Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/990

 

А.З-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч А.З-ийн өмгөөлөгч А.Очбадрал, Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч А.З-д холбогдох 2208 00028 0321 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн А-ын З, 1965 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** хорооллын, ** байр, ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: УУ00000000/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр тус дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 02-ны 235 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, бүгд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 5 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан,

 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 241 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

А.З нь 2021 оны 11 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, *** дугаар гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны ** тоотод орших суух А.А-ы гэрийн цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 32 инчийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: А.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А-ы З-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.З-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч А.З-ийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолохоор, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.З-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.З-ийн эдлэх ялыг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.З-ийн өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.З нь 1965 онд төрсөн, одоо 57 настай, эрэгтэй, эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаад тусдаа амьдарч байгаа ч хувиараа ажил хөдөлмөр эрхэлж барилгын засал чимэглэл, өрлөгчин хийж, 1984 оноос хойш барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 1987-1990 хүртэл “угсармал барилга үйлдвэрийн нэгдэлд өрлөгийн 4 дүгээр зэрэгтэй, ээлжийн даргаар ажиллаж байсан. Барилгын техник мэргэжлийн 4 дүгээр цэгт суралцаж өрлөг, угсрагчаар төгсөж, Улаанбаатар хот, Дорноговь аймгийн бүтээн байгуулалтын барилгын ажлыг ид цэцэглэж байх үед нь хийж гүйцэтгэж байсан байна. Биеийн эрүүл мэндийн хувьд уушгины бронхиттой байнга амьсгааддаг, 2 чих таг дүлий сонсгол маш муу, элэгний хатууралтай, хэвлийгээр томорч өвддөг болсон юм. Өмгөөлөгчийн зүгээс хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж дахин хүсэлт гаргасан. Болсон асуудалд маргах зүйлгүй, үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байгаа, хохирлоо буцааж өгсөн, хохирол төлбөргүй тул түүний хувийн байдал, биеийн эрүүл мэнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлсөн зэрэг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан үзэж А.З-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэснийг үндэслэн 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч А.Очбадралын хувьд зүйлчлэлд маргаагүй. Харин гэмт хэргийг төгссөн буюу төгсөөгүй гэж прокурор, өмгөөлөгч нартай мэтгэлцэж оролцсон байдаг. Төгссөн гэмт хэргийн шинж нь захиран зарцуулах эрх нь тухайн хүнд бүрэн олгогдсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн эд зүйлийг өөрийн эд зүйл мэт захиран зарцуулах эрхтэй болсноор төгссөн гэмт хэрэгт тооцдог. Шийтгэх тогтоолын дүгнэлтэд хохирогч А.А тухайн үед эд зүйлээ алдсан гэдгээ мэдээгүй, утсаар дуудагдаж ирсэн байдаг. Гэрч Ц-ийн мэдүүлэгт үл таних хөгшин эрэгтэй хүн бор эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явж байхад нь очиж салгасан гэдгийг шийтгэх тогтоолд бичсэн байдаг. Гэтэл “боочихсон гарч явсан” гэдгийг тухайн байрны коридорт гарсан юм уу, гадаа явж байсан уу, гэрээс нь гарч явсан юм уу, нийтийн байрны өрөөнөөс нь гарч байсан юм уу гэдэг нь тодорхой бус байдаг. Хэргийн материалтай танилцахад нийтийн байр учраас өөр өөрсдийн амьдрах орчинтой, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр орох ёсгүй. А.З нь эд зүйлийг өөрийн болгож чадаагүй үедээ гэрч Ц-д баригдаж, тухайн эд зүйлийг буцааж өгсөн. Хохирогч хулгайд алдсан эд зүйлээ мэдээгүй байсан ба хулгайд алдсан эд зүйлээ буцаан авч, гомдол саналгүй гээд шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүгчийн дүгнэснийг харахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөр нөхөн төлсөн гэдэг дүгнэлтийг хийхгүй байгааг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн эд зүйлийг өөрийн болгож худалдан борлуулсны дараа мөнгөөр өгөх, тухайн байрнаас холдож, хэд хоногийн дараа буцааж өгснөөр хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гэж тооцогдох юм уу. Энэ байдал ойлгомжгүй байгаа учраас хохирол нөхөн төлсөн гэдэг хөнгөрүүлэх үндэслэл байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хөнгөрүүлэх үндэслэл байдаг. А.З нь 10 гаруй жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шинээр хууль батлагдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн заалт байдаг. Тэгэхээр өмнө нь ял эдэлж байсан нь энэ гэмт хэрэгт хүндрүүлэх үндэслэл болохгүй. Харин анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэдгээр хөнгөрүүлэх үндэслэл болж хуулийн шаардлага хангаж байна гэж үзсэн. Шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон тул гэж бичсэн байсан. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг А.З-д хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль бус үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч А.З хэргийн талаар маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийг төгссөн, төгсөөгүй гэж мэтгэлцэж оролцсон байхад хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон нь тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж шийтгэх тогтоолд дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. А.З-ийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. А.З-д шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгч А.З-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.З-д холбогдох хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа орсон байдаг. Эхний шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байсан. Эхний шийтгэх тогтоол хүчингүй болсон үндэслэл нь тухайн зүйлд заагаагүй ял оногдуулсан гэж дүгнэгдэж хүчингүй болсон. Улсын Дээд шүүхийн тайлбарт хулгайлах гэмт хэрэг ямар нөхцөлд төгссөн байх вэ гэдэг нөхцөл байдал хангагдаагүй буюу захиран зарцуулах боломж үүсээгүй байхад нийтийн байрны үүдэнд гэрчид баригдаж зурагтыг буцааж өгсөн байдаг. Бүрэн захиран зарцуулах боломж үүсээгүй байхдаа баригдсан учраас завдалт гэж эхний удаа шийдсэн. Анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа ороход төгссөн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзсэн байр суурь хэвээрээ байгаа. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ А.З-г тухайн айлын хаалга дээр баригдсан уу,  нийтийн байрны гадаа баригдсан уу, коридорт нь баригдсан уу гэдгийг нарийвчлан тогтоохгүйгээр төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрвээ аль үүдэнд баригдсан гэдэг эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх буюу Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан завдсан үйлдлийн шинж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэхгүй гэдэг нь өмгөөлөгч маргасан гэдэг байдлаар шүүх дүгнэж шийтгэх тогтоол гарсны дараа тайлбарласан. Хууль зүйн хувьд төгссөн, төгсөөгүй гэдэг үйл баримтад маргасан. Гэм буруу дээр маргаагүй  нөхцөл байдлыг хооронд нь холбож шүүгдэгч маргаагүй, өмгөөлөгч төгссөн, төгсөөгүй гэдэгт маргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.З-д холбогдох гэмт хэрэг нь төгсөөгүй завдсан гэмт хэрэг юм. ...” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.З-д холбогдох хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдсэн. Сүүлийн шүүх хуралдаанд миний бие оролцоогүй, томилолтоор прокурор орсон байсан. Шийтгэх тогтоолоос харахад хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч А.З хоёр энэ гэмт хэрэг нэвтрэлт, төгсөөгүй гэмт хэрэг тул завдалт гэж үзэж гэм буруу дээрээ маргадаг. Гэрч Ц-ийн “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, юун зурагт хаанаас авсан юм гэж асуухад би тэврээд явж байсан юм. Тэгээд би 2 давхарт гараад харсан чинь 6 тоотын өрөөний хаалга онгорхой, цоож нь эвдэрсэн байхаар нь шагайгаад харахад зурагт нь байхгүй байсан” гэсэн мэдүүлэг хэргийн 19, 20 дугаар хуудаст авагдсан. Анхан шатны шүүхээс төгссөн гэмт хэрэг гэж үзэж, ял оногдуулсан. Сүүлийн үйлдэлдээ гэм буруу дээрээ маргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хохирогч А.А-ы: “...Гэртээ ирэхэд миний амьдардаг өрөөний цоож нь өөрчлөгдсөн байсан ба байрны эзэн залуугаас асуухад “Танай гэрт хулгай орж, зурагт авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаад цагдаа аваад явсан” гэсэн...” /хх 14/,

гэрч О.Ц-ийн: “...Манай нийтийн байрнаас үл таних хөгшин эрэгтэй хүн бор эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явахаар нь очоод шалгасан. Гэтэл нөгөөх хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба би тухайн хүнээс “Юун зурагт хаанаас аваад гараад ирсэн бэ” гэж асуухад “Би угаасаа тэврээд явж байсан юм. Манай аль нэг өрөөнөөс аваагүй” гээд байсан. Тэгээд би 2 давхар руу гараад харсан чинь 6 тоотын хаалга онгорхой, цоож нь эвдэрсэн байхаар нь шагайгаад харахад зурагт нь байхгүй болсон байхаар нь би тэр хүнийг авсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 19-20/,

шүүгдэгч А.З-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, *** тоотод байх нийтийн байр руу ортол 2 давхарт нь ** дугаартай хаалга жижигхэн цоожтой байхаар нь гудамжнаас олсон нарийхан төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгон ороод идэх юм хайсан. Тогоо болон гал тогооны тавиур дээрээс идэх юм хайсан ч байхгүй болохоор нь авдар дээр нь зурагт байхаар нь хулгайлж явж байгаад тухайн нийтийн байрны коридорт нь нэг хүнд баригдсан. ...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Би шууд хараад танина. ...3 дугаарт байрлуулж тавьсан голын хүн мөн байна. ...Би андуураагүй. Энэ хүнийг эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явахад нь зогсоож байгаад хэсэг хугацаанд ярилцсан тул андуураагүй. ...” гэсэн тэмдэглэл /хх 10-11/,

хохирогч А.А-ы эзэмшлийн 32 инчийн “Samsung” загварын зурагтын үнэлгээг 250.000 төгрөгөөр тогтоосон Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2021 оны 1147 дугаартай дүгнэлт /хх 23-24/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаар шүүгдэгч А.З нь 2021 оны 11 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, ** дугаар гудамжны ** тоотод байрлах нийтийн байрны ** тоот хохирогч А.А-ы гэрийн хаалганы цоожийг түүний эзгүй үед нь хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын зурагтыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, гарч явж байхад нь тус байрыг ажиллуулдаг гэх гэрч О.Ц түүнтэй таарч, саатуулан цагдаагийн байгууллагад мэдээлсэн үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.З-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан  тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар А.З нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэж, бусдад хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд, шүүгдэгч А.З-ийн бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж бага хэмжээний буюу 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тус гэмт хэрэг нь төгсөөгүй буюу шүүгдэгч А.З нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцохоор заасан.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, өөрийн эзэмшилдээ авч ашиглах, эзэмших, зарж борлуулах зорилгоор нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, өөрийн эзэмшилдээ оруулж захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс тус гэмт хэргийг төгссөнд тооцдог.

Хэрэгт авагдсан гэрч О.Ц-ийн: “...эрэгтэй хүн бор эрээн өнгийн даавуунд зурагт боочихсон гарч явахаар нь очоод шалгасан. ...“...Аль нэг өрөөнөөс аваагүй” гээд байсан. Тэгээд би 2 давхар руу гараад харсан...” /хх 20/, шүүгдэгч А.З-ийн “...зурагт байхаар нь хулгайлж байгаад тухайн нийтийн байрны коридорт баригдсан...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч А.З нь зурагтыг хохирогч А.А-ы гэрт нэвтрэн авч гарсан болох нь тогтоогдож байх тул тус гэмт хэргийг төгссөнд тооцох бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Иймд, гэмт хэрэг төгсөөгүй талаарх гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.З-ийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  хуульд нийцсэн ял оногдуулсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Харин, шүүгдэгч А.З-ийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн давж заалдах шатны шүүхэд гарган өгсөн Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтод шүүгдэгч А.З нь “С” вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хувийн байдал, хохирогч А.А нь хулгайд алдагдсан эд зүйл болох зурагтыг буцаан авсан буюу тэрээр гомдолгүй талаар мэдүүлсэн /хх 14/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулав.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч А.З-ийн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/917 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.З-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                                     ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ