| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00485/и |
| Дугаар | 152/ШШ2024/00429 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00429
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Ш ургийн овогт Т-гийн П-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 60 настай. Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамарын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж, 1982 онд тракторчин, жолооч мэргэжлээр төгсөөд тэндээ хэдэн сар ажиллаад 1983 онд Увс аймагт ирсэн. Улмаар 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын тушаалаар халаалтын зуухны машинистаар ажиллаж байгаад 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цэрэгт татагдаж, 1988 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдаж ирээд хуучин ажиллаж байсан Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинист /галч/-аар ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байхад уурын зуухууд аймгийн Эрчим хүчний мэдэлд шилжиж 1989 оны 10 дугаар сараас аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаалаар уурын зуухны машинистаар 1994 оныг дуустал хугацаанд ажилласан. Би анх ажилд орсон аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын болон Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн цалингийн баримт, хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс маш их хохирч байна. Аймгийн архиваас баримт шүүлгэхэд анх Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажилд орсон тушаал, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаалууд гарсан. Намайг П гэдэг бөгөөд анх тушаал гаргахад П гэж бичигдсэнээс бүх тушаалууд П гэх нэрээр бичигдсэн байна. Би тэтгэвэрт орох нас болж баримт бичиг бүрдүүлэхэд дутуу учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 10 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1989 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд засварчин, машинистаар тасралтгүй ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар Ажилд авах тухай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, Т.Пийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/1073 дугаар лавлагаа, гэрч М.Н, Ч.Э нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Н, Ч.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Т.Пийн ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Пийн 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 10 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1989 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд засварчин, машинистаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.Пийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар зөвлөмжийн хуудаст: Т.Пийн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, 1985 онд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажилд орсон, ажлаас гарсан тушаал Аймгийн архиваас гараагүй тул уг жилийг ажилласан жилд тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаар тодорхойлолтод: Т.Птэй холбоотой баримтыг шүүн үзэхэд Увс аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар Ажилд авах тухай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээрсарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтууд гарсан болно гэжээ.
3.3. Увс аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар Ажилд авах тухай тушаалаар Т.Пг 10 дугаар сарын 01-ний өдрөөс машинистаар, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Тэсвээн овогтой Пг ... нарыг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс засварчнаар, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтаар машинист Тэсвээний Пд 5 хувийн нэмэгдэл олгосон, 1994 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралтаар машинист Т.Пд 12 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх тушаалд Т.Пийн нэрийг Т.П гэж бичсэн байх боловч нэрний үндсэн утга алдагдаагүй, тушаалуудад бичигдсэн нэхэмжлэгчийн овог тохирч байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.4. Т.Пийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2008, 2013 онд ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тэмдэглэсэн, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудаст 1995 оноос 2000 он хүртэлх хугацааг нөхөн тооцуулсан байна.
3.5. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/1073 дугаар лавлагаанд: Тэсвээний П нь Увс аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн б/308 дугаар тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр цэргийн албанаас халагдсан гэжээ.
3.6. Т.Пийн ХААТР-1 баримтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн байх тул баримтыг 1983-1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэрэгт хамааралгүй гэж үзлээ. Т.Пийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүртгэхэд Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинист гэж бүртгэсэн байх тул тус анкетыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн, шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч М.Н, Ч.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Н Би Т.Птэй 1983-1995 онд хамт Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд галч, машинистаар ажиллаж байсан. Т.П нь ажиллаж байх хугацаандаа буюу 1985-1988 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн тухайн байгууллагадаа ажилласан. 1990 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газар татан буугдаж, уурын зуухны салбар нь Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа болон үйл ажиллагаа явуулж 1995 он хүртэл ажилласан. Тухайн үед уурын зуухны галч, машинист нь 3 ээлжээр ажилладаг байсан ба нэг ээлжид 2-3 хүн гардаг байсан. Т.П бид нэг ээлжид гардаг, 24 цаг ажиллаж, 72 цаг амарч ажиллаж байсан. Тэр үед Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргаар С.Давааням, Д.Аюуш, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар Ж.Дашдаваа, З.Гомбосүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Ч.Э Би 1972-1975 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1975-1977 онд Увс аймгийн Барилга угсралтын трестийн конторт ажилласан. Дараа нь 1977-1990 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зууханд галч, машинистаар ажиллаж байсан. 1990 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газар татан буугдаж Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжихэд 1998 он хүртэл уурын зууханд галч, машинистаар, 1998-2005 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэх буудлын уурын зууханд ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Т.П нь 1983 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд галч, машинистаар ажилд орж ажиллаж байгаад 1985-1988 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд тус газартаа галч, машинистаар ажиллаж байгаад 1990 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа уурын зууханд галчаар шилжин ажиллах болосн ба 1995 он хүртэл ажилласан. Тухайн үед уурын зуухны галч, машинист нь 3 ээлжээр ажилладаг байсан ба Т.П бид нэг ээлжид ажилладаг байсан. Тэр үед Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргаар С.Давааням, Д.Аюуш, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар Ж.Дашдаваа, 3.Гомбосүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба тэдний Т.П нь 1988 онд цэргээс халагдаж ирээд тус газартаа галч, машинистаар үргэлжлүүлэн ажилласан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
4. Нэхэмжлэгч Т.П нь цэргээс халагдаж ирээд 1988 оны 10 дугаар сараас Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сараас Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд шилжин ажилласан гэх боловч хэрэгт түүнийг цэргээс халагдаж ирэхэд ажилд томилсон баримтгүй, мөн 1989 оны 10 дугаар сард Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд шилжин ажилласан тушаал, цалингийн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгчийг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс засварчнаар томилсон байх тул цэргээс халагдаж ирээд энэхүү хугацаанаас хойш ажилласан гэж үзсэн болно.
5. Харин Т.П нь 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт засварчин, машинистаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 167 дугаар Ажилд авах тухай тушаал, Хүнд үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1991 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 126 дугаар Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээрсарын 22-ны өдрийн 14 дүгээр Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт, гэрлэснийг бүртгэх анкет, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 08/1073 дугаар лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаавай ургийн овогт Тэсвээгийн Пийн 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт засварчин, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шаавай ургийн овогт Тэсвээгийн Пийн 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд машинистаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт засварчин, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ