| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0585/э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Ц.Сүхбат,
Шүүгдэгч Ц.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Цэрэнхандын Уянгад холбогдох эрүүгийн 1709020380252 дугаартай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Маршал” студийн захирал, ам бүл 6, эхнэр, 3-12 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, АОС-ын 54 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Цэрэнхандын Уянга, /РД: ШГ72081119/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.Уянга нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, АОС-ын 54 тоот өөрийн гэртээ эхнэр Э.Булганыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Уянга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.
Эрүүгийн 201725021396 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Уянга нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Энхцэцэгийг орилоод байхаар нь би босож ирээд Энхцэцэгт "чи дандаа архи уух болгондоо агсам тавьж байх юм" гэхэд битгий хуц чамаас айх юм уу гэхээр нь би мөр рүү нь түлхсэн. ... эхнэр өмөөрөөд над руу дайраад байхаар нь эхнэрээ цээж рүү нь түлхэхэд тэр гурав хойшоогоо давхарлаж унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 20 дугаар хуудас/,
Хохирогч Э.Булган мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт манай найзууд ирсэн... Энхцэцэг, Оюун-Эрдэнэ нар үлдсэн. Тэгээд хоол хийж идээд сууж байтал манай найз эмэгтэй болох Энхцэцэг манай нөхөрт хандан “би чамаас айхгүй” гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Тэгтэл манай нөхөр Энхцэцэгийг гараа атгаж байгаад хүзүү рүү нь цохисон. Би салгах гэтэл манай нөхөр намайг өшиглөж унагаад дээрээс дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Д.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Энхцэцэгийг өмөөрч Булган үг хэлсэний төлөө түүний нөхөр Уянга нь өөрийн эхнэр Булганыг газарт унагаад дэвсэж өшиглөсөн. Унагасныхаа дараа салтаа, гуя хэсэг рүү нь өшиглөөд нүүр толгой руу нь гуталтай хөлөөрөө дэвсээд өшиглөөд байсан. Булганы найз Энхцэцэг Уянгад хандаж” чамаас би айхгүй чамаас айдаг хүн биш шүү” гэж хэлсэн чинь Уянга Энхцэцэгийг шанаадсан. Тэгээд Булган нөхөртөө чи хүний эхнэрийг цохидог нь яаж байгаан гээд тэгээд зодож эхэлсэн.Тэр өдөр Уянга нь нилээн согтолттой байсан. Би огт архи уугаагүй эрүүл байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13925 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Гэрч Ц.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 15/, насанд хүрээгүй гэрч Э.Уянгын мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Ганбаярын мэдүүлэг /хх-ийн 18-19/, шинжээч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хх-ийн 24-25/, Ц.Уянгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, дансны хуулга /хх-ийн 38-50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Уянга нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, АОС-ын 54 тоот өөрийн гэртээ “найзуудтайгаа нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амгалан тайван байдал алдагдууллаа” гэж эхнэр Э.Булганд уурлаж улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Уянгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Булганы мэдүүлэг, гэрч Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №13925 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Уянгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Уг гэмт хэрэг нь шүүгдэгч Ц.Уянга нь эхнэр Э.Булганыг найзуудтайгаа нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амгалан тайван байдал алдагдууллаа” гэж уурлан улмаар түүнийг зодох шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч Ц.Уянгын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.Уянгад ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Э.Булганаас “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Уянга нь цагдан хоригдсон хоноггүй, тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бэсүд овогт Цэрэнхандын Уянгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уянгад 800 /найман зуу/ нэгжээр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уянгад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжээр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ц.Уянга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уянга нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Уянгад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН