| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00429/и |
| Дугаар | 152/ШШ2024/00394 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 152/ШШ2024/00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Сэлх .... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Т ургийн овогт Б-ын О-ы,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970 онд төрсөн, 54 настай. Би 1990 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөөд өөрийн төрсөн нутаг Увс аймгийн Тэс суманд хуваарилагдаж, 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Тэс сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар тасралтгүй 4 жил ажилласан. Энэ хугацаанд ажилласан жил тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч тушаал болон тамга зөрсөн, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй гэх шалтгаанаар тэтгэвэрт оруулахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар зөвлөмжийн хуудас, Б.О-ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар Багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1994 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, гэрч Д.Б, Б.Г нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Д.Б, Б.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Б.О-ы ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.О-ы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Б.О-ы хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зөрчилтэй, ажилд томилогдсон тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар зөвлөмжийн хуудаст: Б.О-ы хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, тамга /Ардын боловсролын хэлтсийн даргын тушаалд сургуулийн тамга дарсан/ хоёр зөрчилтэй байгаа тул 1990-1994 оны ажиллаж байсан хугацааг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
4.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр Б-ын Оы 1990 оны 8 дугаар сараас 1992 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл боломжтой гэж үзлээ.
4.3. 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Багшийн сургуулийн захиргаанаас Б.О-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд томилов гэсэн бичилттэй хэсэгт Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн тамга дарагдсан байх тул хөдөлмөрийн дэвтрийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
4.4. Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар Багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1994 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтуудаар багш Б.О-д ээлжийн амралт олгосон байх тул тухайн тушаалуудыг нэхэмжлэгч Б.О-ы 1990-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
4.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д., Б.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.ББи 1970-1971 оны хичээлийн жилд Увс аймгийн Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуульд физикийн багшаар, 1971-1973 оны хичээлийн жилд Улаангом сумын 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд багшаар, 1973-1977 оны хичээлийн жилд Ардын боловсролын хэлтэст байцаагчаар, 1977-1978 оны хичээлийн жилд Тэс сумын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд багшаар, 1978-1979 онд хичээлийн жилд мөн сургуульд эрхлэгчээр, 1979-2006 оны хичээлийн жилд мөн сургуульд захирлаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Намайг Увс аймгийн Тэс сумын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд захирлаар ажиллаж байхад Б.О нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс бага ангийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр 1994 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу шилжиж, ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Тухайн үед сургууль төгсөж ирсэн оюутнуудыг аймгийн Ардын боловсролын хэлтсээс ажилд томилдог байсан. Б.О нь манай сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхдаа гэр бүлгүй, ганц бие, охин дүү нарын хамт Тэс сумын 1 дүгээр бригадад амьдрщарч, ажиллаж байсан. Тухайн үед миний бие сургуулийн захирлаар ажиллаж байсан учраас Б.О-ы ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна гэж, гэрч Б.Г Би 1972-1977 оны хичээлийн жилд Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд монгол хэл. Уран зохиолын багшаар, 1977-1998 оны хичээлийн жилд Увс аймгийн Тэс сумын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг Увс аймгийн Тэс сумын 2 дугаар 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байхад Б.О нь 1990 оны хичээлийн жилээс бага ангийн багшаар томилогдон ажиллаж байгаад 1998 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу шилжиж, ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Б.О нь манай сургуульд бага ангийн багшаар ажиллаж байхдаа хүнтэй гэрлээгүй, охин дүү нарын хамт Тэс сумын 1 дүгээр бригадад амьдарч, ажиллаж байсан. Тухайн үед тус сургуулийн захирлаар нөхөр Д.Б ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох цалингийн тодорхойлолт, тушаалуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой юм.
4.6. Б.О-ы ХААТР-1 маягтад: Овог, нэр Б-ын О, ажилладаг байгууллага Багшийн сургууль, эрхэлдэг ажил оюутан, эрхэлж эхэлсэн он 1986, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.04.22 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн Багшийн сургуульд суралцаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул маятыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
5. Нэхэмжлэгч Б.О нь 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар Багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1994 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралтууд, гэрч Д.Б, Б.Г нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т ургийн овогт Б-ын О-ы 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ