Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/989

 

М.О, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч А.Амартогос,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/877 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.О, Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн тэдгээрт холбогдох 2208 00000 0943 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн М-ын О, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ00000000/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

 Б овгийн Б-ын Т 1996 оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ00000000/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймгаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ХМШЗ/136 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, үлдэх 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн;

  1. М.О нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод Б.Н-ийн нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж “Samsung wide-4” загварын гар утсыг булааж аван "200.000 төгрөг данс руу шилжүүлж байж утсаа ав" гэж хэлэхэд, хохирогч айсандаа данс руу нь 2.000 төгрөг шилжүүлэхэд “Чи намайг доромжиллоо" гэж хэлэн түүний толгой болон нүүрэн хэсэгт 4-5 удаа гараараа цохиж зодон бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг Б.Т-тэй бүлэглэн үйлдсэн,

мөн Б.Т-тэй бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод Б.Н-ийг “Мөнгө шилжүүлж өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний толгой нүүрний хэсэгт гараараа 4-5 удаа цохиж, хөлөөрөө толгой нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд "зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан,

  1. Б.Т нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод найз М.О нь Б.Н-ийн “Samsung wide-4” загварын гар утсыг хүч хэрэглэн авч зодож байх үед нь санаа зорилго үйлдлээрээ М.О-тай нэгдэн, Б.Н-ийг өмсөж явсан цамцных нь захаар хоолойг боож унагаж, цохиж зодон бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг М.О-тай бүлэглэн үйлдсэн,

мөн М.О-тай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод Б.Н-ийг "мөнгө, гар утсаа өгсөнгүй“ гэх шалтгаанаар түүнийг цамцных нь захаар хоолойг боож унаган, нүүр болон толгой руу нь гараараа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: М.О, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт М-ын О, Б овогт Б-ын Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.О, Б.Т тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нарт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.О, Б.Т нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 90 хоногийн хорих ялыг нэгтгэн тэдгээрийн эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.О-т оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 3 жил 10 сар 23 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 1068 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, 1068 хоног буюу 2 жил 11 сар 08 хоногийн хорих ялыг нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 2 cap 8 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ялаас үлдсэн 4 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, үлдэх 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснээс, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж 2 жил 9 сар 17 хоногийн хорих ялыг, мөн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ХМШ3/07 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн  нийт эдлэх хорих ялын хугацааг 5 жил 11 сар 02 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч М.О, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 53 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нараас тус бүр 69.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Н-д олгохоор, хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.О, Б.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж эхлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч болох Б.Н-той 2022 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын пабад танилцсан. Тэгээд манайд очиж нэг том пиво уусан, ууж дууссаны дараа “Намайг дэлгүүр яваад ир” гэсэн. Би “Цуг явъя” гэхэд миний дансыг авч над руу “20.000 шилжүүлчихье, чи яваад ир” гэсэн. Тухайн үед миний утсанд мэдээлэл ирээгүй. Тэгтэл “Андуурч 200.000 төгрөг явуулсан” гэж хэлээд над руу дайрч бид хоёр харилцан зодолдсон. Тухайн үед манай ээж нэг давхарт, найз Б.Т хоёр давхарт унтаж байсан. Б.Н миний дээр гараад цохиж байхад Б.Т бууж ирж салгаад гаргаж явуулсан. Дараа нь би нойл орж цусаа угаачихаад гарахад үүдний таамбарт утсаа унагаасан байсан. Надад дээрэмдэх ямар ч санаа зорилго байгаагүй. Тийм учир Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэх зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 гэх зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч, дэслэгч Олонбаяр мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Яагаад  гэхээр тухайн хэрэг болох үе буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө хэрэг болоход хохирогч Б.Н, найз М.О, түүний ээж нь байсан гэж мөрдөгч Олонбаярт удаа дараа хэлсэн боловч М.О-ынээжээс мэдүүлэг аваагүй. Иймд анхан шатны мөрдөн байцаалт руу шилжүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд М.О дээрмийн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Сэдэлтийн хувьд дараа нь болсон, өмнө нь болсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдсэн гэдэг байдлаар маргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэсэн шинжийг агуулж гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар маргаж оролцсон. Үүнийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Энэ байр суурь хэвээрээ байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч А.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үйл ажиллагаа болон байр суурь хавтас хэрэгт байгаа. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас эрхэм шүүгч нар нэг зүйлд анхаарлаа хандуулна уу гээд тайлбар хэлэхийг хүсэж байна. Энэ нь Б.Т-гийн гомдолтой хамаагүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хэрэглэж 3 жил хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж Монгол Улс иргэнээ өршөөсөн шийдвэр гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тухайн үйлдэлд ял оногдуулахдаа буцааж хорих ялаар сольж нэмж нэгтгэж хэрэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс нэгэнт өршөөгдсөн гэдэг утгаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын хугацааг дууссаны дараа тусад нь эдлүүлэх боломж байгаа эсэхийг хянаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-гийн хувьд тухайн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч М.О-ынээж гэрт байсан. М.О-ын ээжийг асуулгах саналтай гэдэг. Хохирогчийн мэдүүлгээр хэрэг гарах үед гэрт Б.Т, М.О, хохирогч 3 байсан гэдгийг мэдүүлсэн байдаг. Б.Т-гийн гомдолд дурдаад байгаа энэ хүнийг асуух шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.О-ын гаргасан гомдлын хувьд тухайн гар утсыг гаднаас олсон гэдэг гомдлыг гаргасан байдаг. Хохирогч мэдүүлэхдээ тухайн гэрт М.О эхлээд гар утсыг булааж авах гэхээр нь өгөхгүй гэхэд намайг цохиж гар утсыг булааж аваад, мөнгө шилжүүлж байж гар утсаа буцааж ав гээд цохиж зодсон. Орон дээр унтаж байсан Б.Т гэх залуу босож ирээд М.О-тай нийлж намайг зодож, цохиж эд зүйлийг авсан гэж 2 удаагийн мэдүүлгээр тогтвортой мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн бусдад дээрэмдүүлсэн гэх гар утсыг М.О-ын биеэс хурааж авч хохирогчид буцааж өгсөн талаар тэмдэглэл хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч нарын хувьд хорих ял эдэлж байгаад үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байсан. Тухайн 2 шүүгдэгчийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял буюу бугуйвчтай байх үедээ дээрмийн гэмт хэрэгт холбогдсон. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялын тооцоог аваад эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн нэмж нэгтгэсэн. Суллагдсанаас хойш хугацааг хассан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.О, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.О, Б.Т нар нь согтуугаар бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** дугаар гудамжны ** тоотод хохирогч Б.Н-ийг зодож түүний “Samsung wide-4” загварын гар утсыг булаан авч, "200.000 төгрөг данс руу шилжүүлж байж утсаа ав" гэж сүрдүүлэн, хохирогч 2.000 төгрөг шилжүүлэхэд “Намайг доромжиллоо" гэж зодож эд хөрөнгийг нь илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан,

мөн хохирогч Б.Н-ийг өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд "зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-ийн: “...2022 оны 4 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед ... хоёр залуутай танилцсан. ...Нөгөө хар куртиктэй, намхан залуу нь гэнэт босож ирээд миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би “Үгүй" гэхэд миний нүүр рүү хоёр удаа цохиод гар утсыг маань булааж авсан. Тэгээд би “Яаж байгаа юм, утсаа авъя” гэхэд тэр залуу “100.000 төгрөг шилжүүлж байж утсаа ав, чамтай тоглоогүй байна шүү лалар минь” гээд миний нүүр болон толгой руу гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэр үед би айгаад “За за мөнгө шилжүүлье” гэж хэлээд утсаа аваад данс руу нь сандарсандаа 2000 төгрөг шилжүүлсэн чинь М.О нь “намайг доромжлоод байна уу” гэж хэлээд дахиад нүүр болон толгой, бие рүү хэд хэд цохисон. Тэр үед би утсаа аваад зугтаах гээд босох гэтэл Б.Т босож ирээд миний малгайтай цамцны араас боогоод М.О-тай нийлээд дахиад толгой болон бие рүү өшиглөж эхэлсэн. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод намайг чирээд гаргах гэх үед би зугтаасан. Түр үед миний утсыг гараас М.О нь дахиад булааж авсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 22-24/,

“хохирогч Б.Н-ийн биед учирсан баруун чамархай, духны баруун хэсэг, баруун хацрыг хамарсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтлийн хөнгөн зэрэгт, зулайн хуйханд язарсан шарх дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах” талаар мэдүүлсэн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1хх 47-48/,

хохирогч Б.Н-ийн эзэмшлийн “Samsung Wide-2” загварын гар утсыг шүүгдэгч М.Оаас хураан авч хохирогч Б.Н-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 13-14/

хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд  “зулайн хуйханд язарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун бөөрөнд зулгаралт, баруун, зүүн чамархайн хуйх, нүүрний баруун тал, зүүн хөмсөгний гадна хэсэг, зовхи, хацар, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 6336 дугаартай дүгнэлт /1хх 40-41/,

таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт намайг зодож, миний гар утсыг булаасан хүнийг харвал танина” гэж зураг №4 – М овогтой О-ын гэрэл зургийг заасан...” гэсэн тэмдэглэл /1хх 5-12/,

хохирогч Б.Н-ийн эзэмшлийн Голомт банк дахь данснаас “Н-с О-д” утгаар 2.000 төгрөгийг шүүгдэгч М.О руу шилжүүлсэн талаарх лавлагаа /1хх 184/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Дээр дурсан хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай тодруулсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.О, Б.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч М.О, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийлмэл гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Н-ийн “...хар куртиктэй, намхан залуу нь гэнэт босож ирээд миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би “Үгүй" гэхэд миний нүүр рүү хоёр удаа цохиод гар утсыг маань булааж авсан. Тэгээд би “Яаж байгаа юм, утсаа авъя” гэхэд тэр залуу “100.000 төгрөг шилжүүлж байж утсаа ав, чамтай тоглоогүй байна шүү лалар минь” гээд миний нүүр болон толгой руу гараараа болон хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Тэр үед би айгаад “За за мөнгө шилжүүлье” гэж хэлээд утсаа аваад данс руу нь сандарсандаа 2000 төгрөг шилжүүлсэн чинь М.О нь “намайг доромжлоод байна уу” гэж хэлээд дахиад нүүр болон толгой, бие рүү хэд хэд цохисон. Тэр үед би утсаа аваад зугтаах гээд босох гэтэл Б.Т босож ирээд миний малгайтай цамцны араас боогоод М.О-тай нийлээд дахиад толгой болон бие рүү өшиглөж эхэлсэн. ...” /1хх 22-24/ гэсэн мэдүүлгийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч М.О, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан төлөвлөөгүй боловч тухайн үед үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогч Б.Н-оос өөрсдийн дансаар мөнгө шилжүүлэн авахаар хүч хэрэглэж утсыг нь булааж авсан, улмаар Б.Н нь андуурч мөнгө шилжүүлэхэд нь толгой, нүүр рүү нь цохих зэргээр хүч хэрэглэж довтолсон, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.О, Б.Т тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн тэдгээрийн эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж үйлдсэн, хохирогчид эд хөрөнгийн болон бие махбодын хохирол учирсан, түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн гэм буруу зэрэгт тохирсон ял оногдуулжээ.

            Түүнчлэн шүүгдэгч М.О-т оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 2 жил 11 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 жил 2 сар 8 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 11 сар 02 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа ийнхүү гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүхийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар тооцож, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Б.Т нь “...Хэрэг болох үед М.О-ын ээж нь байсан, ...мэдүүлэг авах шаардлагатай, ...хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч М.О-ын Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Х ** тоот гэрт М.О, Б.Т, Б.Н нар байсан нь тогтоогдсон бөгөөд өөр хүн байсан нь хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхгүй ба шүүгдэгч М.О нь “...тухайн залуутай хамт манай гэрт очсон. ...Манай гэрт ороход манай гэрт ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд бид гурав тухайн пивыг уусан. ...” гэж мэдүүлж байсан нь түүний давж заалдах гомдол үгүйсгэгдэж байгаагаас гадна хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар хэргийн үйл баримт бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах өөр ажиллагаа хийх шаардлагагүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч М.О, Б.Т нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/877 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/877 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.О, Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Т нарын 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 100 /нэг зуу/ хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ