| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0548/э |
| Дугаар | 465 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ш.Алтанбагана нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Шаравжамцын Алтанбаганад холбогдох эрүүгийн 1709017460197 дугаартай хялбаршуулсан хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Зэт Эм И" ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 30 дугаар гудамжны 347 тоотод оршин суудаг, /Архангай аймгийн Эрдэнэмандал 3 дугаар баг, Эрдэнэ-Уул гэсэн иргэний үнэмлэхний хаягтай/, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Шаравжамцын Алтанбагана /РД:АР91052611/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ш.Алтанбагана нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбын 30 дугаар гудамжинд 15 настай эрэгтэй С.Цэрэнтогтохын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, дээд уруул, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Алтанбагана нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709017460197 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ш.Алтанбагана нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6 шил пиво уугаад 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбын 30 дугаар гудамжинд харих гээд явж байгаад хэдэн хүүхдүүдтэй маргалдаж улмаар гэртээ ороод хадам ах Юндэндоржыг дуудаад буцаж гараад нөгөө хэдэн хүүхдүүдийг дуудсан. Тэгээд надад зодуулсан Цэрэнтогтох хүрээд ирэхээр нь нэг хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Би тухайн үед согтуу байсан болохоор ямар шалтгаанаас болж цохисон талаараа сайн санахгүй байна. Миний буруу би дахин ийм үйлдэл гаргахгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч С.Цэрэнтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... хичээлээ тараад гудамжинд явж байтал урдаас нэг залуу гудамжинд гарч ирээд над руу “пиздануудаа нааш ир, бүгдэнг чинь ална шүү” гээд орилоод над руу дөхөж ирээд үгийн зөрөөгүй чулуу аваад шидэхээр нь би зугтаагаад, “агаа та яаж байгаа юм бэ уусан юм аа зөв шингээ” гэж хэлтэл согтуу ах хүрч ирээд зүүн нүд рүү нэг удаа “пизда минь чи намайг амжихгүй шүү” гээд цохиод авсан, тэр эрүүл залуу нь намайг цохиж зодоогүй, намайг зодсон нь Алтанбагана ах, гомдол саналгүй эмчилгээний зардалд 60000 төгрөг өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/
Гэрч Б.Юүндэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...хүргэн Алтанбагана орж ирээд “намайг хэдэн залуучууд зодоод байна гараад ир” гэсэн, хувцсаа өмсөөд гарсан чинь гурван арван жилийн хүүхдүүдтэй маргалдаад нэг хүүхэдтэй нь барьцалдсан байсан. Алтанбагана барьцалдсан байсан хүүхдийг хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон. Алтанбагана согтуу байсан, маргааш өглөө нь юу болсон талаар надаас асуугаад байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Н.Алтансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...найз Цэрэнтогтох, Төрхүүгийн хамт эмийн сан орох гээд явж байхад нэг согтуу ах бид гурвыг дуудсан, тэгээд “намайг мэдэх үү” гэж орилсон бөгөөд Цэрэнтогтох тэр ахыг “та согтуу байна гэртээ орж амар” гэсэн чинь “чи намайг амраадаг хэн юм” гэх мэт хэрүүл маргаан хийгээд байсан, нэг хашаа руу согтуу ах яваад орсон бид гурав явах гээд зогсож байхад буцаж гарч ирээд Цэрэнтогтохыг дуудсан, очсон чинь барьж аваад цохисон бөгөөд цаанаас нэг хүн гарч ирээд Цэрэнтогтох болон тэр ахыг салгах гэсэн чинь тэр ах Цэрэнтогтохыг бас хоёр удаа нүүрэн тус газар нь цохисон…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч А.Төрхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...найз Цэрэнтогтох, Алтансүх бид 3 Сүхбаатар дүүргийн 17 хороо Дамбадаржаагийн 30 гудамжинд явж байхад нэг согтуу үл таних залуу дуудсан бөгөөд Цэрэнтогтох тэр ахтай маргалдсан чинь тэр ах Цэрэнтогтохыг шууд хоёр, гурван удаа цохисон, нэлээн согтуу байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13320 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Гэрч Б.Баасансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Ш.Алтанбаганы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Алтанбагана нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбын 30 дугаар гудамжинд 15 настай эрэгтэй С.Цэрэнтогтохтой зүй бусаар харьцаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, дээд уруул, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Алтанбаганы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Цэрэнтогтохын мэдүүлэг, шинжээчийн №13320 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Алтанбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ш.Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Алтанбаганы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Ш.Алтанбаганад ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч С.Цэрэнтогтох, түүний хуудь ёсны төлөөлөгч Т.Мөнгөнцэцэг нараас бичгээр гаргасан хүсэлтэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.Алтанбагана нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овгийн Шаравжамцын Алтанбаганыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанбаганыг 500 /таван зуу/ нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанбаганад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ш.Алтанбагана нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанбагана нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Алтанбаганад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН