Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 136/шш2024/00397

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: *тоотод байрлах Ө*ХХК,

Хариуцагч: Д*тоотод оршин суух, Д* овогт Ч*н Б*,

Нэхэмжлэлийн шаардлага: 206,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдан авагч Ч.Б* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №23/33 тоот Түрээсээр машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Huyndai Robx500LC маркийн экскаватор авсан байдаг.

Ингэхдээ талууд нийт үнийн дүнг 418,000,000 төгрөг тохиролцож, тээвэрлэлтийн зардалд худалдагчийн зүгээс 4,500,000 төгрөгийг гаргуулж экскаваторыг ачиж явахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч урьдчилгаа төлбөрт 40,000,000 төгрөгийг өгсөн байдаг.

Өнөөдрийн байдлаар худалдана авагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөх төлбөрөөс 300,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрөөс нийт 122,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна.

1. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 122,500,000.00 төгрөг

2. Гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хүү бодохоор заасан бөгөөд үүрэг гүйцэтгээгүй хоногийг худалдан авагчийн хамгийн сүүлд хийсэн төлбөрөөс хойш нь бодоход 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 167 хоног болдог, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь нь 612,500 төгрөг бөгөөд нийт хоногт тооцож үзэхэд 102,287,500 төгрөгийг,

3. Мөн гэрээний 7.3 дахь заалтын дагуу буруутай тал өмгөөлөгчийн хөлсийг төлөхөөр заасан байна. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс болон 22,500,000 төгрөгийн хамт нийт 247,287,500 төгрөгийг хариуцагч Ч.Б*с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Өнө * ХХК-иас авсан 418,000,000 төгрөгийн үнэтэй экскаваторыг худалдан авсан нь үнэн бөгөөд одоогийн байдлаар 9 удаагийн гүйлгээгээр тээврийн зардал болох 4,500,000 төгрөгийн хамт нийт 394,500,000 төгрөгийг ХХК нь данс руу болон өөрсдийнх нь хүсэлтээр хувийн данс руу нь шилжүүлсэн байгаа. Одоо экскаваторын үлдэгдэл мөнгөнд алданги тооцоход бол хүлээн зөвшөөрнө.

Ө* ХХК нэхэмжлэлтэй 247,287,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Эрх зүйн туслалцаа болон өмгөөлөгчийн зардал болох 22,500,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрч чадахгүйгээ нэгдүгээрт ах, дүү, төрөл садан, найз нөхдөдөө надаас гаргуулж өгөх гэж байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Гуравдугаарт би тэдний компани нягтлан бодогчийнх нь гаргаж өгсөн тооцоог болон өөрийн шилжүүлсэн сүүлийн 3 удаагийн төлбөрийн баримтыг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н*: Нэхэмжлэгч Ө* ХХК нь хариуцагч Ч.Б*т гаргасан Түрээсээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 122,500,000 төгрөг, алданги 102,287,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22,500,000 төгрөг, нийт 247,287,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дорноговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн зүгээс анх гаргасан нэхэмжлэлдээ техникийн алдаа гаргаж хүү гэж буруу бичсэн байсан бөгөөд тооцооллыг бодохдоо хүү гэдэг нэршлийг өгч техникийн алдааг гаргасан байсныг хүү гэдгийг алданги гэх утга болохыг тодруулга болгон гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Ингээд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч Ө*ХХК нь алданги болох 102,287,500 төгрөгийг хамгийн сүүлд төлөлт хийсэн өдөр болох 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хоногийг тоолоход нийт 167 хоног бөгөөд нэг хоногийн алдангийн хэмжээ 612,500 төгрөг бөгөөд нийт хоногт үржүүлэхээр 102,287,500 төгрөг гаргахаар байна.

Иргэний хуулийн 232.1, 232.4 дэх заалтыг харахад талууд анх тохиролцсон гэрээний дагуу болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн байгаа тайлбараас харахад алданги тооцохоор тохиролцсон байна. Тэгвэл алдангийн хэмжээг тооцохдоо нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай байх тул нийт алдангийн хэмжээг 61,250,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Ө* ХХК нь хариуцагч Ч.Б*с нэхэмжилж буй түрээсээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 122,500,000 төгрөг, алданги 102,287,500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22,500,000 төгрөг нийт 247,287,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Түрээсээр худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 122,500,000 төгрөг, алданги 61,250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 22,500,000 төгрөг нийт 206,250,000 төгрөг болгон 41,037,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ө*ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б* холбогдох 206,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 36,250,000 төгрөгөөр багасгаж нийт нэхэмжлэлийн шаардлагыг 170,000,000 төгрөг болгож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.    Хариуцагч нь дээрх төлбөрийг нийт 18 сарын хугацаанд 1 сарын 9,500,000 төгрөгөөр 17 сарын хугацаанд төлөх, 18 дахь сар дээр 8,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов.

2.    График зөрчигдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар биелүүлэхээр тохиролцов.

3.    Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцов гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг, хариуцагчийн дансны хуулга, түрээсээр машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, дансны хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Ө* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б*т холбогдох 206,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 36,250,000 төгрөгөөр багасгаж хариуцагч 170,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд төлөхөөр буюу 17 сарын хугацаанд сар бүр 9,500,000 төгрөгөөр, сүүлийн 18 дахь сард 8,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрчээ.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ө* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б*т холбогдох 206,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 36,250,000 төгрөгөөр багасгаж хариуцагч 170,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд төлөхөөр буюу 17 сарын хугацаанд сар бүр 9,500,000 төгрөгөөр, сүүлийн 18 дахь сард 8,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,394,387 төгрөгөөс 697,194 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 697,194 төгрөгийг, 697,194 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ