Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/991

 

Ц.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2207 00022 0035 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Ц-ийн Б, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Налайх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ00000000/,

Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 458 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан;

Ц.Б нь 2020 оны 02 сард иргэн Г.Э-ийн "G******* E*******" гэх фейсбүүк хаягаас "Өвс зарна" гэж байршуулсан зарын дагуу холбогдож, Налайх дүүрэгт түүнтэй уулзаж 1000 боодол өвсийг 1 боодлыг нь 13.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон худалдан авч 4.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 9.000.000 төгрөгийг өгөлгүй бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Өвс зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Мандах" дэлгүүрийн гадаа иргэн П.Б-с мобайл банкаар 1.700.000 төгрөг шилжүүлснийг А.Х-ын "Хаан" банкны 50ХХХХХХХХ тоот дансаар дамжуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 458 дугаартай магадлалаар оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-ээс 7.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Э-д 6.000.000 төгрөг, хохирогч П.Б-т 1.700.000 төгрөгийг олгож, хохирогч Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Би Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор 2 тусдаа шийтгэгдэн эрх зүйн байдал минь дордож байна. Сүүлийн 2 дугаар үйлдлийн талаар мөрдөгч, прокурорт анхан шатны шүүх хурлаас өмнө нэмж нэгтгүүлэх хүсэлт гаргасан. Надад прокуророос ирсэн хариу мэдэгдэх хуудсанд хяналтын прокурор Ц.Гэрэлчимэг нь хүсэлтийг хангаж байгаагаа мэдэгдсэн. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан хүсэлтийг авч үзээд “Шүүх хурлаар хэлэлцэх бүрэн боломжтой” гэсэн нааштай хариу ирсэн боловч анхан шатны шүүх хурлаар хэлэлцээгүй. Энэ тухай гомдлоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд гаргаж байсан. Гэвч хэргийг прокурорт буцааж нэмж нэгтгүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Би хохирол төлбөрийн тооцоо буруу, зөрүүтэй бодогдож гаргасан боловч өөрийн бусдад учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугаа ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн хохирлын тодорхой хэсгийг төлж барагдуулсан. Цаашид ч гэсэн нөхөн төлөхөө өөрийн дотоод ухамсрын хүрээнд бүрэн илэрхийлж байна. Тус хэрэгт шалгагдаж байх хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сард чихрийн шижин 2 хэв шинж өвчтэй маань оношлогдон дотоод шүүрлийн эмчийн байнгын хяналтад орсон. 2020 оны 4 дүгээр сард уушгины сүрьеэ өвчнөөр өвчлөн эмчлүүлж тус оны 12 сард уушги тайруулах хагалгаанд халдвартын мэргэжлийн эмчид үзүүлэн орох байсан боловч ковид-19 цар тахлын хөл хорионы дэглэмийн улмаас одоог хүртэл орж чадаагүй. 2021 оны 7 дугаар сард Төв аймгийн цагдан хорих газарт хоригдож байхад аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүн ирж шинжилгээ авахад зүрх бас өвчтэй гарсан. Эдгээр хавсарсан өвчнүүд нь миний эрүүл мэндэд өдөр ирэх тусам сөргөөр нөлөөлж, судас бүдүүрч хагарах, шүд үүрч унах, хөлийн ул болон биеийн бусад хэсгээр маш их хуурайшиж хагарах, даралтын өвчлөл зэргээр илэрч байна. Би хууль дүрэм журмын дагуу ялыг эдэлж дуусаад үр хүүхэд, ар амьдралынхаа төлөө хийж бүтээх зүйл байх тул эрүүл байх, өвчлөлөө тогтоож байх нь чухал байна. Миний хавсарсан 3 өвчинд минь эрчимтэй хөдөлгөөн хэрэгтэй байна. Миний хэргийн болон эрүүл мэнд хувийн байдлыг минь харгалзан үзэж дэглэмийг минь өөрчилж шийдвэрлэж өгнө үү. ...Надад оноосон 7 жилийн хорих ялаас Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь миний биечлэн эдлэн сууж цагдан хоригдсон 2 жил 1 сар 20 хоногийг хасаж 4 жил 10 сар 10 хоногийн үлдэгдэл ял дээр нэмж 8 сарын ял нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоног болгож шинээр эхлүүлснээр миний эрх зүйн байдлыг маш их дордуулж байна. Учир нь миний бие хийсэн хэрэгтээ гэмшин ухаарч хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тохиолдолд хуульд заасны дагуу зэрэглэл дэглэм гарах магадлалд орох хугацаанд дараах байдлаар зөрүү гарч хойшилж байна. 7 жилийн ял дээр 8 сар нэмж нэгтгэсэн бол 7 жил 8 сар болж, зэрэглэлд 4 жилээр дэглэмд 4,6 жилээр хохирол төлбөрөө төлөөд гарах магадланд 5 жил 6 сараар орох, үүнээс цагдан хоригдсон 2 жил 1 сар 10 хоног хасаж тооцох байсан. Харин биеэр цагдан хоригдсон хугацааг хасаж 5 жил 6 сар 10 хоногийн ял шинээр эхлүүлснээр биечлэн эдэлсэн хоноггүй болж зэрэглэл, дэглэм буух гарах магадланд орох хугацаа маань нэг жилээр хойшилж зөрүү гарч эрх зүйн байдал дордож байгаа. Энэ байдлыг минь харгалзан үзэж 7 жилийн ял дээр 8 сарын ялыг нэмж нэгтгэн 7 жил 8 сар болгож цагдан хоригдсон хугацааг минь хасалгүй биеэр эдэлсэн ялд оруулан тооцож эрх байдлыг минь дордуулахгүй байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэлийг заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн дурдсан байдаг. Хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх буюу эхний шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял хаалттай, сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял нь 8 сар хаалттай. Тэгэхээр хөнгөн ял нь 8 сар үүнийг 7 жилийн хорих ялд нэмж нэгтгэсэн шийтгэх тогтоол байгаа. Шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу гарсан шийтгэх тогтоол гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд Төв аймгийн прокурорын газраас Налайх дүүргийн шүүхэд хэрэг нь ирсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд байсан бол бид яллагдагчийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдэх байсан. Өмнөх 2 дугаар сарын яллах дүгнэлт нь Төв аймгаас байсан. Сүүлийн үйлдэл нь Налайх дүүрэгт байсан учраас Налайх дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн байсан. Ийм учраас шийтгэх тогтоолыг ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 02 дугаар сард иргэн Г.Э-ийн "G******* E******" гэх фейсбүүк хаягаас "Өвс зарна" гэж байршуулсан зарын дагуу холбогдож, Налайх дүүрэгт түүнтэй уулзаж 1000 боодол өвсийг 1 боодлыг нь 13.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон худалдан авч 4.000.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 9.000.000 төгрөгийг өгөлгүй бусдын эд хөрөнгийг хуурч, залилсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Өвс зарна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах "Мандах" дэлгүүрийн гадаа иргэн П.Б-с мобайл банкаар 1.700.000 төгрөг шилжүүлснийг А.Х-ын "Хаан" банкны 50ХХХХХХХХ тоот дансаар дамжуулан авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Э-ийн: “...Над руу Ц.Б гэх залуу залгаад бид хоёр Налайх дүүрэгт нийт 1000 боодол өвс авахаар болсон. Би тэр үеийн зах зээлийн үнээс хямдруулаад нэг боодол өвсийг 13.000 төгрөгөөр зарахаар болоод Ц.Б ч надаас өвсөө бага багаар авч эхэлсэн. Тэгээд бүр мөнгөө авч чадахгүй бол “13.000.000 төгрөгтөө “Toyota Corolla Axio” загварын машинаа өгчихнө” гэж байсан. Тэрнээс хойш өвсөө бага багаар авсаар байгаад 2020 оны 3 дугаар сарын сүүл үед 1000 өвсөө надаас авчихсан. Тэгээд Ц.Б мөнгөө өгөхгүй явсаар байгаад намайг нэхээд байхаар 2020 оны 4 дүгээр сараас 06 сарын хооронд увуулж цувуулан байж 4.000.000 төгрөг надад өгсөн. ...Одоо 9.000.000 төгрөг авах ёстой. ...” /хх 11-12/,

хохирогч П.Б-н: “...Би хотоос Налайх руу ирэх замд над руу дахиж залгаад “Бид нар Налайхад ирчихсэн байна, та хаана байна” гэхээр нь би “Уулын замд түгжрээд явж байна” гэхэд “Та над руу 200.000 төгрөг шилжүүлээч, бид нар шороо тоосноосоо салаад байж байя” гээд 50ХХХХХХХХ гэсэн дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь би тухайн данс руу 200.000 төгрөг хийгээд очоод уулзтал жижиг тэрэгтэй намайг хүлээгээд байж байсан. Тэгээд уулзтал “Бид нар өвснөөсөө түрүүлээд ирчихлээ, жолооч нар мөнгөө нэхээд явахгүй гээд байна. Та итгэхгүй бол яриад үз” гээд нэг хүнтэй ярьсан. Тэр хүн нь мөнгөө гүйцээгээд өгчих гээд байсан. Тэгэхээр нь би итгээд үлдэгдэл 1.400.000 төгрөг бэлнээр 50ХХХХХХХХ гэсэн дугаарын данс руу шилжүүлээд бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Тэгээд ардаас өвс ирэхээр гэрт буулгаж өгөхөөр тохироод би түрүүлээд гэр рүү явсан. Араас удалгүй залгаад “Өвс Налайхад ирчихсэн, авчирсан машин нь Налайхад бүгдийг нь буулгачхаад явчихлаа, бид нар машин түрээслээд танай гэрт өгөх гэсэн чинь 100.000 төгрөг гэж байна, та шилжүүлчихээч” гэсэн. Тэгэхээр нь би нэгэнт мөнгө өгчихсөн юм чинь гээд сүүлийн “100.000 зээлэв” гээд тухайн данс руу дахиад хийсэн. Тэгээд удалгүй залгахад “Бид нар хүргэж өгөх машиндаа ачиж байна өнөөдөр шөнө очих болно” гэсэн. Тэгээд маргааш нь залгахад “Ачиж байна, өнөөдөр шөнө очих болно” гээд байсан. Тэгээд хэд хоногоос залгахад “Ахаа нөгөө өвсийг өөр хүн бүгдийг нь бөөндөөд авчихлаа, бид нар дахиад явж ирээд танд өгөх болно” гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. ...Би нийт 1.700.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 54/,

гэрч А.Х-ын: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Б над руу 83ХХХХХХ дугаарын утаснаас залгаад “Ахын чинь гэрийн гадаа байна, хоёулаа урагшаа явчхаад ирье” гээд дуудсан юм. Тэгэхээр нь би гараад очтол Ц.Б намайг машиндаа суулгаад хүмүүс рүү утсаар ярьж байгаад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандах дэлгүүрийн урд очиж нэг хүнтэй уулзсан. Би хамт уулзаагүй болохоор тэр хүнийг нь анзаараагүй. Тэгээд надаас “карт байгаа юу” гээд асуухаар нь “50ХХХХХХХХ тоот данс байгаа” гээд хэлтэл миний данс руу мөнгө хийлгэх шиг болсон. Тэгээд миний картыг аваад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Замд гаръя” дэлгүүрийн АТМ рүү орчихоод миний картыг буцаагаад өгсөн. Тэр үед Ц.Б мөнгөө бэлэн авсан уу, хүн рүү шилжүүлсэн үү гэдгийг нь би мэдээгүй. Тэгээд миний картыг буцаагаад өгсөн. ...50ХХХХХХХХ тоот данс нь миний нэр дээр байдаг миний ашигладаг данс. ...” /хх 58/,

шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...2022 оны 02 дугаар сард Г.Э гэх хүнээс 10.000 төгрөгөөр 1 боодол өвс авахаар тохиролцож, 1000 боодол өвс авч, 4 сая төгрөгийг Г.Э-ийн данс руу шилжүүлж, үлдсэн мөнгийг өгөөгүй юм. ...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би П.Б гэх залуутай уулзаж өвс зарахаар болж, тээврийн мөнгө болох 1.700.000 төгрөгийг зээлж, А.Х гэх найзынхаа данс руу хийлгэж, би авсан юм. ...” /хх 22, 69/,

хохирогч Г.Э нь шүүгдэгч Ц.Б-д өвс хүлээлгэн өгсөн баримт /хх 25-30/, хохирогч П.Б-н эзэмшлийн  Хаан банк дахь 50ХХХХХХХХ дугаартай дансны хуулга /хх 72/, гэрч А.Х-ын эзэмшлийн 50ХХХХХХХХ дугаартай дансны хуулга /хх 76/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Г.Э, П.Б, гэрч А.Х, шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулга, зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилж, хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Б-ээс “...хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэлгүйгээр эрх зүйн байдал дордсон, ...эрүүл мэндийн байдлыг харгалзан дэглэмийг өөрчлүүлэх...”-ээр давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон байх бөгөөд уг ял дээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 10 сар 10 хоногийн хорих ялтай нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хуульд нийцсэн байх ба ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.Б-ээс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “...Г.Э-ийг залилсан хэргээ нэгтгэн шалгуулах...”-аар Налайх дүүргийн Прокурорын газарт хандаж хүсэлт гаргасныг тус прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор “Г.Э-ийг залилсан гэх хэргийг Ц.Б-д холбогдох хэрэгт нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах”-аар хүсэлтийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгч Ц.Б нь “...2 шийтгэх тогтоолоор хэргээ шийдвэрлүүлбэл эрх зүйн байдал дордох тул ижил төрлийн хэргийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор хэргээ шийдвэрлүүлэх...”-ээр дахин хүсэлт гаргасныг дээрхтэй ижил агуулгаар буюу “Г.Э-ийг залилсан гэх хэргийг Ц.Б-д холбогдох хэрэгт нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах”-аар хүсэлтийг хангасан тухай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоол гаргажээ.

Түүнчлэн, хэрэгт урьд шүүгдэгч Ц.Б-ийн холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол авагдаагүй, харин давж заалдах шатны шүүхийн магадлалын 1, 14 дүгээр хуудсууд тус тус авагдсан /хх 174-175/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан.

Гэтэл мөрдөн шалгах, прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн өмнөх шийтгэх тогтоолыг хавсаргаагүй, магадлалын 2 хуудсыг л хавсаргасан, шүүгдэгчийн зүгээс хэргээ нэгтгэн шалгуулах, улмаар нэг шийтгэх тогтоолоор хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсээр байхад анхаарч үзэлгүй орхигдуулж, ижил төрлийн холбогдсон хэргийг хоёр тусдаа шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн байхаар байх тул   прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхаар ажиллахыг магадлалд анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ