Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0134

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0134

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* нарыг оролцуулан Д.А*******ын гомдолтой, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарт холбогдох ...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005668 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “иргэн Д.А*******ын гомдолтой, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарт холбогдох захиргааны хэрэгт 0005668 дугаартай шийтгэлийн хуудасны хууль бус орлогоос 3,5 сая төгрөгийг хасаж эвлэрэхэд татгалзах зүйлгүй бөгөөд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх нөхцөл байдалтай танилцсан болно” гэжээ.

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нотлох баримтын хувьд бусад хэргийн нотлох баримтууд ирсэн. А*******ын нотлох баримт ирээгүй байна. Ер нь бол ирж буцахын зардал 7 сая төгрөгийн зардал гардаг юм байна. Эвлэрэх боломж байгаа гэж үзэж байна.  Бид хоёр яг цагийн өмнө шүүх хуралдаанд эвлэрсэн байгаа. Миний хувьд зардал бол 7 сая төгрөгийн зардал гардаг юм байна. Нэхэмжлэгчийн зүгээс 4 сая төгрөгийг хасаад эвлэрэх боломжтой гэж харж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид 2 тохиролцоод эвлэрэхээр боллоо. 3 сая 500 мянган төгрөгөөр эвлэрэхээр боллоо. Итгэмжлэлийн хувьд хариуцагчаа сүүлд сольсон юм байна. Э.Энх-Эрдэнэ байцаагчаас итгэмжлэл авахдаа итгэмжлэлд хариуцагчийн эдлэх эрх буюу 21 дүгээр зүйлд заасан бүх эрхийг эдэлнэ нэмээд 28 дугаар зүйлд заасан эрхүүдээс тусгайлан заасан байх тул эвлэрэх боломжтой гэж харж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүхэд Д.А*******ын гомдолтой, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарт холбогдуулан “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005668 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын шаардлага гаргасан.

          Гомдлын шаардлагын хүрээнд гомдол гаргагч Б.А*******ыг төлөөлж өмгөөлөгч Ю.С*******, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч Э.Э*******ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******* нар нь эвлэрэх хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан.

          Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, улсын байцаагч П.Н*******, Э.Э******* нар нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005668 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн хууль бус орлого 23,000,000 төгрөгийг хурааж, 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл, нийт 25,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Үүнээс талууд 3,500,000 төгрөгийг хасан тооцож 21,500,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө*******, нэхэмжлэгч Б.А*******ын эвлэрэл нь хуульд харшилсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг тус тус баримтлан Д.А*******ын гомдолтой, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н*******, улсын байцаагч Э.Э******* нарт холбогдох ...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 0005668 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 25,000,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг хасан тооцож, 21,500,000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.