| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0524/э |
| Дугаар | 457 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ойдовын Анхбаярт холбогдох эрүүгийн 1709000000129 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 7 настай охин, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Малчин 16-р баг Нарангийн 39-р гудамжны 4 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Ойдовын Анхбаяр /РД: ТГ92010719/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Анхбаяр нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны хойд талын автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Далайжаргалын эзэмшлийн 84-90 УНВ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн автомашины зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж дотроос нь “Тиссот” гэсэн бичигтэй бугуйн цаг 1 ширхэг, “Прада” маркийн жижиг гар цүнх 1 ширхэг, хар өнгийн савхин бээлий 1 хос, автомашины хос толь зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709000000129 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Анхбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 04 цаг хүртэл гадуур явсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны арын зогсоол дээр мөнгөлөг “Тоёота Приус 30” маркийн автомашин байсан. Тэгээд би зүүн талын жижиг гурвалжин шилийг цохиж хагалаад дотор нь орж жижиг гар цүнх, түлхүүр, бугуйн цаг, савхин бээлий болон автомашины 2 ширхэг толийг дотор талаас нь тайлан авч явсан. Тэгээд Энхтайваны гүүр хүртэл яваад гүүрэн доор хулгайлсан эд зүйлүүдээ нуучихаад цаашаа хэсэг явж байгаад буцаж ирээд, эд зүйлүүдээ аваад Хөдөө аж ахуй руу явах гээд дөнгөж гараад иртэл явган цагдаа хүрч ирээд намайг шалгаад би баригдсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Хохирогч Д.Далайжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Намайг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 28-р байрны 01 тоот гэртээ унтаж байхад цагдаагаас “таны машины 2 толь алдагдсан байна та машин дээрээ гараад ирэх үү” гэж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 05 цаг 47 минутанд залгасан юм. Тэгээд би гараад очтол зүүн урд талын жижиг гурвалжин шил хагарсан 2 толь алдагдсан байдалтай байсан...Машин дотор байсан гар цүнх, савхин бээлий, хар оосортой “Тиссот” брендийн бугуйн цаг зэрэг алдагдсан байсан...Хар гэртэй ажлын түлхүүр байхгүй байсан юм байна лээ. Гэрт байсныг нь би олохгүй болохоор автомашиндаа үлдээчихсэн байсан юм байна гэж андуурсан байсан. Түлхүүрээ гэрээсээ олчихсон...Автомашины жижиг гурвалжин шилийг үнэлүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч У.Баярсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...миний бие 2017 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 03 цаг 50 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны арын зогсоол хэсгээр машины шил цохиж толь ихээр алдагддаг тул явган бууж эргүүлийн үүрэг гүйцэтгэн шалгалт хийж явахад 84-90 УНВ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Тоёота Приус 30” маркийн автомашины жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин шил хагарсан мөн 2 ширхэг толь нь алдагдсан байсан юм. Дөнгөж цас орж байсан болохоор тухайн автомашины хажууд гутлын шинэхэн мөр байсан ба уг мөр явсан зүгт шалгалт хийн мөрийг нь даган явж Энхтайваны гүүрний доод хэсэг хүртэл яваад мөр алга болсон юм. Тэр хавиар шалгалт хийж байтал сэжиг бүхий эрэгтэй хүн тортой ямар нэгэн зүйл барьчихсан гараад ирэхээр нь шалгатал торон дотор мөнгөлөг өнгийн “Тоёота Приус 30” маркийн автомашины 2 ширхэг толь болон хар өнгийн жижиг цүнх байсан. Тэгээд уг этгээдээс уг толь болон хар цүнхийг хаанаас авсан болохыг тодруулахад 28 дугаар байрны арын зогсоол буюу "Угтаал" хүнсний дэлгүүрийн урд талд зогсож байсан мөнгөлөг өнгийн “Тоёота Приус 30” маркийн автомашинаас авсан гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Л.Эрбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 06-ны 05 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 28, 29 дүгээр байрны зүүн талд эргүүл хийж яваад ахлагч Баярсайхан 28 дугаар байрны хойд талын зогсоолд байрлуулсан автомашинуудыг шалгахаар буусан. Шалгаж байх үед нь “Тоёота Приус 30” маркийн автомашины зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалсан 2 толь нь байхгүй байна хажууханд нь шинэ гутлын мөр байна гэсээр машин дээрээ гүйн ирсэн...Баярсайхан залгаад Петровис ШТС-ийн баруун талд Энхтайваны гүүрний баруун талд толь хулгайлсан этгээдийг барьчихсан байна гэж намайг дуудсан. Тэгээд яваад очтол жижиг үүргэвч шиг цүнхтэй, Цэнхэр өнгийн торонд толь жижиг цүнх зэргийг хийгээд барьчихсан 25 орчим насны туранхай 175 см орчим өндөртэй, хар саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэнтэй цамцтай залуу байсан. ...Тэр торон дотор нь хос толь, савхин бээлий, жижиг гар цүнх, бугуйн цаг зэрэг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ: “…
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, О.Анхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20/, хувийн байдал тогтоосон баримт /хх 21-23/, эд зүйл баримт бичиг, гомдол, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 35-38/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Анхбаяр нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны хойд талын автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Далайжаргалын эзэмшлийн 84-90 УНВ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн автомашины зүүн талын жижиг гурвалжин шилийг хагалж дотроос нь “Тиссот” маркийн бугуйн цаг 1 ширхэг, “Прада” маркийн жижиг гар цүнх 1 ширхэг, хар өнгийн савхин бээлий 1 хос, автомашины хос толь зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас бусдад 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Далайжаргалын мэдүүлэг, гэрч У.Баярсайхан, Л.Эрбиш нарын мэдүүлэг, эд зүйл баримт бичиг, гомдол, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буцаан өгч нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч О.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч О.Анхбаярын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Мөн шүүх шүүгдэгч О.Анхбаярт ял оногдуудахад гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хохирогчид буцаан өгч төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзсэнээс гадна тэнссэн хугацаанд түүнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, хөдөлмөр эрхлэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид хохирлын эд зүйлийг буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Анхбаяр нь 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овгийн Ойдовын Анхбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярыг 06 /зургаа/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Анхбаяр бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаяр 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар О.Анхбаярт оногдуулсан 06 /зургаа/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
7. Шүүгдэгч О.Анхбаярт оногдуулсан хорих ялыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.3-т зааснаар тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Анхбаярт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Анхбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН