Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 475

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,  

Шүүгдэгч Ж.Мөнхтамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Мөнхтамирт холбогдох эрүүгийн 1709011430172 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 81 дүгээр гудамжны 1148 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Боржигон овогт Жаргалсайханы Мөнхтамир, /РД: ШУ 88053037/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Мөнхтамир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "32 клуб" зочид буудалд хохирогч Р.Цогтжаргалтай маргалдан толгой тус газарт нь пивоны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Мөнхтамир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Талуудын хүсэлтээр эрүүгийн 1709011430172 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ж.Мөнхтамир нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө ажил дээр Цогтжаргал, Эрдэнэтуяа, Уугий гэх найз нар ирээд манай бааранд сууж пиво уусан. Тэгээд 2 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Тухайн үед би 300 гр архи уусан байсан. Тэндээс гараад “32 клуб” бааранд орсон. Би Цогтжаргалыг зодсон гэдгээ сайн санахгүй байна. Нэг мэдсэн эрүүлжүүлэхэд сэрсэн. Би өөрөө маргааш нь Цогтжаргалтай уулзаад намайг пивоны шил шидэж  толгойг нь оносон тэрнээсээ болоод толгой нь хавдсан гэж байсан. Бид хоёр хоорондоо маргалдаад шидсэн, би нэг л удаа пивоны шил шидсэн гараараа цохисон асуудал байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 38-40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Р.Цогтжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9-р сарын 03-ний өглөө 04:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32 бааранд Мөнхтамир, Эрдэнэтуяа, Түвшинзаяа буюу Уугий бид нар ороод хүний 3 шид пиво уусан. Баар хаахад Эрдэнэтуяа, Мөнхтамир бид 3 дээр нь байх буудлын 7 тоотод ороод унтсан. Эрдэнэтуяа гараад явсан хойгуур Бат-Эрдэнэ гэх залуу орж ирээд миний хэвтэж байсан орон дээр хэвтээд намайг тэвэрсэн тэгэхээр нь би эргэж харахад миний найз залуу Мөнхтамир биш байхаар нь би босоод уурласанд тэр залуу гараад явсан. Тэгээд би найз залуу болох Мөнхтамиртай маргалдахад тэр над руу эхлээд архины шил шидэхэд би оногдоогүй дараа нь пивотой шилээр шууд толгой руу цохисон...” гэсэн мэдүүлэг /11-12 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11297 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Р.Цогтжаргалын биед тархи доргилт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой…” гэжээ. /хх-ийн 16 дугаар хуудас/,  

 

Ж.Мөнхтамирын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 443-44 дүгээр хуудас/, гэрч С.Уянгын мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтамир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "32 клуб" зочид буудалд найз Р.Цогтжаргалыг бусадтай хардан зүй бус харьцаж маргалдан улмаар түүний толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Мөнхтамирын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Цогтжаргалын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №11297 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Мөнхтамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ж.Мөнхтамирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Мөнхтамирын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүх шүүгдэгч Ж.Мөнхтамирт ял оногдуудахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хэрэгт авагдсан хохирогч Р.Цогтжаргалаас бичгээр гаргасан хүсэлтэд “ хохирлын үлдэгдэл мөнгөө авчихвал гомдол, саналгүй, бид 2 хоорондоо сайн дураараа эвлэрч байгаа” гэсэн ба шүүгдэгч Ж.Мөнхтамир хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг барагдуулах талаар шүүх хуралдаан болон хэрэгт авагдсан хүсэлтдээ удаа дараа илэрхийлсэн зэргээс үзэхэд шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хуульд заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэхээр байна.

Хохирогч Р.Цогтжаргалаас эмчилгээний зардалд 180.000 төгрөг нэхэмжилэх талаар түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт тусгагдсан байх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, харин түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Мөнхтамир нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Боржигон овогт Жаргалсайханы Мөнхтамирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтамирыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Мөнхтамир нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхтамир нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            5. Хохирогч Д.Цогтжаргалаас 180.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, харин энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мөнхтамирт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН