Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/69

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 11 сарын 02-ны өдөр                 2022/ДШМ/69                                Хэрлэн сум

 

Б.М-эд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0069/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Б.Нарангэрэл,

Яллагдагч Б.М-,  

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,

Хохирогч Б.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/285 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр Б.М-эд холбогдох эрүүгийн 2239000760230 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Ж” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Б-тэй маргалдаж, улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэн 2 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, зүүн уушигны дээд дэлбэн, зүрхний зүүн ховдол нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцэг хөндий, цээжний зүүн хөндийн цус хуралт, хэвлийн зүүн доод хэсэгт хутгалагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Мөрдөгч хохирогчоос  2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан тухай баримтад нөхөж 2022 оны 06 дугаар сард гарын үсэг зуруулсан байж болзошгүй үйл баримт илэрсэн тул шалгах, мөн хохирогчоос 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг авахдаа хууль тайлбарласан баримт үйлдэж, хохирогчоор гарын үсэг зуруулаагүй байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Б.М-эд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалтад шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

“Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Батширээт сум хариуцсан хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Р.Б нь бүртгэлийн 0331 дугаартай гомдол, мэдээлэлд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн өрөөнд 12 цаг 50 минутаас 14 цаг 00 минутын хооронд хохирогч Б.Б-эс мэдүүлэг авсан байна.

Мэдүүлэгт мөрдөгчийн “та хохирогчийн эрх, үүрэгтэй уншиж танилцлаа, асууж тодруулах зүйл байна уу” гэсэн асуултад “Би хохирогчийн эрх үүрэгтэй болон худал мэдүүлбэл хүлээх хариуцлагын талаар уншиж танилцсан баталгаа гаргалаа. Надад асууж, тодруулах зүйл байхгүй, ойлгомжгүй зүйл байхгүй” гэж, “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн асуултад “би эрх үүргээ ойлголоо, асууж тодруулах зүйлгүй мэдүүлгээ өгнө” гэж тус тус хариулж мэдүүлгээ өгсөн байна.

Мөрдөгч хохирогч Б.Б-эс мэдүүлэг авахдаа эхлээд “Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа”-г уншин танилцуулж гарын үсэг зуруулсан нь мэдүүлэгт тусгагдсанаас тодорхой харагдаж байна.

Мөн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааг уншин танилцуулж гарын үсэг зуруулсны дараа хохирогчоос мэдүүлэг авч мэдүүлгийг уншуулж гарын үсэг зуруулсны дараа хохирогчоос мэдүүлэг авч мэдүүлгийг уншуулж гарын үсэг зуруулсан нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан “Мэдүүлэг авах журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд хохирогч нь нэг цаг хугацаанд буюу “хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” болон “хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д дараалан гарын үсэг зураагүй учир хохирогчийн гарын үсэг энэ хоёрт ижил тусгагдаагүй байх боломжтой гэж үзэж байна.

Мөн өөрийн өгсөн мэдүүлгийг уншиж танилцаад гарын үсгээ зурсан байх тул тухайн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх боломжгүй юм.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Б.М-эд нь өмгөөлөгч Г.Бадамгэрэлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өөрийгөө өмгөөлүүлэх эрхээр хангасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч Б.Б-н зурсан гарын үсэгт эргэлзэж шинжилгээний байгууллагын шинжээч шиг дүгнэлт хийж, гарын үсгийг хөндлөн 45 градусаар бичсэн, шүд илүү бичсэн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогчийн эрх, ашгийг хамгаалж байна.

Дээрх хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба мөрдөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн санал гарган 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр прокурорын хяналтад ирүүлсэн байна.

 

Хохирогч Б.Б- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...эхний мэдүүлэг авахад хууль сануулсан гэдгийг мэдээгүй, дараа нь Хэнтий аймгийн Биндэр суманд мэдүүлэг авахдаа Б.Ц байцаагч хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулъя гээд нөхөж зуруулсан. ...Хэнтий аймгийн Биндэр суманд дуудсан. Наадмын өмнө 2022 оны 06 дугаар сард байх...” гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ц нь хохирогч Б.Б-эс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин мэдүүлэг авсан ба 2022 оны 06 сард хэргийг шүүхэд шилжүүлэх санал үйлдэж хохирогчид хэргийн материал танилцуулж прокурорын хяналтад ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 6 дугаар сард мэдүүлэг авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад зөвхөн хохирогчийн тайлбарт үндэслэсэн нь үндэслэлгүй.

Мөн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн гэр бүлийн гишүүд эцэг, эх, үх хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах талаар дүгнэсэн нь учир дутагдалтай.

Энэ хэргийн хувьд хохирогч Б.Б- нь яллагдагч Б.М-тэй гэр бүлийн хамааралтай буюу эцэг, эх, үр хүүхэд нь болох нөхцөл байдал үүсээгүй байхад заавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг сануулах шаардлагатай талаар шүүхийн дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Б-н хохирогчоор өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан байна. Хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч Б.Б- мөрдөгчийн асуултад тийм, үгүй гэсэн үгээр хариулсан зүйл байдаггүй.

Хохирогч Б.Б- хэргийн үйл баримтын талаар эхнээс нь тодорхой үнэн зөвөөр мэдүүлэг өгсөөр байтал  өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн эсрэг зүйл ярьж байна.

Г.Бадамгэрэл өмгөөлөгч хохирогчийн гарын үсэг зөрүүтэй зурагдсан гэж байна. Хэн ч хаана ч ямарч нөхцөлд гарын үсэг зурах үе тохиолдоно, бүх нөхцөлд гарын үсэг адилхан зурдаггүй гэдгийг хүн болгон мэднэ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогчид эрх үүрэг танилцуулсан баримт, хохирогчийн мэдүүлэгт Б.Б- өөрөө гарын үсэг зурсан, Б.Б-н гарын үсгийг дуурайх боломжгүй гэдэг нь харагдаж байна.

 Б.Б-эс хохирогчоор мэдүүлэг авсан үйл явц хуулийн шаардлагад бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Яллагдагч Б.М- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хохирогч Б.Б-эс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэг авч, хууль сануулсан баримт дээр зурсан гарын үсгийг харахад 1 цаг хугацаанд зурсан эсэх нь эргэлзээтэй байсан тул уг мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх  татгалзаж шийдвэрлэсэн.

Хохирогч Б.Б-н гарын үсэг хохирогчид эрх үүрэг тайлбарласан тэмдэглэлд 45 градус налуу бичигдсэн, Б байцаагчийн мэдүүлэг  6 шүдтэй, таталбар доошоо чиглэсэн, харин хохирогчоос  мэдүүлэг авсан тэмдэглэлд Б.Б-н гарын үсэг шугамын дагуу хэвтээ чиглэлтэй, Р.Б байцаагчийнх 5 шүдтэй, таталбар доод талын шугамтайгаа параллель байсан. Тэмдэглэл, баталгаа 2-т хоёр өөр гарын үсэг  зурагдсан байна.

Б.Б- “6 сард  надаар нөхөж зуруулсан” гэдэг. Миний зүгээс гарын үсэг Б.Б-н үсэг мөн эсэхэд маргаан байхгүй, харин  нэг цаг хугацаанд зурагдсан эсэхэд эргэлзэж байгаа.  Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэв.

 

Хохирогч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэргийн 32, 33 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлэгт сүүлд 6 сард нөхөж гарын үсэг зуруулсан гэдгийг мэдүүлсэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг  зөрчсөн байна” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр яллагдагч Б.М-эд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл яллагдагч Б.М-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдаж, улмаар 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

 

 Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Б.М-эд холбогдох хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд мөрдөгч цагдаагийн дэслэгч Р.Б нь хохирогч Б.Б-д 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчийн эрх үүргийг танилцуулан хууль  сануулсан баталгаа /хх-30-31/ авч, 2022 оны 01 дүгээр сарын 18, 05 дугаар сарын 10-ны өдөр  хохирогчоор тус тус  мэдүүлэг  авсан /хх-32-33, 34/ байна.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан “хохирогчоос мэдүүлэг авсны дараа түүнд эрх үүргийг танилцуулсан баримтыг нөхөж хийсэн гэж хохирогч мэдүүлсэн, тэмдэглэл, баталгаа хоёрт зурагдсан Б.Б-н гарын үсэг нэг цаг хугацаанд зурагдсан эсэхийг шалгуулах тухай” хүсэлтийг хүлээн авч, харин “хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай” хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх, прокурор, мөрдөгч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хууль, бусад хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх ба хохирогчоос мэдүүлэг авахдаа хуульд заасан эрх үүргийг танилцуулж, санаатай худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг сануулснаар тухайн мэдүүлгийг үнэн зөв, хууль ёсны гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Б.М-эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/285 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

           

                                                                                            Г.БОЛОРМАА