| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2210 00000 0546 |
| Дугаар | 2022/ДШМ/1030 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ДШМ/1030
И.П-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч И.П, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/1204 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.П, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн И.П-д холбогдох 2210 00000 0546 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн И-ийн П, 1999 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Хан-Уул дүүргийн, ** дугаар хороо, ** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УУ00000000/;
И.П нь
1. 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух А.М-д "Зөөврийн компьютероо хоёр өдөр өгөөч, ажлаа хийж байгаад өгье" гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 385.000 төгрөгийн үнэ бүхий "Asus" загварын компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,
2. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух Б.У-д "Ажлын төсөл бичих гэсэн юм, зөөврийн компьютероо нэг өдөр хэрэглүүлчих" гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 1.600.000 төгрөгийн үнэ бүхий "Asus i5" загварын компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,
3. 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух М.С-ын ээжид “М.С надад зөөврийн компьютерыг авах зөвшөөрөл өгсөн” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 970.000 төгрөгийн үнэ бүхий “HP pavillon" загварын компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,
4. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух Г.М-д "Бие даалт хийх гэсэн юм зөөврийн компьютероо ганц орой хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 2.380.000 төгрөгийн үнэ бүхий “Asus i5” загварын компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан,
5. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо,** тоотод оршин суух У.Н-д “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлчих” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгон, 1.992.000 төгрөгийн үнэ бүхий "Omen gamer" загварын компьютерыг нь өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газар: И.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогтой И-ийн П-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-д 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.П-аас 1.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.У-д олгохоор, шүүгдэгч И.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, И.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч И.П-ын өмгөөлөгч Ц.Мандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаан болох болох үед И.П нь хохирогч А.М, М.С, Г.М, У.Н нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн байсан бөгөөд хохирогч Б.У-ийн хохирлыг нөхөн төлсөн байсан боловч зөөврийн компьютер байсан ломбардын эзэн хөдөө амралттай байсны улмаас зөөврийн компьютерыг нь Б.У-д хүлээлгэн өгч амжаагүй. Харин одоо Б.У-д эд зүйлийг нь хүлээлгэн өгч, хохиролгүй болгосон. И.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос бусад төрлийн ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа болно. ...” гэв.
Шүүгдэгч И.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруу, ухамсаргүй үйлдлээсээ болж их хэмжээний өрөнд орж, түүнээсээ болоод мөнгө олохын тулд бусдын эд хөрөнгийг залилан авч, бусдад нийт 8 сая төгрөгийн хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр гэмшиж алдаагаа ухамсарлаж ойлгож байгаа. Цаашид би хэрэг хийхгүй, ар гэр болон улс орон, нийгэмдээ зөв хүн болон төлөвшиж, дахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Мөн би аав, ээж, эгчийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух тодорхой хаягтай, аав ажилгүй, ээж “***” ХХК-д ажилладаг. Миний хийсэн буруутай хэргийн улмаас миний хохирлыг барагдуулах гэж цалингийн зээл болон хамаатан, садан төрлөөс зээл хийж нэлээн хэмжээний өр үүссэн. Иймд миний бие аав, ээжийн хамт ажиллаж өрөө барагдуулж ажил хөдөлмөр эрхэлж, зөв явах болно. Иймд дээрх хувийн байдлыг минь харгалзан үзэж ажил хийж, өр зээлээ төлөх нөхцөл байдлаар хангаж өгнө үү. Миний хорих 6 сарын ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч И.П нь 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 5 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч, залилан мэхэлж аван нийт 7.347.000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч И.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хувийн байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар И.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.П нь "Зөөврийн компьютероо хоёр өдөр өгөөч, ажлаа, бие даалтаа хийгээд өгье, зөөврийн компьютер авах зөвшөөрөл өгсөн" гэж үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:
хохирогч Б.У-ийн: “...И.П 2022 оны 02 сарын 14-ний өдөр над руу зурвас бичээд “нэг ажлын төсөл бичих гээд зөөврийн компьютер хэрэг болоод байна, нэг өдөр хэрэглүүлээч” гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоот гэрээсээ И.П-д өөрийн эзэмшлийн зөөврийн компьютероо өгөөд явуулсан... Тэгээд огт сураг чимээгүй таг болчихсон. ...” /1хх 55-56/,
хохирогч М.С-ын: “...Ажлаа дуусгачхаад орой гэртээ ирэхэд миний зөөврийн компьютер байхгүй байсан. Тэгээд би ээжээс зөөврийн компьютер хаана байгааг асуутал “И.П “намайг зөөврийн компьютер авах зөвшөөрөл өгсөн юм” гэж хэлээд аваад явчихсан” гэж хэлсэн... Надтай дахин холбогдоогүй. ...” /1хх 157-158/,
хохирогч А.М-ийн: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр И.П “Зөөврийн компьютероо хэрэглүүлээч, 2 хоног ажлынхаа юмыг хийгээд өгмөөр байна” гэсэн. Хоёр хоногийн дараа би И.П-ын 88ХХХХХХ, 95ХХХХХХ дугаарт залгатал утас нь холбогдохгүй алга болчихсон. ...” /1хх 9-10/,
хохирогч Г.М-н: “...И.П над руу чат бичээд “Бие даалт хийх гэсэн чинь зөөврийн компьютер хэрэг болоод байна, ганц орой хэрэглүүлчих, найз нь гуйж байна” гэсэн. И.П надад “эмнэлэгт хэвтэж байна, орой аваачаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш таг болчихсон. ...” /1хх 128-129/,
хохирогч У.Н-н: “...2022 оны 4 сарын 01-ний өдөр И.П гэх найз над руу “2-3 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлээч” гээд бичиж, залгаад байсан. Тэгээд зөвшөөрөөд өгөхөөр болсон. И.П надтай уулзаад маш сэжигтэй байдлаар бүх код, нууц үгийг нь асуугаад миний зөөврийн компьютерыг аваад явсан. Тэгэхээр нь би орц руугаа орж байгаад гэнэт сэжиг төрөөд араас нь гараад гүйсэн чинь аль хэдийн алга болчихсон байсан. ...” /1хх 93/,
гэрч П.И-ийн. “...И.П-ын орон доороос хоёр, гурван ломбардын бичиг олсон. Өөр хүмүүсээс бас эд зүйл авсан. ...И.П хэлэхдээ хүүхдүүдээс авсан компьютероо бүгдийг нь ломбардад тавьсан гэж хэлж байсан. ...” /1хх 12, 59/,
гэрч Н.А-ийн: “...И.П нь надад хандаж “Би өөрийн үнэмлэхгүй явж байна, чи өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд зөөврийн компьютер тавих гэсэн юм” гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхийг өгөөд тухайн ломбард дотор ороод И.П барьж явсан цүнхнээсээ компьютер гаргаж ирээд тухайн ломбардад барьцаанд тавьчихсан юм. ... 2022 оны 02 дугаар сард байна уу 3 дугаар сард И.П-тай уулзсан бөгөөд Хан-Уул дүүргийн автобусны буудлын хөшөөний арын “Чүн” гэдэг ломбард руу орсон. Тухайн үед И.П нь надад хандаж “Би өөрийн үнэмлэхгүй явж байна, чи өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгөөд компьютер тавих гэсэн” юм гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээ өгөөд тухайн ломбард дотор ороод И.П барьж явсан цүнхнээсээ компьютер гаргаж ирээд тухайн ломбардад барьцаанд тавьчихсан юм. ...” /1хх 14, 162/,
гэрч Д.А-ийн: “...Н.А гэх эрэгтэй хүн манай ломбардад ирж зөөврийн компьютероо 1.050.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд буцаагаад 2022 оны 4 сарын эхээр И.П ээжийн хамт авсан. ...” /1хх 20/,
шүүгдэгч И.П-ын: “...2022 оны 3 дугаар сарын эхээр найз А.М-гаас “зөөврийн компьютероо 2 өдөр хэрэглүүлээч” гэж гуйсан. Тэгээд би А.М найзаасаа зөөврийн компьютерыг нь авч Яармагийн эцэст байрлах ломбардад 1.050.000 төгрөгөөр барьцаалуулсан. ...2022 оны 02 дугаар сарын 14-нд найз Б.У-д “зөөврийн компьютероо 1-2 хоног хэрэглүүлээч, төсөл бичих гэсэн юм” гэж хэлж аваад ломбардад 900.000 төгрөгөөр тавиад уг мөнгөө “Хобо” гэх хочтой залуугаас мөнгө зээлсэн байснаа буцааж өгсөн. ...У.Н-ээс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “зөөврийн компьютерыг нь нэг шөнө хэрэглэчихээд өгье, чухал ажилтай байна, бие даалт хийх хэрэгтэй байна” гэж хэлж аваад Сансарт нэг ломбардад 1.2 сая төгрөгөөр тавьсан. ...Г.М-оос 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “зөөврийн компьютерыг нь нэг хоног хэрэглээд өгье” гэж хэлж аваад Сансарт нэг ломбардад 1 сая төгрөгөөр тавьсан. ...найз М.С-ын гэрт нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хамт хоноод маргааш нь явахдаа “зөөврийн компьютероо хэрэглүүлчих” гэж хэлээд М.С-ын зөөврийн компьютерыг нь аваад явсан. Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн хажууд байх ломбардад 900.000 төгрөгөөр тавьсан. ...” /1хх 40, 79, 114-115, 145-146, 176/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч нарын зөөврийн компьютерын үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан /1хх 25-26, 62-65, 102-105, 136-138, 166-167/, “Их азийн оюу” барьцаалан зээлдүүлэх газарт зөөврийн компьютер барьцаалсан тухай баримт /1хх 33/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогджээ.
Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгч И.П-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтуудаар И.П-ын үйлдсэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон, эдгээр нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсээгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч И.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.
Шүүгдэгч И.П нь “Бие даалт, ажил хийх хэрэгтэй байна” гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тэдгээрийн эд хөрөнгө болох зөөврийн компьютерыг өөрийн эзэмшилдээ авсан атлаа хохирогч нарт хэлснээсээ өөр байдлаар буюу зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан мөнгө авч, авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Шүүгдэгч И.П, түүний өмгөөлөгч Ц.Мандал нар “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Аль ч шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ уг хууль болон Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндэслэл, зарчмын хүрээнд шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан бөгөөд энэхүү хэм хэмжээ нь дээр дурдсанчлан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш, энэхүү зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч И.П-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ