| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00450/и |
| Дугаар | 152/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ..........., А ургийн овогт Ч-ын Ц-ийн,
Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. Би 1978 онд Увс аймгийн Зүүнхангай сумын дунд сургуульд элсэн орж, 1986 онд 8 дугаар анги төгссөн. Улмаар НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/537 тушаалаар мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 0119 дүгээр ангид цэргийн албанд татагдсан. Улмаар тус ангийн төвд 1990 он хүртэл цэргийн алба хаагаад халагдсан ба цэргийн алба хааж ирээд одоог хүртэл мал маллаж байна. 55 нас хүрч малчнаар тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд Тагнуулын ерөнхий газрын архиваас ДЦУБГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэл тус архивт шилжиж ирээгүй гэдэг шалтгааанаар цэргээс халагдсан талаарх лавлагаа гарахгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд намайг Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1065 дугаар лавлагаа, гэрч Н.Д, Л.Т нарын иргэний үнэмлэх болон цэргийн батлахын хуулбар, цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Д, Л.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ч.Цийн ХААТР-1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ц-ийн цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ч.Цийн цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2.1. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1065 дугаар лавлагаанд: Чын Ц нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Ч-ын Цийн цэргийн албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ.
2.2. Ч.Цийн ХААТР-1 маягтад: Овог, нэр Чын Ц, ажилладаг байгууллага Давшилт нэгдэл, эрхэлдэг ажил хоньчин, цэргийн алба хаасан хэсэгт - ... , маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1988.06.20 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн цэргийн албанд татагдахаас өмнөх хугацааны буюу Давшилт нэгдэлд ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул маятыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
2.3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Д, Л.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Д Би 1988-1990 оны хооронд 2 жилийн хугацаанд Ч.Ц-ийн хамт Улаанбаатар хотод Баянхошууны Барилгын цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан. Тухайн үед Увс аймгийн Зүүнговь, Тэс, Зүүнхангай, Баруунтуруун, Наранбулаг, Тариалан, Завхан, Улаангом сумаас нийт 100 гаруй залуу цэргийн албанд татагдаж Баянхошууны Барилгын цэргийн 0119 дүгээр ангид алба хаасан. Бид тухайн үед онгоцоор Улаанбаатар хот руу явж байсан. Улмаар 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдахдаа цэргийн батлах болон мэргэжлийн үнэмлэхтэй цэргээс халагдаж байсан. Ч.Ц цэргийн батлахаа багийн Засаг даргадаа хураалгаад дахин аваагүй гэж байсан. Баянхошууны Барилгын цэргийн 0119 дүгээр ангийн захирагчаар хошууч, генераль Х.С, хошууч, генераль А.Д гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Л.Т Ч.Ц бид хоёр 1988-1990 оны хооронд 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотод Баянхошууны Барилгын цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан ба Увс аймгийн Зүүнхангай сумаас 100 гаруй залуу цэргийн албанд татагдаж байсан. Тухайн үед биднийг цэргээс халагдаж ирэхэд цэргийн батлахыг багийн Засаг дарга хурааж авсан боловч гээгдүүлсэн байн. Баянхошууны Барилгын цэргийн 0119 дүгээр ангийн захирагчаар хошууч, генераль А.Д гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь тэдний цэргийн батлах, цэргийн алба хаасан архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1065 дугаар лавлагаагаар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1065 дугаар лавлагаанд нэхэмжлэгч Ч.Цийн цэргийн албанд татагдсан талаарх мэдээлэл тусгагдсан байх боловч цэргээс халагдсан талаарх мэдээлэл тусгагдаагүй байна.
Нэхэмжлэгч нь Н.Д, Л.Т бид хамт цэргийн алба хаасан. Би 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас халагдсан гэх боловч гэрч Н.Дгийн цэргийн батлахын хуулбарт 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халав гэсэн бичилт хийгдсэн байх тул нэхэмжлэгч Ч.Цийг энэхүү өдөр халагдсан гэж үзэх үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгч Ч.Ц нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08/1065 дугаар лавлагаа, гэрч Н.Д, Л.Т нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Алтан ургийн овогт Чын Цийн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Алтан ургийн овогт Чын Цийн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба дотоодын цэргийн удирдах ерөнхий газрын 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ