Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/70

 

 

 

 

 

 

 

 

 

2022оны 11 сарын 02-ний өдөр                    2022/ДШМ/70                                  Хэрлэн сум

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0070/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Нарангэрэл,

Яллагдагч Д.Д-,  

Хохирогч Б.О- /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/357 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр Д.Д-д холбогдох эрүүгийн 22390000250061 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч Д.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Хамар даваа” гэх газарт Н.Намхайдоржийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4-ийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, улмаар хохирогч Б.О-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О-ын эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Д.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/118 дугаартай захирамжид заагдсан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй гэх үндэслэлээр /хохирогч Т.С-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин дүгнэлт гаргуулах/ яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн 2239000250061 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Д-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалтад шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийж хохирогч Т.С-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох, Д.А-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын автомашинд ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтоолгох шүүгчийн захирамжийн заалт биелээгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С-г хохирогчоор тогтоож 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг авч мөн өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Г нь шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдсэний дагуу Шүүхийн шинжилгээний шинжээч эмч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 04 дугаартай дүгнэлт гаргасан байна.

Шинжээчийн дүгнэлтэд Т.С-гийн биед цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон боловч дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тусгагдсан.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С- нь “...2021 оны 12 дугаар сарын 05-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт авто осолд орсон. Д.А- миний барьж байсан “I pone x маркийн гар утас эвдэрсэн. Эвдэрсэн утасны үнэ болон 880.000 төгрөгийг надад өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэж хүсэлт гаргаж нотариатаар батлуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхаар хуульчилсан бөгөөд хохирогч Т.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор санал, хүсэлт гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр Т.С-тай холбогдоход дахин гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй, ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар удаа дараа хэлсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилсан бөгөөд шүүгч нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзсэн бол шүүхийн шатанд дахин шинжээч томилох эрхтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын автомашинд ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтоох боломжгүй,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг нь хэрэгт хавсаргах боломжгүй болсон талаар гэрч Л.А-н мэдүүлгээр /1 хавтаст хэргийн 235-236 хуудас/ тогтоогдсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр суудлын автомашины зах зээлийн үнэлгээг 11.700.000 төгрөгөөр тогтоосон /1 хавтаст хэргийн 80 хуудас/ үнэлгээ гарсан.

Шүүх хуралдааны явцад хохирогч Д.Б.О-, түүний өмгөөлөгч Т.Энхболд нар нь Д.А-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын автомашинд ямар хэмжээний хохирол учирсан болохыг тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан болно.

Яллагдагч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагчийг 5 зүйл ангиар буруутгаад байгаа зүйл байхгүй, Замын хөдөлгөөний дүрмийн 5 заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзсэн. Яллагдагч Д.Д-гийн хувьд өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байсан. Яллагдагчийг бүрэн бус дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ, өмгөөлөгч авахгүй гэсэн учир өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Д.Д-д одоо ч өмгөөлөгч авах эрх нээлттэй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Хохирогч Т.С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэрт Б.О-ын тээврийн хэрэгсэлд зорчиж яваад зам тээврийн осолд орсон.

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр миний биед цээжний баруун талд зөөлөн эдийн гэмтэлтэй хөнгөн гэмтэл гэж дүгнэлт гарсан. Уг дүгнэлттэй мөрдөгч  танилцуулсан бөгөөд миний зүгээс шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй. Миний биед учирсан гэмтэл эдгэрсэн, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй байх тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж Б.О-ын хохирлыг барагдуулж өгнө үү.

Миний бие тухайн хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргаж нотариатаар батлуулж мөрдөгчид өгсөн бөгөөд энэ баримт хэрэгт байгаа” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр Т.С-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг яллах дүгнэлтэд нэмж тусгах шаардлагатай гэсэн хүсэлт өгсөн. Мөн шүүх хуралдааны явцад Т.С-гийн ослын улмаас 2 хавирга хугарсан тул гэмтлийн зэргийг тогтоох шаардлагатай гэсэн санал оруулж байсан. Ингээд хэрэг прокурорт буцсан.

Үүнээс хойш Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг дахин хэлэлцсэн. Уг урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн өмгөөлөгч миний бие авто машинд ямар гэмтэл учирсан, ослын улмаас Т.С-гийн биед ямар гэмтэл учирсныг дахин тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан.

Түүнчлэн 1 хавтаст хэргийн 73-74 хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтээр Т.С-гийн биед хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон учир дахин гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж шүүх хуралдааны товыг зарлаж хэргийг шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан. Хохирогч Б.О- болон өмгөөлөгч миний зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

 

Хохирогч Б.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хамар давааны уруу Д.Д-гийн машины хажуугаар гараад явж байхад Д.Д- эхний дайралтаа хийсэн. Миний барьж байсан машин давааны уруу унах гэхэд нь би зүүн гар тийш дарж байж машинаа авч үлдсэн, 2 дахь дайралт дээр нь би юу болсныг мэдэхгүй, Д.Д- яваад өгсөн байсан.

“Ланд-200” маркийн машинтай хүмүүс ирээд “дайрсан машинаа мэдэх үү” гэж асуухаар нь “мэдэхгүй” гэж хэлсэн, тэд нар “энэ хүн чинь зугтаад явж байна ш дээ” гээд Д.Д-г аваад ирсэн.

Би өнөөдөр зөвхөн хохирлын асуудал ярьж байгаа. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Шүүх хуралдааны товыг зарлуулах хүсэлттэй байна“ гэв.   

 

Яллагдагч Д.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Намайг 5 зүйл ангиар буруутгасан. Би үүнийг сайн ойлгохгүй байна. Би бүх зүйлд гарын үсэг зурсан болохоор буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж харагдах байх.

Би 3 дугаар анги төгссөн.  Би өмгөөлөгч авмаар байна.

Хохирогч Б.О- унасан машинаа үнэлгээ хийлгүүлэхгүйгээр өөрөө авч явчхаад надаас бүтэн машин нэхээд байна.

Миний бие хохирогч Т.С-гийн ослын улмаас учирсан гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

Миний машин осол гарахаас өмнө хэвийн ажиллагаатай байсан. Миний машинд гарсан гэмтэл нь осол гарахад нөлөөлөөгүй, ослоос хойш бий болсон гэсэн дүгнэлт гарсаар байтал намайг 5 зүйл ангиар буруутгаж байна.

Хэргийг анхан шатны шүүхэд буцаалгаж өмгөөлөгч авч мэдүүлэг өгөх хүсэлттэй байна” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын давж заалтад шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл, хохирогч Т.С-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс яллагдагч Д.Д-гийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг хөдөө хэсэг “Хамар даваа” гэх газарт Н.Н-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4-А, 11.14, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, улмаар хохирогч Б.О-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О-ын эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 45А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/118 дугаартай шүүгчийн захирамжаар Д.А-ын үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын машинд ямар хэмжээний хохирол учирсан, хохирогч Т.С-гийн биед учирсан гэмтлийг дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийлгэхээр Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 09 дүгээр сарыны 23-ны өдрийн 2022/ШЗ/357 дугаартай шүүгчийн захирамжаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/118 дугаартай захирамжид заагдсан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй гэх үндэслэлээр яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн 2239000250061 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилжээ.

 

Хохирогч Т.С- /хавтаст хэргийн 197 хуудас/, Б.О- /хавтаст хэргийн 197 хуудас/, түүний өмгөөлөгч Т.Энхболд /хавтаст хэргийн 196 хуудас/, яллагдагч Д.Д- /1 хавтаст хэргийн 202 хуудас, 2 хавтаст хэргийн 58 хуудас/ нарын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүд болон давж заалдах шатны шүүхэд гаргасан  тайлбар зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг  бодитой тогтоох шаардлагатай байна.

 

 Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЗШ/118 дугаартай захирамжид заагдсан ажиллагаанууд бүрэн хийгдээгүй гэх үндэслэлээр яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ЗШ/357 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Т.С-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ЗШ/357 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай эсэргүүцэл, хохирогч Т.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

           

                                                                                            Б.ДЭНСМАА