Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 496

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Ц.Золзаяа,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,  

Хохирогч Х.Ариунболд, түүний өмгөөлөгч М.Ариунболд /ҮД: 0812/,

Шүүгдэгч Г.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар /ҮД:1514/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манал овогт Галдандэмбэрэлийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 1709013360132 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, 1974 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 27 дугаар байрны 06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Манал овогт Галдандэмбэрэлийн Сүхбаатар /РД: ИМ74021811/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "ОРАНЖ" нэртэй караоке баарны 3 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Х.Ариунболдтой эр эмийн хардалтын улмаас маргалдан түүний толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн…” гэв.

Хохирогч Х.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 23 цаг өнгөрч байхад би “утсан дээр бичсэн бичлэгийг үзэх үү” гээд үзээд сууж байхад нүдний буланд хүн орж ирж байсан. Би тухайн үед зөөгч юм байна гэж бодож байхад намайг цохисон. Хагалгаанд ороход эрүүл мэндийн даатгалын дэвтрийг сунгаж өгсөн. Сувилуулж байхад ор хоногийн мөнгө төлсөн. Би цаашид эмчлүүлэх шаардлагатай байна. Миний нүүрэнд тавьсан хуванцар маань надад харшлаад байгаа учир гадаадад эмчлүүлэх хүсэлтэй байгаа. Би үүнийг л нэхэмжилж байгаа. Шүүгдэгчээс энэ хохирлоо авмаар байна…” гэв.

Эрүүгийн 1709013360132 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ... Манай эхнэрийг эргүүлээд ер нь эхнэрээ хардсаны улмаас тийм зүйл болсон. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би эхнэр Мөнхчимэг рүү залгаад байтал утсаа авахгүй байсан юм. Тэгээд дуудуулж, дуудуулж байгаад утсаа авсан ба ажлын ойролцоо караокед байна гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд Оранж нэртэй караокед очсон ба нэг өрөөнд нь ороход манай эхнэр нэг залуутай хамт сууж байсан ба тухайн үедээ жоохон халамцуу байсан шууд ороод гараараа нүүр рүү нь 1-2 удаа цохисон юм. Тэгээд дахиж цохих гэсэн эхнэр “болиочээ” гээд тэгээд гарч яваад гэр рүү харьсан. ... Миний цохилтын улмаас уг гэмтлүүд үүссэн байх боломжтой юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хохирогч Х.Ариунболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 23.00 цагийн үед өөрийн найз Чимгээ, Улаанхүү нарын хамтаар Сүхбаатар дүүрэг, "ОРАНЖ" төвийн караокений 3 тоот өрөөнд орсон юм. Тэгээд ороод 1 шил 0.5 литрийн "Соёрхол" нэртэй архи аваад талдаа ороод дуулж сууж байгаад цаг нь дууссан. Хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгээд би гар утсаа ширээн дээр гаргаад бичлэг тавиад үзүүлж байтал нүдний зүүн буланд хүн орж ирэх шиг болоод хаалга онгойсон юм. Тэгээд би дотроо хүн орж ирж байна гэж мэдсэн, ямар хүн гэдгийг нь хараагүй юм. Тэгтэл гэнэт толгой руу цохиод манараад ухаан алдсан. Нэг сэрэхэд шалан дээр 4 хөллүүлээд миний үснээс зулгаагаад нүүрээр шал руу саваад, нүүр рүү олон удаа өшиглөөд, гар руу цохисон. Тэгээд би ямар ч тамиргүй болоод арай гэж өндийгөөд босоод нойлын өрөө ороод өөрийгеө толинд харахад хамар, ам, чихнээс цус гарсан, зүүн нүд таглагдсан, баруун нүд жоохон нээгдэж байсан. Тэгээд би цусаа угааж тогтоогоод үсээ хартал үс халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Д.Мөнхчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 9 дүгээр сарын 11-ний өглөө 8 цагийн үед намайг ажил дээр байхад Ариунболд ирээд “хамт Сүнжин Грандын караокед орой оръё” гэхээр нь би ажилтай гэсэн. Тэгээд орой 19 цагийн үед дахиад манай ажил дээр ирэхээр нь ажлаас гараад таньдаг караоке байгаа гээд 1 дүгээр сургуулийн урд талын “Оранж” караокед оръё гээд дэлгүүрээс 1 ширхэг “Соёрхол” архи аваад орсон. “Баар орж бүжиглэе” гээд “за одоо явъя” гээд байж байтал нөхөр гаднаас орж ирэхэд нь бид 2 зэрэгцээд сууж байсан болохоор хардаж уурлаад зодоон болсон. Гараараа цохиод байсан хаашаа цохисоныг нь мэдэхгүй би болиулах гээд хаагаад зогсож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч О.Гончигдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 3 номерийн өрөөнд миний зүс таних Ариунболд нь зодуулчихсан, нүүр ам нь цус болсон байсан. Тэгээд яасан гэхэд сая нэг нөхөр орж ирээд зодчихлоо гэсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11654 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Х.Ариунболдын биед зүүн гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийд цус хуралт, тархи доргилт, дух, баруун чихний ар хэсэг, 2 чихний дэлбэн, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун шуунд цус хуралт, зүүн хацар, завьж, эрүүний зүүн булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун тохойд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Туваансүрэнгийн мэдүүлэг /хх 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "ОРАНЖ" нэртэй караоке баарны 3 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Х.Ариунболдыг эхнэр Д.Мөнхчимэгтэй хардаж улмаар Х.Ариунболдын толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ариунболд, гэрч О.Гончигдорж нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн №11654 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй зэрэг нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Г.Сүхбаатарын “…эхнэртэй караокед орж, уулзлаа …” хэмээн эр, эмийн хардалтын улмаас Х.Ариунболдыг зодож хүндэвтэр гэмтээсэн санаатай үйлдэл нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Сүхбаатарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан 2800 нэгж /1 нэгж= 1000 төгрөг/ буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Шүүх хуралдаанд хохирогч Х.Ариунболдоос “ Ш.Сүхбаатараас эмчилгээний зардалд 1.536.600 төгрөг өгсөнийг зөвшөөрч байна, харин 2 сарын цалин, өмгөөллийн хөлс болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ” гэсэн боловч гэм хорын хохирлын талаарх баримтууд нь үндэслэл бүхий нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул хохирогч Х.Ариунболдоос гаргасан тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:                                                                                    

                                                                            

            1. Манал овогт Галдандэмбэрэлийн Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбаатарыг 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбаатарт оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Сүхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Г.Сүхбаатараас хохирогч Х.Ариунболдод гэм хорын хохиролд 1.536.600 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, хохирогч Х.Ариунболд нь гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирлоо нотлох баримтаа зохих шаардлагын дагуу бүрдүүлэн Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Сүхбаатараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сүхбаатар урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН