Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/03752

 

2024 оны 9 сарын 27-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/03752

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Шаравын гудамж ** тоотод оршин суух, Т овогт Х-ийн М /РД:ЗЕ*********/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, бурхантын ** гудамж, ** тоотод оршин суух, Т овоогт Л-ийн Д /РД:ЗП*********/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Х.М миний бие 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л. Да-ийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн, нотариатаар гэрчлүүлж нэг хувийг нотариатын товчоонд, бид тус бүр нэг хувийг авсан. Зээлийн гэрээ байгуулсан дор нь миний бие нотариатын дэргэд өөрийн интернэт банкаар 2 000 000 төгрөгийг иргэн Л.Д-ийн хаан банкны 50*********4 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарь ёсоор иргэн Л.Д хүү болох 200 000 төгрөгийг сар бүрийн 22-ны өдөр төлж, эргэн төлөхдөө хугацааны эцэст бөөнд нь бүх мөнгийг төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч эхний сарын зээлийн хүүг зээл авсан эхний өдөр төлсөн бөгөөд урьдчилж өгсөн боловч дараа сараас эхлэн хүүг төлөөгүй тул утсаар удаа дараа ярьж, мессеж бичсэн ч хариу өгөхгүй, ганц нэг утасаа авахаар янз бүрийн шалтаг тоочин худлаа ярьж сүүлдээ утасаач авахаа байж залилангийн шинж чанартай болсон тул гомдол гаргаж байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн хүү, үндсэн зээлийг төлөөгүй бөгөөд одоо хүрьэл ямар нэгэн сураггүй утасаа авахгүй залилангийн шинжтэй үйлдэл гаргаж байгаад миний бие түүнд итгэж, зовлонгоо тоочиж мөнгө зээлсэн Л.Д-д гомдолтой байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 800 000 нийт 4 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Х.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д нь манай ахын найзынх найз юм билээ. Хэвтэрт байхад нь хамт байдаг байсан юм билээ. Манай ах найзыгаа хэвтэрт байхад нь мөнгө төгрөгөөр тусалдаг байсан. Тэгсэн Л.Д манай ахыг мөнгө зээлээч гэсэн байсан. Манай ах надад хэлж 5 хүүхэдтэй, дээрээс нь нэг охин нь гадагшаа явах гэж байгаа учраас амьдаралд маань тус болж мөнгө зээлээч гээд 2,000,000 төгрөг зээлсэн. Өөрөө болохоор хүүтээ зээлье гэсэн. Амьдралаа босгож сайн сайхан амьдрахад тус болооч гэхээр нь л итгээд өгснөөс, Л.Д-г сайн танихгүй. Тэгээд 2,000,000 төгрөг зээлсэн. Эхлээд 1,770,000 төгрөгийг авсан. Хүүгээ урьдчилаад аваад үлдчих гэсэн, нотариат орсон 30,000 төгрөгийг бас гаргуулсан. Тэгээд 1,770,000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүхэд өргөдөл гаргасан хугацаа хүртлээ хүү бодож 4,800,000 төгрөг болсон. Мөнгө авснаас хойш нэг ч удаа эргэн төлөлт хийгээгүй. Утсаар залгахаар утсааа авахгүй, зурвас бичихээр эгч нь өгнө гэдэг. Тэгээд ямар ч холбоогүй болсон тийм болохоор нэхэмжлэл гаргасан гэв.

 

2. Хариуцагч Л.Д нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан 2023.05.01-ний өдрийн 0955 дугаартай зээлийн гэрээ, 2023.05.01-ний өдрийн 956 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Х.М миний бие 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Да-ийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч нэг ч төгрөг буцаан өгөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 800 000 нийт 4 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Л.Д нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирж оролцоогүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Х.М, Л.Д нар нь 2023 оны 05 дугаар сарын 01 ний өдөр Зээлийн гэрээ гэх нэртэй гэрээг бичгээр байгуулж, тухайн гэрээгээр Х.М нь 2,000,000 төгрөгийг Л.Д-д 2023-12-01 ний өдрийг хүртэлх хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг хугацаа өнгөрсөн бол хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба  зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар Х.М нь зээлийн гэрээнд бичигдсэн Л.Д-ийн Хаан банкны 5******4 тоот дансанд 2023-05-01 ний өдөр 1,770,000 төгрөгийг шилжүүлжээ.

 

5. Уг зээлээс эргэн төлөлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч баримт хэрэгт ирүүлээгүй байх тул үндсэн зээл 1,770,000 төгрөг, 7 сарын хүү 1,239,000 төгрөг, нийт 3,009,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 282.1,282.3 т тус тус зааснаар зохигчид харилцан тохиролцож хүүгийн хэмжээг тодорхойлсноо бичгээр гэрээ хийж баталгаажуулсан учраас зээлдүүлэгч хүү шаардах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 т гэрээний хугацаа : 2023-05-01 ний өдрөөс 2023-12-01 нийг хүртэл 7 сар , сард 10 хувийн хүүтэй гэж тохиролцсон байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар тохирсон хугацааны 7 сарын хүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч тал 2,800,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шаардсан учраас шүүх алданги гаргуулах эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагаас 1,791,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 3,009,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2023.05.01-ний өдөр байгуулагдсан ба энэ үед зээлийн гэрээний харилцаа Иргэний хуулиас гадна 2022.11.04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно гэж заасан байна. Улмаар шүүх нэхэмжлэгч болох зээлдүүлэгч этгээдийг байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг эсэхийг нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр тодруулсан ба тэрээр ахынхаа найзын найзад тус болох зорилгоор зээлүүлсэн гэж тайлбарладаг.

Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-07-30 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 282.4 т тус тус зааснаар хариуцагч Л.Д-аас 3,009,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,791,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.М-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ