| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0595/э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Ш.Насанжаргал,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Шүүгдэгч Л.Баясгалан /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Баясгаланд холбогдох эрүүгийн 1709000000247 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1958 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мон-Зол” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, 1-2 тоотод оршин суух, урьд 1980 онд Эрүүгийн хуулийн 169-ийн В-гээр 3 жилийн хорих ялаар, 2000 онд Эрүүгийн хуулийн 261.1 дүгээр зүйлд зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар МЮ58082275, хэрэг хариуцах чадвартай, Морьтон овогт Лутаагийн Баясгалан.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Л.Баясгалан нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15-16 цагийн орчимд автомашин жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарын өмнөх автомашины зогсоол дээр хохирогч М.Батбаяртай машинд зай тавьж өгөх асуудлаас болж маргалдан улмаар М.Батбаярыг татаж унаган шанаа тус газар нь цохиж бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баясгалан мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Батбаяр /хх-ийн 10-11/, гэрч Ч.Чинбат /хх-ийн 13/, гэрч Л.Баясгалан /хх-ийн 21/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13990 дугаар дүгнэлт /хх-ийн 15/, шүүгдэгч Л.Баясгалангийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Л.Баясгаланд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Баясгалан нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15-16 цагийн орчимд автомашин жолоодож явахдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарын өмнөх автомашины зогсоол дээр хохирогч М.Батбаяртай “автомашинд зай тавьж өгсөнгүй” гэж маргалдан улмаар М.Батбаярыг татаж унаган шанаа тус газар нь цохиж бие махбодид нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч М.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн үед өөрийн компаний менежер Нямсүрэнгийн хамтаар компаний машинтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “Шангрила” барилгын зүүн талын зогсоол дээр очиж зогссон бөгөөд Нямсүрэн дотогшоо орсон. Тэгээд намайг зогсож байхад урдаас нэг машин ирээд жолооч нь намайг ухар гэсэн юм. Тэгээд би тэр машины жолоочид маневар хийгээд тойроод гарчих гэж гарын үйлдлээрээ үзүүлсэн чинь тэр залуу гартаа бээлий өмсөж машинаасаа гарч ирээд миний хаалгыг онгойлгоод заамдаж машинаас буулгаад намайг зодсон. ...Миний нүүрний эрүү, толгой, биеийн баруун мөр, тохой зэрэг газраар хөндүүрлэж өвдөж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч Ч.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яваад очтол нэг залуу манай жолоочийг боогоод татаж байхаар нь би “хөөе болиоч явъя” гээд жолоочоо дуудан нөгөө залууг “тавиач та нар” гэсэн чинь тэр тавихгүй, тэр хоёр ноцолдоод байсан. Гэтэл тэр залуу манай жолоочийг өшиглөсөн чинь манай жолооч гуд татаад унагасан. Босч ирэхээр нь манай жолооч түлхсэн, тэгээд би жолоочоо аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч Л.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд заамдаж аваад миний цувны захаар боогоод намайг хавирах гээд, мордох гээд, өмнөөс жийгээд байхаар нь “тавь л даа чи” гэсэн тавихгүй байтал манай захирал гарч ирээд “больцгоо” гэсэн чинь нөгөө нөхөр тавихгүй зууралдаад байсан. Тэгээд миний шилбэ рүү нэг удаа өшиглөөд араар мордож шидэх гээд байхаар нь би урагш нь гуд татаад унагаагаад 2 удаа шанаа руу нь цохисон чинь тавьсан. Тэгээд босоод ирэхээр нь би түлхчихээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13990 дугаар дүгнэлтэд: “...М.Батбаярын биед тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч Л.Баясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч М.Батбаяр нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 42/ гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Л.Баясгаланд торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Л.Баясгалангийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 02 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч /мөн хохирогч/ нар нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэг учрал болсон үеийн бэхжүүлэн үлдээсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Морьтон овогт Лутаагийн Баясгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баясгаланг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Баясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баясгаланд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Л.Баясгалан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тэдэнд мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Баясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН