Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2024/0006/з |
Дугаар | 119/ШШ2024/0024 |
Огноо | 2024-05-13 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 119/ШШ2024/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С ХХК, “Т” ХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А, А.Б
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бямбадорж, О.Дүүрэнжаргал
Гуравдагч этгээд: Т.А
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарын хоорондын “С ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж, О.Дүүрэнжаргал, гуравдагч этгээд Т.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С ХХК, “Т” ХК нар Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “С ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нар Орхон аймгийн Баян-Өндөр сум, ........... хороололд байрлах 10202 м.кв орон сууцны зориулалттай газрыг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/396 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар тухайн газрыг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан ба дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан учраас хугацаа сунгуулахаар аймгийн Засаг даргад ханджээ.
3. Орхон аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/09 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1) Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, 30.1-д Газар эзэмшүүлэх хугацааг тусгайлан хуульчилсан байх бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болно гэж заасны дагуу орон сууц барих зориулалттай газрыг, мөн үл хөдлөх хөрөнгө баригдсан газрын газар эзэмших эрхийг сунгахгүй гэж шийдвэрлэж байгаа нь хууль бус. Иймд хуулийг захиргааны байгууллагад ашигтай байдлаар хэрэглэж газар эзэмших эрх дуусгавар болгосон талаар захиргааны акт гаргаагүй байж, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа Орхон аймгийн засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж өгнө үү гэж тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч “С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“С ХХК нь 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус Орхон аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газар очиж өөрийн эзэмшиж буй газрын хувийн хэрэгтэй танилцах, холбогдох захиргааны акттай танилцах, гардаж авахаар очиход газар эзэмших эрх дуусгавар болсон талаар ямар нэг захиргааны акт гараагүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тул хувийн хэрэгтэй танилцах боломжгүй гээд танилцуулаагүй болно.
Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, 37.1-д захиргааны акт гэж ... амаар болон бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчилсан байна.
Орхон аймгийн засаг даргын “С ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэг акт гаргаагүй байж газар эзэмших эрхийг сунгахгүй гэсэн шийдвэр нь мөн зүйлд заасны дагуу “С ХХК-д чиглэсэн буюу гадагш чиглэсэн, газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй болох эрх зүйн шууд үр дагавар бий болгосон үйл ажиллагаа тул захиргааны актад хамаарч байна. Орхон аймгийн засаг даргын газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших эрхийг сунгахгүй, хувийн хэрэгтэй танилцуулахгүй гэх амаар гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигч “С ХХК-ийн болон тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалагч “Т” ХК-ийн буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
“С ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр сум, .................. хороололд байрлах 10202 м.кв орон сууцны зориулалттай газрыг анх Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 507 тоот шийдвэрийг үндэслэн олгосон байдаг болно.
“С ХХК нь 2013 онд өөрийн эзэмшлийн газартаа “А” ХХК-ийн хөрөнгөөр орон сууцны 7 барилга барихаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болно.
Гэтэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын газрын харилцаа хот байгуулалтын газраас “С ХХК-ийн газрын эрх барилга барих “А” ХХК-д хамааралтай байх шаардлага тавьж, “С ХХК-ийн захирлаар “А” ХХК-ийн захирал Т.Б-ыг болгосны дараа тус сумын Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 396 тоот шийдвэрийн үндэслэн ......... дугаар газар эзэмших гэрчилгээг “С ХХК-д дахин олгосон болно.
Ингээд “А” ХХК нь “С ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уг маргаан бүхий газарт 3926,31 м.кв талбай бүхий 10 давхар орон сууцны зориулалттай барилга барьж, ................. дугаарт бүртгэлтэй, ................. дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 992 м.кв талбай бүхий 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ................. дугаарт бүртгэгдсэн ................. дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тус тус Орхон аймгийн улсын бүртгэлийн газраас авсан байна.
Орхон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн дотор өгөөгүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших эрхийг сунгахгүй гэх шийдвэрийг хууль бус гэж үзэж байна.
Учир нь, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газар эзэмшүүлэх хугацааг тусгайлан хуульчилсан байх бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болно гэж заасны дагуу орон сууц барих зориулалттай газрыг, мөн үл хөдлөх хөрөнгө баригдсан газрын газар эзэмших эрхийг сунгахгүй гэж шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Дээрхи хуулийн заалтыг баримтлах юм бол “С ХХК-ийн газар эзэмших эрх анх газар олгосон 2011 оноос 15 жилийн хугацаагаар тооцох юм бол 2026 онд дуусахаар байна.
Иймд хуулийг захиргааны байгууллагад ашигтай байдлаар хэрэглэж газар эзэмших эрх дуусгавар болгосон талаар захиргааны акт гаргаагүй байж, газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа Орхон аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сунгахыг даалгуулах шаардлага гаргаж байгаа болно.
Т ны эрх зөрчигдсөн талаар:
“2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “С ХХК-ийн газарт хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “А” ХХК нь Т-тай ........тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, барилгаа гүйцээж барих зорилгоор 2 тэрбум 200 сая төгрөг зээлж авсан байдаг болно. Т-наас Иргэний хуульд зааснаар газраас үл салгаж болох үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг барьцаанд авах санал тавьж “С ХХК нь зөвшөөрч, Барьцааны гэрээний нэг тал болсон байдаг юм. Мөн өдрөө “С ХХК нь Т-тай Батлан даалтын гэрээ байгуулсан болно.
“Т” ХК нь “С ХХК нарыг хариуцагчаар татан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг маргаан бүхий газрыг худалдан борлуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр 2019.01.18-ны өдөр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2019.03.13-ны өдөр тус тус гаргуулсан байдаг болно. ”Т” нь дээрх газрыг барьцаалах үедээ газрын гэрчилгээ, гэрээ зэргийг бүгдийг эх хувиар нь авсан байдаг бөгөөд барьцааны зүйл болох газартай холбоотой шаардлага гаргах эрхийг Үл хөдлөх хөрөнгө барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйл, 23.3, 23.4-д зааснаар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа болно. Т-наас 2023 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум, ................. байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттай газрын төлбөр төлөхөөр бүрдүүлэх баримтад Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт шаардлагатай тул танай “С ХХК уг дүгнэлтийг гаргуулж, манайх газрын төлбөрийг төлнө гэж тохиролцон “С ХХК дүгнэлт гаргуулж, Орхон аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандаж 2023.06.28-ны өдөр Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудас хүлээн авч, 2023.07.24-ний өдөр дээрхи дүгнэлтийг Орхон аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газар баталгаажуулсан болно.
“Т” ХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, ................. байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттай газрын төлбөр төлөхөөр Орхон аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандахад газар эзэмших эрх дуусгавар болсон байна гэх үндэслэлээр газрын төлбөр авахгүй гэсэн байх бөгөөд Газар эзэмших эрх дуусгавар болгосон талаархи захиргааны акт байна уу гэхэд байхгүй, газрын төлбөрөө төлөхийн тулд яах ёстой вэ гэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ өг гэсэн байна. Ингээд “Т” ХК нь “С ХХК нарт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргаан шүүхэд үүсгэсэн асуудлаас болж газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах боломжгүй байсан талаар нотлох баримтууд хавсаргаж хүсэлтээ өгөхөд тус Орхон аймгийн Засаг даргаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/29 дугаар албан тоотоор, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/8927 тоотоор тус тус газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших гэрчилгээ сунгах боломжгүй гэх хариуг ирүүлсэн байна.
Иймд Орхон аймгийн Засаг даргын Газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй үл хөдлөх хөрөнгө барьцаалагч “Т” ХК-ийн Үл хөдлөх хөрөнгө барьцааны тухай хуульд заасан барьцаагаар хангагдах эрхийг зөрчиж байх тул хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах шаардлага гаргаж байгаа болно.” гэжээ.
6. Нэхэмжлэгч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХК-ийн эрх зөрчигдсөн талаар тайлбарлая. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-ийн газарт хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “А” ХХК нь Т-тай ........ тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, барилгаа гүйцээж барих зорилгоор 2 тэрбум 200 сая төгрөг зээлж авсан байдаг. Т-аас Иргэний хуульд зааснаар газраас үл салгаж болох үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрыг барьцаанд авах санал тавьж “С ХХК нь зөвшөөрч, Барьцааны гэрээний нэг тал болсон. Мөн өдрөө “С ХХК нь “Т” ХК-тай Батлан даалтын гэрээ байгуулсан. “Т” ХК нь “С ХХК нарыг хариуцагчаар татан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг маргаан бүхий газрыг худалдан борлуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр 2019.01.18-ны өдөр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2019.03.13-ны өдөр тус тус гаргуулсан байдаг. Зээлтэй холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сард 2 тэрбум 200 сая төгрөгийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ............................ хорооллын 1 дүгээр блок буюу 40 айлын 3926 м.кв үл хөдлөх хөрөнгө, 2 дахь барьцаа нь мөн уг газарт байрлах 992 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй орон сууцны барилга, мөн “С ХХК-ийн нэр дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сум, ................. байрлах 10202 м.кв эзэмших эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар 3-н шатны шүүхийн шийдвэр гарсан. “Т” ХК нь дээрх газрыг барьцаалах үедээ газрын гэрчилгээ, гэрээ зэргийг бүгдийг эх хувиар нь авсан бөгөөд барьцааны зүйл болох газартай холбоотой шаардлага гаргах эрхийг Үл хөдлөх хөрөнгө барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйл, 23.3, 23.4-д зааснаар шилжүүлэн авсан гэж үзэж байгаа. Т-аас 2023 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум, .................байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттай газрын төлбөр төлөхөөр бүрдүүлэх баримтад Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт шаардлагатай тул танай “С ХХК уг дүгнэлтийг гаргуулж, манайх газрын төлбөрийг төлнө гэж тохиролцон Орхон аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандаж 2023 оны 06 дугаар 28-ны өдөр Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны ажил хийлгэх мэдэгдэх хуудас хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дээрхи дүгнэлтийг Орхон аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газар баталгаажуулсан болно.
“Т” ХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, .................байрлах 10202 м.кв газрыг орон сууцны зориулалттай газрын төлбөр төлөхөөр Орхон аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандахад газар эзэмших эрх дуусгавар болсон байна гэх үндэслэлээр газрын төлбөр авахгүй гэсэн байх бөгөөд Газар эзэмших эрх дуусгавар болгосон талаарх захиргааны акт байгаа эсэхийг асуухад байхгүй, газрын төлбөрөө төлөхийн тулд яах ёстой вэ гэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ өг гэсэн. Ингээд “Т” ХК нь “С ХХК нарт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах маргаан шүүхэд үүсгэсэн асуудлаас болж газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах боломжгүй байсан талаар нотлох баримтууд хавсаргаж хүсэлтээ өгөхөд тус Орхон аймгийн Засаг даргаас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/29 дугаар албан тоотоор, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/8927 тоотоор тус тус газар эзэмших эрх дуусгавар болсон тул газар эзэмших гэрчилгээ сунгах боломжгүй гэх хариуг ирүүлсэн.
Иймд Орхон аймгийн Засаг даргын Газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй үл хөдлөх хөрөнгө барьцаалагч “Т” ХК-ийн Үл хөдлөх хөрөнгө барьцааны тухай хуульд заасан барьцаагаар хангагдах эрхийг зөрчиж байх тул хууль бус болохыг тогтоолгох, Газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах шаардлага гаргасан.” гэв.
7. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” 244 дүгээр захирамж, 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 186 дугаар захирамж, 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” 207 дугаар захирамж, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/396 дугаар захирамжууд нь регистрийн “........” дугаар бүхий “С ХХК-тай холбогдож байгаа болно.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйл “Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлэл өгөх” гэсний 12.2.3 дахь заалт “хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл” гэж заасны дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авч үзэхэд тус хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 211 дүгээр албан бичигт уг регистрийн “........” дугаар бүхий “С ХХК нь татан буугдаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, хассан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэсний 54.1.5 дахь заалт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэдэг үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. ........ регистрийн дугаартай “С ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Т” ХК нь ........ регистрийн дугаартай “С ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа. Барьцааны гэрээ байгуулахад аймгийн Засаг дарга энэ харилцаанд оролцоогүй. Нэхэмжлэл гаргасан “С ХХК нь 2015 онд татан буугдсан байх үедээ зээлийн барьцааны гэрээг “Т” ХК-тай байгуулсан байдаг. Зээлийн барьцааны гэрээ байгуулах гэж байгаа бол яагаад гэрээ байгуулах гэж байгаа аж ахуй нэгжийнхээ мэдээллийг бүрэн гүйцэд шалгаагүй юм. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт хийлгэсэн байна гэдэг нь газар эзэмших, ашиглах эрхээ дууссан байна гэдгийг хүлээн зөвшөөрсний нэг хэлбэр юм. Энэ зээлийн харилцаанд аймгийн Засаг дарга хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С ХХК нь 2015 оны 11 дүгээр сард татан буугдаж, 2017 онд дахин өөр регистрийн дугаараар бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр 2016 онд буюу зээлийн барьцааны гэрээ байгуулах үед “С ХХК гэж байгаагүй. Зээлийн гэрээг харахад татан буугдсан компанийн тамга, тэмдэгтэй байсан. Барьцааны эд хөрөнгөө судалж, барьцаанд авах үүрэг нь “Т” ХК-д байдаг байх. 2014 онд “С ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаж, Т.А-аас аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаж Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 396 тоот дугаартай захирамжаар 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар газар эзэмших эрхийг нь сунгаж өгсөн. Газрын төлбөрийг татан буугдах хүртлээ төлсөн байсан. Үүнээс хойш төлсөн гэх баримт байхгүй байгаа. “Т” ХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэй гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарч байж эзэмших эрх нь үүснэ. Гэтэл тийм захирамж гараагүй байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргана.” гээд заачихсан байгаа. Тэгэхээр 2017 оны 5 дугаар сард тухайн шатны Засаг даргад газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ өгөөгүй учир Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасны дагуу газар эзэших эрхийн хугацаа дууссан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “Газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэсэн байгаа. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-т “Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.” гэсэн байгаа. Энэ нь заавал эзэмших эрхийг сунгуулна гэсэн агуулга биш. ........ регистрийн дугаартай “С ХХК гээд 2015 онд татан буугдсан компанийн өмнөөс өөр регистрийн дугаартай “С ХХК тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж харагдаж байна. Энэ маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээ дээр ........ регистрийн дугаартай “С ХХК байдаг. ........ регистрийн дугаартай “С ХХК нь газар эзэмших эрхтэй компаниар бүртгэгдээгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
10. Гуравдагч этгээд Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б-т би өөрийнхөө ........ регистрийн дугаартай “С ХХК-ийг 5 жилийн хугацаатай шилжүүлж өгсөн нь үнэн. 2019 онд компаниа буцааж авах байсан боловч миний өгсөн компанийг 2015 татан буулгасан байсан. Үүнийг би ч мэдээгүй, банк ч мэдээгүй. Тийм учраас 2016 онд татан буугдсан компанийн нэр дээр зээл авсан байна. “Т” ХК татан буугдсан гэдгийг мэдээгүй юм уу, ойлгоогүй юм уу, би бодохдоо энэ хоёрыг хамтарч намайг залилсан гэж бодож байгаа. 2017 онд шинээр “С ХХК гэж байгуулаад хуучин “С ХХК-ийн нэр дээр байсан газрыг барьцаалж 1 тэрбум 800 сая төгрөгийг тэр газраар хаахаар тохирсон байсан. Хэрвээ тэр газраа “Т” ХК авъя гэж байгаа бол орон нутаг энэ газраа аваад “Т” ХК-д 1 тэрбум 800 төгрөгөөр зар гэсэн санал гаргаж байна. Би энэ нутагт ирээд 50 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. 2017 он хүртэл газар эзэмших, ашиглах эрхтэй байсан “С ХХК-ийг татан буулгаж, энэ газрын эрх хүчинтэй байх хугацаанд дахин шинээр “С ХХК байгуулсан байсан. Энэ нь тэр чигээрээ залилан явж байгаа гэдгийг хэлмээр байна. Т.Б намайг болон маш олон хүнийг залилсан. Энэ маргаан иргэний хэргээр 4 жил явж байгаа. Энэ газрыг төр нь авах ёстой гэж үзэж байна.” гэв.
11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг яриад байна. “Т” ХК-тай холбоотой 2.8 тэрбум төгрөгийн маргааныг шийдсэн Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Анхан, давж заалдах шатны шүүх батлан даагчаар оролцсон учраас “С ХХК-иас адилхан гаргуулах ёстой гэж үзснийг Дээд шүүх “С ХХК болон бас нэг өөр компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. “С ХХК-ийн газраар төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн компани юм. “С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.А иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаанд нь оролцож байсан. Иргэний маргаан дээр “Т” ХК манайхаас энэ мөнгийг нэхэх ёсгүй гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар захиргааны хэрэг дээр хамтран нэхэмжлэгч болоод ороод ирсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд гэдгийг шүүх дүгнэх учраас үүнийг хэллээ. Энэ захиргааны хэрэг дээр Т.Б-аас Д.А-д олгосон итгэмжлэл байгаа. Т.Б нь маш олон хүмүүсийг залилаад 2019 оноос хойш гадаад улсад байгаа. Яагаад Монголд байгаа юм шиг ийм итгэмжлэл өгсөн юм бол гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя гэж бодож байсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын тухай ойлголт байдаг. Мөн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй талаар тайлбарласан байгаа. Засаг даргын газрын эзэмших, ашиглах эрхийг сунгахгүй гээд байгаа үйлдэл нь 2015 онд үр дагавар нь үүссэн тодруулж хэлбэл улсын байцаагч 6 сарын хугацааны тайлан тооцоогоо өгөөгүй гэдэг үндэслэлээр “С ХХК-ийг татан буулгасан. Компанийн татан буулгасан акт гаргасан улсын байцаагчийг хариуцагчаар татах юм уу, үгүй юу гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргыг хууль бус зүйл хийхийг шаардаж байна. 2015 онд татан буугдсан компанийн газрыг эзэмших, ашиглах эрхийг өөр компанийн нэр дээр сунгуулж шилжүүлнэ гээд байгаа нь хууль бус зүйл шиг харагдаж байна. Өөрсдийн буруугаас буюу тайлан тооцоогоо хугацаандаа өгөөгүйгээс болж татан буугдсан байдлаа Засаг дарга руу буруугаа чихэж болохгүй. Захиргааны энэ акт буюу Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/29 дугаар албан тоот, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/8927 дугаар албан тоот бичгүүд нь хууль бус гарсан гэх үндэслэл байхгүй байна. Эрх зүйн зөрчилтэй акт байна гэж үзсэн бол компанийг татан буулгах акт үйлдсэн байцаагчийн акт дээр эхлээд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Хариуцагчаа зөв тодорхойлоогүй мөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг анхаарч үзэх нь зүйтэй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “С ХХК /регисрийн дугаар......../-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Б-ыг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах, нотлох баримт гаргуулах, цуглуулах ажиллагаа хийх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасан.
2. “С ХХК /регистрийн дугаар ......../-ийн захирал Т.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0120/24 дугаар албан бичгээр, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4323 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр тус тус өмгөөлөгч Д.А-д итгэмжлэл олгосон байна.
3. Т.Б нь хилийн хоригтой, Солонгос улсад амьдардаг гэсэн гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд түүнийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
4. Нэхэмжлэгч “С” ХХК /регистрийн дугаар ......../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.А-ийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзсэн, “... шүүх хуралдаанд очиж амжихгүй учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна” гэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
5. Нэхэмжлэгч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд “С ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд оролцсон.
6. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйл, 30.1-д Газар эзэмшүүлэх хугацааг тусгайлан хуульчилсан байх бөгөөд аж ахуйн нэгж байгуллагад 15-60 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлж болно гэж заасны дагуу орон сууц барих зориулалттай газрыг, мөн үл хөдлөх хөрөнгө баригдсан газрын газар эзэмших эрхийг сунгахгүй гэж шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж тодорхойлсон.
7. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
8. “С ХХК /РД ......../-ийн 10202 м.кв хэмжээтэй газрын, ........ дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн тухайд:
8.1. Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 244 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар “С ХХК-д ........ орон сууцны зориулалт бүхий 25 га газрыг ашиглуулахаар, 6 сар барилга байгууламж бариагүй гэдэг үндэслэлэр 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 186 дугаар захирамжаар “С ХХК-д олгосон 25 га газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
8.2. Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжаар “С” ХХК /РД ......../-д ........ хороололд 1.02 га газрыг 3 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/396 дугаар захирамжаар “С ХХК-ийн эзэмшиж буй ........ байрлах орон сууцны зориулалттай 10202 м.кв газрын эзэмших эрхийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, газар эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.
8.3. “С ХХК нь /РД ......../ 2006 онд анх үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн ........ дугаар гэрчилгээ авч гуравдагч этгээд Т.А нь 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс тухайн компанийн захирлын үүрэгт ажлыг хийсэн байна.
8.4. 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “С ХХК /РД ......../-ийн эрх болон эд хөрөнгийг Т-ын А-аас Т-ын Б-т шилжиж, “С ХХК-ийн /РД ......../ гүйцэтгэх захирлаар Т.Б томилогджээ.
8.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах тухай” 1626 дугаар тушаалд “...санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал гаргаагүй, харилцах санхүүгийн байгууллагад тушаагаагүй хавсралтад дурьдсан 4794 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассугай.” гэж шийдвэрлэсэн, тушаалын хавсралтын 568 дугаарт ........ регистрийн дугаартай, улсын бүртгэлийн ........ дугаартай “С гэж бүртгэгдсэн байгаа нь тухайн компани татан буугдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 9/5139, 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/6158 дугаар албан бичгүүд, түүнд хавсрагдан ирсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8.6. Т-ын Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шинээр хуулийн этгээд байгуулахаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох баримтуудын хамт гаргасны дагуу “С ХХК-ийг шинээр байгуулан ........ гэсэн регистрийн дугаартай улсын бүртгэлийн ....... дугаар гэрчилгээг авсан ба уг гэрчилгээг гээгдүүлсэн гэдэг үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 389 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
8.7. “А” ХХК-ийн захирал Т.Б 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Т” ХК-иас 2.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа ...... дугаар зээлийн, ...... дугаар барьцааны гэрээ байгуулахдаа “С ХХК /РД ......../-ийн эзэмшилд байсан ........байрлах орон сууцны зориулалттай 10202 м.кв газрын эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээг барьцаалж, уг гэрээнд ........ регистрийн дугаартай “С ХХК-ийн тамга дарагдсан байна.
8.8. Регистрийн ........ дугаартай “С ХХК болох хуулийн этгээд нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан байхад татан буугдсан компанийн тамга тэмдэг, газрын гэрчилээг ашиглан “Т”-наас зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
8.9. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” зааснаар “С ХХК /регистрийн........ дугаартай/ нь 2015 оны 11 дүгээр сард татан буугдсан, тус компанийн эзэмшилд байсан ........байрлах орон сууцны зориулалттай 10202 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх зүйн үйлчлэл нь 2015 онд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
8.10. Нэхэмжлэгч “С, “Т” ХК-иуд нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэж заасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/396 дугаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн “С ХХК /РД ......../-д олгосон ........ дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргажээ.
9. Орхон аймгийн Засаг дарга хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь :
9.1. Анх Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 244 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар “С ХХК-д ........орон сууцны зориулалтаар 25 га газрыг ашиглуулахаар, тухайн газарт 6 сар барилга байгууламж бариагүй гэдэг үндэслэлээр 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 186 дугаар захирамжаар “С ХХК-д олгосон 25 га газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
9.2. Түүнчлэн Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газрын байршил шилжүүлэх тухай” захирамжаар “С ХХК /РД ......../-д ........хороололд 1.02 га газрыг 3 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/396 дугаар захирамжаар “С ХХК-ийн эзэмшиж буй ........байрлах орон сууцны зориулалттай 10202 м.кв газрын эзэмших эрхийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ байгуулж, ........ дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
9.3. Өөрөөр хэлбэл “С ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг дарга 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/396 дугаар захиармжаар “С ХХК /РД ......../-ийн газар эзэмших гэрчилгээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгажээ.
9.4. Нэхэмжлэгч “С ХХК нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасан, газар эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээний эзэмшигч “С ХХК /рд ........ / нь 2015 онд татан буугдсан байхад 2017 онд шинээр байгуулагдсан “С ХХК /РД ......../-ийн хүсэлтээр ........ дугаар гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй болно.
9.5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” зааснаар нэхэмжлэгч нь хуулинд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа нь газар эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээгээр эзэмшиж байсан газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болсон байна. 9.6. Нэгэнт Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” заасан хуулийн дагуу “С ХХК /РД ......../ хүсэлтээ гаргаагүй, хүсэлт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад /2015 онд татан буугдсан/, 2017 онд шинээр байгуулагдсан “С ХХК / РД ......../ дээрхи хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
9.7. Дээрхи байдлуудаас дүгнэхэд Орхон аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэснийг захиргааны байгууллага зөрчиж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй нь тогтоогдсонгүй.
10. “Газар эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10.1. Нэгэнт захиргааны байгууллагын “газар эзэмших эрхийн ........ дугаар гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох нь тогтоогдож, нотлогдоогүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
10.2. Иймээс нэхэмжлэгч “С ХХК / РД ......../, “Т” ХК-ийн Орон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.3. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ.” гэж зааснаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг гаргаснаар “С ХХК-ийг маргаан бүхий газрыг эзэмшигч гэж үзэхгүй болохыг, “С ХХК /РД ......../ -ийн газар эзэмших эрх дуусгавар болтол буюу 2017 он хүртэл газрын төлбөрийг төлж байсан тухай нотлох баримт хэрэгт авагдсан болохыг, “Т” ХК-ийн зээлийн гэрээний үүрэг, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гуравдагч этгээдийн хүсэлтээр хэрэгт хавсарган шинжлэн судалсан болохыг, Орхон аймгийн Засаг дарга “С ХХК / РД ......../, “Т” ХК-дад газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах үндэслэлгүй талаар хариу өгсөн учраас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж шүүх үзсэн болохыг тус тус дурьдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 39.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С ХХК / РД ......../, “Т” ХК-ийн Орон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “С ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА