| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0563/э |
| Дугаар | 481 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Г.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Т.Раднаабазар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овгийн Товуугийн Раднаабазарт холбогдох эрүүгийн 1709000000072 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/1 дүгээр байрны 1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Хойд овгийн Товуугийн Раднаабазар /РД:ДЭ78021217/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Раднаабазар нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 13/1 дүгээр байрны 1 тоот гэртээ 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 11-нд шилжих шөнө, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.Дэлгэрмааг "ална" гэж орилоод гарт тааралдсан эд зүйлсийг авч шидлэн толгойн хэсэгт нь удаа дараа цохиж үсийн зулгааж, худал хэлж гадуур явлаа бусадтай явлаа хэмээн харгис хэрцгий харьцаж тарчлаасан, мөн өөрийн төрсөн охин болох 10 настай эмэгтэй Р.Оюударийг ална, гудамжинд гаргана, сургуулиас гаргана хэмээн харгис хэрцгий харьцан зодож тарчлаасан 2014 оноос хойш байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Раднаабазар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө гэмшиж байгаа …” гэв.
Хохирогч Г.Дэлгэрмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Раднаабазартай 16 жил хамт амьдарсан. Раднаабазар сүүлийн хэдэн жил архи их ууж, согтуудаа намайг зоддог болсон. Сүүлдээ бүр охиноо зоддог болсон. Раднаабазарын намайг зодсон олон үйлдлүүдийг уучилж хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, ар гэрийнхэнээсээ ч нуудаг байсан. Аавынхаа энэ байдлаас болж хүүхдүүд маань ч гэртээ байх дургүй болсон. Тухайн өдөр Раднаабазар намайг алгадаж, толгой руу цохисон. Гарт нь тааралдсан юу л байна бүгдийг нь над руу авч шиддэг. Сүүлийн гурван өдөр байнга архи ууж намайг зодсон. Нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.
Эрүүгийн 1709000000072 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Раднаабазар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... хэнтэй архи ууснаа санахгүй байна, хөл нүцгэн гэртээ ороод эхнэртэйгээ маргалдаад нүдийг нь цохисон юм шиг байсан, өглөө нь эхнэр эрүүлжүүлэх байранд ирэхэд нүд нь хөхөрсөн байсан, Дэлгэрмааг зодох шалгаан нь архины хар гайгаас болсон байх, эхнэрийн зантайг ч хэлэх үү архи уугаад ирэхээр дуугүй унтуулчихгүй гуйлгачин, түүлгэчин, архичин гээд байдаг, архийг байнга бишээ сүүлийн 2 сар гаран уучихсан, ноднин 2-3 удаа хэрэлдэж маргалдаад цагдаад баригдаж байсан, архи уусан үедээ хааяа л зодчихдог юм, архи уухаараа түргэн цочмог ууртай, өөрийн хийж байгаа үйлдлээ зарим үедээ мэдэж байгаа, зарим үедээ их согтуу болохоор мэддэггүй, охин Оюударьд юм хийлгэхээр ээж нь өмгөөлөөд байдаг, би тэгж хамаагүй гар хүрдэггүй, уусан байхдаа ганц нэг гар хүрсэн, зөөлхөн гараараа ганц нэг удаа алгадсан ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 82, 83-84, 85-86, 126 дугаар хуудас/,
Хохирогч Г.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...нөхөр Товуугийн Раднаабазартай 1997 онд танилцаж 2001 онд хуримаа хийсэн, бидний дундаас 2007 онд охин Оюударь, 2012 онд хүү Оргил нар мэндэлсэн, нөхөр архи их уудаг, ганц нэг хэл амаар доромжилж байгаад хааяа ганц нэг гар хүрдэг байсан. Сүүлийн 3 жил буюу 2017 оноос хойш ааш нь эвдэрч ширүүн болж уух нь элбэгшээд хэрүүл хийж зодох нь ихсэх болсон, гарт таарсан ойр хавийн юмыг авч шидээд, дуудлага дуудахаар утсаар ярих гэхээр утас авч эвддэг болсон. 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Раднаабазар архи ууж орж ирээд хэл үгээр “янхан гичий танайхан тийм, ийм” гэж байгаад толгой руу гараараа цохиод эхэлсэн, ойр хавьд байсан зүйлсийг авч шидээд байхаар нь охиноороо нууцаар эгч Бурмаа руу яриулж цагдаад дуудлага өгсөн. Раднаабазарыг зодож байгаа талаар хүнд хэлдэггүй байсан, гэр орныхноосоо нуучихдаг байсан, сүүлд эгч Бурмаа мэддэг болсон, урьд хааяа нэг нүд хөхөрсөн байхад нь нуугаад хэлдэггүй байсан. Дараа нь дуудлагаар цагдаа нар аваад явсан, би Раднаабазарт гомдол байхгүй гээд цагдаагаас авч гараад явсан, тэгээд гэр лүүгээ явахгүй өөр газар руу явлаа гэж яваад орой нь ирэхдээ согтуу ирээд "би чинь ингээд гараад ирнэ, би баатар хүн" гээд намайг өшиглөж зодсон. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нөхөр Раднаабазар архи ууж орж ирээд хэл үгээр янхан гичий, гэж хэлээд намайг ойр байсан юмаа авч шидээд толгой өшиглөж зодоод тухайн үед миний бие өвдөөд эм ууж байхад намайг худлаа хэлж эмнэлэг явлаа хүнтэй уулзаж байна гэж хардаад толгой руу цохиод эхэлсэн...2017 оны 09 дүгээр сарын 18-ны орой Раднаабазар архи ууж гаднаас орж ирээд хэл амаар доромжилж “янхан гичий” гэж хэлээд толгой руу алгадаад чих өвдөөд байсан, тухайн үед миний охин Оюударь миний өмнүүр ороход Раднаабазар өшиглөөд алгадсан, охиноо нойлын өрөөнд оруулж эгч Бурмаа руу яриулж цагдаад дуудлага өгүүлсэн, охины биед хөхөрсөн хавдсан зүйл байхгүй, толгой өвдөж байна гэсэн, надад агсам тавиад намайг өмөөрөхөөр охиноо заналхийлдэг алгаддаг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 45-51 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Р.Оюударь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... манай аав архи уухаараа хэрүүл зодоон хийдэг, ээж бид хоёрыг олон удаа зодож байсан, намайг бага байхаас л архи уудаг байсан, өөр муухай үгээр дүү бид хоёр, ээж доромжилдог, намайг ална, гудамжинд гаргана, сургуулиас гаргана гэж байнга хэлдэг, архи уухаараа намайг бас зоддог толгой өвдөж байсан, миний гэдэс руу өшиглөж зүүн чих рүү алгаддаг байсан. Гэрт 7 хоногт 1-2 удаа байнга хэрүүл зодоон болдог, хамгийн сүүлд архи ууж орж ирэхдээ “янхан гичий хаана байна” гэж хэлээд орж ирсэн, тэгээд ээж хоол хийж байгаа гэхэд ялааны цохиур аваад ээжийг цохих гээд байж байхад ээжийн ах нь орж ирсэн, тэгэхэд би яагаа ч үгүй гэж хэлээд байсан, цагдаад баригдаж явахынхаа өмнө архи ууж орж ирээд сургуулиас гаргана, ээжийг чинь алж байгаад дүү бид хоёрыг гудамжинд гаргана гээд зодсон, миний гэдэс рүү хөлөөрөө 4 удаа цохисон, архи уухаараа архины шилээр ээжийг зоддог..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
Гэрч Г.Бурмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...миний бага дүү Дэлгэрмаад Раднаабазар нь гар хүрдэг болсоныг 2012 оноос хойш мэдсэн, хааяа нэг нүд нь хөхөрсөн байдаг, хүүхэд нь ээжийг аав зодсон, түлхээд унагаасан, ээжийн гэдэс нь өвдсөн гэх зэргээр ярьдаг байсан, ба дүүгээсээ асуухаар хэлдэггүй байсан, тэгж байгаад 2017 оны 8 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед гэртээ байхад Дэлгэрмаа хоёр хүүхэдтэйгээ нүд нь хөхөрсөн зодуулсан байдалтай орж ирсэн, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Раднаабазарыг бариулсан, тэрнээс хойш хэд хоногийн дараа мөн байж байтал охин Оюударь нь над руу утасдаад “аав ээжийг зодоод байна, та цагдаа дуудаад өгөөч” гээд залгахаар нь цагдаад дуудлага өгөөд гэр рүү нь орсон, намайг ороход Раднаабазар Дэлгэрмааг үснээс нь зулгаагаад босч ирж байхад нь таарсан юм, тэгээд удаагүй цагдаа орж ирээд бариад явсан, удалгүй гарч ирээд байж байхад нь дахиад охин залгаад “аав ээжид агсам тавиад байна та цагдаа дуудаад өгөөч” гээд ярихаар нь мөн цагдаа дуудаж өгсөн, Раднаабазарыг бариулсан, Дэлгэрмаа урьд нь бол хэлдэггүй байсан, сүүлдээ бүр охиноо хүртэл зодох гээд байхаар нь хэлдэг болсон, нүд нь хөхөрсөн байдлаа Дэлгэрмаа өөрөө нуугаад байдаг байсан болохоор хэлдэггүй байсан, юм хум мөргөсөн гээд байдаг байсан, хааяа л Раднаа цохисон, цаашаа хүнд битгий хэлээрэй гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн үзүүлсэн үйлчилгээний тэмдэглэл, нийгмийн ажилтан-шинжээчийн дүгнэлт: “...
Үнэлгээнд: "... Т.Раднаабазар нь хохирогчид учрах эрсдэл өндөр гэж дүгнэлээ, асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх саналтай, зан үйлийн холбогдолтой эрсдэл-7, нийгмийн орчины эрсдэл-2, алах магадлалтай эрсдэл- 2 нийт 11 хүчирхийлэл даамжирсан, хохирогчийг алах, үр хүүхдийг гэмтээх эрсдэл байгаа тул эрсдэл өндөр байна..." гэжээ. /хх-ийн 105-110 дугаар хуудас/,
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ: “...
Үнэлгээ нь: "... Раднаабазар нь 10 настай охин Оюударийг хэд хэдэн удаа толгой, гэдэс, чихрүү нь цохиж, загнаж байсан байна, охины биед өвдөх зүйл байхгүй байгаач дахин хамт байлгавал зодох магадлалтай..." гэсэн дүгнэлт гарсан. /хх-ийн 136-139 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13721 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
Гэрч Б.Туяабадрахын мэдүүлэг /хх-ийн 55-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, захиргааны зөрчил авагдсан материал /хх-ийн 90-99/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 100/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 101/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 130/, Т.Раднаабазарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 132/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Раднаабазар нь согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам 13/1 дүгээр байрны 1 тоот гэртээ 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 9 дүгээр сарын 11-нд шилжих шөнө, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Дэлгэрмааг шалтгаангүйгээр хардан зүй бус харьцаж маргалдан улмаар түүний толгойн хэсэгт нь удаа дараа цохиж үсийг нь зулгаах, цохих зэргээр харгис хэрцгий харьцаж бие болон сэтгэл санааг нь тарчлаасан, мөн өөрийн төрсөн охин болох 10 настай, эмэгтэй, Р.Оюударийг “ална, гудамжинд гаргана, сургуулиас гаргана” хэмээн харгис хэрцгий харьцан зодсон, түүний нүдэн дээр эх Г.Дэлгэрмаад хүч хэрэглэсэн үйлдлийг үзүүлж сэтгэл санааг нь тарчлаасан зэрэг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр, хүүхдийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Раднаабазарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Дэлгэрмаагийн мэдүүлэг, гэрч Г.Бурмаагийн мэдүүлэг, гэр бүлийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Раднаабазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй/ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Раднаабазарыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр, хүүхдийн эсрэг байнга харгис хэрцгий харьцаж, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт хохирогч Г.Дэлгэрмаа шүүгдэгч Т.Раднаабазар нарыг гэр бүл болохыг нотлосон хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс гадна гэрлэлтийн гэрчилгээний баталгаажуулсан баримт, насанд хүрээгүй хохирогч Р.Оюундарийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан баримт авагдсан байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Г.Дэлгэрмаа, насанд хүрээгүй хохирогч Р.Оюундарь нар хамаарах болохыг тэмдэглэв.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Т.Раднаабазар нь согтуурч сэтгэл хөөрлийн үедээ өөрийн хүч, эрхшээлдээ оруулах, гэр бүлийн тэгш бус харилцааг үүсгэх зорилгоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Дэлгэрмаа, охин Р.Оюударь нарын бие, сэтгэл санааны эсрэг байнгын шинжтэй харгис, хэрцгий үг хэлж, үйлдэл хийн тэдгээрийн халдашгүй байх эрхийг зөрчжээ.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Т.Раднаабазарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан прокурорын гаргасан саналын дагуу 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Раднаабазарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх хуралд хохирогч Г.Дэлгэрмаагаас гаргасан хүсэлтэд “..нөхөр Т.Раднаабазарт зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Раднаабазарын цагдан хоригдсон 60 хоногийг хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хойд овгийн Товуугийн Раднаабазар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр, хүүхдийн эсрэг байнга харгис хэрцгий харьцаж, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Раднаабазарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Раднаабазарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Раднаабазарын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нараас нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Раднаабазарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Раднаабазарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН