Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 111/ШШ2024/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******хонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ ” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,

Хариуцагч: *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын “*******хонгор аймгийн *******говь сумын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахимаар/, хариуцагч ,  шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ ” ХХК нь *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “*******хонгор аймгийн *******говь сумын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2. Малчдын хаваржаа, намаржаа, зуслан ойр орчмоор тоосжилт ихсэж, эрүүл мэнд, малын бэлчээрийг ихээр гэмтээж байгаа гэх шалтгаанаар *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоолыг гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “ ” ХХК-д цахим шуудангаар хүргүүлсэн.  

3. Нэхэмжлэгч дээрх тогтоолыг эс зөвшөөрч,  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 246/23 дугаар албан бичгээр хариуцагчид өөрт нь, 245/23 дугаар албан бичгээр *******говь сумын Засаг дарга , 247/23 дугаар албан бичгээр *******хонгор аймгийн Засаг дарга *******д маргаан бүхий захиргааны актад хориг тавиулахаар хандаж байжээ. Улмаар шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Тус “ ” ХХК нь *******хонгор аймгийн ******* сумын нутагт орших “******* ******* *******”-ийн барилгын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлж, барилга угсралтын бэлтгэл ажлын хүрээнд барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэг талдаа тээвэрлэх ажлыг 2023 оны 07 дугаар сараас эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний Мэргэжлийн зөвлөлөөс 2021 онд баталсан ******* ******* төслийн “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д тусгагдсан тээврийн маршрутаар буюу орон нутгийн авто замаар “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартад заасан тээврийн хэрэгслийн бүх жин ба оврын зөвшөөрөгдөх хэмжээг баримтлан гүйцэтгэж байна.

Гэтэл *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тоот “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоол гаргаж, уг тогтоолоор “ ” ХХК-ийн ачаа тээврийн болон хүнд даацын машинуудыг *******говь сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн болохыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цахим шуудангаар ирүүлснээр мэдлээ.

Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд уг суурь зарчмын хүрээнд мөн хуулийн 35 дугаар зүйлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тусгайлан хуульчилсан байдаг.

Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-35.1.17-д заасан бүрэн эрхийн зохицуулалтад аливаа иргэн, хуулийн этгээдийн сумын нутаг дэвсгэрт нэвтрэх, дамжин өнгөрөх, орон нутгийн зам ашиглах эрхийг нь хязгаарлах, хориглох эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон ямар ч заалт байхгүй буюу ийм бүрэн эрх олгогдоогүй билээ.

Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:”, 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2- д “Нийтийн эдэлбэрийн газарт ... зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.”, Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна.”, 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна.” гэж зааснаар зөвхөн “ ” ХХК ч бус ямар ч иргэн, хуулийн этгээд орон нутгийн чанартай замыг ашиглаж болохоор нарийвчилсан хууль тогтоомжид зохицуулсан байдаг.

Гэтэл *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хууль, Авто тээврийн тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд олгогдсон нийтийн эдэлбэр газарт хамаарах орон нутгийн зам ашиглах эрхийг хязгаарласан тогтоол гаргасан нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт байна.

Иймд *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15/5 тоот “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“*******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэхэмжлэл гаргагч “ ” ХХК нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухайг тайлбарлаж байна.

Өнгөрсөн 6 сарын дундаас эхлэн *******говь сумын ******* 5 дугаар баг, ******* ******* 1 дүгээр баг, ******* 2 дугаар багуудын нутаг дэвсгэрээр нийт 80 гаруй км дамжин өнгөрдөг. ******* суманд үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа “ ” ХХК-ийн хүнд даацын машин ачаа тээврүүд явж эхэлсэн. Үүнээс болоод тус багийн иргэдээс санал гомдол маш их ирж эхэлсэн. Санал гомдлыг дээд шатны байгууллага болон холбогдох газрын засаг дарга нар руу албан бичиг тоот мэдэгдэл хүргүүлсэн.

Малчдад нөлөөлөөд байгаа зүйл нь хаваржаа, намаржаа, зуслан ойр орчмоор баруун зүүнгүй яваад тоосжилт ихтэй үзэгдэх орчин хэцүү болж байна. Иргэд малчдын хоолой,ам хорсож байна, малын бэлчээрийг маш их гэмтээж байна гэсэн санал гомдлуудыг ирүүлсэн. Ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа нь харагдаж байна.

“ ” ХХК-ийн төлөөллөөс ард иргэдтэй чинь зөвшилцье ямар гарц гаргалгаа байна гэдэг л зүйлийг ярьсан. Иргэдээс санал гомдол ирээд байна гэхэд та нар Засгийн газраас хийж байгаа ажилд саад болоод байвал өөрсдөө буруудна. Бид нар хууль дүрмийн дагуу явж байна гэсэн тайлбаруудыг хийсэн.

Урьд нь сумын нутаг дэвгэрээр явах тухай сумын ард иргэдээс санал хүсэлт аваагүй ард иргэдээр хэлэлцүүлэгдээгүй. Сумын ард иргэдээс замаа тавиад яв гэсэн шаардлагыг тавьсан. 2 компани нийлж орж байгаа 11,8 тонн алт олборлох төлөвлөгөөтэй тийм болохоор зам тавих ямар ч боломжгүй гэсэн.

Ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь маш их зөрчигдөж байна.

Байгаль орчны нөлөөлөх байдлын тухай хуульд ******* хэрэгжих нутаг дэвсгэрийн багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг авна гэсэн заалт үнэлгээний тухай хуулийн 8.4.8 дэх заалтад байдаг боловч 2019 онд ашиглалтын лицензээ авсан юм байна лээ тэр үедээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь гараагүй 2021 онд үнэлгээг хийлгэсэн байдаг, ашиглалтын лиценз авах бичиг баримтын салшгүй нэг хэсэг нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байх ёстой. Уг нь зайлшгүй хамт авах ёстой зүйл. Олон тооны ачаа тээврийн машин 7 хоногт 30 гаруй машин явж газрын хөрс суларч, жижиг машин техник, малтай хүн замаар явахад хүндрэлтэй байна, тоосжилт, хуурайшилт их болж, замын орчимд ургамлын өнгө нь цагаан шороонд дарагдаж байна.

Нутгийн иргэдэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрут байгаагүй.

5 багийн Иргэдийн Нийтийн хурал болж хурлуудаас уул уурхай болон хүнд даацын ачаа тээврийн машинуудыг сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөөхгүй гэсэн тогтоолууд гарч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцэж дамжин өнгөрөөхгүй шийдвэрийг хамтаараа гаргасан болно.

“ ” ХХК-иас тус суманд 1 жил зургаан сарын хугацаанд 1500 ачаа тээврийн машин явна гэсэн мэдээлэл өгсөн. *******говь сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутыг ******* сумын засаг дарга батлан өгсөн байдаг. Тухайн сум орон нутгийн өмнөөс ийм шийдвэр гаргасан нь бидний бүрэн эрхийн асуудалд нөлөөлж байгаа юм.

Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж заасан байдаг. Хурлын тогтоолд хурлын дарга гарын үзэг зурж баталгаажуулна гэж хуульчилсан.

Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал. Энэ нь шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, шийдвэр гаргах үйл ажиллагаа гэж ойлгоно.”, 35.1.17-д “хуульд заасан бусад бүрэн эрх. Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд дээд шатны Хурал оролцохгүй гэж хуульчилсан гэж ойлгоно.” 35.1.13-т “хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх” гэж заасан болно.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд улс төрийн нам, бусад байгууллага хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг мөн хуулиар хориглосон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

Жаран хоёрдугаар зүйл 2 дахь заалтын дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шийдвэрийг заавал биелүүлэхийг хуульчилсан. Сумын Хурлын шийдвэрийг илт хууль бус шийдвэр гэж үзэж байгаа нь “ ” ХХК нь шүүх байгууллага биш юмаа. Шүүх үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “ ” ХХК шүүхэд хандан “*******хонгор аймгийн *******говь сумын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага  бүхий нэхэмжлэлийг *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан.

2.Нэхэмжлэл үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

3.*******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” дугаар тогтоолоор Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг,  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.21, 20.3, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.17 хэсэг, 48 дугаар  зүйлийн 48.1 дэх заалтуудыг үндэслэн  “ ” ХХК-ийн ачаа тээврийн болон хүнд даацын машинуудыг *******говь сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өргөдөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

 4.1. Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд уг суурь зарчмын хүрээнд мөн хуулийн 35 дугаар зүйлд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх,  35 дугаар зүйлийн 35.1.1-35.1.17-д заасан бүрэн эрхийн зохицуулалтад аливаа иргэн, хуулийн этгээдийн сумын нутаг дэвсгэрт нэвтрэх, дамжин өнгөрөх, орон нутгийн зам ашиглах эрхийг нь хязгаарлах, хориглох эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон ямар ч заалт байхгүй буюу бүрэн эрх олгогдоогүй.

4.2. Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч мөн.” гэж тунхагласан, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:”, 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2- д “Нийтийн эдэлбэрийн газарт ... зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.”, Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна.”, 17.3-д “Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна.” гэж зааснаар зөвхөн “ ” ХХК ч бус ямар ч иргэн, хуулийн этгээд орон нутгийн чанартай замыг ашиглаж болохоор нарийвчилсан хууль тогтоомжид зохицуулсан. Гэтэл *******хонгор аймгийн *******говь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хууль, Авто тээврийн тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд олгогдсон нийтийн эдэлбэр газарт хамаарах орон нутгийн зам ашиглах эрхийг хязгаарласан тогтоол гаргасан нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт байна.

5.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

 5.1. “ ” ХХК нь Байгаль орчны нөлөөлөх байдлын тухай хуульд ******* хэрэгжих нутаг дэвсгэрийн багийн иргэдийн Нийтийн хурлын саналыг авна гэсэн заалт үнэлгээний тухай хуулийн 8.4.8 дэх заалтад байдаг боловч 2019 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь гараагүй 2021 онд үнэлгээг хийлгэсэн байдаг, ашиглалтын лиценз авах бичиг баримтын салшгүй нэг хэсэг нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байх ёстой.

5.2. Олон тооны ачаа тээврийн машин 7 хоногт 30 гаруй машин явж газрын хөрс суларч, жижиг машин техник, малтай хүн замаар явахад хүндрэлтэй, тоосжилт, хуурайшилт их болж, замын орчимд ургамлын өнгө нь цагаан шороонд дарагдаж байна. Нутгийн иргэдэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрут байгаагүй.

5.3. *******говь сумын 5 багийн Иргэдийн Нийтийн хурал болж хурлуудаас уул уурхай болон хүнд даацын ачаа тээврийн машинуудыг сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөөхгүй гэсэн тогтоолууд гарч, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал авч хэлэлцэж дамжин өнгөрөөхгүй шийдвэрийг хамтаараа гаргасан.

5.4. “ ” ХХК-иас тус суманд 1 жил зургаан сарын хугацаанд 1500 ачаа тээврийн машин явна гэсэн мэдээлэл өгсөн.  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална гэж заасан байдаг. Хурлын тогтоолд Хурлын дарга гарын үзэг зурж баталгаажуулна.” гэж хуульчилсан.

  Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал.” Энэ нь шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, шийдвэр гаргах үйл ажиллагаа гэж ойлгоно. 35.1.17-д “Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд дээд шатны Хурал оролцохгүй гэж хуульчилсан гэж ойлгоно.”, 35.1.13-т “хуулиар тогтоосон тухайн нэгжийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх” гэж заасан. Үндсэн хуулийн 62 дугаар зүйл 2 дахь заалтын дагуу Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж тус тус заасан.

6.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

6.1. Ашигт малтмал, газрын тосны газар *******хонгор аймгийн ******* сумын Хөндий нэртэй газарт орших 2302.62 гектар талбайд ашигт малтмал ашиглуулах MV-021444 дүгээр тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “ ” ХХК-д 2049 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл олгожээ.

6.2. Улмаар алтны үндсэн ордыг ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2021 оны 7 дугаар сард батлуулан, уг тайланд заасны дагуу 2023  оны 7 дугаар сараас эхлэн *******говь сумын нутаг дэвсгэрээр 80 км замаар дамжин хүнд даацын тээврээр ачаа тээвэрлэлтийг хийж ирсэн байна.

6.3. *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтаас үзэхэд, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангахын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх урьдчилсан нөхцөлүүд хангагдсан тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох шийдвэр гаргадаг.

8. Авто замын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь авто замыг төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж тодорхойлсон бөгөөд тухайн маргаантай асуудлаарх нарийвчилсан зохицуулалттай хууль юм.

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах”, 12.1.8-д “харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах” бүрэн эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад олгосон атал *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн “өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг ашиглах эрх”-ийг зөрчиж, Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар гаргасан,  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”-д хамаарч байх тул маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

9. Маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх тул тухайн маргаан бүхий захиргааны актад баримталсан хуулийн зүйл, заалтыг зөв эсхүл буруу хэрэглэсэн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8, Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгч “ ” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, *******хонгор аймгийн *******говь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхгүй байх тухай” дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.ОЮУНСАЙХАН