарчихаад явлаа" гэхээр нь би очиж Батцэцэгт мөнгийг нь өгөөд хаалтаа авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Бямбаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би микро хороололд байдаг зээгийнхээ гэрт хонож манайх эзгүй байсан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр том өрөөний цонх онгорхой байна гэж манай хашаанд байдаг бэр маань хэлэхээр нь би төрсөн охин Одонтуяаг явуулж цонхоо хаалгасан юм...Ингээд 2015 оны 12 дугаар 09-ний өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсоныг мэдсэн...гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 125 дугаар хуудас/,

 

              Гэрч Ч.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас 2 хүн орж ирээд Сантехникийн холбох хэрэгсэл авах уу гэхээр нь би ямар учиртайг нь асуутал "бид сангийн бригад байгаа юм, цалингийнхаа оронд бараа авсан юм” гэхээр нь би “аваад ир” гэсэн чинь тэр хоёр хүн гараад 30-40 минутын дараа орж ирээд Жиндэ брендийн 40 ширхэг хаалтыг 180.000 төгрөгөөр зарсан...тэгээд би Жаргалмаа эгч рүү яриад хэлсэн чинь ирээд надад 180.000 төгрөг өгөөд хаалтаа аваад явсан /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

     Гэрч М.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 12 дугаар сарын эхээр манай хашаанд байдаг хадам ээж Бямбаа байр руу нүүсэн юм...Гэтэл нэг өдөр манай нөхөр бие засаж орж ирээд ээжийн байрны цонх онгорхой байна гэж хэлэхээр нь би дүү Одонтуяад утсаар хэлэхэд Одонтуяа ирээд үзээд явсан...Тэгээд 2-3 хоногийн дараа ээж ирээд хулгай орсон талаар мэдээд цагдаад хандсан...Хэд хоногийн дараа манай нөхрийн найз Батаа орж ирээд Доктор чемодантай орж ирээд манай эхнэрт нэг гутал зарах гээд гэж ярьсан...мөн нэг хар куртик орхисон гэхээр нь ээжид үзүүлсэн чинь Одонтуяагийн куртик мөн байсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 126 дугаар хуудас/,

 

     Гэрч Б.Батаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Гэтэл 23 цагийн орчим Доктор нэг чирдэг чемодан, тортой гутал, куртик барьж орж ирэхээр нь би хот явахаа больсон талаараа хэлтэл манай эхнэрт шар өнгөтөй хуучин гутал 20.000 төгрөгөөр зарах гээд байсан. Манай эхнэр уурлаад аваагүй юм...Доктор явахдаа манай гэрт тортой хар өнгийн куртик орхисон байсан. Батсүхийн гэрт орж хэлтэл дүү Одонтуяагийн куртик байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 128 дугаар хуудас/,

             

              Гэрч Н.Одонтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 12 дугаар сарын эхээр манай ээж надтай хамт өвөлжихөөр нүүсэн...Тэгтэл маргааш нь ах Батсүх залгаад “цонх онгорхой байна” гэхээр нь би очиж цонхыг нь хаагаад явсан...Тэгтэл хэд хоногийн дараа ээж ирж юмаа авах гэхэд эд зүйлс нь алга болсон байсан талаар мэдээд цагдаад хэлсэн байсан...Нэг өдөр ээж надад Батаагийн гэрт нэг куртик байна гэнэ очоод хараадах гэхээр нь очиж харахад миний хар куртик байсан...тэр куртикийг Батаагийн найз Доктор гэдэг хүн орхиод явсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 130 дугаар хуудас/,

 

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6130 тоот шинжээчийн дүгнэлт: “…

  1. Шинжилгээнд ирүүлсэн Дашдоржийн Доктор, Балжидын Баттөмөр нарын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  2. Б.Баттөмөр нь МИ003010007576 дугаараар 1 удаа, Д.Доктор МИ003010009729, МИ003010008394 дугаараар 2 удаа санд бүртгэлтэй байна.
  3. Дашдоржийн Доктор, Балжидын Баттөмөр нарын гарын дардас санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тэнцэхгүй…” гэжээ /1 хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

              Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹938 дугаар дүгнэлт

  1. Д.Доктор сэтгэцийн ямар нэгэн эмгэгүй байна.
  2. Д.Докторын удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг эсэх талаар эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт одоогоор үгүй байна.
  3. Д.Доктор нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Д.Доктор нь өөрийн үйлдсэн хэргээ сэтгэцийн хувьд хариуцах чадвартай байна.
  5. Д.Доктор нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчдаагүй байсан болно…” гэжээ /1 хх-ийн 247 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

  • Паарны дундын хаалт – 40 ширхэг – 340.000 төгрөг…гэжээ /1 хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ:

  • Компьютерийн дэлгэц- 1 ширхэг – 30000 төгрөг,
  • Бурханы цаасан зураг- 2 ширхэг – 5000 төгрөг,
  • Биеийн тамирын хувцас – 25000 төгрөг,
  • Тэмээний ноосон майк – 15000 төгрөг,
  • Энэтхэг торго -40000 төгрөг,
  • Монгол үйлдвэрийн эмэгтэй гутал – 30000 төгрөг,
  • Зоос гоёлын мөнгөн бүс – 25000 төгрөг,
  • Футболк – 5000 төгрөг…гэжээ /1 хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Самбуу-Ёндонгийн мэдүүлэг /1 хх-ийн 12/, гэрч Т.Өлзийгийн мэдүүлэг /1 хх-ийн 13/,  Д.Докторын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 48/, гэрч Ц.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1 хх-ийн 84/, гэрч Х.Гомбын мэдүүлэг /1 хх-ийн 85/, гэрч Г.Тэмүүжийнгийн мэдүүлэг /1 хх-ийн 131/, гэрч Л.Батсүхийн мэдүүлэг /1 хх-ийн 132/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 106-107/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 49/, эд хөрөнгө үнэлсэн тухай тайлан /1 хх-ийн 134-135/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Шүүгдэгч Д.Доктор нь Б.Баттөмөртэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Жиндэ" барилгын материалын дэлгүүрээс радиаторын дундын хаалт 40 ширхэгийг худалдан авна гэж худалдагч И.Жаргалмаатай тохирч улмаар Б.Баттөмөр нь уг эд зүйлүүдийг авч зөөвөрлөж, Д.Доктор нь “удахгүй тооцоо хийнэ, тооцоо хийх хүнээ дуудаад ирье” гэж хэлж дэлгүүрээс гарч явах зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэж авч бусдад нийт 340.000 төгрөгийн учруулсан,

 

    Шүүгдэгч Д.Доктор нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, Баяндавааны 4-24 тоотод оршин суух иргэн Д.Бямбаагийн байшинд нэвтрэн орж 1.094.500 төгрөгний үнэ бүхий эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Докторын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч И.Жаргалмаа,  хохирогч Д.Бямбаа, гэрч Ч.Батцэцэг, Б.Батаа, Н.Одонтуяа нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмлэглэл зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, 2 дахь хэсэгт “...“…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж зохицуулжээ.

 

Прокуророос шүүгдэгч Д.Докторт холбогдуулан шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ялласан боловч  тус хуулийн зүйл заалтад тусгагдсан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан ялаас хүндрүүлэн зохицуулсан тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тус холбогдох зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хэргийн зүйлчлэлийг нийцүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

   Иймд шүүх шүүгдэгч Д.Докторыг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Докторт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Докторт оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэх боломжтой гэж үзлээ.  

Мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч И.Жаргалмаа, хохирогч Д.Бямбаа нарын мэдүүлэг /1 хх-ийн 230-231/-т “ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

Шүүгдэгч Д.Доктор нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Доктор нь 53 хоног цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Прокуророос шүүгдэгч Боржгон овогт Дашдоржийн Докторт холбогдуулан шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.

2. Боржгон овгийн Дашдоржийн Докторыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

   Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.Докторт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Докторт оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Докторын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доктор 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

   7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Доктор нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Докторт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

   9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Докторт оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг оршин суугаа газрын харъяа цагдаагийн байгууллагад даалгасугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Докторт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН