Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/03895

 

2024 оны 10 сарын 01-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/03895

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, **-р дугаар хороо, Стадион оргил махатма ганди, *** тоотод байрлах, Г ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ажилчдын гудамж ** тоотод оршин суух, Э-ийн У /РД:РХ*****/-т холбогдох

Дизель түлшний төлбөр 32 992 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,

Хариуцагч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.У нь нэхэмжлэгч Г ХХК болон А ХХК-ийн хооронд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ГО/210702 дугаар Шатахуун зээлийн худалдах-худалдан αвах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор А ХХК-ийн шатахуун тээврийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан бөгөөд уг гэрээгээр дамжуулан өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр удаа дараа дизель түлш зээлээр худалдан авсан юм. Тухайлбал, дээрх гэрээний дагуу хариуцагч Э.У нь 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн өмчлөлийн ***** УБН улсын дугаартай Howo маркийн түлш тээвэрлэх цистериор 35 удаагийн ачилтаар нийт 11,894 литр дизель түлшийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч Э.У нь дээрх хугацаанд зээлээр худалдан авсан дизель түлшний нийт төлбөр болох 32 990 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу эцсийн байдлаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулж дуусах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Бид дээрх төлбөр тооцоотой холбоотой асуудлыг шүүхийн өмнөх шатанд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, удаа дараа хүлээцтэй хандан хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй буюу хариуцагч нь дизель түлшний төлбөр болох 32 992 000 төгрөгийг төлж барагдуулахгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Э.У болон А ХХК, Б.Г, Б.Б нарт холбогдуулан нийт 70 482 587 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд тус шүүх 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах зэрэг холбогдох ажиллагааг хийж байсан юм. Гэтэл тус шүүх нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/132024/04975 дугаар Шүүгчийн захирамжаар хариуцагч А ХХК нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ бүртгэлгүй, Б.Г. Б.Б нар Монгол Улсын хилээр 2022 онд гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ..." хэмээн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. гэжээ. Хэдийгээр шүүх дээрх захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг захирамждаа хэргийг эцэслэн шийдвэрлээгүй хэмээн дүгнэсэн байх тул бид одоогоор оршин суугаа хаяг нь мэдэгдэж буй хариуцагч болох Э.У-т холбогдох төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэж байх тул хариуцагч У-ийн оршин суугаа хаягийн харьяаллаар буюу тус шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн хариуцагч Э.У нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр"... миний бие Э овогтой У РX**** нь А ХХК- шар дамжуулан Г ХХК-тай байгуулсан Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээний дагуу 35 удаагийн 11.894 литр дизель түлшийг авсан нь үнэн болно." хэмээн тайлбар гаргаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд хариуцагч Э.У-ээс зээлээр худалдан авсан. Дизель түлшний төлбөр 32 990 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх А ХХК-тай гэрээ хийгээд тэд нарын зөвшөөрсөн машинд нь түлшээ зээлээр өгсөн. 35 удаагийн ачилтаар 11,894 л түлш хийсэн ба хариуцагчийн авсан түлш 32,990,000 төгрөг болсон. 2022-01-05 нд бүрэн өгөх байсан ч өгөөгүй хаягтаа байхгүй гээд нэг удаа хэрэгсэхгүй болсон. Хариу тайлбартаа төлбөрийг төлсөн гэж байгаа ч тэр нь манай захирлын данс болохоос байгууллагын данс биш, өөрийнх нь машинд түлш хийсэн, алданги бол нэхэхгүй байгаа, яах вэ шүүхэд өгсөн баримтаас харахаар заримыг нь манай захирлын данс руу хийснийг хасаж болох л юм гэв.

 

2. Хариуцагч Э.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э овогтой У нь /РХ****/ 2021 онд Т ХХК-ы нүүрс тээвэрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд тээвэр хийж байхдаа Альфа ложистик компаниар дамжуулан Цогт-Овоо суман дахь Г ХХК-аас түлш авч байсан. Энэ хугацаанд 35 удаагийн авалтаар 11894л дизель түлшийг авсныг Г компаны гаргасан материалд дурьдсан байгаа. Тухайн үед түлшийг анх 2100 төгрөгөөр авч байсан. Миний бие өөрийн нэрээр Г компанитай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй бөгөөд бүх зүйл А компани Б.Г-ын хийсэн гэрээний дагуу түлш авч хэрэглэсэн. Г -ийн тооцсоноор орлого орох бүрт өөрийн хэрэглэсэн түлшний үнийг грийн ойл компаны Ө.Р /5*******1/ тоот дансанд болон а компаны захирал Б.Г-ын эхнэр Б.Б-ийн хаан банкны 5*****8 тоот дансанд өөрийн хаан банкны 5******9 болон эхнэр Б овогтой Ц-ийн хаан банкны 5******00 тоот данс, төрийн банкны 10******00 тоот данснаас 10 удаагийн гүйлгээгээр нийт 32992000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Энд нийт шилжүүлсэн 32992000 төгрөгний 25702000 төгрөгийг Г ХХК-ы тоот дансанд, 7290000 төгрөгийг А ХХК-ны тоот дансанд шилжүүлж бүх тооцоог дуусгасан болно. Би А ХХК-ы хийсэн гэрээний дагуу хувийн машиндаа түлш авдаг байсан учир дээрх 2 компаны аль альных нь өмнө шаардсан үед нь түлшний мөнгийг нь өгөх үүрэгтэй гэж бодож байсан тул 2 удаагийн гүйлгээгээр нийт 7290000 төгрөгийг а компаны захирал Б.Г-ын хэлснээр эхнэр Б.Б-ийн дээрх дансанд шилжүүлсэн болно. 10 удаагийн шилжүүлгийн хуулгаар баримтжууллаа. Миний бие Г ХХК-тай ямар нэгэн ажлын гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн үеийн түлшний төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ хийсэн, зээлээр шатахуун авахаар би А машинаараа ажил хийж байсан нь үнэн. Цаг тухайд нь Г ХХК н Р гээд хүний данс руу хийж байсан бараг 25,000,000 г нь, мөн 2,3 гүйлгээг А ХХК-н Г-ын эхнэр лүү шилжүүлсэн байгаа, бүгдийг төлсөн надад төлөх төлбөр байхгүй. Би А ХХК-ы хийсэн гэрээний дагуу хувийн машиндаа түлш авдаг байсан учир дээрх 2 компанийн аль алиных нь өмнө шаардсан үед нь түлшний мөнгийг нь өгөх үүрэгтэй гэж бодож байсан гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.07.23-ны өдрийн ГО/210702 дугаартай Шатахуун зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ, Э.У-ийн иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар, HowoZZ3317N4607C загварын LZZ5ELND6AN*** арлын дугаартай машины гэрчилгээний хуулбар, 8** АЧ чиргүүлийн гэрчилгээний хуулбар, Түлш авсан жолооч нарын жагсаалт, Э.У-ийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхний лавалгаа, хариу тайлбар, харилцах дансны хуулга, шилжүүлгийн баримт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э.У нь нэхэмжлэгч Г ХХК болон А ХХК-ийн хооронд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ГО/210702 дугаар Шатахуун зээлийн худалдах-худалдан αвах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор А ХХК-ийн шатахуун тээврийн үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан бөгөөд уг гэрээгээр дамжуулан өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр удаа дараа дизель түлш зээлээр худалдан авсан юм. Тухайлбал, дээрх гэрээний дагуу хариуцагч Э.У нь 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн өмчлөлийн **** УБН улсын дугаартай Howo маркийн түлш тээвэрлэх цистериор 35 удаагийн ачилтаар нийт 11,894 литр дизель түлшийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч Э.У нь дээрх хугацаанд зээлээр худалдан авсан дизель түлшний нийт төлбөр болох 32 990 000 төгрөгийг төлөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Миний бие өөрийн нэрээр Г компанитай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй бөгөөд бүх зүйл А компани Б.Г-ын хийсэн гэрээний дагуу түлш авч хэрэглэсэн. Г -ийн тооцсоноор орлого орох бүрт өөрийн хэрэглэсэн түлшний үнийг г компаны Ө.Р /5******1/ тоот дансанд болон альфа ложистик компаны захирал Б.Г-ын эхнэр Б.Б-ийн хаан банкны 5*********** тоот дансанд өөрийн хаан банкны 5****9 болон эхнэр Б овогтой Ц-ийн хаан банкны 5*****00 тоот данс, төрийн банкны 1*****00 тоот данснаас 10 удаагийн гүйлгээгээр нийт 32992000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Миний бие Г ХХК-тай ямар нэгэн ажлын гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн үеийн түлшний төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 07 дугаар сарын 23 ний өдөр нэг талаас Г ХХК, нөгөө талаас А ХХК нар нь ГО/210702 дугаартай Шатахуун зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба худалдагч тал Г ХХК нь улирлын нөхцөлд тохирсон, стандартад нийцсэн дизель түлшийг зээлийн нөхцөлөөр худалдан авагч А ХХК-д нийлүүлэх харилцааг зохицуулжээ.

Хариуцагч Э.У нь А ХХК-д ***** УБН улсын дугаартай өөрөө буулгагч ачааны зориулалттай автомашинаар ажил гүйцэтгэдэг учраас түлшийг Г ХХК-аас авдаг байжээ.

 

5. Талууд **** УБН улсын дугаартай өөрөө буулгагч ачааны зориулалттай автомашин нь Э.У-ийн өмчлөлийн автомашин, Г ХХК, А ХХК нарын байгуулсан гэрээний дагуу зээлээр түлш худалдан авсан талаар маргаагүй. Нэхэмжлэгч тал 2021 оны 07 дугаар сарын 23 ний өдөр Г ХХК, А ХХК нарын байгуулсан гэрээний үүрэгт түлшний төлбөрт 32 990 000 төгрөгийг нэхэмжилдэг бол хариуцагч нь Г ХХК-тай ямар нэг гэрээ байгуулаагүй, түүнчлэн төлбөрийг гэрээний 2 талыг төлөөлөх хүмүүсийн дансанд төлөх замаар барагдуулсан гэж татгалздаг.

 

Тухайн маргааныг шийдвэрлэхийн тулд шүүх дарааллын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоох учиртай.  Иргэний хэргийн шүүх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас нэг талын эрх зөрчигдсөн бол мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан аргаар зөрчигдсөн эрхийг сэргээхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг. Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийн нэг боловч Г ХХК, Э.У нарын хооронд ямар ч хэлцэл байгуулагдаагүй, хүсэл зоригийн илэрхийлэл огт байхгүй болно. . Хэргийн баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нэг талаас шатахуун нийлүүлэх, нөгөө талаас шатахууны үнийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсоны үндсэн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн ...Г ХХК-тай ямар нэг гэрээ байгуулаагүй.. гэх татгалзал үндэслэлтэй юмИймд нэхэмжлэгчид хэлцлийн дагуу Э.У-ээс А ХХК-д нийлүүлсэн гэх шатахууны үнийг шаардах эрх байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь зээлээр нийлүүлсэн түлшний үнийг бусдаас нэхэмжлэх эрхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 т зааснаар Г ХХК-н нэхэмжлэлтэй Э.У-т холбогдох шатахууны төлбөр 32,992,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ