Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2024/0003/З |
Дугаар | 109/ШШ2024/0013 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 109/ШШ2024/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад холбогдох “А ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хуулийн этгээд “А” ХХК, Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга нарын хооронд “А ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 дугаар албан бичгийг хүчингүй болгож, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших “Б ” гэх нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авах нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож шалгарч, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр *********дугаартай тусгай зөвшөөрлийг авсан. 2022 онд тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэвч 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/210 тоот албан бичгээр " ... Б нэртэй талбай нь сумын хамгаалалтанд байдаг эртний хиргисүүр ихтэй тухайн зөвшөөрөл олгогдсон талбайд хиргисүүр таарсан учир танай ирүүлсэн хайгуулын ажлын 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй” гэх хариуг өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулахаар 12/17 тоот албан бичгийг хүргүүлэхэд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01/229 тоот бичгээр Архангай аймгийн Хашаат сумын хүрээнд үл хөдлөх дурсгал, хиргисүүрийг сумын хамгаалалтанд авсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжийг манай компанид ирүүлсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тус аймаг дахь дурсгалт газрын жагсаалт байх ба “Бэрхийн хиргисүүрүүд”-ийн солбицол нь манай тусгай зөвшөөрлийн талбайн солбилцлоос өөр буюу давхцаагүй болох нь харагдаж байна. Мөн энэ тухай тодруулахаар 2022 онд “Соёлын өвийн үндэсний төв”-д хүсэлт гаргахад тус төвөөс ирсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07/376 тоот албан бичигт “Б ” нэртэй газарт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдээгүй, мөн тухайн хайгуулын талбайд хийгдсэн “Палеолонтлоги, археологийн авран хамгаалах байгуулах, малтлага судалгаа”-ны тайлан байхгүй болно” гэж мэдэгдсэн. 2023 оны хайгуулын ажлыг эхлүүлэх зорилгоор “А” ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүргүүлсэн боловч мөн л албан хариу ирүүлээгүй. Улмаар бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний төслийг цахим болон хэвлэмэл хэлбэрээр, тус хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтанд байгаа газартай давхцалгүйг нотлох баримт бичгүүдийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б биечлэн гардуулж өгсөн. Гэтэл Засаг дарга 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 тоот “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр “А” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг явуулахыг татгалзаж байна” гэсэн хариуг ирүүлсэн. Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын хууль бус үйлдлийг эс зөвшөөрч Архангай аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан. Гэвч гомдлыг хянан шийдвэрлээгүй, гомдол хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тухай бидэнд мэдэгдээгүй.
Иймд манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 тоот албан бичгийг хүчингүй болгож, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан Архангай аймгийн Хашаат, Булган сумын Буянбулаг сумын нутагт орших Б нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 021883 дугаартай тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хууль тогтоомжийн дагуу авсан болно. Тус сонгон шалгаруулалтаар олгосон тусгай зөвшөөрлийн шалгаруулалтыг төрийн захиргааны төв байгууллага болох Ашигт малтмалын газрын тосны гэх газар нь нээлттэй ил тод зарласан. Тус тусгай зөвшөөрлийг геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 63 дугаар тоот шийдвэрээр “А” ХХК-д олгосон болно. 2022 онд “А” ХХК нь Ашигт малтмалын хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын 0218813 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд явуулах хайгуулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга Д хүргүүлсэн болно. Гэвч 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 01/210 тоот албан бичгээр Б нэртэй газрыг сумын тусгай хамгаалалтад байдаг эртний хиргисүүр ихтэй тул тухайн зөвшөөрөл олгогдсон талбайд хиргисүүр таарсан тул танай ирүүлсэн хайгуулын ажлын 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэдэг хариу өгсөн. Улмаар дахин 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүргүүлсэн боловч 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргаас дахин татгалзан хариу ирсэн болно. Тус татгалзсан хариунд Архангай аймгийн Хашаат сумын үл хөдлөх, дурсгал, хиргисүүрийг сумын хамгаалалтад авсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжийг мөн давхар хавсарган ирүүлсэн. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолд уг аймаг дахь дурсгалт газрын жагсаалт байх бөгөөд солбилцол нь манай тусгай зөвшөөрлийн талбайд давхцаагүй байсан. Энэ тухай тодруулахаар бид 2022 оны 7 сард Соёлын өвийн үндэсний төвд бол хүсэлт гаргасан ба 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б нэртэй газарт орших түүх соёлын үл хөдлөх дурсгалт бүртгэгдээгүй, мөн хайгуулын талбайд хийгдсэн палеонтологи, археологийн авран хамгаалах байгууллага малтлага, судалгааны тайлан байхгүй гэдэг мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 38.1.6-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй байдаг. Гэвч Хашаат сумын Засаг дарга нь ямар нэгэн үндэслэлгүйгээр манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг удаа дараа батлахаас татгалзан илгээсэн албан бичигт хариу өгөхгүй байсан тул 2022 онд “А” ХХК нь тус талбайд ажил гүйцэтгээгүй. 2023 онд хайгуулын ажил эрхлэх зорилгоор дахин 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр, 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүргүүлсэн боловч мөн хариу ирээгүй. Мөн энэ үүссэн нөхцөл байдлын талаар манай компаниас 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Ашигт малтмалын газарт хүсэлт гарган улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт давхцаж байгаа эсэх талаар асуухад Ашигт малтмалын газраас тус газарт ямар нэгэн давхцалгүй болох талаар хариуг ирүүлсэн бөгөөд тус хариуг Засаг даргад хүргүүлсэн. Иймд дахин бид нар манай компанийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дахин батлуулахаар, Байгаль орчны төлөвлөгөөнд өөрийн зүгээс оруулах саналыг тусгаж өгөх боломжтой хэлбэрээр буюу цахим хэлбэрээр өгсөн боловч хариу ирээгүй. Харин 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг ирсэн. Энэ албан бичгээр газрын тусгай хэрэгцээнд эдэлбэр газрын судалгааг батлах тухай 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол, Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн иргэдийн нийтийн 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эсэргүүцэх тухай 07 тоот тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 9 тоот тогтоолуудыг үндэслэн “А” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг явуулахыг татгалзаж байна гэсэн хариу ирсэн. Ийм тус асуудлыг шийдвэрлэхээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу Архангай аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирээгүй. Гомдлын хянан шийдвэрлэх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгийг үндэслэн “А” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж буй Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/ 248 тоот албан бичгийг хүчингүй болгон 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэн батлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан. Харин байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байгаа гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, оршин байгаа сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсны үндсэн дээр хайгуул хийх тэр үндэслэл бүрддэг. Хэдийгээр төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа төдий боловч орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд энэ менежментийн төлөвлөгөөг зайлшгүй сумын Засаг даргатайгаа зөвшилцөөд батлуулах юм. Энэ хуулийнхаа дагуу нэхэмжлэгч маань үүргээ биелүүлэхэд сумын Засаг даргад удаа дараа ханддаг. Сумын Засаг дарга нэг бол хариу өгдөггүй. Улмаар өгсөн хариу нь хууль зүйн үндэслэлгүй. Татгалзсан шийдвэр нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, энэ нь өөрөө эс үйлдэхүй байдлаар илэрч байгаа учраас нэхэмжлэлийн даалгах шаардлага гаргаад явж байгаа. Засаг дарга хэд хэдэн янзын хариу өгдөг. Нэгдүгээрт иргэдийн өвөлжөө, хаваржааны байршил давхцаад байна гэдэг. Дараа нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан учраас боломжгүй гэдэг. Сүүлдээ бүүр та нар манай сумын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг олгох, ашигт малтмалын хайгуулын тус үйл ажиллагаа явуулахаас татгалзаж байгаа гээд төрийн захиргааны байгууллагын эрхийг эдлээд ийм хариу өгдөг. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулиар ямар газар нутагт ашигт малтмалын хайгуул хийхийг хориглосон байдаг юм гэдгийг тодорхой заачихсан. Үүнд тусгай хамгаалалттай газар нутаг, нөөцөд авсан газар нутаг, түүнээс бусад газар дээр боломжтой гээд заачихсан. Тэнд бусдын өвөлжөө, хаваржаа давхацсан байгаа эсэхээс үл хамаарна. Нэхэмжлэгчийн ашигт малтмал тусгай зөвшөөрөл эзэмшээд байгаа талбайг нь өөрөө төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газраас сонгон шалгаруулалтын талбай болгож баталсан байдаг. Тухайн сонгон шалгаруулалтын талбай болгож батлахын тулд эхлээд Ашигт малтмалын газрын тосны газраас аймаг руу явуулж байгаа юм. Бид танай аймгийн энэ сумын нутаг дэвсгэрт байгаа ийм хэмжээтэй газар нутгийг чинь сонгон шалгаруулалтын талбай болгох гэж байна шүү, та хэд эндээс саналаа өгөөрэй гээд Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу Архангай аймаг руу явуулсан. Архангай аймгийн Засаг даргаас хариу ирүүлсэн. Ирүүлсэн хариу нь өөрөө хуульд нийцээгүй учраас сонгон шалгаруулалтын талбай болоод зарлагдсан байгаа. Сонгон шалгаруулалт нь хуульд заасан журмын дагуу явагдсан. Ингээд нэхэмжлэгч тусгай зөвшөөрлөө авсан. Тусгай зөвшөөрлөө авахдаа тодорхой хэмжээний төлбөр төлж байгаа. Тухайлах юм бол тусгай зөвшөөрлийг авахад бид нар 51 сая төгрөгийн төлбөрийг, мөн сонгон шалгаруулалтын төлбөр төлсөн байгаа. Ингээд жил болгон ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд лицензийн төлбөрийг төлөөд явж байгаа. Улмаар хайгуул хийхээр удаа дараа наашаа жил болгон ирж байгаа учраас тодорхой хэмжээний зардлууд гарсан байгаа. Ийм учраас Засаг даргын өгөөд байгаа энэ хариу өөрөө хуульд нийцээгүй эс үйлдэхүй учраас Захиргааны ерөнхий хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулаагүй. Жаргалант багийн “Б ” нэртэй газар нь сумын отрын бүс нутаг өвөлдөө 20 өрхийн 20000 толгой мал оторлодог, тус багийн 60 өрхийн 40000 толгой мал жилийн 4 улиралд нутагладаг, 35 өрхийн өвөлжөө 15 өрхийн хаваржаа нийт 50 өрх өвөлжөө, хаваржаа эзэмшдэг учир байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно гэжээ.
6. Хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй хариу явуулсан. Хариу бичиг хуулийн үндэслэлгүй гэж байгаа боловч яг бодит байдал дээр ард түмэнд тулгарч байгаа асуудал нь тийм л байна. Би хуулийн үндэслэлгүй гэж өгсөн, ард түмэн ч ярьж байгаа. Байгаль орчны төлөвлөгөөг баталж өгөх юм бол хар толгойтой чинь ярина шүү гэдэг тийм л юм ярьж байгаа. Миний бие ойлгож байгаа, энэ талаар ард түмэндээ ч ойлгуулж хэлж байгаа. Малчин хүн малаа тоолоод бүртгэдэг бол улс газрын доодох баялгийнхаа хэм хэмжээг тоолно. Хайгуулын түвшин өндөр гарах юм бол ухах асуудал гарна. Б гэх газарт отрын бүс нутаг, олон айл өвөлжиж хаварждаг, 27 мянган толгой мал байдаг. Үүнтэй холбоотой иргэд нэлээн бухимдалтай байгаа. Нэг компанийн үйл ажиллагаанаас болж нэлээн их хүндрэлтэй асуудлууд гарч байгаа учраас миний бие ганцаараа толгой мэдэж хэдийгээр бүх асуудлыг ойлгож байгаа хэдий ч гарын үсэг зурах боломжгүй өнөөдрийг хүргэсэн. Мөн Соёлын өвийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дэх хэсэгт заасныг зөрчсөн, дүгнэлт гаргуулаагүй. Хүндрэлтэй байгаа асуудлуудаа дурдаж хариу өгсөн гэв.
7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар хуульд нийцэхгүй байгаа гэдгийг ойлгоод байна. Гэхдээ яагаад ингэж өгөх шаардлага гараад байгаа гэхээр нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржааны газар давхацсан ч бай давхцаагүй ч бай хайгуул хийвэл хүмүүсийн амгалан, тайван байдал байдал алдагдана, малын бэлчээр сүйтгэгдэнэ гэдэг утгаар ухаад ухаад хаячих юм шиг тэр утгаар нь ойлгоод маргаан дэгдээгээд байгаа хүнд нөхцөлтэй буюу дээрээс нь Засаг даргыг газар нутгаа зарж идэж байна гэсэн ийм байр суурьтай л байгаад байгаа юм. Тэгэхээр шууд дагнаад эвлэрэх ийм боломжгүй байлаа. Тусгай зөвшөөрөл нь хууль зүйн талаасаа хуулиа зөрччихсөн юм биш үү, эхлээд судалгаа шинжилгээгээ хийлгэчхээд дараа нь зөвшөөрлийн асуудал яригдах байсан юм уу гэж харж байгаа. Тусгай зөвшөөрлийг хууль зөрчөөд авчихсан юм уу гэж харж байгаа учраас тэр тал дээр шүүх анхаарлаа хандуулах ёстой гэж гэж хүсээд байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8 дугаар дугаар зүйлд зааснаар урьдчилаад мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилсан судалгаа дүгнэлт гаргуулсан байх ёстой юм байна. Тэрийгээ үндэслээд лиценз гаргах ёстой байжээ гэж ингэж харж байгаа учраас тайлбарлаад байна. Хэлэлцүүлэг ч гэсэн хийх ёстой. Энэ хүмүүс сонгон шалгаруулалтад ороод авсан гэж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад ороход шаардлагатай баримтаас нэг л зүйл дутуу байвал хууль бус болно. Тэрийг анхааралтай харж өгөөч ээ гэж хүсэх байна. Ерөнхий нөхцөл байдал цаана нь учрах хор уршгийг ойлгож байгаа хэдий ч сумын Засаг даргын тухайд ганцаараа энэ шийдвэрийг гаргахад үнэхээрийн хүнд. Эвлэрчих юм бол нутгаа зарсан хэрэгт орно. Кадастрын зургийг харахад айлуудын өвөлжөө, хаваржаа орсон байршил зургууд байна. Тэр хүмүүс хамгийн их тэмцэнэ. 3 булгийн хайгуулын лицензийг цуцалчихсан байхад Архангайн лиценз хэвээрээ байгаад байгаа нь үнэхээр асуудал дагуулж байгаа. Хууль, шүүхээр шийдвэрлэхээс өөр Засаг даргын тухайд эвлэрээд шийдүүлчих ямар ч боломж нөхцөл байхгүй. Нэг талдаа компанийн эрх ашиг байна, нөгөө талдаа сум орон нутгийн иргэдийн эрх ашгууд нэн тэргүүнд байх ёстой гэж бодож байгаа. Хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа нь үндэслэлгүй биш юм. Яагаад гэхээр тэнд байгаа хүмүүсийн эрх ашиг хайгуул хийхээр хөндөгдөнө. Тэр дүгнэлтээс харахад хоосон газар гэж үзэх боломжгүй, юу ч гарч ирж мэднэ гэсэн агуулгатай дүгнэлт байна лээ. Дүгнэлтийг сүүлд нь араас нь хийсэн байна. Эхэлж хийх зүйлийг араас нь нөхөж хийснийг хууль ёсны байна гэж үзэх боломжгүй. Тэр дүгнэлтээс харахад тэнд юу ч байж болохоор л юм байна лээ. Тэгэхээр нухацтай байхгүй бол болохгүй нөхцөл байдал байна гэж харсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байна гэж үзлээ гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. “А” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Архангай, Булган аймгийн Хашаат, Гурванбулаг сумын “Б” нэртэй газар орших 2973.37 гектар талбайг хамаарсан *********дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг /тендер/ сонгон шалгаруулалтын үр дүнд авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дэх тал)
1.2. Улмаар 2023 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад хандаж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 дугаартай албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ.
1.3. Ийнхүү “А” ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргажээ. Уг гомдолд холбогдуулан Архангай аймгийн Засаг даргаас мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3., 94.4 дэх хэсэгт заасан хугацаанд хариу ирүүлээгүй байх тул 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 37-38, 45-46 дахь тал)
2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:
2.1. “А” ХХК нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, геологийн судалгаа болон зөвлөгөө өгөх, менежментийн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, ************ дугаартай гэрчилгээ авчээ. (1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал)
2.2. Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Архангай, Булган аймгийн Хашаат, Гурванбулаг сумдын нутаг Б нэртэй 2973.37 гектар талбайд СШ-54-4 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулснаас “А” ХХК шалгарч, үнийн саналд 51,000,000 (тавин нэгэн сая) төгрөгийг улсын төсөвт төлсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 201-224 дэх тал)
2.3. Ашигт малтмал газрын тосны газраас 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Архангай, Булган аймгийн Хашаат, Гурванбулаг сумын “Б ” нэртэй газар орших 2973.37 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал *********дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9-11 дэх тал)
2.4. “А” ХХК нь 2021 онд дээрх тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Хашаат сумын Засаг даргаар батлуулж, хайгуулын ажил гүйцэтгэсэн тайланг гаргаж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 73-78 дахь тал)
2.5. “А” ХХК-иас 2022 онд зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотойгоор 2022 оны 6 дугаар сарын 27, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус тус албан бичиг хүргүүлэхэд Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/210 дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01/229 дүгээр албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 14-15, 2 дугаар хавтас хэргийн 193-196 дахь тал)
2.6. Улмаар тус компани нь 2022 онд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуулын ажил гүйцэтгээгүй ажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал)
2.7. Үүний дараа тус компани 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус Хашаат сумын Засаг даргад хандахад 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 12-13, 2 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал)
2.8. Ийнхүү “А” ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргаж, хариу ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 1-4, 37-38 дахь тал)
2.9. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал нь 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн №24/04 дугаартай итгэмжлэлээр тус хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.У-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийг бүхэлд нь, 28 дугаар зүйлийн 28.2.1., 28.2.4., 28.2.5., 28.2.6., 28.2.8-д заасан эрх үүргийг эдлүүлэхээр зааж, 3 жилийн хугацаатай олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал)
2.10. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах тухай тайлбар гаргаж, шүүхэд гаргасан “ байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно.
2.11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, ...”, 28 дугаар зүйлийн 28.2.4.-т “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2.12. Улмаар нэхэмжлэлийн үлдсэн “Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 тоот албан бичгийг хүчингүй болгож, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
“А” ХХК-ийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагын тухайд,
2.13. “А” ХХК-иас 2022 онд тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр №2210 дугаартай албан бичгээр хүсэлт гаргаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2021 оны хайгуулын ажлын тайланг хүргүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал)
2.14. Дээрх хүсэлтэд холбогдуулан Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргаас 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/210 дугаар албан бичгээр “ ... тус талбай нь эртний хиргисүүр ихтэй тухайн зөвшөөрөл олгогдсон талбайд хиргисүүрүүд таарсан учир танай ирүүлсэн хайгуулын ажлын 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна” гэх хариу хүргүүлсэн байна. Уг албан бичгийн дагуу “А” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №22/17 дугаар албан бичгээр татгалзлын үндэслэлд дурдсан хиргисүүр /соёлын өв/-д холбогдох тайлбар, нотлох баримтыг тус компанид ирүүлэхийг хүссэн байна. Улмаар Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 01/229 дүгээр албан бичгээр холбогдох тайлбар, баримтыг тус компанид хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 116-117, 2 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал)
2.15. Ийнхүү “А” ХХК-иас захиалгаар Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутагт орших “Б ” /*********/ хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд археологийн авран хамгаалах хайгуулын ажлын судалгааг 2023 онд хийж гүйцэтгэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 145-242 дахь тал)
2.16. Нэхэмжлэгч “А” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/210 дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ажээ.
2.17. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс дээрх үйл баримттай маргаагүй, 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр /албан бичиг/-т холбогдуулан хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
2.18. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: ...” 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэг Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.8.-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.”, 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заасан.
2.19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдож байх тул “А” ХХК-иас Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А” ХХК-ий 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 тоот албан бичгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагын тухайд,
2.20. Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “ ... “А” ХХК нь 2021 онд Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, 51,000,000 (тавин нэгэн сая) төгрөгийн үнийн санал гаргаж, авсан ... тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулах боломжтой эсэхийг төрийн захиргааны байгууллагад урьдчилан шалган тогтоосон байдаг ... Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр зохицуулсан, манай компанийн зүгээс тус төлөвлөгөөг батлуулах, харилцан зөвшилцөж санал солилцох талаар удаа дараа хандсан ...” гэж, хариуцагч, түүний өмгөөлөгчөөс “ ... тусгай зөвшөөрөл бүхий талбайг анх авахдаа олон нийтийн хэлэлцүүлэг явуулаагүй, тус сумын Жаргалант багийн “Б ” нэртэй газар нь сумын отрын бүс нутаг өвөлдөө 20 өрхийн 20000 толгой мал оторлодог, тус багийн 60 өрхийн 40000 толгой мал жилийн 4 улиралд нутагладаг, 35 өрхийн өвөлжөө 15 өрхийн хаваржаа нийт 50 өрх өвөлжөө, хаваржаа эзэмшдэг, ховор ургамал, булаг шанд, гол горхи, ховор төрлийн эд юмс байдаг, уг асуудлыг иргэд эсэргүүцэж байгаа ...” гэх тайлбар, үндэслэлийг гаргасан байна.
2.21. Түүнчлэн хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан “тусгай зөвшөөрөл бүхий талбайг анх авахдаа олон нийтийн хэлэлцүүлэг явуулаагүй, тус сумын Жаргалант багийн “Б ” нэртэй газар нь сумын отрын бүс нутаг өвөлдөө 20 өрхийн 20000 толгой мал оторлодог, тус багийн 60 өрхийн 40000 толгой мал жилийн 4 улиралд нутагладаг, 35 өрхийн өвөлжөө 15 өрхийн хаваржаа нийт 50 өрх өвөлжөө, хаваржаа эзэмшдэг, ховор ургамал, булаг шанд, гол горхи, ховор төрлийн эд юмс /хиргисүүр/ байдаг” зэрэг тайлбар, үйл баримттай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болохыг тэмдэглэв.
2.22. “А” ХХК-иас 2023 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №2310 дугаартай албан бичгээр “ ... уг төлөвлөгөөний урьдчилан хэлэлцэх загварыг мэйлээр засвар оруулж хянах боломжтойгоор мөн хэвлэмэл хувилбараар явуулж байна ... иймээс байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг урьдчилан хянаж, хэлэлцэн баталж өгөхийг мөн хүсч байна ...” гэх хүсэлтийг Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад хүргүүлжээ. Уг хүсэлтэд холбогдуулан сумын Засаг даргаас хариу өгөөгүй байна. (2 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал)
2.23. Үүний дараа “А” ХХК-иас дахин 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №23/17 дугаар албан бичгээр мөн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, батлуулах талаар хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийн дагуу Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргаас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 дугаар албан бичгээр татгалзсан хариу хүргүүлсэн байна. Тодруулбал, манай сумын Жаргалант багийн “Б ” нэртэй газар нь сумын отрын бүс нутаг өвөлдөө 20 өрхийн 20000 толгой мал оторлодог. Тус багийн 60 өрхийн 40000 толгой мал жилийн 4 улиралд нутагладаг, 35 өрхийн өвөлжөө 15 өрхийн хаваржаа нийт 50 өрх өвөлжөө хаваржааны газар эзэмшдэг. Газрыг тусгай хэрэгцээнд болон эдэлбэр газрын судалгааг батлах тухай 2008 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 09 тоот тогтоол, багийн иргэдийн Нийтийн хурлын Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эсэргүүцсэн тухай 2022 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 07 тоот тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 09 дүгээр тогтоолуудыг үндэслэн Жаргалант багийн “Б ”- нэртэй газар “А ХХК-ы хайгуулын үйл ажиллагаа явуулахыг татгалзаж байна гэх тайлбар гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал)
2.24. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6., 4.1.21-д зааснаар “А” ХХК нь эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
2.25. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна: 17.5.2.-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” хэмээн заасан.
2.26. Хариуцагчаас “А” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг сумын тусгай хэрэгцээнд авах талаар Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 /тус сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаар тогтоол/ дүгээр тогтоолууд гарсан гэх боловч дээрх тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.6, 65 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэгдээгүй, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж хүчин төгөлдөр болоогүй ажээ. (2 дугаар хавтаст хэргийн 198, 201 дэх тал)
2.27. Дээрх нөхцөлөөс үзвэл нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшиж буй *********дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 23-24, 2 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь тал)
2.28. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1.-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.2.5-д “ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.29. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр 21.1.5., 22 дугаар зүйлийн 22.1.3.-т зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардагдах баримт бичгийн нэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхаар тусгажээ.
2.30. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэг “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”:, 38.1.1.-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.2.-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 38.1.3.-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.1.6-т “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах.” гэж,
2.31. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.”, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “А” ХХК-иас 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад хүргүүлжээ.
2.32.Хариуцагч Хашаат сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт тухайн сумын Засаг дарга төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй бөгөөд уг менежментийн төлөвлөгөөтэй танилцаж өөрчлөлт оруулах, санал, хүсэлтээ гаргах эрхтэй.
2.33. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.4.-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасны дагуу төсөлд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авч, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн биелэлтийг хянаж, дараагийн жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батална.” гэж заасны дагуу тухайн сумын Засаг дарга нь хуульд заасан үүргээ биелүүлэлгүй байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бодитойгоор танилцаж, хянаж үзээгүй байна.
2.34. Архангай аймгийн Хашаат сумын Засаг дарга дээрх төлөвлөгөөг хүлээн авч танилцсан гэх боловч уг төлөвлөгөө, түүнийг шинэчлэн боловсруулахтай холбоотой асуудлаар тус компанитай зөвшилцөөгүй болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо.
2.35. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангуулан 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар холбогдох төслийг хүргүүлсэн боловч хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгчээ.
2.36. Тодруулбал, хариуцагчийн татгалзалд дурдсан Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, тус сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолууд нь дээр дурдсанаар хуулийн шаардлага хангаагүй, холбогдох бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болоогүй байна. Мөн сумын отрын бүс нутаг, өвөлжөө, хаваржааны газар байдаг гэх боловч энэ үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хайгуулын үйл ажиллагааг хязгаарлах, хориглох үндэслэлд хамаарахгүй ажээ.
2.37. Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах .. эрх бүхий байгууллага тус тус батална.”, 9.12.-т “ Байгаль орчны менежментийн ... төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн .. бүх шатны засаг дарга, .. хяналт тавина.” гэж,
2.38. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалын хавсралт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 1.1.-д Төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн (цаашид төсөл хэрэгжүүлэгч гэх) байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино., 1.2.-т Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан төлөвлөгөөг ойлгоно., 3.3. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно.” гэж журамласан.
2.39. Үүнээс дүгнэхэд, хариуцагчид хүргүүлсэн менежментийн төлөвлөгөөнд хяналт тавих, дээрх журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй гэх нөхцөл байдал уг хэрэг маргаанд тогтоогдсонгүй.
2.40. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. дахь хэсгийн 12.2.5.-д зааснаар хариуцагч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, батлах үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
2.41. Түүнчлэн “А” ХХК-ийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй татгалзсан маргаан бүхий албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн зарчим болон зорилгодоо нийцэхгүй байна.
2.42. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж зааснаар захиргааны байгууллага болохын хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй.
2.43. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2. дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөөг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж зааснаар хуульд заасан үүргээ тус сумын Засаг дарга биелүүлээгүй, татгалзсан захиргааны акт гаргасан нь хууль бус байна.
2.44. Нөгөөтээгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцахаар зохицуулсан байна.
2.45. “А” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлд зааснаар 401.2.-т зааснаар ашигт малтмалын хайгуулын ажил хийхээс өмнө археологийн урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэсэн байх бөгөөд мөн хуулийн 402 дугаар зүйлийн 402.1.2.-т заасан үндэслэл тогтоогдсон нөхцөлд соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй.
2.46. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажил хийхээс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1., 401.2.-т зааснаар Архангай аймгийн Хашаат, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутагт орших “Б ” /********/ хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд археологийн авран хамгаалах хайгуулын ажлын судалгааг 2023 онд хийж, уг тайлангаа холбогдох төрийн байгууллага болон Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад хүргүүлж байсан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд дээрх хуулийн дагуу археологийн авран хамгаалах хайгуул судалгаа хийх үүргээ биелүүлж ажилласан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 13, 145-242 дахь тал)
2.47. Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 тоот албан бичгийг хүчингүй болгож, “А” ХХК-ий 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
2.48. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1., 97 дугаар зүйлийн 97.1. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны санал хүсэлтийн явцад гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны хэрэг хэлэлцэж эхлэх явцад дахин хариуцагч, түүний өмгөөлөгчөөс нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
2.49. Түүнчлэн шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5., 97 дугаар зүйлийн 97.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нарыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч хэргийн оролцогч нар эвлэрээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А” ХХК-ий 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2., 40 дүгээр зүйлийн 40.3. дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/248 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, “А” ХХК-ий 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ий Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул хариуцагчаас 35.200 (гучин таван мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА