Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн  шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Аймгийн Аудитын газрын шинжээч *******д холбогдох Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 70/01 тоот актын 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

       Манай байгууллага 2015 оны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ дүгнэж ажилчдад урамшуулал олгосон.  Сумын Засаг дарга *******ийн ажлыг оны эцэст сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хангалттай гэж үнэлсэн ба аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээ 91 хувьтай биелүүлсэн тул урамшуулал олгосон. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд С үнэлгээг хангалттай гэж заасан, мөн байгууллагын дотоод журамд заасны дагуу хамт олны хурлаар хэлэлцэн үр дүнгийн гэрээгээ С үнэлүүлсэн мэргэжилтэн *******, *******, *******, хөдөлмөрийн гэрээгээ С буюу хангалттай дүгнүүлсэн , нарт урамшуулал олгосон тул тухайн албан тушаалтнуудад тавьсан 2182.8 мянган төгрөгийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үнэлгээ нь 90-100 А, 80-89 бол В, 70-79 бол С, 60-69 бол D, 0-59 бол F гэсэн үнэлгээ байдаг. Энэ үнэлгээнүүд дотор А, В хоёр нь маш сайн, С үнэлгээтэй бол ажил үүргээ хангалттай хийсэн гэж дүгнэдэг. Миний хувьд хамт олны хурлаа хийгээд байгууллагынхаа дотоод журамд заасны дагуу зохих хэмжээний урамшуулал олгосон. Уг тушаалдаа холбогдох хуулиудыг үндэслэл болгон гаргасан. А, В болон С үнэлгээтэй хүмүүсийн урамшууллын хэмжээ харилцан адилгүй байгаа. Тийм учраас хэрэгт авагдсан хамт олны хурлаараа оруулж байж С үнэлгээ авсан хүмүүстээ урамшууллыг олгосон байгаа. Сумын Засаг дарга *******ийн цалин нь Тамгын газрын цалингийн санд багтдаг. 2015 оны 12 сарын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хангалттай гэж үзээд тогтоол гарсан. Энэ тогтоолыг нотлох баримтаар авчирч өгсөн байгаа. ******* даргын үр дүнгийн гэрээг би дүгнээгүй, дүгнэдэггүй. Аймгийн Засаг дарга дүгнэдэг. Энэ дээр аймгийн төрийн захиргаа удирдлагын хэлтэст баримт бичиг нь архивлагддаг учраас нотлох баримтыг манайхаас гаргаж өгөх боломжгүй байсан. Манай Тамгын газарт танай Засаг дарга ингэж дүгнэгдлээ гэсэн зүйл ирдэггүй. Гэрээгээ 90 хувьтай амжилттай дүгнэгдлээ гэж хамт олны хурал дээр Засаг дарга өөрөө хэлж байсан. Засаг даргын үр дүнгийн гэрээг дүгнэсэн талаарх баримт манайд албан ёсоор ирээгүй.

        Жилийн эцэс болоод өөрийн хүрээнд бүх гэрээнүүдээ дүгнэж зохих хэмжээнд мэргэжилтнүүдээ урамшуулсан байсан. Бид нарыг удирдаад ажиллаж байгаа Засаг даргаасаа үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсэн талаар баримтыг нэхэх шаардлага тавьж чадаагүй, цалин буух үеэр Засаг дарга Улаанбаатар хотод байсан учраас утсаар холбогдож хамт олны хурал дээр А үнэлгээтэй дүгнүүлсэн гэж хэлж байсан учраас олгосон. Үндэслэл нь гэвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн өөрийн харьяалах хэмжээнд барьж олгосон.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 Манай байгууллага нь төрийн аудитын байгууллага. Улсын Их Хуралд хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлт, үр ашигтай, үр нөлөөтэй байдлыг хангах, чиг үүрэг бүхий байгууллага. Мөн Төрийн аудитын тухай хуулийн, 5, 15, 18 дугаар зүйлүүдэд заасан бүрэн эрхийн хүрээнд санхүүгийн тайлангийн аудит, Аудитын дээд байгууллагын Санхүүгийн аудитын удирдамж 10001810 дугаартай Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан санхүүгийн тайлангийн журмын дагуу хийж гүйцэтгэдэг. Есөнбулаг сумын Засаг даргын  Тамгын газрын даргын 2015 оны А/12 тушаалаар нэр бүхий 22 ажилтанд үр дүнгийн гэрээний дүгнэлтийг үндэслэн урамшуулал олгосон зөрчил гарсан. Энэ нь хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа. Тухайлбал Засгийн газрын 1995 оны 96 тогтоолын 6-р хавсралт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн төвшинг үнэлж дүгнэх журмын 3-р хавсралтын 6 дугаар зүйлийн 6.4.2, мөн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байсан тул төлбөрийн актыг тогтоосон. Дараагийн асуудал бол Есөнбулаг сумын Засаг дарга *******т 500.000 төгрөгийн урамшуулал олгосон асуудал байгаа. Энэ нь санхүүгийн тайлангийн аудит хийхэд анхан шатны нотлох баримтгүй, тушаал шийдвэргүйгээр доод шатны албан тушаалтан буюу Тамгын газрын дарга ******* нь удирдах албан тушаалтандаа шийдвэр гарган урамшуулал олгосон, үр дүнгийн гэрээг нь дүгнэсэн байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Захирах, захирагдах ёсны зарчим болон Төсвийн тухай хууль, Монгол улсын 2015 оны Төсвийн хяналтын хууль, мөн аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаартай албан даалгавар, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн байсан тул тус төлбөрийн актыг тогтоосон.

Шалгалтын үеэр тушаал шийдвэр бол байгаагүй. Төрийн байгууллага нь манай байгууллагаар санхүүгийн тайлангийн аудитаар орохдоо аудит хийлгэх материалаа санхүүгийн тайлантайгаа авчирч шалгалт хийлгүүлдэг. Тэр нь тухайн байгууллагын анхан шатны ийм материал байгаа учраас дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэйгээ ирдэг. Тухайн үед ******* дарга манай байгууллага дээр ирж ийм тушаал шийдвэр гараагүй, хурал дээрээ энэ тухай яриагүй гэж хэлсэн. Хурлын тогтоол дээр ямар нэгэн байдлаар ******* гэх хүнд урамшуулал олго гэсэн заалт байхгүй. Хурлын тогтоол нь зөвхөн ажлыг шалгаж дүгнэлт гаргасан байгаа учраас урамшуулал олгох асуудал дээр үнэлгээ өгөөгүй. Ийм учраас урамшуулал олгосон нь хууль зөрчсөн байгаа. Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрөө гүйлгээ хийх 1 дүгээр гарын үсгийг зурдаг эрх бүхий албан тушаалтан. Уг мөнгө нь Засаг даргын Тамгын газрын төсөвт явдаг учраас тухайн төсвөөс ямар нэгэн байдлаар хөрөнгө гаргуулах тохиолдолд заавал 1 дүгээр гарын үсгийг зурж, тушаал шийдвэрээр баталгаажуулах зохицуулалттай байдаг учраас энэ үйлдэл нь холбогдох хуулиудыг зөрчсөн байгаа. Манай байгууллага нь аудит хийхдээ анхан шатны баримтаас хөөн шалгадаг. Нэхэмжлэгч талд аудит хийхдээ цалингийн зардлыг сонгож үзэхэд тухайн цэс дээрээ жилийн эцэст Засаг даргад 500.000 төгрөг олгосон байгаа. Би энэ 500.000 төгрөг олгосон анхан шатны баримтаа аваад ир гэж нягтланд нь хэлэхэд тийм зүйл байхгүй гэсэн. Би үр дүнгийн гэрээг аваад ир гэсэн. Үр дүнгийн гэрээ нь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ байдаг. Дүгнэсэн материал нь байхгүй гэсэн. Дараа нь харин шүүхийн шатанд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга дүгнэсэн байсан. Үр дүнгийн гэрээг Засгийн газрын 147 дугаар журмаар үр дүнгийн гэрээ байгуулсан хүн дүгнэх ёстой байдаг. Аймгийн Засаг дарга тушаал шийдвэр гаргаагүй байхад 500.000 төгрөг олгосон нь хууль зөрчиж байх тул акт тавина гэхэд нягтлан нь холбогдох албан тушаалтандаа танилцуулья гэсний дараа ******* дарга ирж уулзсан. Хөдөлмөрийн гэрээг дотоод журамд заасны дагуу дүгнэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс хэлж байна. Гэтэл Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачилга гарган, албан үүргээ тогтмол биелүүлж...үр дүнгийн гэрээг дүгнүүлж амжилт гаргасан төрийн албан хаагчид урамшуулал олгоно” гэж заасан. Тэгвэл сайн дүгнэгдсэн гэдгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3-р хавсралтын 6 дугаар зүйлийг 6.4.2-т  80-90 хүртэлх оноо авсан бол В буюу сайн үнэлгээ, 7 дугаар зүйлийн 7.1-д маш сайн, сайн үнэлэгдсэн албан хаагчид хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу урамшуулал олгохоор заасан байдаг. Тэгэхээр сайн үнэлгээ нь В үнэлгээтэй албан хаагчийг хэлнэ гэж ойлгож байгаа. Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны нэгдсэн удирдлага чиг үүргийг хэрэгжүүлдэг. Сайн гэдэг нь В үнэлгээ гэж дотоод журмаас ойлгож болно. Хурлын тэмдэглэл дээр А, В бол урамшуулал авах боломжтой, С болон D авсан хүмүүс урамшуулал авах юм уу гэсэн яриа тодорхой байгаа. Тэгэхээр С үнэлэгдсэн албан хаагчдын хувьд урамшуулал авах ямар ч боломжгүй байгаа. Манайхаас  өгсөн албан шаардлагын хариуд урамшуулал хавтгайруулан олгосон үйлдлээ зогсоолоо гэсэн хариуг ирүүлсэн байгаа. Албан шаардлага дээр ямар нэгэн маргаан гаргахгүй байгаа учраас 2015 онд ажилчдад олгосон урамшууллыг үндэслэлгүйгээр олгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж ойлгож байна. Урамшуулал олгосон Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал дээрээ 22 ажилтны нэрсийг хавсралтаар баталж, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан урамшууллыг олгосугай гэсэн учир үр дүнгийн гэрээ байгуулаагүй ажилчдын гэрээг дүгнэх боломжгүй учраас энэ тушаалын үйлчлэлд хамаарахгүй гэж үзэж байгаа.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга *******т урамшуулал олгосон тухайд: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, хуулийн 13.5-т “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг

дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно ...”, хуулийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж зааснаар төсвийн байгууллага нь ажил, санхүүгийн гүйлгээ хийхдээ буюу урамшуулал олгохдоо анхан шатны баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд анхан шатны баримтыг бүрдүүлснээр санхүүгийн тайлан мэдээ үнэн зөв гарах, баримт хүчин төгөлдөр болох, санхүүгийн тайланд тусгах зэрэг ач холбогдолтой. Гэтэл Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга анхан шатны баримт бүрдүүлэхгүйгээр төсвөөс буюу цалингийн сангаас сумын Засаг даргад урамшуулал олгосон байгаа нь дээрхи хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг хангалттай гэж үзсэн 02 дугаар тотгоолыг үндэслэл болгож урамшуулал олгосон гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх тогтоол нь сумын Засаг даргын ажлыг дүгнэсэн тогтоол бөгөөд санхүүгийн анхан шатны баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

Сумын Засаг дарга нь харьяалагдах дээд шатны аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд гэрээний биелэлт, хэрэгжилтийг дүгнэх эрх бүхий этгээд нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулал тооцохоор байгааг дурдах нь зүйтэй байна.

Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээгээ “С” буюу Хангалттай дүгнэгдсэн *******, *******, *******, , нарт урамшуулал олгосон тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 19  дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” хуулийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг баримтлан үнэлж дүгнэхээр байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг баталсан.  Уг журмын 1.5-т “Энэхүү журмын дагуу гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь Төрийн албан тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ болно” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг энэ журмын дагуу үнэлж дүгнэхээр байна.

Журмын 6.4-т зааснаар Менежер нь гэрээний биелэлтэд дор дурдсан 90-100 оноо авсан бол “А” буюу “Маш сайн”, 80-90 хүртэл оноо авсан бол “В” буюу “Сайн”, 70-80 хүртэл оноо авсан бол “С” буюу “Хангалттай”, 60-70 хүртэл оноо авсан бол “D” буюу “Дутагдалтай”, 0-60 хүртэл оноо авсан бол “F” буюу “Хангалтгүй гэсэн үнэлгээний аль нэгийг өгөх бөгөөд журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “С” буюу “Хангалттай гэж үнэлэгдсэн төрийн жинхэнэ албан хаагчийг гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн цалинг нь нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, зохих шатны сургалтад хамруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр байна.

Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн *******, *******, ******* нар төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд үр дүнгийн гэрээний биелэлтийг “С” буюу “Хангалттай дүгнэгдсэн тул энэхүү журамд зааснаар урамшуулал олгох боломжгүй байна.

Харин төрийн үйлчилгээний албан хаагч буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн албан хаагчийн тухайд хөдөлмөрийн гэрээг үнэлж “С” буюу “Хангалттай дүгнүүлсэн тохиолдолд дээрх журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зохицуулах боломжгүй юм. Учир Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам” нь төрийн жинхэнэ албан хаагчтай энэ журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилгоор батлагдсан журам юм.

     Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь төрийн үйлчилгээний ажилтан буюу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг , нарын хөдөлмөрийн гэрээг “С” буюу “Хангалттай дүгнэж хамт олны хурлаараа хэлэлцэн урамшуулал олгосон байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 47 дугаар зүйлийн 47.1-т “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь урамшуулал авах эрхтэй байхаар заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар төрийн үйлчилгээний ажилтан буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрийн тухай хуульд заасан урамшууллаа Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр ажилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг ... шагнаж, урамшуулна” гэж зааснаас үзэхэд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу байгууллагын захиргаа нь хөдөлмөрийн гэрээний биелэлтийг дүгнэж, идэвх санаачилга гарган хангалттай ажилласан гэж үзэж урамшуулал олгосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 5.1-т “төсвийн байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг хянан үзэж төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах, орон тоог бууруулж, цалингийн санг хэмнэж ажилласны үр дүнд хэмнэгдэх цалингийн зардлыг бусад төрийн албан хаагчдын үр дүнгийн нэмэгдэл, урамшуулалд зарцуулдаг болох” гэж зааснаар урамшуулалд зарцуулах зардлыг тодорхойлж өгсөн бөгөөд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны 70/01 дугаар актын 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын /300000 мянган төгрөг/, /420000 мянган төгрөг/ нарт урамшуулал  олгосонд акт тогтоосныг хүчингүй болгож, сумын Засаг дарга *******т/500000 мянган төгрөг/, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн *******, *******, ******* нарт /900000 мянга төгрөг/ урамшуулал олгосонд акт тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.1 зааснаар үр дүнгийн гэрээгээ сайн дүгнүүлсэн тохиолдолд урамшуулал олгохоор заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 160.3.13 дах хэсэгт заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

        1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 31 дүгээр зүйлийн 31.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.7 дах хэсгүүдэд заасныг баримтлан аймгийн Аудитын газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны 70/01 дугаар актын 1 дэх заалтын зарим хэсэг , нарт урамшуулал олгосонд акт тогтоосныг хүчингүй болгож, Есөнбулаг сумын Засаг дарга *******, мэргэжилтэн *******, *******, ******* нарт урамшуулал олгосонд акт тогтоосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Э.ЗОЛБАДРАХ