Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/22

 

 

 

 

 

 

2022            11           04                                    2022/ДШМ/22                   

 

 

Н.Бэгзсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Насанжаргал,

шүүгдэгч Н.Бэгзсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

                        нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Бэгзсүрэнд холбогдох 2230000000171 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1. Монгол Улсын иргэн, 1988 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлаастын 24-2433 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, 5 дугаар багийн Мандахын 612 тоотод түр оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон дүйцүүлэн сольсон, Тэмээчин овогт Насанжаргалын Бэгзсүрэн  /РД:ЛБ88031817/

 

2. Шүүгдэгч Н.Бэгзсүрэн нь 2022 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Г.Мөнхзулыг зодож, түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйх доорх болон доод уруулын салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар баг “Будрын ганга” гэх газраас хохирогч Ж.Мөнхбаатарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох Даюун маркийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 683333 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

3. Орлогч прокурор Б.Батнасан нь шүүгдэгч Н.Бэгзсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Бэгзсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, энэ хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Бэгзсүрэнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 сарын ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн ялыг мөн нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 6 жил 1 сар 19 хоног хорих ялаар тогтоож, Н.Бэгзсүрэнд оногдуулсан 6 жил 1 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон нийт 128 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан ултай, улаан оруулгатай хар хөх өнгийн хос пүүз ”-ийг шүүгдэгч Н.Бэгзсүрэнд буцаан олгож,  “ягаан өнгийн ноосон цамц, эрээн өнгийн өмд, хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн майк, ягаан өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд тус бүр 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос”-ыг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Бэгзсүрэнгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 7633958 төгрөгийг гаргуулж, 6950625 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунзулд, 683333 төгрөгийг хохирогч Ж.Мөнхбаатарт тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцэлд болон прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх шүүгдэгч Н.Бэгзсүрэнгийн өмнөх тогтоолоор шийтгүүлсэн ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг тооцохдоо Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримталж, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, шийдвэрлэх байтал уг хуулийн заалтыг баримтлаагүй, өөрөөр хэлбэл ямар хуулийн зохицуулалтаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт шилжүүлж, нэмж нэгтгэсэн болох нь тодорхойгүй, дээрх хуулийн заалтыг бичилгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч Н.Бэгзсүрэн нь шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс цагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээ авагдаж, нийт 127 хоног цагдан хоригдсон байхад 128 гэж тооцооны шинжтэй алдаа гаргасан байна. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

 

6. Шүүгдэгч Н.Бэгзсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч Н.Бэгзсүрэн болон өмгөөлөгч миний бие түүнийг 127 хоног цагдан хоригдсон гэж тайлбартаа дурдаж байсан. Үүнийг зөвтгөхөд өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          8. Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.Бэгзсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

          9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан, хассан болон хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй байна.

 

10. Шүүгдэгч Н.Бэгзсүрэн нь 2022 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Г.Мөнхзулыг зодож, түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйх доорх болон доод уруулын салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

-2021 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар баг “Будрын ганга” гэх газраас хохирогч Ж.Мөнхбаатарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох “Даюун” маркийн мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 683333 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

11. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Бэгзсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тодруулбал:

11.1 Яллагдагч Н.Бэгзсүрэнгийн “Би 2021 оны 9 дүгээр сард Сүхбаатар аймгийн Халзан сумын “Будрын чулуу” гэх газарт Ж.Мөнхбаатар гэх хүний туслах малчнаар оторт явж байхдаа түүний улаан өнгийн, Даюун маркийн хуучин мотоциклыг нь унаад “Iphone-6” гар утсыг нь аваад Сүхбаатар аймаг руу явсан. Тухайн мотоциклийг нь унаж яваад асахгүй болчихоор нь Баяндэлгэр сумын баруун талд, хөдөө хаясан...” гэх / 1 хх 212-214, 2 хх 8-9/

11.2 Хохирогч Ж.Мөнхбаатарын “2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Бэгзсүрэнд малаа тоолж хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш мал харж байгаад 2021 оны 9 дүгээр сард би Бэгзсүрэнгийн хамт оторт явсан. 2021 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө Бэгзсүрэн нь унтахгүй суугаад байхаар нь “чи амрахгүй юм уу” гэхэд би зурагт үзэж байгаад амарна гэсэн. Би санаанд орохгүй унтаад өгсөн. Миний гар утас байхгүй, миний хуучин улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклыг унаад явсан байсан...” гэх / 1 хх 200-202 /,

11.3 Гэрч Н.Жаргалсайханы “2021 оны 5 дугаар сард манай хүү малчин авна гэж ярьсан. Тэгсэн удалгүй намайг хөдөө гэртээ байхад Бэгзсүрэн гэх залуу манайд ирсэн. Манай хүү Мөнхбаатар, Бэгзсүрэн хоёр 2021 оны 09 дүгээр сард оторт явсан. Тэгсэн удалгүй 10 гаруй хоногийн дараа малыг нь хаяад яваад өгсөн гэж манай хүү надад утсаар хэлсэн...”  гэх / 1 хх 209-210 /

11.4 Гэрч Б.Туяацэцэгийн “2021 онд Бэгзсүрэн цагаан өнгийн утсыг хадгалж байгаарай гээд өгсөн. Нөгөөдөр нь ирээд найз нь утсаа авъя гээд аваад явсан.” гэх / 1 хх 216-217/ мэдүүлгүүд,

11.5 Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн ““Dayun” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 683,333 төгрөг” гэх дүгнэлт /1хх 222-233/ зэрэг болно.

 

12. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бэгзсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

13. Шүүгдэгч Н.Бэгзсүрэн нь 2022 оны 5 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө хохирогч Г.Мөнхзулыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

13.1 Шүүгдэгч Н.Бэгзсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим машинтайгаа Чулуут руу явж байтал Мөнхзул гараа өргөхөөр нь машиндаа суулгасан. Мөнхзул баазын тэнд очоод надад шил архи байгаа, хувааж ууя гэхээр нь тэндээс хөдлөөд Чулуутын тэнд хуурай өвөө Жигжиджавын гадаа зогсоод, гэрээр нь ороод өвөө эмээ хоёроос 10,000 төгрөг авсан. Тэгээд тэнд байдаг шар дэлгүүрээс нэг том пиво авсан. 19 цагийн үед өвөөгийн баруун талд машинаа тавиад машин дотор архи болон пиво уугаад өвөөгийнд орсон чинь өвөө, эмээ хоёр “унт” гэхээр нь бид хоёр гал тогоонд нь унтахаар хэвтээд бэлгийн харьцаанд орсон. Тэгээд жоохон хэвтэж байсан чинь Мөнхзул явлаа гээд турсик болон дээгүүрээ нимгэн хар өнгийн майктай гарахаар нь би хувцаснуудыг нь аваад араас нь гараад гадаа бид хоёр маргалдсан. Тэгсэн миний толгой дээрээс шороо асгаад байхаар нь би нэг удаа алгадаж, хамаг хувцсыг нь машиндаа хийгээд Мөнхзулыг суулгаад хөдлөөд явсан. Өөр яаснаа санахгүй байна. Нэг мэдэхэд гудамжинд сэрсэн. Машиндаа унтаж байсан. Миний бие ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх / 1 хх 127-129, 150-155 /

13.2 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунзулын “Хэдий архи уудаг, архины хамааралтай байдаг ч гэсэн амь насыг нь хохироосонд гомдолтой байна. Насанд хүрээгүй хоёр хүүхэд нь үлдэж байна. Хүүхдийн амьдрал л  хэцүү байна...” гэх / 1 хх 34-35 /,

13.3 Гэрч Ө.Урантогосын “Г.Мөнхзул 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед манай гэрт ганцаараа орж ирсэн. Нүүр нь нэлээн хавагнасан, цай хоол идэхгүй, ус уугаад байхаар нь “чи архи уусан юм уу” гэсэн чинь “7 хоног өнжихгүй уусан” гэсэн. Удаагүй манайхаас гараад явсан. Ягаан өнгийн цамц, цагаан ултай, алагдуу, үдээстэй пүүзтэй явж байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх / 1 хх 37-38/,

13.4 Гэрч М.Ганганцэцэгийн “Манай нөхөр Д.Мөнхжаргал 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр айлд архи уугаад 16 цаг өнгөрөөгөөд Мөнхзул болон нэг танихгүй ахтай хамт гурвуулаа ирсэн. Мөнхзул  тэр оройдоо манайд унтсан. Мөнхзул маргааш өглөө нь 08 цаг өнгөрөөгөөд босоод манай хүний утаснаас хүмүүс рүү яриад “шар тайлах юм авчраад өг” гээд байх шиг байсан. Тэгээд 11 цагийн үед таньдаг нэг хүн нь ирээд Мөнхзулыг аваад явсан. 17 цаг өнгөрөөгөөд манай хашаа руу улаан хүрэн өнгийн “Accent” маркийн машин орж ирээд гэрийн урд зогссон. Бид хэд гадаа байсан болохоор харсан чинь арын суудал дээр нь Мөнхзул суусан харагдаж байсан. Жолооч нь машинаасаа нэг бууж хараад уулзаагүй буцаад ухраад гараад явсан...” гэх / 1 хх 50-52 /,

13.5 Гэрч Ж.Бямбадоржийн “Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 08-09 цагийн үед Бадрахын гэрт байхад Мөнхзул над руу залгаад “Мөнхжаргалын гэрт байна, ирээд авчих” гэсэн. Мөнхжаргалынхаас Мөнхзулын хамт гарч, Бадрахын гэрт Мөнхбаатараар буулгуулсан. Бадрахынд  ороод 11-12 цагийн орчимд 0.75 граммын нэг шил архиа Бадрах, Баатархүү, Мөнхзул бид 4 хувааж уусан. Мөнхзул 13-14 цагийн орчимд гарч яваад эргэж ирээгүй. Нүүр нь жоохон бүлцгэрдүү байсан. Ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан” гэх /1 хх 43-45/,

13.6 Гэрч Б.Мөнхбаатарын “Өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 10 цагийн үед байх Бямбадорж над руу залгаад таксинд явж байгаа биз дээ, баазын хашааны тэнд айлаас хүн аваад буцаж буулгуулъя гэсэн. Тэр хүүхэн нь Бямбадоржтой хамт Бадрахын гэрт 10-11 цагийн үед буулгуулсан. Ягаандуу цамцтай, бэлцгэрдүү нүүртэй хүүхэн байсан. Нэлээн согтуу байсан. Замдаа өчигдөр орой жоохон уусан гэж ярьж байсан.” гэх /1 хх 48/

13.7 Гэрч Ч.Алтанцэцэгийн “2022 оны 5 дугаар сарын 07-ны орой нөхрийнхөө хамт гэртээ байсан.  22 цагийн үед кино үзэж дуусгаад нөхрийн хамт амарч байхад миний зүс таних дүү Бэгзсүрэн нь өөрийн насны үеийн нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Бэгзсүрэн тухайн үед нөхөр бид хоёртой нэг их зүйл яриагүй. Хэл яриа нь сонин сонсогдоод байсныг бодоход согтуу байсан гэж бодож байна. Тэгээд Бэгзсүрэн нь тухайн эмэгтэйн хамт манай зүүн өрөөнд 4-5 орчим минут болоод гараад явсан. Хоорондоо муудалцаж цохилцсон, хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Мөн тэр хоёр манай гэрт орж ирэхэд биед нь ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй...” гэх / 1 хх 188-189, 2 хх 55 /,

13.8 Гэрч Т.Нанзаддоржийн “Би 2022 оны 5 дугаар сарын 08-ны өглөө 06 цагт гэрээсээ гараад Баруун-Урт сумын 4 дүгээр тойргийн засмал замаар зүүн тийшээ өглөөний алхалт хийгээд Буджав, Цэдэнжав нарын хамт явж байсан. Гэтэл 07 цагийн үед Чулуутын арын гудамжны араар зам дагуу алхаж байтал замын урд талд нэг эмэгтэй хүн хэвтэж байхаар нь эхлээд архи уусан хүн юм болов уу гэж бодоод харахад хувцас хунараа тайлсан байдалтай, дотуур хувцастай, дээгүүрээ хар өнгийн фудволктой эмэгтэй хүн нүүр хэсгээрээ доош харсан байдалтай байсан. Эвгүй байхаар нь  Цэдэнжав  5 орчим метрийн зайнаас “хөөе сэрээрэй” гэж дуудахад хариу өгөхгүй байсан болохоор цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд /1 хх 40-41/,

13.9 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 16 дугаартай “Талийгаач Г.Мөнхзулын биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт бүхий гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйх доорх болон доод уруулын дотор салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач Г.Мөнхзул нь осгож нас баржээ...” гэх цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1 хх 68-81/,

13.10 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 26 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “2” дугаараар тэмдэглэгдсэн гутлын мөр нь яллагдагч Н.Бэгзсүрэнгийн өмсөж явсан гэх зүүн гутлын мөр байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 90-93 /,

13.11 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 27 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь Н.Бэгзсүрэнгийн унаж явсан гэх 30-30 СҮА улсын дугаартай “Accent” маркийн автомашины баруун талын арын дугуйны мөр байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 98-101/,

13.12 Шинжээчийн 2022 оны 28 дугаартай “хар өнгийн майканд 8 см хэмжээтэй татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, баруун талын мөрөвчний хуванцар түгжээнд татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр  үүссэн шинэ хугаралт байна.” гэх дүгнэлт /1 хх 114/,

13.13 “2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 07 цаг 10 минутад Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 2006 тоот хашааны хойд талд засмал замын хажууд Г.Мөнхзул гэгч эмэгтэй нас барсан байдалтай олдсон” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 2-10 /,

13.14 Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 11-15/,

13.15 Эд зүйл / аксент маркийн тээврийн хэрэгсэл/-д үзлэг хийсэн  тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 16-20 /,

13.16 Н.Бэгзсүрэнгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 21-26 /,

13.17 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 30/

13.18 Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан ялтан Н.Бэгзсүрэнгийн хяналтын цахим системд бүртгэгдсэн хөдөлгөөн, маршрутын мэдээлэл /1 хх 60-62/

13.19 Сүхбаатар аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн “хөрсөн дээрх хамгийн бага температур -3 хэм” гэх албан тоот /1 хх 63-65/,

13.20 Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Н.Бэгзсүрэн 1 жил 19 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаа эдлээгүй үлдсэн тухай” албан бичиг /2 хх 54/ зэрэг болно.

 

14. Гэхдээ хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 16 дугаартай “Талийгаач Г.Мөнхзулын цогцсоос авсан цусанд 3,2 промиль спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх цогцост хийсэн шинжилгээний дүгнэлт /1 хх 72/,

- “Амь хохирогч Г.Мөнхзулын цус, шээсэнд 3,2 промиль, ходоодны шингэнд 3,5 промиль слирт илрэв” гэх химийн шинжилгээний хариу /1 хх 80-81/,

- шинжээч эмч А.Болор-Эрдэнийн “Хүнд зэргийн гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хэмжээтэй биш байсан учраас ухамсарт үйлдэл хийх боломжтой. Хүнд зэргийн согтолттой хүний амьсгалын үйл ажиллагаа алдагдаж, ухаан балартах ба тухайн хүний уусан архины хэмжээ, спиртийн зүйлд дассан байдал, идсэн хоолны шинж чанар, өвчин хууч зэргээс хамаарч биеэ удирдан жолоодох чадвар шалтгаалдаг. Гадаа хөрсөн дээр -3 хэмийн температуртай байхад хүн осгож нас барах боломжтой...” гэх мэдүүлэг /1хх 83-85/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч Г.Мөнхзулын цус, шээснээс 3.2 промиль спирт илэрсэн, хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байдалтай байхад шүүгдэгч Н.Бэгзсүрэн нь түүнийг зодож, хүнд, хөнгөн олон тооны гэмтэл учруулсан зэрэг шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж үзлээ.

 

15. “Биеэ хамгаалж чадахгүй хүнд” хүчтэй мансуурсан, согтуурсан шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд хамаарах бөгөөд бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байхыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж”  гэж хэлнэ.[1]

 

16. Дээр дурдсан үндэслэлүүдээр прокуророос шүүгдэгч Н.Бэгзсүрэнгийн амь хохирогч Г.Мөнхзулыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж, ял шийтгэл оногдуулсныг эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

17. Түүнээс гадна шүүгдэгч Н.Бэгзсүрэнг хэрэг гарсан өдөр баривчилсан атлаа түүний цус, шээсний шинжилгээг авах, согтуурлын зэргийг тогтоох, түүний өмд, унаж явсан тээврийн хэрэгслийн арын суудал, хаалганы дотор тал, доод хэсэг нь цус мэт зүйлээр багагүй хэмжээгээр бохирлогдсон байхад амь хохирогчийн цустай тохирох эсэх талаар шинжилгээ хийх, хохирогчийн нас барсан цагийг тогтоох зэрэг ажиллагааг хийгээгүй байна. /1 хх 19-20/

 

18. Гэвч давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэх эрх хэмжээгүйгээс гадна Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосноор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан шийдвэр гаргах боломжгүй болсон тул хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээв.

 

19. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бэгзсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ “240 цаг хүртэл” гэж бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх” хуулийн шаардлагад нийцэхгүй. Мөн шүүгдэгч Н.Бэгзсүрэнгийн урьд шийтгүүлээд эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, сүүлд оногдуулсан ялд нэмж нэгтгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3”-д заасныг баримтлалгүй орхигдуулсан, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон, эд мөрийн баримтыг шийдвэрлэхдээ “шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл” гэж бичээгүй зэрэг хууль хэрэглээний болон тооцоолол, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг ханган шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтүүдийг оруулав.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлийг хангаж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

 

          1.1. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Тэмээчин овогт Насанжаргалын Бэгзсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй;   

 

          1.2.  Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтууд, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэгзсүрэнд оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, мөн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 жил 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 6 /зургаан/ жил 1 /нэг/ сар 19 /арван ес/ хоног хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

 

          1.3. Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Н.Бэгзсүрэнгийн цагдан хоригдсон нийт 127 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

          1.4. Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан ултай, улаан оруулгатай хар хөх өнгийн хос пүүз”-ийг шүүгдэгч Н.Бэгзсүрэнд буцаан олгож,  “ягаан өнгийн ноосон цамц, эрээн өнгийн өмд, хар өнгийн хөхний даруулга, хар өнгийн майк, ягаан өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд тус бүр 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос”-ыг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

 

          1.5.  Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Н.Бэгзсүрэнгийн цагдан хоригдсон 53 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                     О.БААТАРСҮХ

 

                                                                        Д.БАЙГ

 

[1] “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоол. www.legalinfo.mn