| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00496/и |
| Дугаар | 152/ШШ2024/00399 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00399
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Увс аймгийн Өндөрхангай сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., И ургийн овогт Ч-гийн С-ийн,
Ч.Э, Ц.Б нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чипагийн Э нь Ц-ийн Б-тай 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсон бөгөөд тэд мал аж ахуйн салбарт тасралтгүй 28 жил ажилласан. 1997 онд анхны хүү Б.М төрсөн. 1996 онд гэр бүл болсон боловч 2002 онд иргэний бүртгэлд бүртгэсэн. Одоо тэтгэвэрт гарах нас болоход бичиг баримтын зөрчил гарсан. Иймд Ч.Э, Ц.Б нарыг 1996-2002 он хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь Ч.Э, Ц.Б нарын хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Б, Ч.Э нарын гэрлэлтийн лавлагаа гаргаж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нь Ч.Э, Ц.Б нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь буюу 35,100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нь Ч.Э, Ц.Б нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-т олгож, 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ