Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2023/0026/з |
Дугаар | 119/ШШ2024/0026 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2024/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, Э.А
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттүвшин, М.Халиунаа
Гуравдагч этгээд: Ц.Э, Ш.О нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, М.Халиунаа, гуравдагч этгээд Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
3. Нэхэмжлэгч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Ц.Э нь манай .................-ын дэргэдэх буюу мөн манай ............. болон “С”-ийн №.. шатахуун түгээх станцын дундын талбайд нэгж талбарын .......... дугаар үүсгүүлж 1845 м.кв газрыг 9 ба түүнээс дээш давхарын нийтийн орон сууцны зориулалттайгаар эзэмших эрхийг олж авчээ.
Бидний зүгээс кинотеатрт улсын чанартай болон олон улсын кино өдрүүд, кино нээлтүүд, соёлын өдрүүдийг дотор болон гаднаа зохион байгуулдаг үеүүдэд нэг дор олон зуун мянган хүн машин цуглардаг соёл урлагийн газрын үйлчилгээний онцлог гадна талбайн дутагдалтай байдлыг харгалзан кинотеатр болон шатахуун түгээх станцын хоорондох газар талбайд хүүхэд залуучууд, настнуудын тухлах амрах сүүдрэвч, мод зүлэг тарьж, зам талбай хийх тохижолт хийж нийтэд дундаа ашиглах, эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг дарга, Газрын албанд хүсэлт, зураг гаргаж очиж уулзахад тухайн газрыг аймгийн тусгай хэрэгцээнд аваад аймгийн Газрын албаны шинэ байрыг тэнд барих газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй гээд бидний хүсэлтийг хүлээн аваагүй атлаа дээрх газрыг 2022 онд Ц.Э-т далд нууц байдлаар эзэмшүүлж, урьд өмнөх бидний санал хүсэлт, тухайн газрыг хуульд заасан ашиглах эзэмшиж болох хуульд заасан эрхийг хөсөр хаясан байна.
Хэрвээ энэхүү газарт газар олголт хийх аваас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зармаар тус газрыг бусдад олгох ёстой. Гэтэл тус дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох манай эрхийг маш ноцтой зөрчиж иргэн Ц.Э-т хууль бусаар газар олголт хийсэн байна.
Иргэн Ц.Э-т орон сууцны зориулалтаар далд нууц байдлаар олгосон нь “Н” ХХК-ийн кино театрын үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрх ашгийг зөрчиж байна.
Иймд Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 тоот шийдвэр, шийдвэрийн иргэн Ц.Э-т холбогдох хэсэг нь “Н” ХХК-ийн эрх ашгийг ноцтой хөндсөн илт хууль бус захиргааны акт гарсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан шийдвэрийг гаргаж өгнө үү ” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн А/804 дугаар захирамжаар иргэн Ш.О-т дуудлага худалдаанд оролцож ялагч болсон гэх Баян-Өндөр сумын ........ талд 1000 м.кв газрыг эзэмшүүлэх эрхийг захирамжаар олгохдоо дараах байдлаар хуулиудыг ноцтой зөрчиж газар эзэмшүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээдэд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна" гэж заасныг зөрчсөн байна. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 2017 онд "Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газар"-ын байршлыг тогтоож өгсөн бөгөөд тус батлагдсан жагсаалтанд дуудлага худалдаагаар ялагч болж эзэмшсэн гэх ........тал гэсэн байршил огт батлагдаагүй. Иймд тус байршилд дуудлага худалдаа зарлагдаагүй тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байна гэж бид үзэж байна. Эрх зүйн үндэслэл байхгүй байхад Газрын тухай хууль, Засгийн Газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг ноцтой зөрчин газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байна.
Улмаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан "Газрын харилцааны талаар 2017 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолд тусгагдаагүй байршилд дуудлага худалдаа зохион байгуулж ялагч болсон гэх Ш.О-ийн газрын байршлыг аймгийн Засаг даргын 2020 оны А/262 дугаар захирамжаар шилжүүлэхдээ манай компаниас Засаг даргад 2017, 2021 онуудад хүсэлт гаргасан газарт шууд давхцуулан Ш.О-т олгож шилжүүлэн эзэмшүүлсэн нь манай эрх ашиг сонирхлыг ноцтой хөндсөн.
Манай компанийн 2017 онд гаргасан хүсэлтэд уг газрыг 2012 оны захирамжаар Төрийн байгууллагын эзэмшилд ашиглагдана гэсэн хариуг өгсөн атлаа иргэн Ш.О-т аймгийн Засаг даргын 2020 оны А/262 дугаар "Газрын байршил өөрчлөх тухай" захирамжаар эзэмшүүлж, захирамжийн үндэслэх хэсэгт захирамжийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан заалт нь шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын эрх хэмжээг заасан байхад огт хамааралгүй хуулийн зүйл заалтыг ашиглан Газрын байршил өөрчлөх тухай захирамж гаргажээ. Аймгийн Засаг даргад газрын байршил шилжүүлэх эрх хуулиар олгогдоогүй болно.
Мөн аймгийн Засаг даргын А/262 дугаар захирамжийн 2 дах хэсэгт "Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2012 оны 17 дугаар захирамжийн хавсралтын 5 дах мөр, аймгийн Засаг даргын 2018 оны A/528 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай” гэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах заалтыг шууд зөрчиж төрийн байгууллагад олгосон төрийн эзэмшил газрын эрхийг илт хууль бусаар хүчингүй болгож иргэн Ш.О-т эзэмшүүлсэн болохыг нотлож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 38 дугаар тогтоол мөн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламж, түүний доорх газар эзэмших, ашиглах эрхийн талаар болон цаашид авах арга хэмжээний талаар тогтоож өгсөн байгааг аймгийн Засаг дарга шууд, илт зөрчсөн байна.
Нэгэнт аймгийн Засаг даргын 2020 оны А/262 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2012 оны 17 дугаар захирамжийн орон нутгийн Өмчийн албанд холбогдох хэсгийг Засгийн газрын тогтоол, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх байсан бол цаг хугацааны хувьд Ш.О-ээс өмнө түрүүлж 2017 онд хүсэлт гаргасан манай компанийн хүсэлтийг эхэлж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд холбогдох хууль журамд заасны дагуу газар эзэмших эрх олж авах бүрэн боломжтой байсан ч нууцлагдмал хачирхалтай шалтгаанаар манай түрүүлж 2017 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй дарагдуулж, сүүлд хүсэлт гаргасан иргэн Ш.О-т шууд газар эзэмшүүлжээ.
Өөрөөр хэлбэл Орхон аймгийн Засаг дарга өөрийн 2020 оны А/262 дугаар захирамжаар төрийн байгууллагын газрыг иргэн Ш.О-т шилжүүлсэн нь газрын талаар авч хэрэгжүүлэх өөрийн эрх хэмжээнд заагаагүй илт хууль бус акт болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн Ш.О-т аймгийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамжаар маргаан бүхий газарт нэмж эзэмшүүлсэн 850 м.кв газарт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй эзэмшүүлсэн нь аймгийн Засаг даргын 2021 оны А/384 дүгээр захирамжийн 1 дэх заалтад "Иргэн Ш.О-ийн гаргасан хүсэлтийн дагуу эзэмшил газрын хэмжээг өөрчлөн 1850 м.кв болгож үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн нь нотлогдож өөрт хуулиар олгоогүй, Газрын тухай хуулиар хуульчлаагүй үйлдлийг илт хууль бус акт мөн. Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3 дах заалтад дурдсанаас бусад газарт 2016 оны Засгийн газрын 10 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын ялагчид тус газрыг эзэмшүүлэх боломжтой байсан.
Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах ажлыг аймгийн Засаг дарга зохион байгуулсан бол манай "Н” ХХК шударгаар оролцох боломжтой байсан боловч Засаг даргын хууль зөрчсөн нууцлагдмал үйлдлээс болж манай эрх ашиг ноцтой зөрчигджээ. Түүнчлэн бидний зүгээс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21/034 дугаартай албан бичгээр тухайн маргаж буй газрыг тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар эзэмших тухай албан хүсэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлж байсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 01/572 дугаар албан бичгээр манай компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авч, ирэх жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан тухай хариуг ирүүлсэн хэрнээ уг газрыг өөр хүнд эзэмшүүлсэн нь газрын тухай хуультай нийцэхгүй байна.
Эцэст нь дүгнэвэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно" гэж заасан байх тул дээрх нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хүлээн авч холбогдох хууль тогтоомжууд, Засгийн газрын тогтоолын дагуу эдгээр актуудыг нь илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү.
Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-т заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжуудын хувьд Ш.О, Ц.Э хоёрт холбогдох хэсэгтэй маргаж байгаа, бусад иргэний асуудал хамаагүй.
Орхон аймгийн Засаг даргын захирамжууд нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Засаг дарга өөрийнхөө бүрэн эрх хэмжээний хүрээнд гараагүй учир илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Н” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3. /Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;/- д зааснаар тухайн гомдлоо аймгийн Засаг даргад гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
"Нэхэмжлэгч нь манай компаниас Засаг даргад 2017, 2021 онуудад хүсэлт гаргасан газарт шууд давхцуулан аймгийн Засаг даргын 2020 оны А/262 дугаар захирамжаар газрын байршлыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь манай эрх ашиг сонирхлыг ноцтой хөндсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. "Н” ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн албанд 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2020 оны А/262 дугаар захирамжаар газрын байршлыг шилжүүлэн иргэн Ш.О-т эзэмшүүлсэн болно.
Нэгэнт уг газрыг анх 2012 онд Орон нутгийн өмчийн албанд эзэмшүүлж, сүүлд 2020 онд Ш.О-т шилжүүлсэн эзэмшүүлсэн тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан шаардлагад нийцээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно. Газар эзэмшигч Ш.О нь эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу 2021 оны А/384 дугаар захирамжаар газрын хэмжээг өөрчлөн эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2017 онд дуудлага худалдаа зохион байгуулж ........талд 1000 м.кв газрын эзэмших эрхийг Ш.О-т эзэмшүүлснээр анхны процесс эхэлсэн. Энэ газар дээр дэд бүтцийн асуудал байхгүй, шугам сүлжээ байхгүй, газрыг зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй байна гэдэг асуудал яригдаад Ш.О-ийн эрх ашиг хөндөгдөж эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай захирамжаар талуудын эвлэрлийг баталсан. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд Ш.О-ийн эзэмшиж байсан газрын байршлыг ........ шилжүүлэн эзэмшүүлэхээр заасан боловч тус газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбай хийгдсэн тул шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй болсон. Дуудлага худалдаанд оролцоод ялагчаар шалгарч 25 сая төгрөгөөр газар эзэмших эрх авсан чинь газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй нөхцөл байдал нь үүссэн учир бид нар 2012 онд төрийн байгууллагад буюу Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт эзэмшүүлсэн байсан газар луу газрын байршлыг шилжүүлэн олгосон. Энэ процессуудыг нэхэмжлэгч талын хэлээд байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Яагаад гэхээр аймгийн Засаг даргад Газрын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх эрх олгогдсон, өөрийнх нь чиг үүргийн асуудал. Тэгэхээр энэ захиргааны актууд нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хамгийн гол үндсэн асуудал нь хуульд зааснаар дуудлага худалдаа явагдсан, шүүгчийн захирамжаар эвлэрэл баталгаажсан. Үүний дараа А/752 дугаартай захирамжийг бас нэхэмжлэгч талаас бүхэлд нь илт хууль бусад тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ захирамжийн хавсралт дээр 9 иргэний асуудал явж байгаа. Энэ 9 иргэн нь нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг яаж хөндөөд байгаа талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбараа гаргахгүй байна. Энэ 9 хүний газар эзэмших эрхийг илт хууль бусад тооцуулна гээд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгаа атлаа шаардлагаа тайлбарлаж, дэмжиж ярихгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр бид хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтүүд өгдөг. Бид нар 2017, 2021 онуудад энэ газрыг авъя гээд хүсэлтүүд өгсөн байхад манай хүсэлтийг шийдээгүй байж Ц.Э-т эзэмшүүлчихлээ гэдэг асуудал яриад байдаг. Гэтэл 2012 онд уг маргаан бүхий газрыг Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт албанд эзэмшүүлчихсэн байсан. Газрын тухай хуульд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага дээр бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэдэг шаардлага тавигддаг. Гэтэл “Н” ХХК-ийн 2017, 2021 онуудын хүсэлтүүд аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирэх энэ мөчүүдэд уг газар Орхон аймгийн орон нутгийн өмчийн албанд эзэмшүүлчихсэн буюу бусдад эзэмшүүлчихсэн байсан газар юм. Тэгэхээр Газрын тухай хуулийг зөрчиж “Н” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй байсан. Нэхэмжлэгч тал өөрсдөө хуралдаанд оролцож байж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой ярихгүй байна. Би энэ газрыг авахгүй бол чи ч авахгүй гэдэг тийм зарчмын юм яриад байх юм. Энэ бүх процесс ажиллагаа чинь хууль ёсны дагуу хэрэгжсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй. Хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, яагаад гэхээр энэ газрыг 2012 онд Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газарт эзэмшүүлсэн байх үед нэхэмжлэгч тал 2017, 2021 онуудын хүсэлт гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Гуравдагч этгээд Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол Улсын хууль дүрэм, журмын дагуу иргэн Ш.О-ээс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .......... байрлах 1845м2 талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч Орхон аймгийн Засаг даргын А/752 захирамж гарсан байдаг. Тус захирамжийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Газрын тухай хуульд заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй газрыг зориулалтын дагуу эзэмшиж байна.
Миний бие дээрх Засаг даргын захирамж, Барилгын тухай хууль болон газар эзэмшигчийн эрхийн дагуу өөрийн эзэмшлийн газарт хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авч барилгын ажлыг явуулж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд нэхэмжлэгч “Н" ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Би маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуулийн дагуу авч 10 гаруй төрийн болон хуулийн байгууллагаар явж барилга барих зөвшөөрөл авч барилгын ажлаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар бариглаж байгаа барилга дээр 3-4 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж, үйл ажиллагаа жигдрээд явж байгаа. Захилга дүүрсэн, 3-4 сарын дараа барилга ашиглалтад орно. Ш.О-ээс зөвхөн газар шилжүүлэн авсан, газар дээр хөрөнгө байгаагүй. Нэхэмжлэгч талын юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна” гэв.
8. Гуравдагч этгээд Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Миний бие анх 2017 онд газрын дуудлага худалдаанд оролцож, ялагчаар шалгаран ........талд газар эзэмших эрхийг олж авсан. Гэвч уг газар нь инженерийн шугам сүлжээ ороогүй газрыг дуудлага худалдаанд оруулж миний хууль ёсны эрх, ашгийг хөндсөн тул аймгийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэхдээ миний эзэмшиж байсан газрын байршлыг өөр байршилд шилжүүлж өгөхөөр тохиролцож эвлэрсэн болно. Ингээд эвлэрлийн гэрээний дагуу надад .......... байрны хойд талд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан боловч уг газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулсан байсан. Ингээд шүүгчийн захирамжид заасан эвлэрлийн гэрээний хэрэгжилтийг хангуулах талаар аймгийн Засаг даргад хандаж явсаар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамжаар "Н" ХХК-ийн нэхэмжлэлд дурдаад буй маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон болно.
2. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу уг газрыг эзэмших эрхтэй болсон тул "Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохгүй байх боломжтой гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу миний гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны А/384 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бусад тооцуулах, Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжийн хувьд зөвхөн Ш.О, Ц.Э нарт холбогдох хэсэгтэй маргаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлав.
3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/804 дугаар захирамжаар иргэн Ш.О-т .......... талд 1000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг газрыг зориулалтын дагуу эзэмших боломжгүй болсон гэх үндэслэлээр Ш.О нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан тус аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
3.2. Тус Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр баталсан эвлэрлийн гэрээний хүрээнд Орхон аймгийн Засаг дарга 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/528 дугаар “Эзэмшил газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар Ш.О-т .......... талд 1000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/804 дугаар захирамж, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/528 дугаар захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 119/ШЗ2024/0082 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШТ2024/0262 дугаартай тогтоол хүчин төгөлдөр болсон.
3.4. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А/804 дугаар захирамж, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/528 дугаартай захирамжаар Ш.О-т газар эзэмшүүлсэн шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.
3.5. Иргэн Ш.О-т Орхон аймгийн Засаг даргын 2018 оны А/528 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын .......... талд байрлах газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсан учраас тухайн газрыг зориулалтын дагуу эзэмших боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар “Газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар Ш.О-т .......... хороололд 1000 м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын байршлыг өөрчлөн шийдвэрлэсэн.
3.6. Мөн Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамжаар ..........1000 м.кв газрын хэмжээг мөн аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар 1850 м.кв болгон нэмэгдүүлж өөрчилсөн.
3.7.Орхон аймгийн Засаг дарга 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамжаар 1850 м.кв болгон газрын хэмжээг өөрчилсөн шийдвэрийг үндэслэн Ш.О-т нэгж талбарын .......... дугаар бүхий 1845 м.кв газарт .......... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.
3.8. Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжаар иргэн Ц-ийн Э-т шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
3.9. Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамжууд нь Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамж гарсанаар хүчингүй болж эрх зүйн үйлчлэлгүй болсон хэдий ч нэхэмжлэгч эдгээр газар эзэмшүүлэх эрх олгосон захиргааны актууд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илт хууль бус гэж маргаж байгаа тул тухайн газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа Ш.О-ийн газар эзэмших эрх хэрхэн үүссэн болохыг дүгнэх нь зүйтэй гэж үзэв.
3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-оос “Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар захирамжаар “Төрийн байгууллагуудын нэгдсэн ажлын байр” барих зориулалтаар Орон нутгийн өмчийн албанд эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгож Ш.О-т уг газрыг эзэмшүүлсэн нь хууль бус” гэж маргаж байгаа ч тухайн маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхтэй байсан Орон нутгийн өмчийн алба энэхүү захиргааны акттай маргаагүй тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч “Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
3.11. Иргэн Ш.О-т эзэмшүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..........талд байрлах газарт Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар хүүхдийн тоглоомын талбайг тохижуулсаны улмаас уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл үүссэн байх тул аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар “Газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар Ш.О-т ..........1000 м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
3.12. Учир нь газар эзэмшигч захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас тухайн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл үүссэн тул уг газрын байршлыг өөр боломжит газар шилжүүлэн шийдвэрлэсэн нь тухайн газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
3.13. Харин Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамжаар .......... эзэмшүүлсэн 1000 м.кв газрын хэмжээг аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамжаар 1850 м.кв болгон өөрчлөн нэмэгдүүлсэн нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг зөрчсөн алдаатай шийдвэр байжээ.
3.14. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх шаардлага газрын хэмжээг нэмэгдүүлэхэд нэгэн адил мөрдөгдөнө.
3.15. Гэтэл Орхон аймгийн Засаг дарга Ш.О-т 850 м.кв газар нэмж эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуульд заасан дээрх журмыг баримтлаагүй, хууль зөрчиж газрын хэмжээг нэмэгдүүлсэн хууль хэрэглээний алдаа гаргасан нь Ш.О-ийн бусдад шилжүүлж байгаа газар эзэмших эрх зөрчилтэй байсан болохыг нотолж байна.
3.16. Гэхдээ дээрх захиргааны актын алдаа нь тухайн захиргааны актуудыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй, Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргах эрх хуулиар олгогдсон, тухайн шийдвэр нь хуульд үндэслэсэн боловч хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д зааснаар захиргааны акт илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй байна.
3.17. Мөн дээрх захиргааны актыг илт хууль бусад тооцуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, Ш.О-т газар эзэмшүүлэх шийдвэр гаргаснаар “Н” ХХК-ийн ....... зориулалтаар одоо эзэмших буй газар эзэмших, ашиглах эрхэд халдаагүй, Ш.О-т эзэмшүүлсэн газрыг ““Н” ХХК нь Газрын тухай хуульд зааснаар давуу эрхээр эзэмших эрх хуулиар үүсээгүй, уг маргаан бүхий газар дээр тус компанийн эзэмших эрх түрүүлж үүссэн гэх нөхцөл тогтоогдохгүй байгаа зэргээс дүгнэхэд тухайн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.
3.18. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан бол оролцох ашиг сонирхол хөндөгдсөн” гэж маргаж байгаа ба захиргааны байгууллага Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан бол тус компани оролцох эрхтэй хэдий ч дуудлага худалдаанд орсноор тус газрыг эзэмших эрхтэй болно гэж шууд дүгнэж, түүний эрх зөрчигдсөн гэсэн дүгнэлт хийх боломжгүй юм.
3.19. Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамжаар Ш.О-т эзэмшүүлсэн нэгж талбарын .......... дугаар бүхий 1845 м.кв газарт олгосон газар эзэмших эрхийн .......... дугаар бүхий гэрчилгээг Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжаар иргэн Ц-ийн Э-т шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж заасан хуулийн заалтыг үндэслэл болгосон нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээнд хамаарч байна.
3.20. Орхон аймгийн Засаг дарга 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Э-т Орхон аймгийн Баян-Өндөр сум ....... байрлалтай, 1845 м.кв газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэн, нэгж талбарын .......... дугаартай, улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэж, ....... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ....... дугаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
3.21. Иргэн Ш.О нь газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ц.Э-т шилжүүлэх, Ц.Э газар шилжүүлэн авах тухай хүсэлтүүдээ захиргааны байгууллагад гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан нотариатаар батлуулан, бүртгэлийн 3740 дугаарт бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа нь газар эзэмших эрхтэй этгээд, газрыг шилжүүлэн авч буй этгээдийн хоорондын хүсэл зориг, хэлцлийн үндсэн дээр хийгддэг. Тийм учраас хоёр этгээдийн хооронд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хэлцлийн улмаас гуравдагч этгээд болох “Н” ХХК-ийн эрх зөрчигдөх үндэслэлгүй байна. Мөн Ш.О, Ц.Э нарын гаргасан хүсэлтэд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх талаар дурдаагүй байгаа нь газар дээр үл хөдлөх хөрөнгө байгаагүй болохыг нотолж байна.
3.22. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. ...”, 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана:” гэж заасны дагуу иргэн Ш.О, Ц.Э нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлтүүдээ нотлох баримтын хамт гаргасны дагуу аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана.” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан нь Орхон аймгийн Засаг дарга тухайн захиргааны байгууллагын эрхэд хамаарах асуудлаар хуульд үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
3.23. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “Захиргааны акт илт хууль бус болох”, 48 дугаар зүйлд “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох” үндэслэлүүдийг тус тус хуульчилж өгсөн ба илт хууль бус захиргааны акт гэдэг нь эрх зүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болсон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй байдаг ба тухайн акт батлан гаргасан үеэсээ эрх зүйн үйлчлэлгүй байдаг шинжтэй.
3.24. Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудын хууль зөрчсөн алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй, тухайн актуудыг илт хууль бус гэж тооцуулах нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэхгүй бөгөөд уг газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан гэдгээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилтоос дүгнэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны алдааг хянах, засах зорилгогүй, харин нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул дээрх маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/262 дугаар захирамж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/384 дугаар захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/752 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 /Нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ