Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03741

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2024/03741 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Режис плэйс,  дугаар давхарт  тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, хотхон, в байрны  тоот хаягт оршин суух, Бовогт, Ц.Ц /РД:/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Сөүл роял каунти  дугаар байрны  тоот хаягт оршин суух, С овогт Э. Э /РД:/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 283 988 798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагч Ц.Ц, хариуцагч Э.Э өмгөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э. Э нь өөрөө жолооч Ц.Ц явуулчихлаа, асуудалгүй богино хугацаанд төлчихнө гэж хэлээд ******* ББСБ ХХК-д зээл авах хүсэлт, зээлийн гэрээ хийх саналыг анх өөрөө утсаар тавьж ярьсан байдаг. Тэгээд ******* ирсэн. Ц.Ц анх ирэхэд нь буцаагаад 2 дахь удаагаа ирэхдээ гэрээнд гарын үсэг зурсан. Э.Э нь буцаад би асуудалгүй төлчихнө гэсэн болохоор гэрээ хийсэн. Нэгдүгээрт 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1019 тоот зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр доорх 3 эд хөрөнгийг авсан. Үүнд: Yamaha 4 дугуйт дахиад Yamaha 4 дугуйт, дараа нь бас Yamaha 4 дугуйт гээд 3 мотоцикл буюу 4 дугуйтыг нийтдээ 98,599,000 төгрөгийн эд барааг авахаар хүсэлтээ ирүүлсэн. Дараа нь 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1020 тоот зээлийн гэрээ байгуулаад үүгээр Yamaha төгөлдөр хуур, Yamaha цахилгаан төгөлдөр хуур, акустик гитар, гитар, өсгөгч гитар, холбох утас гээд нийтдээ 26,743,320 төгрөгийн эд барааг авахаар хүсэлт ирүүлсэн. Нийт 1019 тоот, 1020 тоот 2 гэрээгээр 125,342,320 төгрөгийн эд бараанаас өөрөө урьдчилсан төлбөрөө хийгээд, үлдэгдэл 97 904 320 төгрөгийн нийт зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжилж байгаа нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1019 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 257,295,478 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1020 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 26,693,320 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт 2 зээлийн гэрээний үнийн дүнд 283,988,798 төгрөгийг Э. Эгаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргаж байна. 1019 тоот гэрээн дээр нийт үндсэн зээлийн үлдэгдэл 45,146,202 төгрөг, хүүгийн авлагад бол 176,791,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,358,213 төгрөг нэхэмжилж байгаа. 2014 оны 1020 тоот зээлийн гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүүг бодолгүй зөвхөн үндсэн зээлийн үлдэгдлийг нэхэмжилсэн байгаа. Хариуцагч Ц.Ц нь тухайн зээлийн мөнгийг ашиглаагүй гэдгийг мэдэж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурсан тул мөн хариуцах ёстой гэж үзэж байна... гэв.

 

2. Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э.Э жолоочоор 5 жил ажилсан. Жолоочоор ажиллаж байх хугацаанд намайг очоод гэрээнд гарын үсэг зурчих би захиралтай нь ярьчихсан гэж хэлсэн тул би гэрээнд гарын үсэг зурсан. Зээлээр худалдан авсан эд хөрөнгүүд одоо ч Э.Э эзэмшилд байдаг. Тухайн мөнгийг би аваагүй Э.Эдаалгаснаар гарын үсэг л зурсан... гэв.

 

3. Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, ******* ББСБ ХХК болон иргэн Ц.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгэл, төлбөрийг миний бие хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Миний бие ******* ББСБ ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний харилцаа, эрх үүрэг үүсээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээхгүй болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Нэхэмжлэлд ******* ББСБ ХХК болон иргэн Ц.Ц нарын хооронд 2014 онд зээлийн гэрээ байгуулсан талаар дурдсан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээ байгуулаад 10 жилийн хугацаа өнгөрсөн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх боломжтой. Иймээс хариуцагч Ц.Ц хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр татгалзах эрхтэй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч Э.Э өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.Э 2 үндсэн асуудлаар тайлбар өгсөн байсан. Бүхэлд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг агуулгаар тайлбар өгсөн. Нэгдүгээр үндэслэл нь ******* ББСБ ХХК болон иргэн Ц.Ц нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр Э.Э гэж хүн ямар нэгэн байдлаар зээлдэгчийн эрх үүрэгтэйгээр оролцоогүй. Хоёрдугаарт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Тухайн хэрэгт байгаа зээлийн гэрээнүүд 2014 онд байгуулагдсан 2 зээлийн хүүгийн харилцаа байдаг. Өнөөдрийн байдлаар 10 жилийн хугацаа өнгөрчихсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 45,000,000 төгрөг байхад нэхэмжилж байгаа дүн, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 212,000,000 гаруй төгрөг байгаа. Үндсэн зээлийн үлдэгдлээс бараг 4-өөс 5 дахин өндөр хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулсныхаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байгаа... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.08.27-ны өдрийн 1019 тоот зээлийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, нэхэмжлэх, бараа материал хүлээлгэн өгсөн акт, зээлийн дансны хуулга, 2014.08.28-ны өдрийн 1020 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, нэхэмжлэх, бараа материал хүлээлгэн өгсөн акт, зээлийн дансны хуулга, зээл хүүгийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Э.Э харилцсан зурвасыг зургаар өгсөн хэдий ч ажиллагааны явцад үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэргийн 28-31 дүгээр талд авагдсан баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагч Ц.Цитгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргаж өгсөн зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан эд хөрөнгийн зураг гэх баримт нь мөн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

Хариуцагч Э.Эн шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлснээс өөр баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Э, Ц.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 283 988 798 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Э.Э хүсэлтээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1019 дугаар зээлийн гэрээгээр 71 161 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1020 дугаар зээлийн гэрээгээр 26 743 320 төгрөгийг хүүгүй нэг сарын хугацаатай зээлүүлэхээр болсон. Э.Э нь зээлийг асуудалгүй төлнө гээд өөрийн жолооч Ц.Ц ирүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан. Э.Э өөрөө энэхүү зээлийг авсан, авсан зээлээрээ эд барааг хүлээн авч одоог хүртэл эзэмшиж байгаа. Ц.Ц зээлийг аваагүй хэдий ч гэрээнд гарын үсэг зурсан тул хариуцагчаар тодорхойлсон... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Э.Э нь ...******* ББСБ ХХК-тай тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний харилцаа, эрх үүрэг үүсээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч Ц.Ц нь ...Э.Э жолоочоор ажиллаж байх үедээ түүний даалгавраар гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн зээлээр худалдан авсан хөрөнгийг Э.Эн одоо ч ашиглаж байдаг. Зээлийг би аваагүй тул хариуцахгүй... гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1. ******* ББСБ ХХК болон Ц.Ц нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1019 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Ц 71 161 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, лизингийн зээлийн зориулалтаар олгох, зээлдэгч Ц.Ц нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус тохиролцсон байна.

 

4.2. Мөн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1020 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь зээлдэгч Ц.Ц 26 743 320 төгрөгийг нэг сарын хугацаатай хүүгүй олгохоор тохирсон байна.

 

4.3. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана... гэжээ.

 

4.4. Нэхэмжлэгчийн ...Э.Э нь өөрийн жолооч Ц.Ц явуулчихлаа, асуудалгүй богино хугацаанд төлчихнө гэж хэлээд ******* ББСБ ХХК-иас зээл авч П ХХК-иас 4 дугуйт 3 ширхэг мотоцикл, төгөлдөр хуур, гитар бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан... гэх, хариуцагч Ц.Ц ...Э.Эжолоочоор ажиллаж байх үедээ түүний даалгавраар гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн зээлээр худалдан авсан хөрөнгийг Э.Эодоо ч ашиглаж байдаг... гэх тайлбар болон П ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдийн бараа материал хүлээлгэн өгсөн актад бараа хүлээн авсан этгээдээр Э.Э тодорхойлсон байна. Түүнчлэн хариуцагч Э.Э нь 46 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл нь хариуцагч Э.Эх байсан, уг зээлийг авч ашигласан болох нь тогтоогдож байна.

 

4.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон Ц.Цнарын хооронд бичгээр байгуулагдсан хоёр зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний төрөлд хамаарах хэдий ч талуудын хооронд бодитой гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.6. Нэхэмжлэгч нь тухай зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Ц.Ц олгоогүй тул хариуцагч Ц.Ц зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна. Иймд түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.7. Дээр дүгнэсэнчлэн, хариуцагч Э.Э нь П ХХК-иас нэр бүхий эд хөрөнгийг худалдан авахдаа нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-иас өөрийн жолоочоор ажиллаж байсан Ц.Ц гэрээнд гарын үсэг зуруулан өөртөө нийт 97 904 320 төгрөгийн санхүүжилт авч, улмаар 46 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байх тул 51 804 320 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

4.8. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.

 

4.9. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Э үндэслэлгүй хөрөнгөжсөн 51 804 320 төгрөгийг шаардах эрхтэй.

 

4.10. Хариуцагч Э.Э болон түүний өмгөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүйн дээр, мөн зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасанд хамаарна. Нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэв.

 

4.11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч Ц.Цд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Эс үндэслэлгүй хөрөнгөжсөн 51 804 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232 184 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451, 451.2, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн хариуцагч Ц.Ц холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.Э 51 804 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 232 184 478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 577 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эс улсын тэмдэгтийн хураамжид 416 972 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ