Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 464

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч З.Энхжаргал,  

Шүүгдэгч Д.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Дамдинсүрэнгийн Энхтүвшинд холбогдох эрүүгийн 1709016630171 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 09 сартай хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 30 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тариачин овогт Дамдинсүрэнгийн Энхтүвшин /НХ94100513/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Энхтүвшин нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мийтинг" бааранд хохирогч Ө.Сүхбаатартай маргалдаж улмаар түүний толгой тус газарт нь пивоны шилээр нэг удаа цохиж хагалан уг хагалсан шилээр Ө.Сүхбаатарын нуруун тус газарт нэг удаа хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Энхтүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Эрүүгийн 1709016630171  дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Энхтүвшин нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би найз Энхжингийн хамт “Мийтинг” бааранд орсон. Би ганцаараа пиво захиалж уусан. Тэгээд би пивоо бариад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хэдэн залуучууд намайг өдөөд байсан. Миний нүүрэн дээрх шивээсийг хараад тэгсэн байх. Тэгээд тэр залуучууд дахиж ирээд маргалдаад нэг залуу нь намайг эхэлж цохисон. Тэгээд эргээд харахад одоо энэ хохирогч залуу байж байхаар нь гартаа байсан пивоны шилээрээ тэр залуугийн толгойн тус газарт нь нэг удаа цохиод арагшаа эргээд харахаар нь нуруун тус газар нь хагархай шилээрээ нэг удаа хатгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Хохирогч Ө.Сүхбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө би өөрийн найзууд болох Хүслэн, Энэрэлт, Бат-Амгалан нарын хамтаар 00 цагийн орчим “Мийтинг” нэртэй бааранд орсон. Бид нар нэг ширээ олж суугаад 3 шил пиво аваад ууцгааж байгаад тэр гурав бүжиглэхээр талбай дээр гарсан, би араас нь бүжиглэхээр гарахад манай найз Бат-Амгалан нэг залуутай муудалцаж байсан. ...би очоод тэр хоёрыг хоёр тийш нь салгаад Бат-Амгаланг аваад явж байтал Бат-Амгалантай маргалдаж байсан залуу миний араас толгой руу пивоны шилээр цохиод хагарсан хэсгээр нь миний нуруу хэсэгт дүрсэн. Тэгээд миний толгойноос цус гараад, удалгүй нурууны хэсгээр цус гараад эхэлсэн. Гэмтээсэн залуу хацар, эрүү, хүзүү, нүдний доод хэсгээр шивээстэй, 175 см орчим өндөртэй, хар өнгийн биеийн тамирын өмдтэй улаан өнгийн майк пүүзтэй, хар өнгийн малгайтай цамцтай байсан. Манай найзууд Хүслэн, Энэрэлт нар бүх зүйлийг тодорхой харсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Хүслэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... тэгээд тэр залуу шууд эргэж хараад барьж байсан пивоны шилээрээ Сүхбаатарын толгой руу нь цохиход пивоны шил нь хагарсан тэгээд би урд нь зогсож байсан учраас нуруу руу нь дүрэхийг хараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13080 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

  1. Ө.Сүхбаатарын биед зүүн зулайн хуйх болон бүсэлхийн нуруунд зүсэгдсэн шарх духанд зураасан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…
  5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдангид нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

                 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 “…”Мийтинг баарны дотор, бүжгийн талбайг харуулсан хяналтын камерын бичлэг бичигдсэн 1 ширхэг сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

                 Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “…бичлэг эхлэхэд Д.Энхтүвшин нь бүжигийн талбай дээр тайзны урд бүжиглэж байх ба түүн рүү нэг залуу ирж маргалдан түүнийг барьж авч байх ба Д.Энхтүвшин нь түүнийг түлхэн холдуулахад, уг залуу нь нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж байна, энэ үед нэг цагаан өнгийн цамцтай өөр нэг залуу салгах гээд ирэх үед Д.Энхтүвшин нь гартаа барьсан пивоны шилээр уг цагаан цамцтай залуугийн толгойн тус газарт нь нэг удаа цохиж, уг залууг толгойгоо дараад цаашаа харах үед ар нуруу хэсэг рүү нь гартаа байсан зүйлээр нэг удаа хатгаж байна. Уг бичлэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй…” гэжээ /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Бат-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Г.Энэрэлтийн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Г.Шинэбаярын мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Г.Энхжингийн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Г.Халиуны мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Б.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 24/, эмчилгээний браимт /хх-ийн 27/, Д.Энхтүвшингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/, хохирогч Ө.Сүхбаатараас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Энхтүвшин нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мийтинг" бааранд хохирогч Ө.Сүхбаатартай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний толгой тус газарт нь пивоны шилээр нэг удаа цохиж хагалан уг хагалсан шилээр Ө.Сүхбаатарын нуруун тус газарт нэг удаа хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Сүхбаатарын мэдүүлэг, гэрч Ч.Хүслэнгийн  мэдүүлэг, шинжээчийн  №13080 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүх шүүгдэгч Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Уг гэмт хэрэг нь бар цэнгээний газарт шүүгдэгч, хохирогч нар согтуурсан үедээ   хохирогч Ө.Сүхбаатарын зүгээс шүүгдэгч Д.Энхтүвшинтэй зохисгүй үг, үйлдлээр харьцсанаас шүүгдэгч Д.Энхтүвшин эгдүүцэж улмаар ууж байсан пивоны шилээр хохирогчийн толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Д.Энхтүвшингийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч Ө.Сүхбаатараас гаргасан хүсэлтэнд “…Д.Энхтүвшин нь хохирлоо нөхөн төлхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Гомдол саналгүй…” гэсэн байна.

Шүүгдэгч Д.Энхтүвшингээс 189.472 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Сүхбаатарт олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Энхтүвшинд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

                                                                                  

            1. Тариачин овогт Дамдинсүрэнгийн Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинг 600 /зургаан зуу/ нэгжээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшин нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшингээс 189.472 төгрөгийг /нэг зуун наян есөн мянга дөрвөн зуун далан хоёр / төгрөгийг гаргуулж Дундговь аймаг Сайнцагаан сум 8-р баг айраг 9-р гудамж 16 тоотод оршин суух Зуут овогт Өлзийбаатарын Сүхбаатарт /ЗЮ98121617/ олгосугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Энхтүвшинд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН