Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00391

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Бизнес центр 34, А корпус, 01 тоотод байрлах, регистрийн дугаар ............., Гялс төгрөг ХЗХ-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын .. дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ........., Г ургийн овогт Ц-ын Ц,

Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын .... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ......., Т ургийн овогт Д-гийн О нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,853,625.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Ц, Д.О нар нь Гялс төгрөг ХЗХ-той 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/00843 тоот зээлийн гэрээ, БГ/00843 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн зээл сарын 4,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Адуу-9, Үхэр-79, Хонь-241, Ямаа-213 тооны мал барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгчийн хоршооны дансанд олгосон. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хугацаа сунгаж, эргэн төлөлтөд өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь ЗГ/00843 тоот зээлийн гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн  хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,800,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,029,125 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/00843 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 4,800,000 төгрөг, хүүгийн төлбөр 2,029,125 төгрөг, нотариатын төлбөр 24,500 төгрөг, нийт 6,853,625 төгрөг. Иймд хариуцагч Ц.Ц, Д.О нарын байгуулсан ЗГ/00843 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 6,853,625 төгрөгийг Ц.Ц, Д.О нараас гаргуулж, Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гялс төгрөг ХЗХ-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,853,625 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна” гэжээ. 

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Гялс төгрөг ХЗХ-ны нэхэмжилсэн 6,853,625 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ц.Ц, Д.О нарын тайлбартай танилцлаа. Зээлийн төлбөрөө 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар тайлбар гаргажээ. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь хариуцагч Ц.Ц, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,853,625.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Ц, Д.О нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,608 төгрөгийн тал хувь болох 62,304 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 62,304 төгрөг, хариуцагч Ц.Ц, Д.О нараас 63,304 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгох нь зүйтэй байна.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,853,625.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Ц.Ц, Д.О нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 62,304 төгрөг, хариуцагч Ц.Ц, Д.О 62,304 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д олгож, 62,304 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч  нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ