Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/1032

 

Б.Г, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч, хохирогч О.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,

шүүгдэгч, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч О.Б, Б.Г нарт холбогдох 2105 00870 1664 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн О-ын Б, 1988 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ00000000/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан;

О овгийн Б-ы Г, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ** сум, ** дугаар баг, Ө ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод түр оршин суух, /РД:УУ00000000/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийх ял тус тус шийтгүүлж байсан;

О.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, Б-ын ** байрны орчим хохирогч Б.Г-той маргалдан зодолдож түүний биед зүүн 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний зүүн хөндийн хий хуралт, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун дал, нуруу, баруун, зүүн тохойн, баруун шуу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Б-ын ** байрны орчим хохирогч О.Б-тэй маргалдан зодолдож түүний биед зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Баянгол  дүүргийн Прокурорын газар: О.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогт Б-ы Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш овогт О-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнийг эдлэх ялгүйд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б, Б.Г нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч О.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч, хохирогч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт "Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна" гэж тус тус заасан. Гэтэл мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгож хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлэхдээ хавтаст хэргийн материалыг миний үйлчлүүлэгч болон надад огт танилцуулаагүй, ийм шийдвэр гарч байгаа тухайд огт мэдэгдээгүй. Баянгол дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ мөн хэргийн материалыг танилцуулаагүй. Мөрдөгч прокурорын дээрх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, 2,3 дах хэсгийг тус тус зөрчсөн.

Ингээд би үлдсэн ганц эрх болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах хүсэлтээ гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлэгт “хэргийн материалтай танилцах, хүсэлт, гомдол гаргах эрхийг хангаж өгнө үү, мөн түүнчлэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай” талаараа дурдсан боловч мөн миний хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүхийн шатанд шилжүүлэн гэм буруугийн хуралдааныг явуулж, прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ 1.2 -т “гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” 2-т "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заажээ. Гэтэл хэргийн материалд цугларсан гэрч 1 дүгээр хавтасны 240-241 дүгээр хуудсанд авагдсан фото зургийн үзүүлэлт, гэрч 3.Д-ийн мэдүүлэг, шүүгдэгч О.Б-ий мэдүүлэг, хохирогч Б.Г-ийн мэдүүлэг, видео бичлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.Г хавирга, хэвлийн тус үүссэн гэмтэл нь түүний бие дээр дэвсэх үйлдлийн улмаас үүссэн болох нь тодорхой харагддаг. Уг гэмтэл нь дэвсэх үйлдлийн улмаас үүссэн эсэхийг шалгаж тогтоон, хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр өмнө нь прокурорын шатанд буцааж байсан тул дахин буцаахгүй хэмээн хүчээр шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтад заасныг тус тус зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хавирга хугарсан гэмтлийг О.Б-ий найз учруулсан. Энэ талаар би анхнаасаа мэдүүлж ирсэн. Тэр хүнийг огт шалгаагүй. О.Б бид хоёр зодолдож байхад тэр хүн хажуу талаас орж ирж намайг дэвссэн. Би нэрийг нь мэдэхгүй байна. Хараад танина. Хамгийн анхны мэдүүлэгтээ энэ талаар мэдүүлсэн. Дараа дараагийн мэдүүлэгтээ энэ талаар мэдүүлээгүй. Намайг нийлж зодсон. Нийлж зодсон болохыг манай эхнэр гэрчилж мэдүүлдэг. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч О.Б-ий өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хангалттай, бүрэн шалгасан. Анхан шатны шүүхээс хэргийг нэг удаа прокурорт буцаасан байдаг. Мөрдөгч шалгавал зохих бүх байдлыг шалгаж тогтоон, хэргийн материалыг оролцогч нарт танилцуулж, анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоёр найзтайгаа хамт явж байсан. Б.Г-ийн хэлж байгаа шиг зүйл болоогүй. Бид хоёр л гар зөрүүлсэн. Манай хоёр найз оролцоогүй. ...” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн материалтай өмгөөлөгч аль ч шатанд танилцах боломжтой. Анхан шатны шүүх дээр хэрэг шилжсэн байхад хэргийн материалтайгаа танилцах боломжтой байсан. Шүүгдэгч, хохирогч О.Б, Б.Г нар эмчилгээний зардалтай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа байгаа талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргах эрх нь нээлттэй байсан. 1 жил хэргийг шалгах хугацаанд нэг ч хүсэлт гаргаж байгаагүй. ...Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас хэнд, ямар гэмтэл учирсан, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар прокурор, мөрдөгч өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд зураг гаргаж өгсөн. Тухайн зургийг өмгөөлөгч хараад шууд гутлын мөр гэж дүгнээд байдаг. Хэргийн нөхцөл байдлыг харахад тухайн үед Б.Г цээж нүцгэн байсан. Хэргийн газрын үзлэгээр тухайн газар нь шороо ихтэй газар байсан. Хоорондоо ноцолдох, зодолдох үедээ уг гэмтлийг учруулсан байна гэж прокуророос үзсэн тул зургийг нотлох баримтаар үнэлээгүй. Энэ талаар шинжээч мэдүүлэхдээ “Б.Г-т учирсан дээрх гэмтэл нь унах буюу ноцолдох, дэвсэх аль алинд нь үүсэх боломжтой” гэсэн байдаг. Шүүхээс Б.Г, О.Б нарт холбогдох хэргийг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б, Б.Г нар нь 2021 он 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Б-ын ** дугаар байрны орчим маргалдан харилцан зодолдож, О.Б нь Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Б.Г нь О.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Г-ийн хохирогчоор мэдүүлсэн: “...Эхнэрийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Б-ын ** дугаар байрны ** тоот руу хүүхдээ авах гээд очиход СӨХ-ийн даргын охин Э.Х 3 залуутай хамт тамхи татаад зогсож байсан. ...Тэгээд байрны ар талд гарсан ба би тэр өндөр залуутай хэсэг маргалдсан бөгөөд хамт явж байсан 2 намхан залуу нь цаашаа булангийн цаана очоод зогсчихсон байсан. Намайг явах гэхээр ар, өврөөс татаад явуулахгүй байхаар нь “Чи одоо боль, чамд ямар ч хамаагүй асуудал” гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь тэр өндөр залуу шууд намайг гараараа цохисон. Тэгээд би өндөр залуутай дээр доороо ороод өнхөрсөн. ...” /1хх 19-20/,

шүүгдэгч О.Б-ий хохирогчоор мэдүүлсэн: “...Б.Г миний баруун, зүүн нүдний орчим 1-2 удаа цохисон. Мөн шанаа орчим 1 удаа гараараа цохисон. Бид хоёр харилцан боолцоод дээр, доороо орсон байдалтай байсан. ...Б.Г бид хоёрын хажууд ойрхон бол хүн байгаагүй. Харин 10-12 алхмын цаана найзууд зогсож байсан. ...Тэр залуу миний цамцаар хоолой боож байгаад түлхэхээр нь би баруун гараараа зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр газар унаад нэг нэгнийхээ дээр, доор ороод ноцолдсон. ...” /1хх 26-27, 38-39/,

гэрч Э.Х-ийн: “...Би ганцаараа орцны үүдэнд гарахад Б.Э манай 11 тоотын С гэх эмэгтэйтэй хэрэлдээд, нөгөө эмэгтэй нь Б.Э-ын нүүр рүү гараараа цохиж байхаар нь би очоод салгасан. Тэгэхэд манай дүүгийн нөхөр Б.Г-ийг нэг эрэгтэй байрны зүүн тал руу дагуулаад явж байхаар нь би араас нь очиход нөгөө залуу нь Б.Г-той хэрэлдээд байсан. Б.Г надад “Та Б.Э дээр очоод байж бай" гэхээр нь би Б.Э дээр ирэхэд нөгөө эмэгтэйтэй хэрэлдээд байхаар нь би салгаад Б.Э-ын хамт Б.Г дээр очиход газар зодуулсан байдалтай хэвтэж байсан ба дээрээс нь нөгөө дагуулж явсан гэх залуу босож байсан. ...” /1хх 33-35/,

гэрч П.О-ын: “...Л.Э надад “Чи наад хоёроо харж бай” гээд өөрөө Б.Г, О.Б хоёрын явсан зүг рүү яваад өгсөн. Нэг их удалгүй байж байгаад Н.Х, Б.Г-ийн эхнэр гэх эмэгтэй бид 3 нөгөө хэдийн араас очиход О.Б, Б.Г нар байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын хэсэгт хоёулаа газар унасан байдалтай байсан. Тухайн үед Л.Э хашааны буланд хараад зогсож байсан. О.Б, Б.Г нарыг хоорондоо зодолдох үед нь би хамт байгаагүй. ...” /1хх 247-248/,

гэрч Н.Х-ы: “...П.О бид хоёр байрны ар тал руу очиход О.Б, Б.Г хоёр газар унаад дээр, доороо орсон байдалтай байсан ба би О.Б-ийг очиж салгасан. ...Миний санаж байгаагаар Л.Э цаашаа очиж нэг харчхаад буцаад ирж байсан. П.О миний хажууд зогсож байсан. ...Би Б.Г-ийн эхнэр Б.Этай хамт очиж О.Б, Б.Г 2 ямар байдалтай байгааг харсан. Энэ үед Л.Э, П.О нар зүгээр хараад зогсож байсан. Б.Э-ын яриад байгаа шиг үсдээд, дэвсэж байсан зүйл байхгүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ...” /1хх 46-47, 2хх 12-13/,

гэрч Л.Э-ын: “...Тэгээд тэр үл таних залуу О.Б-тэй байрны ар тал руу явсан. Жоохон удаад байхаар нь араас нь очиход тэр хоёр юм яриад зогсож байхаар нь би “битгий муудалцаарай” гэж хэлсэн. ...Тэр хоёр надаас 10 метр орчим зайтай зодолдоод цохилцоод, дээр доороо ороод ноцолдоод зодолдоод эхэлсэн. Удалгүй Н.Х болон хоёр эмэгтэй байшин тойроод ирээд тэр хоёрыг салгасан. ...” /1хх 55-57/,

гэрч З.Д-ийн: “...Б.Г гэх залуу нь махлаг, намхан залуутай маргалдаад, дээр доороо ороод, шороо манараад зодоон болсон. Энэ хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй. Б.Г-ийг хүмүүс бүлэглэж зодсон зүйл байхгүй. Би харсан. ...Зодооны үеэр хажууд нь ямар ч хүн байгаагүй. ...” /1хх 243-244/,

шинжээч эмч О.Нансалмаагийн: “...Зүүн талд буюу цээжний зүүн хэсэгт хүчтэй доргилт үүссэнээс зүүн уушги доргилтын улмаас авчилт буюу уушги шалчийж, бүрэн бус агааргүй болдог. Дээрх гэмтэл нь унах буюу ноцолдох, дэвсэх аль ч үед үүсэх боломжтой. ...” /1хх 75-76/,

шүүгдэгч, хохирогч О.Б-ий эрүүл мэндэд зүүн нүдний гадна булан, доод зовхи, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3562 дугаартай /1хх 60-61/,

шүүгдэгч, хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүүн 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн хий хуралт, зүүн чамархай, баруун зулайн хуйх, баруун дал, нуруу, баруун, зүүн тохой, байруун шуу, баруун, зүүн өвдөг, зүүн сарвуунд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3615 дугаартай дүгнэлт /1хх 64-65/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 116-120/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч, хохирогч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “...Б.Г-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь түүний биен дээр дэвсэх үйлдлийн улмаас үүссэн нь тодорхой харагддаг. Уг гэмтэл нь дэвсэх үйлдлийн улмаас үүссэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба шүүгдэгч, хохирогч Б.Г нь тус шүүх хуралдаанд “...О.Б-ий найз нь миний хавиргыг хугалсан...” талаар тайлбарласан.

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч Б.Г-ийн эхнэр Б.Э-ын гэрчээр мэдүүлсэн “...О.Б нь хоёр найзын хамтаар Б.Г-ийг зодсон...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь “...О.Б, Б.Г нар нь харилцан зодолдсон. Өөр хүн оролцоогүй...” талаар мэдүүлсэн гэрч Э.Х /1хх 33-35/, гэрч П.О /1хх 247-248/, гэрч Н.Х /1хх 46-47, 2хх 12-13/, гэрч Л.Э /1хх 55-57/, гэрч З.Д /1хх 243-244/ нарын мэдүүлгүүдтэй зөрүүтэй байгаагаас гадна гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 116-120/-ээр Б.Г, О.Б нарыг маргалдах, зодолдох үед өөр хүн оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Түүнчлэн шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлгээр шүүгдэгч, хохирогч Б.Г-ийн биед учирсан гэмтэл нь унах, ноцолдох, дэвсэх аль ч үед үүсэх боломжтой талаар мэдүүлсэн байх тул зөвхөн дэвсэх үед үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, О.Б нар нь харилцан зодолдож, Б.Г нь О.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Б нь Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэмт үйлдлийн улмаас Б.Г-ийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирчээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б нь урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, түүнийг эдлэх ялгүйд тооцсон,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Г-ийн урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 351 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийг шүүгдэгч нарт мөн оны 6 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн байх тул шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн давж заалдах гомдолдоо дурдсан “...шийдвэр гарсан байгаа тухай мэдэгдээгүй...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч нар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсан нь хуульд нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/644 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ