| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0574/э |
| Дугаар | 489 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч П.Доржсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян овогт Пүрэвдоржийн Доржсүрэнд холбогдох эрүүгийн 1709015170258 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, “Тод мебел” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 72-р гудамжны 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Баян овогт Пүрэвдоржийн Доржсүрэн /РД: АС93110832/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч П.Доржсүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14-15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд оффис” дотор цахилгаан шатаар бараа зөөлгөхгүй гэсэн асуудлаас болж хохирогч Ч.Мөнхсүхтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Доржсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 1709015170258 дугаартай хэргээс:
Шүүгдэгч П.Доржсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сарын 03-ны өдөр “Гранд оффис”-ын 3-н давхарт 32 тоотод “Тод мебел” тавилгын дэлгүүрээс тавилга зөөсөн ба тухайн үед би 15 цаг 30 минутын орчим тус байгууллага дээр ирсэн ба 3-н хайрцагтай зүйл аваад лифтээр 3-н давхар руу гарах гээд зогсож байхад хамгаалагч нь ирээд хайрцагтай эд зүйлийг хөлөөрөө түлхээр лифтээр эд зүйл гаргахгүй гэхээр нь би хөгшөөн лифтээр гаргачья тийм хүнд юм байхгүй 3-н хайрцагтай болохоор олон зөөх гэж хэцүү лифтээр нэг зөөчье гэхэд болохгүй гэж надад хэлсэн ба цаанаас мөн нэг хамгаалагч ирээд болохгүй гэхээр нь би заза гээд хайрцагтай эд зүйлээ өргөөд цаашаа явж байтал араас халтар банди нүүрээ угааж чадахгүй байж гэж доромжилхоор нь би эргэж хараад чи яагад хүнийг нүүр царайгаар нь доромжлоод байгаа юм гэж хэлээд өөр хүнтэй юм яриад зогсож байхад тэр хамгаалагч хажуунаас миний нүд рүү цохьсон тэгэхээр нь би эргүүлээд тэр хамгаалагчийн нүд рүү цохьтол зүүж байсан шил нь хагарчихсан тэгээд нүднээс нь цус гарсан хөмсөг нь язарчихсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Мөнхсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн ажил болох Гранд оффис барилга дээр ажиллаж байхад 14 цаг 30 минутанд 3 залуу орж ирээд манай барилгын ажил руу оффис дээр хайрцагтай эд зүйлс зөөх гэж орж ирэхээр нь би тэр 3 залууд лифтээр ачаа бараа зөөж болохгүй гэж хэлэхэд 2 залуу нь шатаар ачаагаа зөөгөөд дээшээ гарсан. Үлдсэн 1 залуу нь заавал лифтээр хайрцагтай зүйлээ зөөнө гэж дайраад байхаар нь би болохгүй гэж маш олон удаа хэлэхэд өмнөөс зөрөөд уурлаад байхаар нь би жаахан хойш нь хайрцагтай эд зүйлтэй нь түлхсэн чинь тэр залуу гарч ирээд “би чиний сахлыг хуулна” гэх зэргээр хэлэхээр нь би араас нь “чи муу яасан том юм, халтайчихаад” гээд хэлтэл гартаа барьж байсан хайрцагтаа зүйлээ далайхаар нь би гараараа хаатал манай харуул ах дундуур ороод салгах гэтэл тэр залуу миний нүд рүү цохьчихсон. Тухайн үед би харааны шил зүүсэн байсан болохоор шил хагараад нүд зүсчихсэн. Миний хөмсөг болон хамар зүсэгдсэн нүдэнд юм тороод байна…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч С.Баасансүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: " ...тэр залуу Ч.Мөнхсүхтэй маргаан үүсгээд зодолдох гээд заамдалцаад авахаар нь дундуур нь ороод салгах гэж байтал нөгөө залуу Мөнхсүхийн нүүр лүү гараараа нэг удаа цохиход Мөнхсүхийн зүүж байсан нүдний шил нь хагараад зовхины дээд доод хэсэгт нь зүсэгдчихсэн. Тэгээд тэр дор нь цагдаад дуудлага өгөөд цохьсон хүнийг нь өгч явуулсан. Тэр хүмүүсийг лифтээр ачаа зөөлгөхгүй гэснээс болж маргаан үүсгээд цохьсон…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12555 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ:
- Харааны нүдний шил – 80.000 төгрөг…” гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,
П.Доржсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 28-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч П.Доржсүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14-15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд оффис” дотор “цахилгаан шатаар бараа зөөлгөхгүй” гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Ч.Мөнхсүхтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Доржсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Мөнхсүхийн мэдүүлэг, гэрч С.Баасансүрэнгийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №12555 дугаартай дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлүүдэд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч П.Доржсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Уг гэмт хэрэг нь хохирогч Ч.Мөнхсүхийн зүгээс цахилгаан шатаар бараа зөөлгөхгүй гэсэн шаардлага тавьж хайрцагтай эд зүйлийг түлхэж, ““чи муу яасан том юм, халтайчихаад” гэх зэргээр зохисгүй үг, үйлдлийг илэрхийлснээс шүүгдэгч П.Доржсүрэн уурлан түүнийг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч П.Доржсүрэнд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж П.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт авагдсан хохирогч Ч.Мөнхсүхээс бичгээр гаргасан хүсэлтэд “гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. /хх-ийн 45 дугаар хуудас/
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Сүхбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян овогт Пүрэвдоржийн Доржсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доржсүрэнг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доржсүрэнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Доржсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Доржсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Доржсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН