Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* ХХК

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Гуравдагч этгээд: Р******* ХХК-ийн хоорондын захиргааны гэрээ цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.Ою, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0130/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаалын Т, Р******* ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

1.2. Гуравдагч этгээд Р******* ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын Т******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж тодорхойлжээ.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Т******* ХХК болон Р******* ХХК нар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 06/08 дугаартай Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр түншлэлээр хамтран ажиллах ерөнхий гэрээ байгуулжээ.

2.2. Зам, тээврийн хөгжлийн яам 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 03/3791 дүгээр албан бичгээр Т******* ХХК болон Р******* ХХК-д хандан ...Багануур-Мөнгөнморьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв, Мөнгөнморьт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад уг ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн танай тендер "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж байна. гэжээ.

2.3. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Т******* ХХК нар нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 204 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Багануур-Мөнгөн морьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв, Мөнгөнморьт сум/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2.4. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын гурав дахь хавсралтаар ... гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ж.Т/, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс /Ч.Р/-т тус тус даалгажээ.

2.5. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 03/119 дүгээр албан бичгээр Т******* ХХК, Р******* ХХК нарт хандан ...Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр "*******" ХХК, "Р******* ХХК-ийн түншлэлтэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.2.2(в) заалт болон Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/182 дугаар тушаалаар гэрээ цуцалсан болохыг мэдэгдэж байна... гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлжээ.

2.6. Нэхэмжлэгч Т******* ХХК нь дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Т******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. 2019 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэх компанийг нээлттэй уралдаант шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд улмаар уг сонгон шалгаруулалтад шалгарч захиалагч Зам тээвэр хөгжлийн яамтай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар ажил гүйцэтгэгчийн эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байсан.

3.2. Энэхүү замын ажил нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагатай албан ёсоор байгуулагдсан, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа учир бидний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласаар ирсэн болно. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж, 4.2.8-т "хууль ёсны итгэлийг хамгаалах гэж тус тус заасан бөгөөд тус тус заасны дагуу Зам тээврийн хөгжлийн яам, түүний тогтоол шийдвэрүүд болон гэрээнд заасан эрхээр бидний хууль ёсны итгэлийг хамгаалах учиртай. Гэтэл Зам, тээвэр хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай" албан мэдэгдлийг тус тус гаргаж, Ажил гүйцэтгэх гэрээ-г гэнэт нэг талын санаачилгаар цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, үүний улмаас гэрээнд заасан хугацаанд шинээр бий болсон, шинэчлэн сайжруулсан ажил, гэрээний үр шимийг тогтоосон хугацаанд хүртэх боломжгүй болж хохирч байна.

3.3. Бид маргаан бүхий захиргааны актуудыг дараах байдлаар тус тус хууль бус болсон гэж үзэж байна. Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Захиргааны байгууллага нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай билээ.

3.4. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй гэх үндэслэл зааж Ажил гүйцэтгэх гэрээ"-г цуцалсан билээ. Гэвч шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй. Мөн манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаа атал ямар баримтад үндэслэж гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй" гэж үзсэн нь тодорхой бус, маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн байна.

3.5. Бид Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлж байгаа тухай: Т ХХК нь 2019 оны 08 дугаар сард ажил гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамтай тухайн замын ажлыг 44 221 302 109 (дөчин дөрвөн тэрбум хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун хоёр мянга нэг зуун ес) төгрөгөөр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн Зам, тээвэр хөгжлийн яаманд хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ"-г байгуулсан. Манай компанийн зүгээс гэрээ байгуулагдсан цаг үеэс эхлэн гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу биелүүлж ирсэн бөгөөд 2019 онд Зам, тээвэр хөгжлийн яамнаас 5 тэрбумын санхүүжилт хийгдсэний дагуу уг төслийн үйл ажиллагааг эхлүүлж, гүйцэтгэлийг 14 хувьд хүргэсэн, 2020 онд 19 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэний дагуу гүйцэтгэлийг 54 хувьд хүргэсэн. "Т" ХХК-ийн зүгээс санхүүжилт бүрэн хийгдсэн тохиолдолд өөрийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадлаар гэрээнд заасан хугацаанд тухайн замын ажлыг чанарын шаардлага хангуулан 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байсан бөгөөд энэ талаараа Зам, тээвэр хөгжлийн яаманд удаа дараа албан бичиг хүргүүлж, санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн байдаг. Ингээд санхүүжилт шийдэгдэхгүй байсан тул "Т ХХК-ийн зүгээс өөрсдийн хөрөнгөөр дээрх ажлыг хийж гүйцэтгэх боломжийг эрэн хайсан боловч цаг үеийн нөхцөл байдал, ковид-19 цар тахалт халдварын улмаас арилжааны банкууд зээл олголтоо зогсоосонтой холбоотойгоор Зам, тээвэр хөгжлийн яамнаас санхүүжилт орж ирэхийг хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн.

3.6. Гэтэл 2020 онд 39 221 302 109 (гучин есөн тэрбум хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун хоёр мянга нэг зуун ес) төгрөгийн санхүүжилт хийгдэхээс 20 221 302 109 (хорин тэрбум хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун хоёр мянга нэг зуун ес) төгрөгийн санхүүжилт дутуу хийгдсэн. Зам, тээвэр хөгжлийн яамнаас дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсаар гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.

3.7. 2021 онд Зам, тээвэр хөгжлийн яамны санхүүжилтээр цаг үеийн нөхцөл байдал, ковид- 19 цар тахалт халдварт өвчний улмаас төрийн байгууллагуудын тогтоосон хязгаарлалт, үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 4 470 629 329 (дөрвөн тэрбум дөрвөн зуун далан сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун хорин ес) төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсний дүнд нийт гүйцэтгэл 64 хувьд хүрсэн. Улмаар Зам, тээвэр хөгжлийн яамнаас "...ковид-19 цар тахлын нөхцөл байдал, гэрээний санхүүжилт 2021, 2022 онд улсын төсөвт бүрэн тусгагдаагүй зэргээс шалтгаалан гүйцэтгэл бүрэн дуусаагүй байна..." гэх үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаартай нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгасан юм. Зам, тээвэр хөгжлийн яамнаас төслийн санхүүжилтийг тогтоосон хугацаандаа бүрэн хийж гүйцэтгээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний хугацааг 2 удаа сунгагдсан. Цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө зэргээс шалтгаалан бараа материалын үнэ 200-300 хувиар нэмэгдсэн бодит нөхцөл байдал үүссэн тул гэрээ байгуулах үеийн үнийн дүнгээр дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд уг нөхцөл байдлыг нотолж Худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Т" ХХК-д Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ" олгосон.

3.8. Гэтэл нийтэд илэрхий давагдашгүй хүчин зүйл бий болсон байхад Зам, тээвэр хөгжлийн яамнаас 2022 онд 16 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстойгоос ердөө 3 895 000 000 төгрөгийн санхүүжилтийг баталсан. Энэ хугацаанд хүртэл Т ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу ажил үүргийг тасалдуулахгүй байх үүднээс нэмэлтээр хийсэн болон 2022 онд өөрсдийн нөөц боломж, хөрөнгөөр буюу 1 870 679 875 (нэг тэрбум найман зуун далан сая зургаан зуун далан есөн мянга найман зуун далан таван) төгрөгөөр замын ажлыг хийж гүйцэтгэж байсан.

3.9. Т ХХК-ийн зүгээс дээрх санхүүжилтээр тухайн ажлыг хийж гүйцэтгэх нь илтэд алдагдалтай тул зохих арга хэмжээ авхуулах (цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон аргачлал бүхий үнийн дүнг тогтоохоор магадлал хийлгэх)-аар удаа дараа Зам, тээвэр хөгжлийн яаманд хандсаны үр дүнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03/4156 тоот Тооцоо ирүүлэх тухай албан бичгээр ...тус авто замын үлдэгдэл ажлын тоо хэмжээгээр тооцсон төсөвт өртгийн тооцоог гаргаж, магадлалаар баталгаажуулан..." ирүүлэхийг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгасан. Зам, тээврийн хөгжлийн төв нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 365/2022 дугаар "Магадлалын ерөнхий дүгнэлт" -ийг гаргаж хүргүүлсэн бөгөөд уг дүгнэлтээр ажил гүйцэтгэхэд шаардлагатай үнийн дүнг 26 994 760 883 (хорин зургаан тэрбум есөн зуун ерэн дөрвөн сая долоон зуун жаран мянга найман зуун наян гурав) төгрөг гэж тооцсон.

3.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-т хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн" тохиолдолд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч тохируулга хийж болохоор заасны дагуу үнийн тохируулга хийх шийдвэр гаргана гэж найдаж хүлээж байсан. Бид гэрээгээр хүлээсэн ажил үүргийг цаашид үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх, гэрээний хугацааг сунгуулах, Төрийн нарийн бичгийн даргын даалгасны дагуу Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас гаргасан "Магадлалын ерөнхий дүгнэлт"-д үндэслэн гэрээний үнийн дүнд тохируулга хийлгэхээр удаа дараа албан бичгээр хандаж байсан бөгөөд энэ талаар эерэг үйлчлэл бүхий захиргааны акт гарна гэж хүлээж байсан.

3.11. Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал, мэдэгдлийн бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус байгаа тухай: Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна" гэж, 40.2.3-д "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж тус тус заасан. Мөн тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д "Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ" гэж заасан. Хуулийн энэхүү заалтын дагуу маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх шаардлагатай билээ. Гэвч маргаан бүхий захиргааны акт болох Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах бодит болон хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Тодруулбал, (1) гэрээ цуцлах бодит үндэслэлийг "гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй" гэж заасан байх боловч яг ямар буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаа алдагдсан тухай дурдаагүй нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна. (2) гэрээ цуцлах үндэслэлийг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй гэж заасан байх боловч энэ нь гэрээний ямар заалтад хамаарах, түүнчлэн цуцлах шийдвэр гаргахдаа ямар заалтыг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй, Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.12. Мэдэгдэлд тушаалын үндэслэлээс гадна 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.2.2(в) заалтыг үндэслэл болгосон. Ажил гүйцэтгэх гэрээний 42 дугаар зүйлийн 42.2.2(в)-д Гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх нь гэрээ цуцлах үндэслэл болохоор зохицуулсан. Т ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллаж байсан байхад ямар баримтыг үндэслэн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга тасалдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлээгүй гэж дүгнэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Түүнчлэн Ажил гүйцэтгэх гэрээ-г Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар эсхүл мэдэгдлээр цуцлаад байгаа эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн байна. Маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж заасанд нийцэхгүй байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын зүгээс Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлийг ямар баримтаар тогтоосон, ямар нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд ямар үндэслэлээр гэрээ цуцлах шийдвэр гаргасныг нотлох баримт цуглуулах байдлаар тодруулж өгөхийг шүүхээс хүсье. Ийнхүү Засгийн газрын шийдвэрийн үндэслэлд хамаарах нотлох баримтууд шүүхэд ирвэл бид тэдгээртэй танилцаж, түүнд холбогдуулан дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримт гаргах боломжтой байна.

3.13. Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 52.2.3-д дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтуудын дагуу ажил гүйцэтгэх гэрээ цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1, 37.1-д тус тус заасанчлан Зам, тээвэр хөгжлийн яам захиргааны байгууллагын байр сууринаас гаргасан захиргааны акт болох тул захиргааны хэргийн шүүхийн шууд харьяалан шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарах юм.

3.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана" гэж заасан бөгөөд өөрөөр гарын үсэг зурж хэрэгжиж байгаа ажил үйлчилгээний хувьд гэрээг цуцлах тухай шийдвэрт гомдол гаргах журам болон гомдол шийдвэрлэх байгууллагыг тогтоогоогүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж заасны дагуу бид мэдэгдлийг хүлээн авснаас хугацааг тооцож шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

3.15. Иймд маргаан бүхий захиргааны актууд болох Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаалын өөрийн компанид холбогдох хэсгийг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай" албан мэдэгдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Маргаан бүхий захиргааны актуудын эх хувийг манай компанид өгөөгүй тул нотлох баримтын шаардлага хангуулах боломжгүй байгаа болно. гэжээ.

4. Хариуцагч Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг өгч байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "2019 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх компанийг нээлттэй уралдаант шалгаруулалтад манай компани оролцсон бөгөөд улмаар уг сонгон шалгаруулалтад шалгарч захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамтай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар ажил гүйцэтгэгчийн эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байсан" гэж дурдсан байна.

4.2. Гэтэл Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад "Т" ХХК нь "Р*******" ХХК-тай түншлэлээр хамтран оролцохоор 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/08 дугаар гэрээг байгуулан, гэрээний 1.3 болон 1.4-т "авто замын барилгын ажлыг ерөнхийлөн хариуцаж, авто замын барилга угсралтын ажлын газар шороо болон далангийн суурийн ажил, хиймэл байгууламж, хучилтын бүх ажлын 60%-ийг "Т" ХХК, 40%-ийг "Р*******" ХХК гүйцэтгэхээр заасан хэдий ч энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй байна.

4.3. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана." гэж заасны дагуу тендерийн баримт бичигт заасан ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг "Т" ХХК дангаар хангах боломжгүй байсан тул түншлэлээр сонгон шалгаруулалтад орж түншлэл шалгарсан гэж үзнэ.

4.4. "Т" ХХК, "Р*******" ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/08 дугаар түншлэлийн гэрээний дагуу харилцан үүрэг хүлээх бөгөөд аль нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй байгаа нь ажил гүйцэтгэх эрхийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана" гэж, 4.2.8-т "хууль ёсны итгэлийг хамгаалах гэж тус тус заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, түүний тогтоол шийдвэрүүд болон гэрээнд заасан эрхээр бидний хууль ёсны итгэлийг хамгаалах учиртай. Гэтэл гэнэт нэг талын санаачилгаар цуцалсан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна" гэж дурдсан нь Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Т нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-ний 42.1.1-д "Захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч гэрээний 42.1-д заасны дагуу Гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн Гэрээг цуцалж болно" гэж заасантай нийцэхгүй байна.

4.5. Учир нь "Т, "Р******* ХХК-ийн түншлэлийн авто замын барилгын ажлын талбайд гараагүй, ажлаа эхлээгүй, батлагдсан график төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байгаа талаар удаа дараа хяналтын зөвлөх "Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/318, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/724, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/657 дугаар албан бичгүүд болон захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2022 оны 05 угаар сарын 13-ны өдрийн 03/2197, 2022 оы 07 дугаар сарын 22-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/3397, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/3433, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/3698, 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 03/3807, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4066, болон 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай 03/119 дугаар албан бичгийг тус тус хүргүүлж байсан нь "Т" ХХК, "Р*******" ХХК түншлэл нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйг нотолж байна.

4.6. Нэхэмжлэлдээ "Т" ХХК -ийн зүгээс санхүүжилт бүрэн хийгдсэн тохиолдолд өөрийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлаар гэрээнд заасан хугацаанд тухайн замын ажлыг чанарын шаардлага хангуулан 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байсан гэжээ. Гэвч гэрээний нийт үнийн дүн болох 44.221.3 сая төгрөгийн санхүүжилтээс 2019 онд 5 тэрбум төгрөг төсөвт тусгагдаж 6.058.119 сая төгрөгийн гүйцэтгэл, 2020 онд 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 17.436.836 сая төгрөгийн гүйцэтгэл, 2021 онд 11 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.154.086 сая төгрөгийн гүйцэтгэл, 2022 оны 3.8 тэрбумын санхүүжилт төсөвт тусгагдсан ч гүйцэтгэгч талбайд гарч зам барилгын ажил хийж гүйцэтгээгүйгээс төсөвт буцаан татагдсан байна.

4.7. Мөн түншлэгч Р******* ХХК нь 2020 оноос хойш зам барилгын талбайд ажил гүйцэтгээгүй, 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаагүй, барилгын ажлын талбайд ажил хийгдээгүй, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажиллах нөхцөл боломжоор хангасан боловч олгосон санхүүжилтийн хүрээнд зам, барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй нь Гэрээний 42.2.2 /в/-д "Гүйцэтгэгч гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх гэсэнтэй нийцэж байх тул гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

4.8. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг тодруулаагүй, холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргаан бүхий захиргааны акт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж дурдсан байна. Гэвч Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажилтай танилцаж, авто замын ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгээс дүгнэлт гаргаж ажилласан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. заасны дагуу зам барилгын ажлын бодит гүйцэтгэл, нөхцөл байдлыг тогтоон ажилласан гэж үзэхээр байна.

4.9. Иймд Т-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

5. Гуравдагч этгээд Р******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэгч "******* ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн хариу тайлбарыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. "*******" ХХК, "Ри*******" ХХК-ийн түншлэл нь 2019 оны 8 дугаар сарын 05- ны өдөр Зам тээврийн хөгжлийн яамтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Багануур-Мөнгөнморьт чиглэлийн хатуу хучилттай авто зам 60 км /Төв, Мөнгөн морьт сум/-ын ажлыг нийт 44.221.302.109 төгрөгийг төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд уг гэрээгээр ажил дуусах хугацаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байхаар тохирсон байсан билээ.

5.2. Ингээд 2019 оны улсын төсөвт 5.000.000.000 тэрбум төгрөг суусан бөгөөд уг санхүүжилтээр ажлаа бүрэн хийсэн. 2020 онд үлдэгдэл санхүүжилт улсын төсөвт бүрэн сууж, санхүүжигдэх байсан боловч уг онд 19.000.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, 20.221.302.109 төгрөгийн санхүүжилт дутуу хийгдсэнээс энэхүү ажил удаашрах, хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болох нөхцөл үүссэн билээ. Дээрх нөхцөл байдал нь ажил гүйцэтгэгч нарын ажлын гүйцэтгэлтэй огт холбоогүй бөгөөд захиалагчийн зүгээс санхүүжилтийг хугацаандаа хийгээгүйгээс үүссэн үр дагавар болсон билээ. Үүнийгээ ч захиалагч хүлээн зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2 удаа сунгасан байгаагаар нотлогдож байгаа билээ.

5.3. Гэтэл хариуцагч хариу тайлбартаа манай компанийг 2020 оноос хойш ажлын талбайд гарч ажил гүйцэтгээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2021 онд санхүүжилт хийгдсэн хэмжээгээр ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь ажлын гүйцэтгэлийн баримтуудаар нотлогдоно. Бидний зүгээс өөрийн санхүүжилтээр уг ажлыг гүйцэтгэх арга замыг хайсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй, арилжааны банкнууд зээл олгохоо зогсоосон нөхцөл байдал үүссэн билээ.

5.4. Ийм байхад хариуцагчийн зүгээс манай компанийг огт ажил хийгээгүй мэтээр хариу тайлбар болон гэрээ цуцалсан тушаалд дурдсан нь үндэслэлгүй байна. 171 Манай зүгээс өөрийн хийсэн ажлын нотлох Автозам, барилга, гүүр хоолойн ажлын хуудас 49 хавтас баримтыг хэрэгт нотлох баримтаар зөвшөөрлийн байна. эх хувиар гарган өгч Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, ажлын гүйцэтгэл хойшлох болсон шалтгааныг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүйгээс болж манай компани хохирох нөхцөл байдал бий болгож байна.

5.5. Маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд холбогдох хууль тогтоомж болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эрхийн ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Р******* ХХК нь шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагын үндэслэлдээ:

6.1. "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд "Ри*******" ХХК-ийн зүгээс дараах бие даасан шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалаар "*******" ХХК, "Ри*******" ХХК-ийн түншлэлтэй байгуулсан Багануур-Мөнгөнморьт чиглэлийн хатуу хучилттай авто зам 60 км /Төв, Мөнгөн морьт сум/-ын ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн гэж үзэж бие даасан шаардлага гаргаж байна.

6.2. Уг тушаал нь Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний аль зүйл заалтыг үндэслэн гэрээг цуцалсан нь тодорхойгүй, тушаалын хавсралтад батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй, замын материалын үнэ 2-3 дахин өссөн, манай компанийг ажил гүйцэтгээгүй гэх тайлбарыг хийсэн байх боловч эдгээр нь гэрээний чухам аль зүйл заалтад заасан гэрээг цуцлах үндэслэл болсон болох нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй тушаал болсон гэж үзэж байна.

6.3. Дээрх тушаал гарснаар дээрх авто замын ажлын гүйцэтгэгч болох манай компани нь гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл манай компанийн хийсэн ажлыг үр дүнгүй болгож манай эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

6.4. Захиргааны байгууллага нь дээрх тушаалыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах, нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээс бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

6.5. Талуудын анхны байгуулсан гэрээнд уг ажлыг нийт 44.221.302.109 төгрөгийг төсөвт өртгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд уг гэрээгээр ажил дуусах хугацаа 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байхаар тохирсон бөгөөд 2019, 2020 онд дээрх төсөв улсын төсөвт бүрэн тусгагдаж санхүүжилт хийгдэхээр байсан билээ.

6.6. Гэтэл 2019 онд 5.000.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, 2020 онд үлдэгдэл санхүүжилт улсын төсөвт бүрэн сууж, санхүүжигдэх байсан боловч 2020 онд 19.000.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, 20.221.302.109 төгрөгийн санхүүжилт дутуу хийгдсэнээс энэхүү ажил удаашрах, хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болох нөхцөл үүссэн билээ. Дээрх нөхцөл байдал нь ажил гүйцэтгэгч нарын ажлын гүйцэтгэлтэй огт холбоогүй бөгөөд захиалагчийн зүгээс санхүүжилтийг хугацаандаа хийгээгүйгээс үүссэн үр дагавар болсон билээ. Үүнийгээ ч захиалагч хүлээн зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2 удаа сунгасан байгаагаар нотлогдож байгаа билээ.

6.7. Гэтэл хариуцагч нь дээрх нөхцөл байдлыг дан ганц бидний буруу мэтээр үзэж гэрээг дангаар цуцалж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын ******* ХХК, Ри******* ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

7. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, П.Ою нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн хариу тайлбартаа:

7.1. Т-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг өгч байна. 1. Нэхэмжлэлийн шаардлагадаа "Уг тушаал нь гэрээний аль зүйл заалтыг үндэслэн гэрээг цуцалсан нь тодорхойгүй, гэрээг цуцлах үндэслэл нь ойлгомжгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй тушаал болсон гэж үзэж байна" гэж дурджээ. Гэтэл "Т" ХХК, "Р*******" ХХК-ийн түншлэлд авто замын барилгын ажлын талбайд гараагүй, ажлаа эхлээгүй, батлагдсан график төлөвлөгөөний дагуу ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байгаа талаар удаа дараа хяналтын зөвлөх "Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/318, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/724, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/657 дугаар албан бичгүүд болон захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 03/2197, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/3397, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/3433, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/3698, 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 03/3807, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/4066, болон 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн "Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай 03/119 дугаар албан бичгийг тус тус хүргүүлж байсан нь "Т" ХХК, "Р*******" ХХК түншлэл нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйг нотолж байна.

7.2. Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Т" ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 42.1.1-д "Захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч гэрээний 42.1-д заасны дагуу Гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн Гэрээг цуцалж болно" гэж заасан нь маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт гэдгийг нотолж байна. 2. Нэхэмжлэлийн шаардлагадаа Дээрх тушаал гарснаар авто замын ажлын гүйцэтгэгч болон манай компани нь гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл манай компанийн хийсэн ажлыг үр дүнгүй болгож манай эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна" гэж дурдсан байна.

7.3. Гэтэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох "Ри*******" ХХК нь Түншлэлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй төдийгүй 2020 оноос хойш зам барилгын Талбайд ажил гүйцэтгээгүй, 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаагүй, барилгын ажлын талбайд ажил хийгдээгүй, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажиллах нөхцөл боломжоор хангасан боловч олгосон санхүүжилтийн хүрээнд зам, барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй нь гэрээний 42.2.2 /в/-д "Гүйцэтгэгч гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх" гэсэнтэй нийцэж байх тул гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

7.4. Иймд "Ри*******" ХХК -аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээд Ри******* ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаалын өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Гуравдагч этгээд Р******* ХХК-иас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын Т******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгох бие даасан шаардлага гаргасан.

3. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаалын өөрийн компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагын тухайд:

3.1. Багануур-Мөнгөн морьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв, Мөнгөнморьт сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгч ******* ХХК болон гуравдагч этгээд Р******* ХХК нь түншлэлээр хамтран оролцож, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Багануур-Мөнгөн морьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв, Мөнгөнморьт сум/ ажил гүйцэтгэх гэрээ-г[1] Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан. Тус гэрээний нийт дүн 44,221,302,109 төгрөг бөгөөд гүйцэтгэгч нь замын ажлыг 2019 оны 8 дугаар сарын 20-нд эхэлж, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээний ерөнхий нөхцөлд тусгажээ.

3.2. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай нэмэлт гэрээгээр[2] ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102 дугаар нэмэлт гэрээгээр[3] 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байна.

3.3. Тус яамнаас байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангаар[4] ******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлийг 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэгчийн дотоод зохион байгуулалт муу, материалын үнэ 2-3 дахин өссөн, түншлэгч Р******* ХХК нь 2021-2022 онд ажил хийж гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлж ажиллаагүй тул гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын дагуу илүү санхүүжсэн гүйцэтгэлийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтийг хуулийн хэлтэст хүргүүлсэн гэж дүгнээд авто замын барилгын ажлын гэрээг цуцлах саналыг гаргасан байна.

3.4. Маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай А/182 дугаар тушаалд[5] дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн бөгөөд тушаалын 3 дахь заалтаар гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй тушаалын гуравдугаар хавсралтад тусгагдсан авто замын барилгын ажлын гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэсэн. Уг тушаалын гуравдугаар хавсралтын 1-д ******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэл орсон байх бөгөөд гэрээ цуцлах шалтгаан нь 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг бүрэн ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, гүйцэтгэгчийн дотоод зохион байгуулалт муу, замын материалын үнэ 2-3 дахин өссөн, түншлэгч Р******* ХХК нь 2021-2022 онд ажил хийж гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлж ажиллаагүй гэж үзжээ.

3.5. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг[6] ******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлд хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд ...Захиалагч, "*******" ХХК, "Р*******" ХХК-ийн түншлэлийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай гэрээг байгуулсан. Тус авто замын барилгын ажил 64 хувьтай хэрэгжсэн. Захиалагч, Зөвлөхийн зүгээс тус авто замын барилгын ажлыг эрчимжүүлэх талаар хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч танай түншлэлийн дотоод зохион байгуулалттай холбоотойгоор барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй тул 2022 оны гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаар гэрээг цуцлах шийдвэр гарсан. Иймд Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр ******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлтэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.2.2(в) заалт болон Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны А/182 дугаар тушаалаар гэрээ цуцалсан болохыг мэдэгдэж байна... гэжээ.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 42.1.1-д "Захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч гэрээний 42.1-д заасны дагуу Гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн Гэрээг цуцалж болно" гэж заасан нь маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт гэдгийг нотолж байна. ...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох "Р*******" ХХК нь Түншлэлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй төдийгүй 2020 оноос хойш зам барилгын талбайд ажил гүйцэтгээгүй, 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаагүй, барилгын ажлын талбайд ажил хийгдээгүй, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ажиллах нөхцөл боломжоор хангасан боловч олгосон санхүүжилтийн хүрээнд зам, барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй нь гэрээний 42.2.2 /в/-д "Гүйцэтгэгч гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх" гэсэнтэй нийцэж байх тул гэрээг цуцлах үндэслэлтэй... гэж маргасан.

3.7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, түншлэл нь гэрээнд заасан ажлыг 2019 онд эхлүүлж, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 63.77 хувьтай хийж гүйцэтгэсэн болох нь Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл №1-8 баримтуудаар[7] нотлогдоно.

3.8. Мөн тухайн замын ажилд 2019 онд 5 тэрбум, 2020 онд 19 тэрбум, 2021 онд 11 тэрбум төгрөг буюу нийт 35 тэрбум төгрөг улсын төсөвт батлагдсанаас ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн дагуу 28,200,318,727 төгрөгийн санхүүжилтийг олгосон болох нь хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны санхүүжилтийн эрх нээлгэх тухай албан бичгүүд[8], харилцах дансны дэлгэрэнгүй бүртгэл[9] зэргээр тогтоогдоно, харин 2022 онд төсөвт 3,8 тэрбум төгрөг батлагдсан боловч санхүүжилт олгогдоогүй үйл баримтууд тогтоогдож байна.

3.9. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс замын ажлыг 2022 оноос хийх боломжгүй болсон гол шалтгаанаа ...Цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөө зэргээс шалтгаалан бараа материалын үнэ 200-300 хувиар нэмэгдсэн бодит нөхцөл байдал үүссэн тул гэрээ байгуулах үеийн үнийн дүнгээр дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, ...нийтэд илэрхий давагдашгүй хүчин зүйл бий болсон байхад Зам, тээвэр хөгжлийн яамнаас 2022 онд 16 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстойгоос ердөө 3 895 000 000 төгрөгийн санхүүжилтийг баталсан. Энэ хугацаанд хүртэл Т ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу ажил үүргийг тасалдуулахгүй байх үүднээс нэмэлтээр хийсэн болон 2022 онд өөрсдийн нөөц боломж, хөрөнгөөр буюу 1 870 679 875 (нэг тэрбум найман зуун далан сая зургаан зуун далан есөн мянга найман зуун далан таван) төгрөгөөр замын ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...Т ХХК-ийн зүгээс дээрх санхүүжилтээр тухайн ажлыг хийж гүйцэтгэх нь илтэд алдагдалтай тул үнийн дүнг тогтоохоор магадлал хийлгэхээр удаа дараа Зам, тээвэр хөгжлийн яаманд хандсаны үр дүнд Зам, тээврийн хөгжлийн төв нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 365/2022 дугаар "Магадлалын ерөнхий дүгнэлт"-ийг гаргасан, уг дүгнэлтээр ажил гүйцэтгэхэд шаардлагатай үнийн дүнг 26 994 760 883 (хорин зургаан тэрбум есөн зуун ерэн дөрвөн сая долоон зуун жаран мянга найман зуун наян гурав) төгрөг гэж тооцсон. Энэ магадлалд үндэслэн гэрээний үнийн дүнд тохируулга хийх шийдвэр гаргана гэж найдан хүлээж байсан гэж тайлбарлан маргасныг үндэслэлтэй гэж үзлээ.

3.10. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 88 дугаар тогтоолын 1-д Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай: ...4/улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах; 5/улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах; гэж, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ. гэж тус тус заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 04-нийн өдрийн 75 дугаар тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журмыг баталсан.

3.11. Нэхэмжлэгч нь уг журамд заасны дагуу ковид цар тахлаас шалтгаалан материалын үнэ 2-3 дахин өссөнөөс шалтгаалан үлдэгдэл ажилд магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулахаар, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д зааснаар гэрээний үнэд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 42 тоот[10], 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 60[11] тоот, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 73[12] тоот, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 115 тоот[13], 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 117 тоот[14] албан бичгүүдээр захиалагчид удаа дараа хандсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн төвөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 365/2022 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр[15] авто замын үлдэгдэл барилгын ажлын нийт төсөвт өртгийг 26,994,760.883 төгрөгөөр баталгаажуулсан байна.

3.12. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/478 дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авсан буюу давагдашгүй нөхцөл байдлыг гэрчлүүлсэн байна.

3.13. Харин захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 03/2197 тоот[16], 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/3433 тоот[17], 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 03/3473 тоот[18], 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 03/3698 тоот[19] 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 03/3807[20] албан бичгээр ...авто замын материалын үнийн өсөлтийг тооцон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 187/2022-УИХ-88 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарсан боловч гэрээний тусгай нөхцөлийн 11.2-т гэрээний үнэ нь ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу тогтсон үнийн дүн байх ба гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэж заасан тул ажил гүйцэтгэх гэрээний нэгж болон нийт үнэд өөрчлөлт орохгүй болно. ...үлдэгдэл санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт бүрэн суулгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлэхээр төлөвлөж байна, ...гэрээнд заасан ажлыг хэрэгжүүлэхгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно, цуцлах үндэслэл бүрдсэн гэх хариуг түншлэлд мөн удаа дараа өгч байжээ.

3.14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 41 дүгээр зүйлийн 41.1-д Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно: ...41.1.2.энэ хуулийн 40.4, 40.6-д зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх. гэж, 40 дүгээр зүйлийн 40.6-д Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих ажил гүйцэтгэх төсөл, арга хэмжээний ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөвт өртгийг хуулиар нэмэгдүүлэн баталсан бол захиалагч магадлалын дүгнэлтэд үндэслэн тухайн ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний үнэ, ажлын тоо хэмжээг нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан нэг удаа өөрчилж болно. гэж заасан.

3.15. Хуулийн энэхүү заалтаар тендерийн ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний үнэд тохируулга хийхийг хориглосон заалт байгаа боловч дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд нэмэгдүүлэн баталсан төсөвт өртөгт багтаан гэрээний үнэд нэг удаа өөрчлөлт оруулж болохоор хуульд тусгайлан зохицуулж өгсөн байна.

3.16. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд түншлэл нь гэрээний дагуу барилгын ажлыг 2019-2021 онд хийж байсан боловч ковид цар тахал, материалын үнийн өсөлттэй холбоотойгоор ажил гүйцэтгэх боломжгүй болсон, санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг нэхэмжлэгчийн зүгээс захиалагчид удаа дараа мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

3.17. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь авто замын үлдэгдэл ажлын нийт төсөвт өртөг нь өмнө батлагдсан төсвөөс 10 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 26,994,760.883 төгрөгөөр баталгаажуулсан магадлалын дүгнэлт гарсан, ковид цар тахлаас шалтгаалан барилгын материалын үнэ огцом өссөн, давагдашгүй нөхцөл байдал үүссэн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуульд заасан гэрээний үнэд нэг удаа өөрчлөлт оруулах заалтыг хэрэглэх талаар арга хэмжээ авалгүйгээр гэрээг шууд цуцалсан нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж үзэхээр байна.

3.18. Тодруулбал ийнхүү замын ажлын үлдэх ажил нь төсвийн хүрээнд биелэгдэх боломжгүй болсон нь магадлалын дүгнэлтээр тогтоогдсон, тухайн үүссэн нөхцөл байдал нь түншлэлийн буруутай үйл ажиллагаанаас бус, ковид цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан, захиргааны байгууллагаас холбогдох асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлээгүй, хүлээлт үүсгэсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байхад гэрээнд заасан хугацаанд замын ажлыг хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

3.19. Иймд талуудын хооронд байгуулагдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Багануур-Мөнгөн морьт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 60 км /Төв, Мөнгөнморьт сум/ ажил гүйцэтгэх гэрээ-ний 42 дугаар зүйлийн 42.1.1-д захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч ГЕН-ийн 42.1-д заасны дагуу гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн гэрээг цуцалж болно., 42.2-д Гүйцэтгэгчээс шалтгаалан гэрээг цуцлах гээд, 42.2.2-д хэрэв гүйцэтгэгч, /в/ гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа байнга биелүүлэхгүй байх гэж заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.20. Түүнчлэн гэрээг цуцалсан маргаан бүхий тушаалд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна. гэж зааснаас өөрөөр гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлийг огт бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1-д заасан хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй юм.

3.21. Мөн энэ маргааны тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д тендер шалгаруулалт гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн түншлэл нь хуулийн дээрх шаардлагыг бүрэн хангаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч талуудын хооронд нэгэнт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаас хойш ажлын гүйцэтгэл 63,7 хувьтай, гүйцэтгэлийн дагуу захиалагч захиргааны байгууллагаас 28,200,318,727 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байгаа бодит нөхцөлийг захиргааны байгууллага харгалзан үзэхгүйгээр гэрээг цуцалсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5, 4.2.8-д зааснаар захиргааны үйл ажиллагаа нь шуурхай, тасралтгүй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

4. Харин нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргасан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2023/0954 дугаартай Захиргааны актын биелэлт түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай тогтоолд[21] тухайн мэдэгдлийг захиргааны акт болохгүй талаар ...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Зам, тээврийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03/119 дугаар Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байх тул захиргааны акт гэж үзэх боломжгүй юм. Дээрх албан бичиг нь Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр ******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлтэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 204 дугаартай гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн мэдэгдлийн шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй байна... гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсэг, гуравдагч этгээд Р******* ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/182 дугаар тушаалын Т******* ХХК, Р******* ХХК-ийн түншлэлд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/119 дүгээр Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ