Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0402/з |
Дугаар | 418 |
Огноо | 2018-10-29 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 418
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 23,286,549 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0473 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-д 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх, нийт 17 сар 3 хоногийн цалин хөлстэй тэнцэх 23 473 356 (Хорин гурван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун тавин зургаа) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0473 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харъяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. Гэтэл шүүх маргаан бүхий тогтоолыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд бие дааж дангаар гаргаагүй байтал захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь Төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүйгээс гадна Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газарт холбогдох тогтоолуудаар албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоож өгөөгүй байгаа нөхцөл байдал тогтоогддог.
5. Түүнчлэн нэхэмжлэгч анх ажилд томилогдохдоо ажил олгогчтой хөдөлмөрлөх үндсэн харилцаагаа зохицуулах зорилгоор Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь, нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн шүүх төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн маргаан, Иргэний хэргийн шүүх төрийн үйлчилгээний албан хаагч хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллагсадтай холбоотой маргааныг тус тус харъяаллын дагуу хэрэг үүсгэн шийдвэрлэдэг.
6. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаас үзвэл уг маргааныг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх байсан бөгөөд Захиргааны хэргийн шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж эсхүл хэргийн хянан шийдвэрлэх явцад уг үндэслэл тогтоогдвол мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх, цаашлаад маргаан бүхий тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй байхад шүүх уг маргааныг дүгнэж шийдвэрлэсэн нь дээр дурдсанчлан шүүхийн харъяалал зөрчсөн асуудал юм.
7. Нэхэмжлэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Н.Номтойбаярт 2016 оны 09 сарын 26-ны өдөр “...Ар гэрийн хувийн шалтгаанаар Орхон аймаг руу шилжих болсон тул Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжүүлэн томилж өгнө үү...” гэж өргөдөл гаргасныг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн. Түүний өргөдөлд дурдсан асуудлаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй тул хүсэлтийг үндэслэн чөлөөлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар “...Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилуулах...” асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй учир харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь ямарваа байдлаар хууль зөрчөөгүй.
8. Шүүх ажилтны ажлаас чөлөөлүүлэх, өөр ажилд шилжин ажиллах өргөдөл хариу өгөгдсөн, асуудал шийдэгдсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт өгсөн нь үйл баримтыг буруу үнэлсэн, хуульд үндэслээгүй болно. Бусад нотлох баримтаар Б.Болормаагийн өөр ажилд шилжин ажиллах хүсэл зориг ажлаас чөлөөлөх шийдвэр гарах үед хэвээр байсан нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Б.Б-ийн хэлтсийн даргаар томилуулах хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн, уг мэдүүлгийг нэхэмжлэгч өөрөө гаргасан, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч өөрөө албажуулсан үйл баримт хэрэгт авагдсан тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх буруу үнэлсэн байна.
9. Нэхэмжлэгч нь анх ажилд томилогдохдоо сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа үүсэхгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь Төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй болох нь тогтоогдог байна. Анхнаасаа зохих шалгаруулалтаар томилогдоогүй тул шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэх ёсгүй Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэж байна.
10. Иймд гомдлын нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан нөхцөл үүссэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.
11. Гомдлын 2, 3 дах хэсэгт заасан хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль буруу тайлбарласан, цалин хөлсийг буруу тооцож, үнэлсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгч Б.Б нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, маргаан бүхий тушаалаар “өөр байгууллагад шилжин ажиллах болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “өөр байгууллагад шилжих өргөдлийг шийдвэрлээд дууссан, түүнээс хойш шилжих хүсэл зоригоо илэрхийлээгүй” гэж, хариуцагчаас “төрийн үйлчилгээний албан хаагч тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй, шилжин ажиллах хүсэл зориг хэвээр байсан” гэж тус тус маргажээ.
14. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах бөгөөд дарга, гишүүдийг 6 жилийн хугацаагаар томилж, уг зөвлөлийн зорилго нь нийгмийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогч, Засгийн газрын тэгш оролцоог хангах, нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтийг хариуцах болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршиж байна.
15. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Ажлын албаар дамжуулан хэрэгжүүлдэг байх бөгөөд Ажлын алба нь Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, гишүүдийг тооцоо судалгаа, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, нийгмийн даатгалын сангийн болон үйл ажиллагааны зардлын төсвийн гүйцэтгэлийн тайланд шинжилгээ судалгаа хийж, хурлаар хэлэлцүүлэх, шалгалт хийх, харин Ажлын албаны дарга нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтныг томилох, чөлөөлөх, Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, тэдгээрийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг байна. Эндээс Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн тухайд Улсын Их Хурлаас хугацаатай томилогдож байгаа учраас улс төрийн албан хаагч гэж үзэх үндэслэлтэй, харин Ажлын албаны даргын тухайд уг Зөвлөлд байнгын, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар энэ албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгаж үзэхээр байна.
16. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт зааснаар яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхэлж байсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалын чиг үүргийг аль ангилал, зэрэглэлд оруулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, харин ажилд томилохдоо цалинг АА-1-3 байхаар тогтоосон байна.
17. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолоор Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар ... тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг тогтоосон байх бөгөөд эдгээр нэрлэн заасан ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна. Улмаар хариуцагчийн зүгээс Ажлын албаны даргын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтган үзсэн болох нь түүнд төрийн захиргааны албан хаагчийн цалин /ажлын алба/ олгосон шийдвэрээр тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах” тухай гомдол үндэслэлгүй юм.
18. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анх томилогдохдоо сонгон шалгаруулалтаар томилогдоогүй, хуульд заасан баталгаа үүсэхгүй” тухай гомдлын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт төрийн улс төрийн албан тушаалд хамаарах албан тушаалыг нэрлэн заасан бөгөөд улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх албан тушаалд нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хамааралгүй буюу улс төрийн албан хаагч болох Сайдад зөвхөн өөрт нь үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлээгүй, мөн Ажлын албаны дарга нь төрийн албанд хугацаагүй томилогддог тул зөвхөн “Сайд эрх хэмжээний хүрээнд томилсон” нөхцөл байдлыг харгалзан, маргаан бүхий албан тушаалыг “улс төрийн албан тушаал” гэж үзэх боломжгүй. Иймээс Ажлын албаны даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар сонгон шалгаруулалтаар томилогдох байна.
19. Гэвч томилох эрх бүхий этгээдээс Төрийн албаны зөвлөлд сул орон тоо, сонгон шалгаруулалт явуулах талаар захиалга ирүүлээгүй, Төрийн албаны зөвлөлөөс мэргэжлийн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтийн асуудлаар хяналт тавих, зөрчлийг арилгах үүргээ хэрэгжүүлээгүй буюу төрийн албаны сонгон шалгаруулалт явуулах ажлыг захиргааны байгууллагаас хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийг шууд буруутгах, түүний хөдөлмөрлөх эрх хамгаалагдахгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдвэрээ сонгон шалгаруулалт явуулах замаар засах эрх нь захиргааны байгууллагад хадгалагдах юм.
20. Захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ болон Үр дүнгийн гэрээ байгуулж байсан, талуудын хоорондын хөдөлмөрлөх эрхийн харилцааг Төрийн албаны хууль болон Хөдөлмөрийн хуулийн аль алинаар зохицуулж байгаа болон дээр дурдснаар албан тушаалын чиг үүрэг нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул захиргааны хэргийн харъяалан шийдвэрлэх маргаан мөн байна. Нэхэмжлэгчийн албан тушаалын хэрэгжүүлж буй чиг үүрэг нь төрийн үйлчилгээний буюу төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэгтэй шууд холбоогүй, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаагүй зэрэг шинжээр нь төрийн үйлчилгээний албан тушаалтай адилтгах боломжгүй байна.
21. Түүнчлэн маргаан бүхий тушаалыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1-д ажилтныг ажилд авахдаа Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэл болгоно, 2.2.2-т ажилтантай Хөдөлмөрийн гэрээнээс гадна Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана, 2.2.10-т албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхдээ Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийг баримтлах зэргээр зохицуулснаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны хуулийг хэрэглэхгүй, Хөдөлмөрийн хууль хэрэглэх” тухай гомдол няцаагдаж байна.
22. Маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг захиргааны байгууллага хэрэглэж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарласан буюу нэхэмжлэгчээс өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлт гаргаагүй, өмнө гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээд дууссан тухай шүүхүүдийн дүгнэлт зөв болжээ.
23. Харин цалин хөлсийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний /захиргааны байгууллагын маргасан үндэслэл/ албан тушаалын цалингийн бүрдлийг нэрлэн заахдаа “албан тушаалын цалин” гэх урьдчилсан нөхцлийг заасан болохоос “эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл” гэх цалингийн бүрдлийг хуульд заагаагүй.
24. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох зохицуулалттай. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд “эрх бүхий албан тушаалтан учраас 40 хувийн нэмэгдэл авч байсан” гэж, хяналтын шатны шүүх хуралдаанд “Хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах, бүртгэх, тайлан мэдээ гаргах ажлыг хариуцан ажилласан” гэж тус тус тайлбарласан байна.
25. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаас баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 3-ын б-д зааснаар хэрэв өөр албан тушаалын чиг үүрэг хавсран хэрэгжүүлсэн бол “нэмэгдэл хөлс” гэх ойлголт үүсэх болохоос нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл авах эрх үүсэхгүй юм. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой чиг үүрэг хэрэгжүүлсэн талаар тайлбарлаж байгаагүй, эрх бүхий албан тушаалтны 40 хувийн нэмэгдэл олгох тухай шийдвэрийг нотлох баримтаар өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, анхан шатны шүүхэд маргаагүй асуудлаар хяналтын шатны шүүхэд маргах эрхгүй.
26. Албан тушаалын чиг үүрэг, зорилго зорилт, үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, албан тушаалын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой болгох, давхардуулахгүй байх, хариуцах эзэнтэй байх зорилгоор Үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг, улмаар нэхэмжлэгчтэй байгуулсан Үр дүнгийн гэрээнд зааснаар хөрөнгө, орлогын мэдүүлэг хүлээн авч, тайлан гаргах ажил нь нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх ажил үүрэгт заагдсан байх тул нэхэмжлэгчийг өөрийн албан тушаалын чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
27. Иймээс “эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл” гэх 391371 төгрөгийг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөнд оруулан тооцохгүй тул 23473356 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлсийг 16753338 төгрөг болгож, багасгах хууль зүйн үндэслэлтэй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “тогтоох” хэсгийн 2 дахь заалтад 2017 оныг 2016 он гэж буруу бичсэн, гэхдээ нийт хугацааг 17 сар гэж зөв тогтоосон байх тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй алдаа гэж үзлээ.
28. Түүнчлэн анхан шатны шүүхээс “Ажлын албаны даргын албан тушаал нь төрийн албан тушаалын аль ч ангилал зэрэглэлд хамаарахгүй байх ба төрийн албан хаагч гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал нь улс төр, захиргааны, тусгай, үйлчилгээний гэсэн 4 төрөлтэй, эдгээрийн аль нэг төрөлд төрийн албан тушаал хамаарах ёстой. Эрх бүхий захиргааны байгууллагаас уг албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоогоогүй нөхцөл байдал нь тухайн албан тушаалыг эрхэлж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах, түүнийг төрийн албан хаагч биш гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй.
29. Давж заалдах шатны шүүхээс “захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой шийдвэр учраас захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан мөн” гэж зөвхөн захиргааны актын нэг шинжийг үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Учир нь захиргааны акт нь захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан байхаас гадна нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх, захирамжилсан байх, тодорхой тохиолдлыг зохицуулсан байх, гадагш чиглэсэн байх, эрх зүйн үр дагавар учруулсан байх шинжийг заавал агуулах, хэрэв аль нэг шинж байхгүй бол захиргааны актад тооцдоггүй болно. Энэ маргааны тухайд нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн эсэх үйл баримт гол нөхцөл бөгөөд хариуцагчийн маргаж буй хувийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн хуулийг хэрэглэхээс илүүтэйгээр захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд үүссэн маргаан учраас захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх нь хуульд нийцэх байна.
30. Анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг хэрэглэсэн нь алдаатай буюу маргааны үйл баримтыг зохицуулаагүй хуулийг хэрэглэсэн, Сайдаас маргаан бүхий шийдвэрийг гаргах эрхтэй эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй тул Монгол Улсын Засгийн газрын хуулийг хэрэглэхгүй, төрийн үйлчилгээний албан хаагч биш тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэхгүй, түүнчлэн эдгээр заалтууд нь ерөнхий харилцааг зохицуулсан, олон үндэслэлийг нэрлэн заасан нь /40.1.1-40.1.7, 24 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь дотроо 8 хэсэгтэй/ маргааны үйл баримтад хамааралгүй байсан, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байна.
31. Эдгээр үндэслэлүүдээр шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, өөрчлөн дүгнэж байгаатай холбогдуулан шийдвэр, магадлалын “тогтоох” хэсэгт дээрх хууль хэрэглээний болон цалингийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон, ажилд эгүүлэн тогтоосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0473 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1” гэснийг хасч, “Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1” гэж нэмж, “23473356 төгрөг” гэснийг “16753338 төгрөг” гэж багасган өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ